Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар Засгийн газрын 100 хоногт багтаан төрийн 50 орчим байгууллагын 516 үйлчилгээг цахимжуулж, E-Mongolia системд нэгтгэлээ. Үүнтэй зэрэгцэн иргэд, олон нийтэд үйлчлэх “E-Mongolia төв”-ийг нээсэн бөгөөд Засгийн газрын “11-11 төв”-ийг мөн нэгтгэсэн нь Төв шууданд буюу хүмүүс үйлчилгээ авахад хамгийн ойр цэгт байрлажээ. Иргэдээс ирсэн өргөдөл бүрт шийдэл санал болгодог байхын тулд ингэж нэгтгэсэн байна. Мөн иргэд “E-Mongolia төв”-д ирж, төрийн цахим үйлчилгээтэй холбоотой заавар, зөвлөмж, туслалцаа авч болохоос гадна санал, хүсэлт, гомдол, шүүмжлэл зэргээ ч илэрхийлэх боломжтой.
“Цахим хөгжлийн яам байгуулна. Монголчууд бид цахим үндэстэн болох ёстой”.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нээлтийн үеэр “Хэн нэг албан тушаалтан хүнд суртал гаргаж, таны амьдралын үнэтэй цагийг хулгайлахгүй. Төр иргэддээ шуурхай үйлчилдэг байх ёстой. Тиймээс бид 516 төрийн үйлчилгээг E-Mongolia-д нэгтгэлээ. Цаашдаа бид төрийн бүх үйлчилгээг нэгтгэхээс гадна Цахим хөгжлийн яам байгуулна. Монголчууд цахим үндэстэн болох ёстой. Энэ ч утгаараа мэдээлэл технологийн салбарт ажиллаж буй залуучуудаа дэмжинэ. Монгол Улсын эдийн засгийн тэргүүлэх чиглэлүүдийн нэг бол мэдээлэл технологийн салбар” хэмээн онцолсон юм.
Мөн Засгийн газраас ирэх гурван жилийн хугацаанд авилгын индексийг хоёр оронтой тоо руу оруулах томоохон зорилтыг дэвшүүлэн ажиллаж байгаа бөгөөд энэ зорилтын гол суурь нь уг цахим шилжилт гэдгийг тодотгож байв.
E-Mongolia системээс авч болох 516 үйлчилгээтэй энд дарж танилцана уу.