Уг сэдвийн дагуу хийсэн дэлгэрэнгүй подкастыг эндээс сонсоно уу
Шилжилт хөдөлгөөнд нөлөөлөлдөг эерэг, сөрөг хүчин зүйлүүд бий. Улаанбаатараас гарах шалтгаан нь түгжрэл, агаар, орчны бохирдол, стресс бол Улаанбаатарт хоргодох шалтгаан нь боловсрол, эдийн засгийн төвлөрөл юм. Харин хөдөө амьдрах шалтгаан нь эрүүл агаар, экологийн цэвэр орчин бол хөдөө амьдрахаас эмээх, цааргалах 4-5 нийтлэг шалтгаан бий.
Хүүхдийн боловсрол
Орон нутгийн албан боловсролын чанарын асуудал. Хөдөө хийх ажил нь бэлэн, хувийн бизнестэй эсвэл зайнаас ажиллах боломжтой, нэг үгээр орлогын эх үүсвэрийн асуудалгүй хүмүүс хөдөө амьдрах шийдвэр гаргахад хүүхдийн боловсролын чанарын асуудал хамгийн их нөлөөлж байна. Тэгэхээр нэн тэргүүнд Улаанбаатар хотын боловсролын төвлөрлийг сааруулах, орон нутгийн боловсролын чанарыг сайжруулах шаардлагатай. Жишээ нь Улаанбаатарт сурч байсан сургуульдаа зайнаас суралцах, гэр сургалтыг хүлээн зөвшөөрөх хууль эрх зүйн орчин хэрэгтэй. Энэ чиглэлд хуулийн төсөл нь бэлэн болсон гэж сонссон.
Татварын бодлого
Хөдөлмөр эрхлэлтийн асуудал. Аймаг, суманд мэргэшсэн боловсон хүчин хэрэгтэй боллоо гэхэд ажлын зар нь Улаанбаатар болон бусад орон нутгийн хүмүүст төдийлөн хүрдэггүй. Зарим тохиолдолд шаардлагатай байгаа мэргэжилтнээ олохгүй хоёр, гурван жил болох нь ч бий. Орон нутагт байгаа сул орон тоо, ажлын байрны зарыг хөдөлмөрийн зах зээл дээр хүртээмжтэй болгох хэрэгтэй. Хөдөө амьдрахыг хүссэн хүнд ажил олддоггүй биш ажил хайх арга нь олддоггүй гэж хэлж болно.
Бизнес эрхлэгчдийн тухайд Улаанбаатараас 500 км алслагдсан бол ашгийн татвараас 50%, 1000 км бол 90% чөлөөлнө гэсэн хуулийн заалттай. Улаанбаатараас шилжиж очоод хөлөө олох, эсвэл шинэ бизнес эхлүүлээд ашиг олох хүртэл хэдэн жил болох вэ? Тэгэхээр ашгийн татварын хөнгөлөлт нь төдийлөн үр дүнтэй урамшуулал болж чадахгүй байна. Харин гарааны бизнесийг эхний гурван жилд НӨАТ-аас чөлөөлдөг шиг хөдөө, орон нутагт шинэ гарааны бизнес эхэлсэн бол эхний жилүүдэд НӨАТ-аас чөлөөлдөг байвал илүү бодитой дэмжлэг болно.
Хөдөө амьдрахыг хүссэн хүнд ажил олддоггүй биш ажил хайх арга нь олддоггүй гэж хэлж болно.
ЖДҮДС гэх мэт хөнгөлөлттэй зээлийн хуваарилалтын хэмжээ нь орон нутагт маш бага байдаг юм билээ. Хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх хэрэгтэй. Суманд бизнесийн хөнгөлөлттэй зээл авах боломж нь илүү байвал хөдөө ажиллаж амьдрах, орон нутагт бизнес эрхлэх сонирхол нэмэгдэнэ. Иймээс хөдөөг хөгжүүлье, хөдөө амьдаръя гэвэл хотоос илүү сайн нөхцлийг санал болгох хэрэгтэй.
Бид Улаанбаатарын зарим үйлдвэрийн эзэдтэй орон нутагт бизнесээ шилжүүлэх талаар ярилцаж үзсэн юм. Ажилчдын тал шахам хувь нь ажлын байраа дагаад шууд нүүнэ гэж хариулсан байсан. Тиймээс иргэдийг хөдөө амьдрахад сэдэлжүүлэхээс илүүгээр бизнес эрхлэгчдэд таатай нөхцөл санал болговол ажилчдын тодорхой хэсэг нь хамт нүүж, үлдсэн шаардлагатай ажилчдыг орон нутгаас эсвэл Улаанбаатараас авч ажиллуулах боломжтой болно. Орон нутагт шинэ татвар төлөгч, шинэ ажлын байр, шинэ бүтээгдэхүүн, шинэ хандлага, шинэ орлогын эх үүсвэр бий болно. Дэд бүтцийг нь сайн шийдэж өгөөд газар зүйн байршлаас шалтгаалсан зардлын зөрүүнээс нь давсан хөнгөлөлт, урамшуулал үзүүлбэл бараа, бүтээгдэхүүнээ орон нутагт үйлдвэрлээд Улаанбаатар ба бусад орон нутагт нийлүүлэхэд асуудалгүй. Хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдээр бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компаниудын хувьд орон нутагт шилжвэл бүр ч таатай байх болно.
Газар
Газрын асуудал ба амьдрах орчны тав тухтай байдал. Орон нутагт байгаа тэр их тал нутгийн хаана нь ч очоод амьдрахад болмоор юм шиг атлаа тийм биш. Монгол Улсын иргэн бүр 0.7 га газрыг нэг удаа үнэ төлбөргүй өмчлөх эрхтэй. Гэвч зөвхөн “сууршлийн бүс”-т үнэ төлбөргүй газар өмчлүүлнэ гэсэн хуультай учир дуртай уулын амандаа бууж болохгүй гэсэн үг.
Суурьшлийн бүсийн газрыг өргөдөл өгсөн дарааллаар, зорилгыг нь судалж олгодог болохоор нутгийн удирдлага эхлээд сумын уугуул иргэддээ газар олгохыг бодно. Тиймээс хууль эрх зүйн хувьд шилжин ирэгсдэд үнэ төлбөргүй газар эзэмших эрх нь нээлттэй боловч бараг боломжгүй. Тиймээс газрын тухай болон хот төлөвлөлтийн тухай хуулийг боловсронгуй болгох, газар ашиглалтыг сайжруулах, газраас бий болох эдийн засгийн өгөөжийг нэмэгдүүлэх шаардлагатай байна.
Хууль эрх зүйн хувьд шилжин ирэгсдэд үнэ төлбөргүй газар эзэмших эрх нь нээлттэй боловч бараг боломжгүй.
Нэгэнт нөхцөл байдал ийм байгаа учраас сумын иргэдийн өмчлөлд байгаа, ашиглахгүй газрыг дуудлага худалдаанд оруулах ажлыг зохион байгуулах, орон нутагт шинээр хотхон, орон сууц барих газруудыг нэмж төлөвлөх хэрэгтэй. “Хөдөө амьдаръя” төслөөс суманд барьж болох 30 айлын жишиг эко хотхоны загвар боловсруулж байгаа. Жишээ нь Булган аймгийн Хутаг-Өндөр сумын иргэд энэ хотхоныг барилцах, хамтран амьдрах хүсэл сонирхол их байгаа нь сумын хот төлөвлөлтийг гэр хороолол шиг биш Европын эко тосгодууд шиг илүү тав тухтай, хүн байгальд ээлтэй байдлаар төлөвлөх, дулаан, цахилгаан, цэвэр бохир нь шийдэгдсэн ая тухтай орчныг бүрдүүлэх хэрэгцээ байгааг харуулж байна. Энэ нь төвлөрлийг сааруулах бас нэг хөшүүрэг болно. Үүн дээр нэмээд төрөөс орон нутагт барих амины орон сууцанд зориулсан хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрийг бий болгож өгөх хэрэгтэй байна.
Шилжилт хөдөлгөөний бодлого
Орон нутгийн түвшинд шилжилт, хөдөлгөөний бодлого, менежментийг сайжруулах асуудал. Аймгууд хүн амынхаа тоог нэмэгдүүлэх сонирхол их байдаг ч шилжилт хөдөлгөөнийг хэрхэн зөв зохион байгуулах туршлага, дэмжлэг хомс байна. Төрөөс төвлөрлийг сааруулах, орон нутагт чиглэсэн шилжилт хөдөлгөөнийг дэмжих бодлого нь байгаа ч хэрэгжилт нь алга. Шилжилт хөдөлгөөний үр дүнд орон нутагт шаардлагатай ур чадвар, инноваци, хөрөнгө оруулалтын орц нэмэгдэх учиртай. Орон нутаг хөгжлийн зорилго, мөрөөдөлдөө хүрэхийн тулд гарцаагүй хөгжлийн төлөөх шилжилт хөдөлгөөний бодлого, тодорхой төлөвлөгөөтэй болох хэрэгтэй.
Сумдыг хүн амынхаа тоо, хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлсэн, засаглалаа сайжруулсан, авлигтай тэмцэж ахиц гаргасан, хүнээ хөгжүүлсэн, өрсөлдөх чадамжаа нэмэгдүүлсэн зэрэг үзүүлэлтээр өрсөлдүүлж орон нутгийн өөрийгөө засаглах эрх мэдлийг нэмэгдүүлдэг, урамшуулдаг тогтолцоо хэрэгтэй. Аль ч суманд очсон онцын ялгарах зүйлгүй ижил төстэй санагддаг. Сум бүр бие даасан бодлоготой, орон нутгийн ондоошил, нэгдмэл байдал, үнэт зүйлийг бий болгоход чиглэсэн дотоод хууль, журамтай байх боломжийг бүрдүүлж өгмөөр санагддаг. Ингэж байж сумдаас сайн туршлага төрж, хөдөөд хөгжлийн гарц нээгдэнэ.
Шилжилт хөдөлгөөний үр дүнд орон нутагт шаардлагатай ур чадвар, инноваци, хөрөнгө оруулалтын орц нэмэгдэх учиртай.
Цар тахлын дараах хамгийн таатай шинэ хэвийн байдлыг би хувьдаа хөдөө амьдрах гэж харж байна. Хөдөө амьдарна гэдэг зөвхөн байрлалаа солино гэсэн үг биш. Том хотын амьдралын зарим зуршлаасаа татгалзах, байгальтай зохистой харилцаж сурах, хөдөлмөрийн хуваариа өөрчлөх, орон нутгийн онцлогт дасан зохицох, хөдөөгийн хөгжилд хувь нэмрээ оруулах хүлээлттэй тулгарах гээд тэс өөр хэв маягаар амьдрах тухай юм. Иймд “Хөдөө амьдаръя” төсөл энэ төрлийн шилжилт хөдөлгөөнийг зөв сэдэлжүүлэх, оновчтой чиглүүлэх, шилжилт хөдөлгөөнд оролцогсдын эрхийг хамгаалах, хамтын ажиллагааг өрнүүлэхэд анхаарч ажиллана.
“Хөдөө амьдаръя” төслийг санаачлагч Ч.Батцэцэг