Бизнес тогтвортой өсөх, амьд үлдэх гол үндэс бол бизнес өөрөө хэрэгтэй цагт, хангалттай хэмжээнд бэлэн мөнгөний орох урсгал бий болгож чаддаг байх юм. Бэлэн мөнгөний орох урсгалын дийлэнх хэсэг нь бэлнээр хийсэн борлуулалтаас, мөн “өөрийн мөнгө” буюу борлуулалтын авлагаас бүрдэнэ. Ийнхүү мөнгөний гарах урсгалыг санхүүжүүлэн илүү гарч байвал бизнес тань эерэг, эсрэгээрээ мөнгөний дутагдалд орж, гарах урсгалыг зээлээр санхүүжүүлж байгаа бол бизнес сөрөг үр дүнтэй явна. Иймд мөнгөн урсгал бол таны бизнест “хаан” юм.
Зарлагаасаа бага боловч илүү гардаг мөнгөн урсгалтай яваа бизнест бүтээгдэхүүний үнэ ядаж л өртөг зардлаа нөхөх хамгийн бага ашгийн түвшинд тогтоогдсон байгаа. Харин хэрэглэгчдээ санал болгож буй бүтээгдэхүүний чанар, давтагдашгүй онцгой байдал, шийдэл, ялгарал, дагаж мөрддөг стандарт зэрэг нь харилцагчид үнэ цэнэтэй байвал тэд үүний төлөө илүүг төлөхөд ямагт бэлэн байдаг.
Бүтээгдэхүүний үнийг тогтоох стратегиуд, баримтлах арга хандлагын талаар “Ашигтай үнэ буюу үнийг хэрхэн оновчтой тогтоох вэ” цуврал нийтлэлээс уншиж танилцаарай. Харин энэ удаагийн нийтлэлдээ бид ЖДБ дэх бүсгүйчүүдийн бизнестээ бүтээгдэхүүний үнэ тогтоох хандлага, зарим ялгаатай шинж чанарыг онцолж байна.
Ихэнх бизнест бүтээгдэхүүнийхээ үнийг “дураараа” өсгөх боломж тэр бүр байхгүй. Ижил төстэй маш олон бүтээгдэхүүнтэй, дээр нь албан бус сектороос нийлүүлж буй хэт хямд, үй олон бараатай өрсөлдөж буй тул таны бүтээгдэхүүн өөрийн үнийн таазтай, иймээс борлуулалтын тоо хэмжээгээ өсгөх, эсвэл өртөг зардлаа бууруулах замаар л ашигт ажиллагаагаа нэмэгдүүлэх боломжтой мэт. Гэтэл аливаа бараа ажил үйлчилгээ бүгд өөрийн гэсэн доод үнэтэй байдаг тул өртөг зардлаа дураараа бууруулах боломж бас тэр бүр байхгүй. Дээр нь борлуулалтын тоо хэмжээ хүссэн зоргоор өсөхгүй. Бүтээгдэхүүний үнийн тааз, өртөг зардалд төлж болох доод дүн, борлуулж чадах тоо хэмжээний хязгаар гэсэн шахалт дунд гарах гарцгүй байгаа бизнес нэг бол онцгой ялгарал бий болгож байж оршин тогтнох ба үгүй бол өрсөлдөөнд ялагдах гэсэн сонголттой нүүр тулна.
Энэ бол сонголтгүй сонголт бөгөөд үнэ тогтоох ямар ч стратеги, шинэлэг хандлага тус болохгүй, эхлээд ялгарал үүсгэх, тэр болтол тэсч үлдэх ёстой хатуу ширүүн зам билээ. Гэтэл ЖДБ дэх бүсгүйчүүд зарим тохиолдолд өөрөө, “сайн дураараа” бүтээгдэхүүндээ үнийн тааз тогтоодог байна. Бүтээгдэхүүний үнээ өсгөх боломж байсан ч яагаад тэр вэ? Үүнд хариулт өгөх зарим “жишээ”-г дурдаж, тухай бүрт нь дүгнэлт зөвлөмж орууллаа:
Зах зээлийн өөр сегментэд ижил үнэ баримтлах.
Таныг эрүүл мэндийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн худалдаалдаг ЖДБ эрхлэгч гэж бодьё. Үйлдвэрлэж буй бүтээгдэхүүнийхээ чиглэлээр хангалттай туршлага мэдлэгтэй бөгөөд нийгмийн эрүүл мэндэд өөрийн хувь нэмрээ оруулж байгаа бүсгүй. Өндөр настан, архаг хууч өвчтэй иргэд, дархлааны дутагдалд орох эрсдэлтэй бүлэг гэх мэт байнгын хэрэглэгчтэй бөгөөд бүтээгдэхүүнээ сүлжээ дэлгүүрүүдээр нийлүүлж борлуултын шинэ суваг, урсгал үүсгэж чадсан. Хэдий ийм болов ч мөнгөний орох урсгалын дутагдалтай, дээр нь хангалттай хэмжээнд ашигтай ажиллаж чадахгүй байгаа тул бизнес дэх ихэнх ажил үүргийг өөрөө үүрч, аль болох бага өртөг зардалтай ажиллахыг хичээсээр яваа. Бүтээгдэхүүний үнээ өсгөвөл нийгмийн эмзэг бүлэгт хамаарах харилцагчид тань хүнд тусах учраас, өр зөөлөн сэтгэлийн үүднээс тогтмол үнэ барьж ажилладаг.
Та нийгмийн эмзэг бүлэгт санаа тавьж, халамжилж буйн адилаар бизнес дэх мөнгө хөрөнгөө ч халамжилж, анхаарч байх ёстой. Таны бизнес илүү өсөн тэлж, урт хугацаанд тогтвортой ажиллахын хэрээр та улам олон хүнд санаа тавьж, танай бизнес нийгэмд илүү томоор, эерэгээр нөлөөлж чадна. Харин эсрэгээр, одоогийн үнээрээ борлуулалт хийж, алдагдалтай байдал үргэлжилсээр байвал нийгмийн эмзэг бүлэг дэх харилцагчдаа хүсээд ч тусалж чадахгүйд хүрэхийг үгүйсгэхгүй. Таны бүтээгдэхүүнд илүү ихийг төлж чадах хэрэглэгчийн сегментэд зориулан бүтээгдэхүүний үнээ нэг удаа өөрчил. Бүтээж чадсан ашиг орлогоороо нийгмийн сайн сайханд улам их үйлчил.
Нэг “гараар” гурван бизнес эрхлэх
Та эрүүл мэндийн бүтээгдэхүүнээ үйлдвэрлэхэд шаардлагатай түүхий эдийн судалгаа хийх, хайж олох, хэлцэл хийх, татан авалт хийх, агуулж хадгалах гэх мэтээр ханган нийлүүлэлтийн бизнесийг удирдаж, гардан гүйцэтгэж байдаг бөгөөд стандарт шаардлага хангасан, технологийн горим ягштал мөрдсөн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэрлэлийн бизнесийг давхар эрхэлдэг. Дээр нь зах зээлд бүтээгдэхүүнээ нийлүүлэх худалдааны бизнес эрхэлж борлуулалтын менежер хийдэг. Энэ их цаг наргүй ажлын хажуугаар бизнес дэх санхүүгийн гүйцэтгэлээ харж, хянаж, санхүүгийн тайлангуудыг шийдвэр гаргахад нөлөөлөхүйц, тус болохуйц хэмжээнд ашиглаж амждаггүй учраас үнээ нэмэх ёстой гэдгийг бодож тооцдоггүй. Мөнгөний орох урсгал бага гэдэг шалтгаанаар дээрх ажил үүргүүдийг хувааж үүрэх хүн хүчгүй, ажиллах хүчээ нэмэгдүүлэх боломжгүй.
Ямар ч тохиолдолд зайлшгүй гарах зардал байдаг гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Та өөрийн хамгийн сайн чаддаг ажлаа хийгээд, бусдыг нь аль болох зөв шийдэлтэй, өртөг багатай байдлаар бусдаар гүйцэтгүүлэх нь илүү оновчтой. Магадгүй дэлгүүрт нийлүүлж буй үнээ үйлдвэрийн хаалган дээрх үнэ болгож мөрдөөд, түүнээс цааших түгээлт борлуулалтын ачаа болон эрсдлийг үүрэхгүй, нэг “гараар” ядаж хоёр бизнес эрхэлж байхаар бизнесээ зохион байгуулах нь үр дүнтэй болов уу.
Та өөрийн хамгийн сайн чаддаг ажлаа хийгээд, бусдыг нь аль болох зөв шийдэлтэй, өртөг багатай байдлаар бусдаар гүйцэтгүүлэх нь илүү оновчтой.
Зарлагаасаа илүү гарах мөнгөн урсгал бүтээхүйц үнэ тогтоож, боломжийн хэмжээнд борлуулалт хийдэг боловч мөнгөний дутагдалд ихэвчлэн ороод байдаг итгэмтгий бүсгүйчүүд ЖДБ – т байдаг. Харилцагчдаа найдаж, тохирсон хугацаандаа төлбөрөө төлнө гэж итгэн бүтээгдэхүүнээ өгч явуулах ба авлагаа барагдуулж чадахгүй байх, ажилд ороод удаагүй борлуулагчид итгэж, нэг эргэлтийн бараагаа өгч явуулан сураггүй алдах, итгэл даахгүй шинэ ажилтны худал үгэнд автан цалинг нь урьдчилж өгч явуулах зэрэг өр зөөлөн сэтгэл, итгэл нь алдагдал хүлээлгэсэн жишээ цөөнгүй.
Танай бизнесээс ямар ч хэмжээний мөнгө, бараа материал, бэлэн бүтээгдэхүүн, бусад хөрөнгө гадагш “гарах хөдөлгөөн” нь өөр өөрийн зохицуулалт, хязгаарлалттай, танаас, таны хувийн хандлага, шийдвэрээс хамаарал багатай болгох нь найдваргүй авлагууд үүсэх, хуримтлахыг буурахад эерэгээр нөлөөлж болох юм.
ЖДБ дэх бүсгүйчүүд та бүхэн дээр дурдсан жишээтэй ижил алдаа гаргадаг, төстэй байдлаар ажилладаг бол, хүссэн хэмжээндээ хүрч тэлж чадахгүй байгаа бол одооноос нөхцөл байдалдаа үнэлэлт дүгнэлт хийж, урт хугацаанд тогтвортой өсөх бизнесээ босгох аянаа эхлүүлээрэй. Учир нь нийгмийг гэрэлтүүлж, үргэлж эерэг өөрчлөлт бий болгож байдаг бүсгүйчүүд улам чадавхжиж, бизнес нь тогтвортой өсч томрохын хэрээр нийгмийг улам илүү хурц гэрэлтүүлж, илүү их эерэг өөрчлөлт бүтээнэ.