Би сэтгүүл зүйн салбарт ажиллаад 21 жил болж байна. Харин Д.Энхбат захиралтай танилцаад 21 жил болжээ. “Өнөөдөр” сонины Эдийн засаг, бизнесийн албаны шинэхэн, залуу сэтгүүлч надад Ц.Балдорж эрхлэгч маань нэг даалгавар өгсөн юм. “Монголд интернэтийг оруулж ирж, биднийг дэлхийтэй холбосон, технологийн инженер, маш өндөр боловсролтой Датакомын Энхбат гэж хүн байгаа. Монголчуудын сайн мэдэхгүй, ойлгохгүй байгаа сэдвээр нь ярилцлага хийгээд ир” гэлээ. Энэ бол 2000 он.
Ерөнхий эрхлэгчийн өгсөн даалгавраар “Датаком” гэдэг компанитай холбогдов. Ингэж би анх Д.Энхбат захиралтай танилцаж, ярилцлага хийсэн юм. Яг үнэндээ ярилцах сэдвээ би өөрөө ч сайн мэдэхгүй тул хөнгөхөн асуултууд тавьж, сонины нүүр дүүрэн ярилцлага хийсэн юм даг. Түүнээс хойш бид хоёр олонтаа уулзаж ярилцсан.
2000 он бол Монгол Улсад интернэт нэвтрээд таван жил болсон ч хэрэглээ маш муу, ард иргэдэд энэхүү нүдэнд үл үзэгдэх ид шидтэй технологийн талаар ойлголт тааруу байсан үе. Мэйлийн хэрэглээ дөнгөж нэвтэрч, ямар ч гэлээ ихэнх нь hotmail.com нээлгээд байв.
Нэг удаагийн ярилцлагын үеэр Д.Энхбат захирал надад хамтран ажиллах санал тавилаа. “Би интернэтийг эх орондоо оруулж ирээд ажиллаж байгаа ч хүмүүс сайн ойлгохгүй байна. Миний санаснаар ажил явахгүй байна. Тиймээс би чамайг энэ чиглэлд цэнэглэе. Чи сониноороо дамжуулан уншигчдаа, олон нийтийг соён гэгээрүүлж мэдлэг, мэдээлэл өг” гэв. Би редакцдаа очиж удирдлагууддаа хэлснээр “Өнөөдөр” сонинд “Мэдээллийн технологи” нэртэй буланг анх удаа нээж, би хариуцан авч явахаар болсон юм. Долоо хоногт нэг удаа бүтэн нүүрээр гарна. Сонины маань хамгийн гоё, сонирхолтой булангийн нэг байсан. Интернэтийг дагаад олон төрлийн шинэ техник технологи орж ирнэ, түүнийг хэрхэн хэрэглэж, ашиглах талаар буландаа нийтэлнэ. Уншигчид ч ихэд сонирхож, нийтлэл, ярилцлага дээр улаан, цэнхэр балаар зурж тодруулан мэдээллийг ажил амьдралын хэрэглээ болгож байсанд энэхүү булангийн ач холбогдол оршино. Тухайн үед хүмүүс телевиз үзэж, сонин уншиж л мэдээлэл авдаг. Өнөөдрийн фэйсбүүк, твиттер сураг ч үгүй байсан цаг.
Интернэтийн хөгжлийн ачаар бид дэлхийн хаанаас ч холбогдож, тэр бүү хэл дүрсээ харан ярьж, ажиллаж амьдардаг болно гэхийг нь сонсоод энэ хүний мөрөөдөл хэзээ биелэх юм бол доо гэсэн бодол ч төрнө.
2000-аад онд “Датаком” технологийн хамгийн том компани байсан. Интернэт дагасан олон үйлчилгээг үзүүлэхээс гадна ач холбогдлыг нь таниулах, үйл ажиллагаа явуулна. “Технологи нь салбар бүрийн, улмаар улс орны хөгжлийг хурдасгагч хүч юм” гэж тэрбээр ярилцлага бүрдээ л хэлнэ. “Интернэтийн хөгжлийн ачаар бид дэлхийн хаанаас ч холбогдож, тэр бүү хэл дүрсээ харан ярьж, ажиллаж амьдардаг болно. Америкийн Хавай, Хөвсгөл далайн эргээс ч чөлөөтэй ярьж, ажилладаг цаг ирнэ” гэж ярина. Энэ төсөөлөл санаанд сайтар буудаггүй л байлаа. Энэ хүний мөрөөдөл хэзээ биелэх юм бол доо гэсэн бодол ч төрнө.
Харин өнөөдөр түүний мөрөөдөл биелсэн. Монгол Улс дэлхийтэй холбогдож, дэлхийн нэг улс гэдгээ баталж, монголчууд бид дэлхийн иргэд болжээ.
Тэрбээр бизнесийн маш том уналтыг мэдэрсэн хүн. Товч хэлэхэд орон сууцны төлбөрийг интернэтээр төлөх ажлыг эхлүүлж түүндээ томоохон хэмжээний хөрөнгө оруулалт хийгээд үр дүнд хүрэлгүй уналтад орсон гэдэг. Учир нь тухайн үед хүмүүс байр, тогны мөнгөө заавал банк дээр очиж төлөх ёстой гэж мэдэхээс интернэтээр төлөх ойлголт муу, дээрээс нь төрөөс дэмжих бодлого, зохицуулалт ч мөн байгаагүйтэй холбоотой.
Тэрбээр удалгүй Форум нэвтрүүлгийг санаачлан, Иргэний хөдөлгөөн болон УИХ-ын гишүүн гэх мэт төрийн, төрийн бус байгууллагын ажил руу орсон.
Харин УИХ-ын гишүүний албаа дуусгаад боловсролын салбарт интернэтээр дамжуулан шинэчлэл хийх ажил руу орлоо. “Нээлттэй мэдлэг боловсролын сан”-г байгуулж, “One Mongolia” боловсролын төслийг хэрэгжүүлэв. Мөн монгол онлайн цахим толь бичиг www.wikitoli.mn платформыг байгуулсан.
Тэрбээр интернэтийг хүмүүс насан туршдаа сурч байдаг орчин, соёл болгох алсын хараатай ажилладаг хүн. Өнөө ч энэ алсын хараагаа харж ажиллаж яваа. “One Mongolia” боловсролын төслийн хүрээнд хийсэн нэг том ажил нь Америкийн Хан Академийн 500 видео хичээлийг монгол багш, сурагчдад зориулан эх хэлнээ орчуулсан явдал юм. Энэ бол маш нүсэр, олон хүний оролцоо шаардсан том ажил байсныг би сайн мэднэ. Хан Академийн 500 видео хичээл нь цар тахлын үеэр багш, хүүхдүүдэд үзэж, ашиглаж, жинхэнэ хэрэглэгдэхүүн болсон болов уу. Энэхүү том төслийг хэрэгжүүлэхдээ тэрбээр нийслэлийн ЕБС-ийн олон захиралтай очиж уулзсан. Тэгээд интернэтийн боловсрол мэдлэг, интернэтэд тулгуурласан боловсролын шинэ бүтээгдэхүүн гаргаж, шинэчлэл хийхэд хүндрэл учирч байснаа ярьж байсан.
2018 оны 10 дугаар сарын нэг өдөр Энхбат захирал над руу ярилаа. Бид хоёр уулзаад олон сэдвээр ярина. Улс орны хөгжил, бизнес, боловсрол, залуус, технологи гэх мэт. Харин энэ удаагийн уулзалт их өөр сэдэв хөндөв. “Би интернэтийн хоёр дахь үеийг хөгжүүлэхээр зорьж байна. Монголчууд бид нэг дэх үетэйгээ, өөрөөр хэлбэл, мэйл, сошиал хэрэгслээс хэтрэхгүй хэрэглээтэй байна. Одоо нэг алхам хийх цаг болсон. Үүний тулд бизнесийн салбараас эхэлнэ. Бизнес эрхлэгчдийг хөгжүүлж, тэдний бизнесийг интернэтээр дамжуулан дэлхийтэй холбоход чиглэсэн ажлууд хийхээр төлөвлөж байна. Чи Business.mn сэтгүүлийг гарга. Хамтраад бизнес эрхлэгчдийг цэнэглэе” гэв.
Монголын бизнес эрхлэгч, энтрэпренерүүдийг хөгжүүлэн цэнэглэж байж хувийн хэвшил илүү хурдан хөл дээрээ зогсч, улс хурдацтай хөгжинө.
Би энэ саналыг сонсоод шууд зөвшөөрсөн. Учир нь бизнес эрхлэгчид рүү хандсан тусдаа сэтгүүл, сайт байх хэрэгтэй юм байна гэсэн бодол надад явсан юм. Ингээд бидний санал нэгдэж, “Бизнес Медиа” компанийг байгуулж, Business.mn сэтгүүлийн анхны дугаар 2018 оны арванхоёрдугаар сард гарсан. Сар тутамд хэвлэгддэг сэтгүүлийн маань 30 дахь дугаар өнөөдөр гараад байна. Мөн Business.mn бизнес эрхлэгчдийн орж унших дуртай сайт, Business.mn подкаст ч гадаад, дотоодод бизнес эрхлэгч монголчуудын сонсох дуртай подкаст болсон байна. Бид мөн л түүний үүсгэн байгуулсан “Хархорум Дижитал” академитай хамтран “Бизнес цэнэг” вэбинар сургалтыг бизнес эрхлэгчдэд зориулан явуулж байна. Business.mn платформ гурав дахь жилдээ 300 орчим бизнес эрхлэгчидтэй хамтран ажиллаж, зорилгынхоо төлөө зогсолтгүй урагшилсаар байна.
Д.Энхбат захирал өнөөдөр маш том зүйлийг мөрөөдөж яваа. XIII зуунд дэлхийг Монголын Хархорин хот холбож, худалдаа арилжааны гол цэг болж байсныг бид түүхээс мэднэ.Тэгвэл тэрбээр түүхийг давтаж, Хархорум хотыг цахим орчинд байгуулж, бизнес эрхлэгчдийг холбох бизнесийн төв цэг болгох, улмаар дэлхийн тавцанд гарах нөхцөлийг бүрдүүлэх их хүсэлтэйгээр “Дижитал Хархорум” төслийг эхлүүлэн ажиллаж байгаа юм. Түүний нэг хэсэг нь Business.mn мэдээллийн платформ.
“Монголын бизнес эрхлэгч, энтрэпренерүүдийг хөгжүүлэн цэнэглэж байж хувийн хэвшил илүү хурдан хөл дээрээ зогсч, улс хурдацтай хөгжинө. Компаниуд, бизнесүүд өмнөх 30 жилд явж ирсэн шиг хар практикаар одоо явахгүй, шинэ зуун, шинэ эринд бизнес эрхлэгчид өөрсдийгөө хөгжүүлж, цэнэглэж, хоорондоо холбогдож, хэлхэлдэн байж бизнес зөв, системтэй явна” гэж тэрбээр үздэг.
Бизнес бол бусдад өгөх ухаан.
Д.Энхбат бол бизнесийн салбарын маш том ментор. Том, жижиг олон компанийн захирлын ментор, дасгалжуулагч. Олон бизнесмэн түүнээс зөвлөгөө авдаг. Олон хүн түүнтэй уулзахыг хүсдэг. Харин уулзсан, сургалт, зөвөлгөө авсан компани, бизнесийнхэн технологи, дижитал хөгжил, систем ярьж эхэлдэг. Бизнесийн салбарт амжилт гаргаж бас унаж ч үзсэн хүн болохоор бизнесээ хэрхэн зөв, системтэйгээр босгох арга туршлагаасаа хувийн хэвшлийнхэнд хуваалцаж, арга замыг нь зааж өгдөг манлайлагч юм.
Мөнгөний шуналгүй бизнесмэн гэж би Д.Энхбат захирлыг хэлнэ. Хэрвээ тэр мөнгө, эд хөрөнгөнд шунадаг байсан бол өнгөрсөн 30 жилийн хугацаанд бизнес хийж, баялаг бүтээсэн хүний дансанд багагүй хэмжээний мөнгөн хадгаламж баймаар. “Том дүнтэй мөнгөн хадгаламжтай байх боломж надад байсан. Гэхдээ би мөнгийг биш нийгэмд хэрэгтэй зүйл хийж, бусдад өгөхийг илүүд үзсэн. Бизнес бол бусдад өгөх ухаан. Хүний хэрэгцээ бага, энгийн бөгөөд сэтгэл ханамжтай амьдрах сайхан шүү дээ” гэж ярина.
Тэрбээр соён гэгээрүүлэгч, оюун санааны лидер. “Монгол Улс маань алсын хараагүй явж байна. Монголын ард иргэдийг нэг зүгт нэгтгэн чиглүүлэх үнэт зүйлс байхгүй байна. Улс орон маань ямар хөгжил рүү тэмүүлээд байгаа нь тодорхойгүй байна. Ийм байдалд хөгжил урсгалаар, ард иргэд өөр өөрсдийн бодлоор явахад хүрдэг” гэж ярина.
Д.Энхбат захирал 1990-ээд онд интернэтийг нэвтрүүлснээр Монгол Улсыг дэлхийд гарах гарцыг бий болгосон бол өнөөдөр тэр “Дижитал Хархорум” төслөөр дамжуулан Монголын бизнесийнхнийг дэлхийд гарах гарцыг нээх том мөрөөдөлдөө хөтлөгдөн яваа түүчээлэгч. Түүний мөрөөдөл биелдэг, тэр бол мөрөөдлөө бодит ажил болгож чаддаг хүн юм. Д.Энхбат чадна.
Business.mn сэтгүүлийн Эрхлэгч Д.Бэхбаяр
2021.06.04