Онлайн орчинд та бүтээгдээхүүн, үйлчилгээ бус контентийг борлуулдаг. Тиймээс хэрэглэгчдийн худалдан авах сэдлийг төрүүлэхүйц, бүтээгдээхүүн, үйлчилгээний тань үнэ цэнийг хоногшуулах контент бүтээх нь борлуулалтаа өсгөх үндэс болдлог. Тэгвэл хэрэглэгчдэдээ хүргэх таны контент ямар байх ёстой вэ?
Олон бизнес сошиал сувгуудаар сурталчилгаа явуулахдаа бүтээгдэхүүнийхээ зургийг хэд хэдэн хувилбараар авч, тайлбарын хамт байршуулдаг бөгөөд ерөнхийдөө тэгсхийгээд орхичихдог. Бүтээгдэхүүнээ танилцуулах нь зүй ёсны хэрэг. Харин үүний дараа тухайн бүтээгдэхүүн, үйлчилгээ хэрэглэгчийн ямар асуудлыг шийдэх, ямар үнэ цэн бий болгохыг ойлгуулах, улмаар одоо биш ч дараа хэзээ нэгэн цагт худалдан авалт хийх сэдлийг төрүүлж, хоногшуулахуйц контентийг үе шаттай хүргэх хэрэгтэй.
Контент, контент бас дахин контент!
Ийм контент нь хэлбэрийн хувьд зураг, бичвэр, бичлэг гээд ямар ч байж болно. Хамгийн өргөн дэлгэрсэн аргууд бол инфлүенсер буюу нөлөөлөгчидтэй хамтрах, бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрэглэсний “өмнө” ба “дараа” харьцуулалт, яагаад хэрэгтэй, ямар асуудлыг шийддэг зэрэг баримтыг сонирхолтой байдлаар хүргэх зэрэг юм. Түүнчлэн, бүтээгдэхүүн бүтсэн түүх, хэрхэн ашиглах тухай дүрс бичлэг, хэрэглэгчдийг өдөөж, сэдэлжүүлэх эшлэлүүд, түгээмэл асуулт хариулт болон хэрэглэгчийн туршлагын бодит түүх зэрэг контент үр дүнтэй байдаг. Хэрэглэгчдэд сэдэл төрүүлэхүйц контент бүтээхийн тулд дараах зүйлсийг анхаарах хэрэгтэй.
Зураг дүрсийн байршил
Харааны зүүн талбайд буй мэдээллийг баруун тархи, баруун талын мэдээллийг зүүн тархи хүлээн авч боловсруулдаг болохыг эрдэмтэд нотолсон байдаг. Тархины баруун тал хийсвэр сэтгэлгээний хэсэг тул зурган мэдээллийг сайн боловсруулдаг бол зүүн тархи илүү логик, аман ярианы боловсруулалтын хийдэг текст илүү сайн боловсруулдаг. Тиймээс постер бэлдэхдээ зурагаа зүүн, текстээ баруун талд байршуулах нь хамгийн тохиромжтой.
Хэрэглэгчийн сэтгэл зүй
Хүний тархинд очиж буй мэдээллийн 90 хувь нь дүрслэлээр дамжин хүрдэг бол хүмүүс хоорондын харилцааны 93 хувь нь харах мэдрэхүйтэй холбоотой байдаг. Түүнчлэн, хүн аливаа мэдээллийг хараад найман секундын дотор үргэлжлүүлэн сонирхох эсэхээ шийддэг аж. Энэ хугацаанд анхаарал, сонирхлыг нь татаж чадахаас хэрэглэгч таны контент буюу бүтээгдэхүүн, үйлчилгээг сонирхох, цаашлаад авах эсэх нь шийдэгддэг.
Зураг
Бүтээгдэхүүнийхээ зургийг авч байршуулахдаа хэд хэдэн зүйлийг анхаарах хэрэгтэй. Тухайлбал, хоол хүнсний зургийг авахдаа аль болох сав баглаанаас нь гаргаж шууд идэхэд бэлэн байдлаар харуулснаар хүний идэх сэдлхийг төрүүлдэг. Мөн бүтээгдэхүүний хэмжээг харуулахыг хүсэж байвал өөр ямар нэг зүйлийн хамт эсвэл барьж зургийг нь авах боломжтой. Түүнчлэн, модельтой зураг авч байгаа бол ихэнх тохиолдолд хэрэглэгч рүү эгцэлж харахаас аль болох сэргийлэх, харц болж өгвөл бүтээгдэхүүн рүү чиглэсэн байвал зүгээр. Энэ нь мэдээж зураг авалтын зохиомжоос шалтгаалж харьцангуй өөр байх боломжтой.
Зөв контент бүтээх, сошиалаар орлого олох мөн борлуулалтаа өсгөхөд туслах аргуудыг энэ долоо хоногийн “Бизнес цэнэг” вэбинарын үеэр Виннер консалтинг ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Одонтуяа танилцууллаа. “Сошиалаар борлуулалтаа өсгөх 8 арга” сэдвээр зохион байгуулсан энэхүү вэбинарыг бүрэн эхээр нь энд дарж үзээрэй.
Хархорум Дижитал Академи, Business.mn сэтгүүлээс Мягмар гараг бүр зохион байгуулдаг “Бизнес цэнэг” вэбинарт ирэх долоо хоногт Dale Carnegie Mongolia-ийн захирал Б.Энхболд оролцож “Хэрэглэгчдийн сонирхлыг татах замаар борлуулалтаа өсгөх аргууд” сэдвээр хичээл орно. Энэхүү вэбинарыг угтаж хийсэн подкастыг эндээс сонсож хичээлийн тухай мэдээлэл аваарай.
Дараагийн вэбинарт бүртгүүлэх холбоос: https://academy.karakorum.digital/pages/webinars