Монгол Улсын нэгдэн орсон олон улсын худалдааны хэлэлцээрүүд, экспортыг дэмжихэд чиглэсэн үйл ажиллагааны тухай ГХЯ-ны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын захирал В.Оюутай ярилцлаа.
Засгийн газраас гадаад худалдаа, ялангуяа экспортыг нэмэгдүүлэх, худалдаанд тулгарч байгаа саад хүндрэлийг багасгаж, хөнгөвчлөхөд тэргүүлэх ач холбогдол өгч ажиллаж буй. Яриагаа Дэлхийн худалдааны байгууллагын Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрээс эхэлье. Монгол Улс тус хэлэлцээрт нэгдэн орсноор бизнесийн салбарт ямар дэмжлэг бий болох вэ?
Экспорт, импортын үйл ажиллагаа, хил гаалийн хяналтыг хялбаршуулж, оновчтой болгох, уялдаа холбоог сайжруулах нь худалдааны зардлыг бууруулах гол хүчин зүйл болдог. Тэр тусмаа далайд гарцгүй, дамжин өнгөрөх тээврийн зардал өндөр манай улсын хувьд худалдааг хөнгөвчлөх буюу худалдааны өртөг зардлыг багасгах, түргэн шуурхай болгоход чиглэсэн эдгээр ажлыг хэрэгжүүлэхэд тэргүүлэх ач холбогдол өгч байна.
Монгол Улс 2017 онд Дэлхийн худалдааны байгууллагын Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрт нэгдсэн. Хэлэлцээрийн хэрэгжилтийг хангаж ажиллах Худалдааг хөнгөвчлөх Үндэсний хороог 2017 онд байгуулж, даргаар нь Гадаад харилцааны сайд ажиллаж байна. ГХЯ, ХХААХҮЯ, ЗТХЯ, Үндэсний хөгжлийн газар, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Гаалийн ерөнхий газар, Стандарт хэмжил зүйн газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, МҮХАҮТ, Тээвэр зуучлагчдын холбоо, Гаалийн зуучлагчдын холбоо зэрэг байгууллага Үндэсний хорооны гишүүнээр ажилладаг.
Үндэсний хороо Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийг хэрэгжүүлэх, энэ хүрээнд экспорт, импортын үйл ажиллагаа, лиценз, хяналт, ачилт тээвэрлэлтийг түргэн шуурхай, давхардалгүй, оновчтой болгоход чиглэсэн бодлогын арга хэмжээг хэлэлцэж, Засгийн газарт танилцуулж, шийдвэрлүүлэх чиг үүрэг хэрэгжүүлж байна. Монгол Улс 2026 онд Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрээр хүлээсэн үүргээ бүрэн хэрэгжүүлсэн байх ёстой бөгөөд өнөөдрийн байдлаар хэлэлцээрийн биелэлт 56.3 хувьтай байна.
Засгийн газар худалдааг хөнгөвчлөх ажлыг эрчимжүүлэх зорилгоор Ази, Номхон далайн хил дамнасан цаасгүй худалдааг хөнгөвчлөх ерөнхий хэлэлцээрт нэгдэн орох ажлыг эхлүүлсэн. Уг хэлэлцээр болон Худалдааг хөнгөвчлөх тухай хэлэлцээрийг хамтад нь хэрэгжүүлснээр Монгол Улсад худалдааны зардал 30 хувь буурна гэж тооцож байгаа.
Өнгөрсөн хугацаанд МХЕГ эрсдлийн үнэлгээний аргачлалд тулгуурлаж, импортын 5000 гаруй нэрийн барааг хилийн хяналт шалгалтаас чөлөөлсөн. Мөн ГЕГ экспорт, импортын барааны мэдүүлгийг цахимаар авах боломжтой болсон нь иргэн, аж ахуйн нэгжийн цаг хугацаа, зардлыг хэмнэсэн том алхам болсон. Худалдааг хөнгөвчлөх үндэсний хорооны хувьд нэн тэргүүнд импорт, экспорт, эсхүл дамжуулан өнгөрүүлэхэд шаардлагатай баримт бичиг, өгөгдлийг нэг цэгээр дамжуулах хил гаалийн хяналтын “Цахим нэг цонх”-ны системийг бий болгоход анхаарч ажиллаж байна.
Уул уурхайн бус бүтээгдэхүүний экспортын хэмжээ сүүлийн таван жилд 40 орчим хувиар өссөн байна.
Худалдааг хөнгөвчлөх зорилгоор худалдааны үйл ажиллагааг зохицуулсан хууль, тогтоомж болон бусад шаардлагатай мэдээллийг түргэн шуурхай, ил тод нийтлэх “Гадаад худалдааны мэдээллийн нэгдсэн сан”-г 2020 оны 12 дугаар сард хэрэглээнд нэвтрүүллээ. Мэдээллийн санд mongoliatradeportal.gov.mn хаягаар нэвтэрч ашиглах боломжтой.
Худалдааг хөнгөвчлөхөд хилийн үйлчилгээ, дэд бүтэц чухал ач холбогдолтой тул Засгийн газар АХБ-ны зээлийн хөрөнгөөр Алтанбулаг, Бичигт, Замын-Үүд хилийн боомтуудын барилга, байгууламж, тоног төхөөрөмжийг шинэчлэх, сайжруулах ажлуудыг хийж байна.
Дэлхийн худалдааны байгууллагын Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээр хэрэгжсэнээр гарах эдийн засгийн үр ашгийг Монгол Улсын гадаад худалдаанд оролцогч төрийн болон хувийн холбогдох бүх байгууллагууд хүртэнэ. Тэр дундаа манай жижиг, дунд бизнес эрхлэгчдэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ экспортлох, олон улсын зах зээлд гаргахад тулгардаг бараа бүрдүүлэлтийн нарийн төвөгтэй журам, хилийн байгууллагуудаас шаарддаг баримт бичгийн давхардал, гаалийн зохицуулалт зэрэг саад тотгорыг арилгаж, үйл ажиллагааг нь дэмжиж, экспортлох үйл явцыг хялбаршуулна.
Мөн Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийг хэрэгжүүлснээр дэлхий даяар жижиг, дунд бизнес эрхэлдэг аж ахуй нэгжүүдэд 20 сая ажлын байр шинээр бий болж, хил дамнасан ЖДҮ-ийн борлуулалт 60-80 хувь хүртэл өсөх боломжтой хэмээн Дэлхийн худалдааны байгууллага (ДХБ) болон Дэлхийн эдийн засгийн форумын судлаачид тооцоолжээ.
“Монгол экспорт” хөтөлбөрийн хүрээнд ямар ажил хийгээд байна вэ?
Засгийн газрын 2016 оны “Экспортыг дэмжих үндэсний хөтөлбөр”-ийг 2018 оны 278 дугаар тогтоолоор “Монгол экспорт” хөтөлбөр болгон шинэчилж баталсан. Эл хөтөлбөрийг 2018-2020, 2021-2022 гэсэн хоёр үе шаттайгаар хэрэгжүүлж, дараах гурван үндсэн зорилтын хүрээнд 36 ажил арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Үүнд:
- Экспортын бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаа, хөрөнгө оруулалт, санхүү татвар болон хууль эрх зүйн таатай орчинг бүрдүүлэх
- Уул уурхайн бус бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих замаар экспортыг төрөлжүүлэх, олон улсын стандартын шаардлага хангасан, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний экспортыг дэмжих
- Худалдааг хөнгөвчлөх, гадаад зах зээлийг тэлж, экспортыг нэмэгдүүлэх
Цар тахалгүй нөхцөлд буюу 2019 оны байдлаар уул уурхайн бус бүтээгдэхүүний экспорт 823 сая ам.доллар буюу нийт экспортын 10.8 хувийг эзэлж байв. Уул уурхайн бус бүтээгдэхүүний экспортын хэмжээ сүүлийн таван жилд 40 орчим хувиар өссөн бөгөөд үүнд ноос ноолуур, нэхмэл эдлэл, мал амьтны гаралтай бүтээгдэхүүн, хүнсний бэлэн бүтээгдэхүүн зонхилж байна. 2019 оны мах махан бүтээгдэхүүний экспортыг 2016 онтой харьцуулахад нийт хэмжээ 6.3 дахин, үнийн дүнгийн хувьд 7.5 дахин өсч, уул уурхайн бус бүтээгдэхүүний экспортын өсөлтөд эерэг нөлөө үзүүлжээ.
Хөтөлбөрийн хүрээнд дараах ажлуудыг хэрэгжүүлээд буй:
- Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийг 2019 онд баталсан,
- Женевт төвтэй Олон улсын худалдааны төвийн дэмжлэгтэйгээр ГХЯ-наас “Монгол Улсын худалдаа, хөрөнгө оруулалтын замын зураг” баримт бичгийг 2019 онд боловсруулав. Энэ баримт бичигт 1) малын гаралтай бүтээгдэхүүн түүний дотор ноолуур, сарлаг тэмээний ноос, арьс шир, мах, сүүн бүтээгдэхүүн, 2) үйлчилгээний салбар түүний дотор мэдээлэл харилцаа холбооны технологи, аялал жуулчлал, 3) байгалийн нөөцийн салбарт сэргээгдэх эрчим хүч, эрдсийн боловсруулалтыг экспорт, хөрөнгө оруулалтын чиглэлээр хөгжүүлэх нөөц боломжтой болохыг тодорхойлов.
- Монгол Улс Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээрт нэгдэж энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлж эхэллээ. Хэлэлцээрийн хүрээнд БНХАУ-ын зах зээлд Монгол Улс 2323 нэр төрлийн бараанд 10-50 хувь, 187 нэр төрлийн бараанд 100 хувийн тарифын хөнгөлөлт эдлэх боломжтой болсон. БНХАУ-д улаанбуудайн болон хөх тарианы гурил мөн сүү сүүн бүтээгдэхүүн экспортлох асуудлаар хятадын талтай тохиролцож, хорио цээр, техникийн зохицуулалтыг хийж байгаа бөгөөд удахгүй хятадын зах зээлд эдгээр бүтээгдэхүүн гарах боломжтой болно.
- Евроазийн эдийн засгийн холбоотой Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах үр ашгийг судлах хамтарсан судалгааны ажлыг 2020 оны 9 дүгээр сараас эхлүүлсэн. Хэлэлцээр байгуулвал манай бараа бүтээгдэхүүн, үйлчилгээнд экспортын зах зээлийг өргөжүүлэх, экспортын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх тул ач холбогдол өгч ажиллаж байна.
- ОХУ-ын зах зээлийн боломжийг ашиглах, экспортыг нэмэгдүүлэх, хоёр талын худалдаа, эдийн засгийн харилцааг идэвхжүүлэх зорилгоор Москва дахь ЭСЯ-нд Худалдааны төлөөлөгчийн бүтцийг сэргээн байгуулсан. Мөн Владивосток хотод удахгүй Худалдааны төлөөлөгч ажиллаж эхэлнэ.
Экспортын чадамжтай бараа бүтээгдэхүүн, үйлчилгээнд зах зээлийн судалгаа, маркетинг гээд олон талаар төрөөс дэмжлэг үзүүлэх бүтцийг цаг алдалгүй бий болгомоор байна.
- Европын Холбооны зах зээлд гаргахаар зорьж буй мал амьтан, ургамлын орц, гаралтай 18 нэр төрлийн 70 гаруй бүтээгдэхүүний жагсаалтыг Европын Комисст хүргүүлж, эдгээр бүтээгдэхүүнийг зорилтот зах зээлийн стандартад нийцүүлэх зорилгоор “эрүүл ахуй, хорио цээр”-ийн асуудлыг хэлэлцэх Монгол Улс, Европын Холбооны хамтын ажиллагааны бүтэц бий болгохоор тохирсон.
- Экспортын кластерыг бий болгох, хөгжүүлэх ажлыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр амжилттай эхлүүллээ. Энэ эхлэлийг бататгаж, Үндэсний кластерын сүлжээ байгуулах, шинээр бий болж байгаа экспортын кластеруудыг дэмжих орчныг бүрдүүлэхийг зорьж байна.
- Экспортын кластераар хөгжүүлэлт хийсэн арьс шир, ноос ноолууран бүтээгдэхүүнийг Берлин хотноо 2020 оны 12 дугаар сард үйл ажиллагаагаа эхэлсэн Монголын мэдээлэл, худалдааны төвөөр борлуулж эхэлсэн. Худалдаа, хөрөнгө оруулалт, сурталчилгааны чиг үүрэгтэй энэ төв төр, хувийн хэвшлийн түншлэлийн хэлбэрээр ажиллах юм. Төв үр ашигтай ажиллаж чадвал ийм төвийг бусад томоохон хотод нээж ажиллуулах төлөвлөгөөтэй байна.
“Монгол экспорт хөтөлбөр”-ийн хэрэгжилтэд төсвөөс хөрөнгө зардал гараагүй ч хөтөлбөрийг хэрэгжүүлэгч байгууллагуудын уялдаа холбоог хангах, хөгжлийн түнш улс, байгууллагын дэмжлэгийг оновчтой чиглүүлэхэд анхаарч ирсэн. Хөтөлбөрийн хэрэгжилтийн байдлыг дүгнэж харахад экспортын бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ болон экспортлогч нарт төрөөс дэмжлэг үзүүлэх чиг үүргийг хэрэгжүүлэх бүтцийг бий болгох хэрэгцээ байна. Зах зээлийн судалгаа, маркетинг хийх зэргээр төрөөс худалдааг дэмждэг жишиг олон улс оронд бий.
Евразийн эдийн засгийн холбоотой Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах ажил ямар шатандаа явж байна вэ? Уг хэлэлцээрийг хийснээр дотоодын үйлдвэрлэгчдэд үүсэх гол давуу талууд юу вэ?
Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбоо (ЕАЭЗХ) хооронд Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах боломжийг судлах Хамтарсан ажлын хэсгийг байгуулах саналыг Монголын тал 2016 оноос тавьж ирсэн. Үүний үр дүнд 2020 оны 9 дүгээр сард Евразийн эдийн засгийн комисс Монгол Улстай чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах боломжийг судлах хамтарсан судалгаа хийх саналыг дэмжсэн шийдвэр гаргасан. Түүнээс хойш хамтарсан судалгааны багийн уулзалтыг хоёр удаа зохион байгуулаад байна.
Монгол Улс БНХАУ-ын зах зээлд 2323 нэр төрлийн бараанд 10-50 хувь, 187 нэр төрлийн бараанд 100 хувийн тарифын хөнгөлөлт эдлэх боломжтой болсон.
ЕАЭЗХ-д ОХУ болон Беларусь, Казахстан, Киргиз, Армен гэсэн 184.3 сая хэрэглэгчтэй, гадаад худалдааны нэгдсэн бодлого, горим бүхий, гаалийн нэгдсэн зохицуулалттай эдийн засгууд багтаж байгаа. Хамтарсан судалгааг хийж чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулж чадвал газар нутгийн хувьд ойр дөт, аж ахуйн уламжлалт харилцаа холбоотой энэ бүс нутагтай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг сэргээн идэвхжүүлэх, худалдааны алдагдлыг бууруулах, харилцан ашигтай ажиллах боломжийг нэмэгдүүлнэ гэж харж байна.
Өмнө хэлсэнчлэн хэлэлцээрийн нөхцөлөөр тарифын хөнгөлөлт эдлэх нь экспортын өрсөлдөх чадварт сайнаар нөлөөлөхөөс гадна, хөрөнгө оруулалтын боломжийг ч өргөжүүлнэ.
Монгол Улс Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээрт нэгдэж энэ оноос хэрэгжиж эхэлсэн гэлээ. Тус хэлэлцээрийн хүрээнд ямар давуу тал, хөнгөлөлтийг эдлэх боломж нээгдэж байна вэ?
АНДХХ-ийн гишүүн орнууд манай улсын гадаад худалдааны нийт бараа эргэлтийн 67 орчим хувь, экспортын 90 орчим хувь, импортын 30 гаруй хувийг тус тус эзэлдэг. Хэлэлцээрт нэгдсэнээр үндэсний аж ахуйн нэгжүүд БНХАУ, Өмнөд Солонгос, Энэтхэг, Шри Ланка, Лаос, Бангладеш зэрэг 2.9 тэрбум гаруй хэрэглэгчтэй, эдийн засгийн хурдацтай өсөлттэй АНДХХ-ийн гишүүн зургаан улс руу нийтдээ 10,667 нэр төрлийн бараанд 5-100 хувийн татварын хөнгөлөлт эдлэх боломж нээгдэхийн зэрэгцээ дэлхийн болон бүс нутгийн нийлүүлэлтийн гинжин хэлхээнд холбогдох, хөрөнгө оруулалт татахад илүү таатай нөхцөл бүрдэнэ гэж үзэж байна.
Тухайлбал, БНСУ-ын зах зээлд манай чулуун, хүрэн нүүрсний кокс, хагас кокс 50 хувь, савхин өмд, банзал, пальто 30 хувь, зарим нэр төрлийн ноос, ноолууран бүтээгдэхүүн 30-50 хувийн тарифын хөнгөлөлт, Энэтхэгийн зах зээлд хонины мах 30 хувь, төмрийн хүдэр 50 хувь, зэсийн баяжмал 50 хувь, хүрэн нүүрс 45 хувийн тарифын хөнгөлөлт, БНХАУ-ын зах зээлд чулуун нүүрсний кокс, хагас кокс 50 хувь, хээрийн жонш 50 хувь, зарим нэр төрлийн ноос, ноолууран бүтээгдэхүүн 35 хувийн тарифын хөнгөлөлтийг тус тус эдлэх боломжтой болж байна. АНДХХ-ийн дагуу тарифын хөнгөлөлт эдлэх бараа бүтээгдэхүүний жагсаалт бусад мэдээллийг эндээс авах боломжой.
Нэгдэн орж буй эдийн засгийн түншлэл, худалдааны хэлэлцээрийн боломжийг өргөнөөр ашиглаж, бизнесийнхэнд хүрсэн бодит дэмжлэгийг бий болгохын тулд юун дээр анхаарах хэрэгтэй байна вэ?
Япон Улстай байгуулсан анхны Чөлөөт худалдааны хэлэлцээр буюу Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр 2016 оноос хэрэгжиж эхлээд дөрвөн жил гаруй болж байна. Энэ хугацаанд хоёр орны худалдааны нийт эргэлт 40 орчим хувиар нэмэгдсэн. МҮХАҮТ-аас тус хэлэлцээрийн хүрээнд 2019 онд 569, 2020 онд 313 гарал үүслийн гэрчилгээг олгосноор манай аж ахуйн нэгжүүд гаалийн татварын хөнгөлөлт эдэлжээ. Үүнээс 70 гаруй аж ахуйн нэгжийн 20 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн Японы зах зээлд тогтмол гарч байна.
Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээрийн тухайд энэ оны нэгдүгээр сараас эхлэн өнөөдрийн байдлаар 23 аж ахуйн нэгж 197 гарал үүслийн гэрчилгээг БНХАУ руу экспортлох нүүрс, рапс мөн хүнсний зарим нэр төрлийн бүтээгдэхүүнд авсан байна.
Өмнө нь хэлсэнчлэн экспортыг дэмжих бүтцийг цаг алдалгүй бий болгомоор байна. Экспортын чадамжтай бараа бүтээгдэхүүн, үйлчилгээнд зах зээлийн судалгаа, маркетинг гээд олон талаар төрөөс дэмжлэг үзүүлж, ажиллаж байгаа жишээг Японы ЖЕТРО, Солонгосын КОТРА байгууллагаас харж болно. Ийм чиг үүрэг, бүтэц байхгүй байгаа тул ГХЯ, ХХААХҮЯ, ЖДҮГ, ҮХГ түүнчлэн МҮХАҮТ тал талаасаа энэ чиг үүргийг хэрэгжүүлж, нөхөж байгаа гэж хэлж болно.
Экспортлогч нарт тулгамдаж байгаа хамгийн чухал асуудал болох экспортын зээл, санхүүгийн үйлчилгээний боломжийг нэмэгдүүлэх шийдлийг даруй олох хэрэгтэй. ЖДҮГ болон Үндэсний давхар даатгал ХК энэ чиглэлээр ажиллаж байгаа гэж ойлгож байна. Үүнээс гадна чанар, баталгаажуулалтын тогтолцоог бэхжүүлэх, экспортын нөөц боломжтой бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үйлдвэрлэл, хөгжүүлэлтэд шаардлагатай ур чадварыг бэлтгэх асуудал чухал байна. Энэ хүрээнд боловсрол, сургалтын хөтөлбөрийг хувийн хэвшлийн хэрэгцээ шаардлагатай нийцүүлж, мэргэжлийн сургалт дадлагыг урамшуулах хэрэгтэй санагддаг.
Дээр хэлснээр экспортын кластерийг хөгжүүлэх ажлын гараа сайн байна. Өнөөдрийн байдлаар гоо сайхны бүтээгдэхүүн, чацаргана, арьс шир мөн сарлагын хөөвөр, торомны ноосон бүтээгдэхүүний кластерийг ЕХ-ны Монголын худалдааг дэмжих төслийн хүрээнд байгуулж, зарим бүтээгдэхүүнийг ЕХ-ны зах зээлд гаргаж эхэлсэн. Энэ жишгээр самрын кластер мөн мөөгний кластер бий болсон тухай мэдээлэл авсан. Экспортлогч нарын 90 гаруй хувь нь жижиг, дунд аж ахуйн нэгжүүд байдаг. Ийм ч учраас аж ахуйн нэгжүүд кластер болж нэгдэх, мэргэжлийн холбоод энэ ажилд манлайлалтай оролцох нь зүйтэй гэж боддог.
Цар тахлын нөлөөллөөр гадаад худалдаанд үүссэн хүндрэлийг хөнгөвчлөхөд хэрхэн ажиллаж байна вэ?
Монгол Улсын гадаад худалдааны эргэлт 2020 онд 12.8 тэрбум ам.доллар, экспорт 7.5 тэрбум, импорт 5.3 тэрбум ам.доллар болов. Ингэснээр Монгол Улсын худалдааны тэнцэл 2020 онд 2.3 тэрбум ам.долларын ашигтай гарлаа. Цар тахалтай үед гадаад худалдааны тэнцэл эерэг гарахад Засгийн газраас хөрш орнуудтай худалдааг хэвийн явуулах чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, түүнчлэн эрдэс баялгийн экспорт нөлөөлсөн.
Цар тахлын улмаас тулгарч буй эдийн засгийн хүндрэлийг даван туулахад хөрш орнуудтай худалдаа, эдийн засгийн харилцааг хэвийн хэмжээнд явуулахад онцгой анхаарч, бизнес эрхлэгчид, иргэд экспорт, импортын үйл ажиллагаа явуулах, төр, засгийн байгууллагууд хөрш орнуудын холбогдох байгууллагуудтай харилцахад ГХЯ-ны зүгээс идэвхтэй дэмжлэг үзүүлж ажилласан бөгөөд ялангуяа БНХАУ-д нийлүүлэх нүүрс, мах, махан бүтээгдэхүүний экспортыг сэргээхэд онцгой анхаарал хандуулж ажиллав.
Монгол-Хятадын хилийн боомтын “Ногоон гарцын түр журам”-ыг тохиролцож, уг журмыг 2020 оны долдугаар сарын 7-ны өдрөөс хэрэгжүүлж эхэлснээр өнгөрсөн оны долдугаар сараас арваннэгдүгээр сарын 10-ны өдрийг хүртэл Гашуунсухайт боомтоор өдөрт дунджаар 650 нүүрсний авто машин, Шивээхүрэн боомтоор 550 нүүрс тээврийн хэрэгсэл улсын хил нэвтэрсэн.
Монгол Улс 2021 оны эхний хоёр сард нийт 112 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 2.3 тэрбум ам.доллар, үүнээс экспорт 1.3 тэрбум ам.доллар, импорт 922.3 сая ам.доллар болсон. Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 736.1 (48.4%) сая ам.доллар, үүнээс экспорт 563.8 (73.2%) сая ам.доллароор, импорт 172.3 (23.0%) сая ам.доллароор тус тус өсчээ.
Манай улсад коронавирусын тохиолдолд бүртгэгдсэн, тэр тусмаа сүүлийн үед хил орчмын бүс нутагт коронавирус илэрч байгаа нь хил, боомтын үйл ажиллагаа, бараа, түүхий эдийн тээвэрлэлтэд хүндрэл үүсгэж байгааг та бүхэн мэдэж байгаа. Үүнтэй холбоотойгоор зарим боомтын хөдөлгөөн ч түр хугацаагаар зогссон.
ГХЯ, БНХАУ-д суугаад манай дипломат төлөөлөгчийн газрууд болон орон нутгийн удирдлага Хятадын талтай цар тахлын тархалт, урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар мэдээлэл солилцох сувгийг нээн ажиллаж байна. Мөн Хятадын талтай төмөр зам, авто замын шалган нэвтрүүлэх боомтоор ачаа тээвэрлэлт хийж буй иргэд, тээвэрлэгчдийг үзлэг оношилгоонд хамруулах, хил нэвтрэхтэй холбоотой хяналтын дэглэм зохицуулалтыг тохирох зэрэг асуудлаар яриа хэлэлцээ хийж ачаа тээвэрлэлтэд удаан хугацаагаар зогсолт гарахаас сэргийлэх чиглэлээр бүх талын арга хэмжээг авч байна.
2021 оны дөрөвдүгээр сарын 7-ны өдрөөс эхлэн боомтын хөдөлгөөн сэргэсэн бөгөөд нэвтрэх машины тоог аажмаар нэмэгдүүлж байгаа бөгөөд 4 дүгээр сарын 15-ны өдрөөс зэсийн баяжмал гарч эхэлсэн.