Монгол Улсад өдгөө хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомжийн дагуу шаардлага хангасан гадаад улсын банк, санхүүгийн байгууллага эсвэл хуулийн этгээд банк байгуулах хүсэлтээ Монголбанкинд ирүүлж, шийдвэрлүүлэх боломжтой.
Ихэнх тохиолдолд Монгол Улсын хуулийн этгээдэд банк байгуулахад тавьдаг ерөнхий шаардлагууд нь гадаадын банкинд нэгэн адил үйлчлэхээс гадна Хөрөнгө оруулалтын тухай хууль болон Монголбанкнаас гаргасан банкны зөвшөөрөл олгох нарийвчилсан журмаар дараах нэмэлт шаардлагыг хангахаар заасан байдаг юм.
Тухайлбал:
- Монгол Улсад гадаад улсын төрийн өмчийн оролцоотой банк байгуулах (хөрөнгө оруулалтын 1/3-ээс дээш хувийг эзлэх бол) тохиолдолд зөвшөөрлийг Засгийн газар, Монголбанк олгох;
- Актив хөрөнгийн хэмжээ, зээлжих зэрэглэлээр дэлхийд дээгүүрт ордог байх;
- Хууль тогтоомж зөрчих эсвэл санхүү, төлбөрийн чадварын хүндрэлд орж байгаагүй байх;
- Банк байгуулах хүсэлт тавихаас өмнө Монгол улсад нэгээс доошгүй жилийн хугацаанд төлөөлөгчийн газраа ажиллуулсан байх;
- Монголбанкнаас гадаад улсын хянан шалгах байгууллагатай хамтран ажиллах боломжтой байх зэрэг болно.
Хууль журмын шаардлага хангасан гадаадын зургаан (Standard Chartered, ING, Bank of China, ICBC, MUFG, SMBC) банкны төлөөлөгчийн газарт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгосон боловч одоогийн байдлаар дөрөв нь (Standard Chartered, ING банкны төлөөлөгчийн газар үйл ажиллагаагаа зогсоосон) Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байна.
Боломж, эрсдэл
Гадаадын банкийг оруулахад эерэг болон сөрөг үр дагавартай байх эсэх нь тухайн улсын банк, санхүүгийн салбарын хөгжил, дотоодын санхүүгийн системд гадаадын банкны үзүүлэх нөлөөлөл, бизнесийн үйл ажиллагааны чиглэл, зохион байгуулалтын хэлбэр, үндэстэн дамнасан буюу нарийн төвөгтэй бүтэцтэй санхүүгийн нэгдэлд хамаарагдах эсэх, хянан шалгах эрх бүхий байгууллагын чадамж, гадаад, дотоод хамтын ажиллагааг оновчтой зохицуулсан эсэх зэрэг олон хүчин зүйлээс хамаардаг.
Ерөнхийдөө гадаадын банк, санхүүгийн байгууллагыг өөрийн улсдаа байгуулж, үйл ажиллагаа эрхлэх шаардлагатай эсэх талаар дараах хоёр үзэл баримтлал олон улсад давамгайлдаг юм.
1. Санхүүгийн салбарын либералчлал (financial deregulation) буюу банк, санхүүгийн салбарт хяналт, зохицуулалтын уян хатан бодлого баримтлах замаар гаднын банкны үйл ажиллагаанд томоохон хязгаарлалт тавихгүйгээр эдийн засаг, санхүүгийн салбарын тогтвортой өсөлтийг хангаж
эерэг үр дүнд хүрэх;
2. Санхүүгийн салбарт хяналт шалгалтыг чангатгах (financial regulation) замаар санхүүгийн салбарын эрсдэл даах чадвар нь хангалттай түвшинд хүрээгүй байгаа улс орнууд гадаадын банк байгуулах зөвшөөрөл олгохоос зайлсхийх эсвэл бүтэц, үйл ажиллагаанд тодорхой хязгаарлалт тавих замаар боломжит эрсдэлээс хамгаалах. Дээрх ялгаатай үзэл баримтлалын хүрээнд хийгдсэн судалгааны үр дүнд үндэслэн гадаадын банкийг байгуулснаар тухайн улсад үүсэж болох нийтлэг эерэг боломж болон боломжит эрсдэлийг товч харуулья.
ЭЕРЭГ БОЛОМЖУУД
1. Гадаад урт хугацааны, тогтвортой санхүүжилтийн эх үүсвэр нэмэгдэх;
2. Дотоодын банк, санхүүгийн байгууллагаас санхүүжүүлэх боломжгүй томоохон төслүүдийг харьцангуй урт хугацаанд, тогтвортой байдлаар санхүүжүүлэх;
3. Дотоодын зах зээлийн өрсөлдөөн, цар хүрээг нэмэгдүүлэх замаар нийт салбарын хэмжээнд эх үүсвэрийн зардал буурах;
4. Богино хугацаанд зээл олголт өсөх, хямд өртөгтэй санхүүжилтийг хувийн секторт олгох боломж бүрдэх;
5. Шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ, технологи нэвтрүүлэх замаар үр ашгийг дээшлүүлж, санхүүгийн дэд бүтэц сайжрах;
6. Санхүүгийн нэгдэл байх тохиолдолд толгой болон бусад гишүүн компаниас шаардлагатай эх үүсвэрийг түргэн хугацаанд татах боломж
нэмэгдэх;
ҮҮСЭЖ БОЛЗОШГҮЙ ЭРСДЭЛҮҮД
1. Дотоодын санхүүгийн салбар нь олон улсын санхүүгийн зах зээлд үүссэн огцом өөрчлөлт (шок)-д өртөмтгий болох;
2. Гадаад банкны үйл ажиллагаа зогсох, татан буугдахад тухайн улсад зээл, санхүүжилтийн болон бусад бүтээгдэхүүн үйлчилгээний тасалдал бий болох;
3. Гадаадын банк эдийн засгийн өсөлттэй үед үйл ажиллагаагаа идэвхжүүлж, уналтын үед хязгаарлах буюу салбар дахь мөчлөг дагасан үйл
хөдлөл болон системийн эрсдэлийг нэмэгдүүлэх;
4. Хямд өртөгтэй эх үүсвэр, дэвшилтэт бүтээгдэхүүнээр дамжуулан дотоодын банкуудын сайн харилцагчдыг татах, улмаар дотоодын банкуудыг зах зээлээс шахах;
5. Санхүүгийн нэгдэл компанийн хувьд хүндрэлд орсон толгой болон бусад холбоотой компанид гэнэтийн санхүүжилт, эх үүсвэр шилжүүлэх дарамт нэмэгдэж, банкны төлбөрийн чадварыг муутгах болон дотоодын эрх бүхий байгууллагаас хяналт шалгалт хийж, албадлагын арга хэмжээ авахад хүндрэлтэй болох;
Гадаадын банкинд үйл ажиллагаа эрхлэх эсэх болон боломжит үр дагаврын талаар олон төрлийн судалгаа байдаг бөгөөд тэдгээрээс үзэхэд тухайн улс орны хөгжлийн түвшнээс хамаарч харилцан адилгүй үр дүнд хүрсэн нь ажиглагддаг. Тухайлбал, санхүүгийн салбарын хөгжил, өрсөлдөөний түвшин өндөртэй орнуудад гадаадын банк үйл ажиллагаа эрхлэх нь харьцангуй бага үр нөлөөтэй байдаг бол хөгжиж байгаа орнуудын санхүүгийн салбар, эдийн засагт гол төлөв томоохон нөлөө үзүүлдэг байна. Үүнтэй холбоотойгоор дээрх хүснэгтэд харуулсан гадаадын банкны үйл ажиллагаанаас үүсэх давуу болон сул талууд нь голчлон эдийн засгийн хувьд хөгжиж байгаа, санхүү, хөрөнгийн зах зээлийн идэвхжил багатай улс орнуудад илүү тод харагдахаар байна.
Тиймээс Монгол Улсад гадаадын банк үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгож, үйл ажиллагааг явуулах асуудал, түүнд хамаарах бодлого, хууль тогтоомж, дунд хугацааны стратеги баримт бичгийг боловсруулахдаа дээр дурдсан эерэг боломжийг аль болох нэмэгдүүлж, үүсэж болзошгүй эрсдэлийг бууруулах хүрээнд анхаарч чиглүүлэх, мөрдүүлэх нь зүйтэй юм.
Монголбанкны бодлого Ковид-19 цар тахлын нөлөөллийг бууруулах, санхүүгийн салбарын зохистой засаглалыг сайжруулж, бүтээгдэхүүн үйлчилгээг өртөг багатай, хурдан шуурхай үзүүлэх бодит хэрэгцээ шаардлагад үндэслэн Монголбанкнаас “Зээлийн хүүг бууруулах стратеги”, “Эрүүл, найдвартай, ил тод, нээлттэй, олон нийтийн хяналттай, харилцагчид хүртээмжтэй, цахимжсан банкны тогтолцоог бий болгох дунд хугацааны хөтөлбөр” (дунд хугацааны шинэтгэлийн хөтөлбөр) зэрэг бодлогын цогц баримт бичгийг Засгийн газар, УИХ-ын төлөөлөл болон холбогдох байгууллагуудын дэмжлэгтэйгээр боловсруулж, мөрдүүлэхээр ажиллаж байна.
Эдгээр баримт бичигт тусгасан ажлуудын хүрээнд гадаадын банкны үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн асуудлыг илүү үр нөлөөтэй байдлаар шийдвэрлэх боломж бүрдэж байгаа юм. Тухайлбал, дунд хугацааны шинэтгэлийн хөтөлбөрт (1) банкны нэг хувьцаа эзэмшигчийн эзэмших хувьцаанд дээд хязгаарлалт тогтоох, банкны хязгаарлагдмал хариуцлагатай компанийн үүсгэн байгуулах хэлбэрийг нээлттэй хувьцаат компанийн хэлбэрт шилжүүлэх, (2) банкны хяналт шалгалт, бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээг олон улсад нийтээр мөрдөгддөг стандарт, шаардлагад нийцүүлэн нэвтрүүлэх, (3) банкны тусгай зөвшөөрлийг үйл ажиллагааны чиглэл, төрөл, зорилтот зах зээл болон бизнесийн загварчлалд тулгуурлан төрөлжүүлэн олгох ажлуудыг хууль тогтоомжид тусгаж, нэвтрүүлэхээр төлөвлөсөн. Өөрөөр хэлбэл, банкуудыг тодорхой хугацаанд багтаан хувьцаагаа бусдад нээлттэй байдлаар, гадаад эсвэл дотоодын шинэ хувьцаа эзэмшигчдэд худалдах замаар өндөр хувь эзэмшлийн төвлөрлөө бууруулах шаардлагыг биелүүлэх үүргийг тусгасан. Нөгөө талаас, зээлийн хүүг бууруулах стратегид ойрын дөрвөн жилийн хугацаанд банкны салбар дахь зээлийн дундаж хүүг нийт дөрвөн нэгж хувиар бууруулах зорилго тавьсан юм.
Дээрх хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлснээр банкны салбарт үйл ажиллагааны чиглэл, бүтээгдэхүүнээр төрөлжсөн, хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй, хувьцаа нь нээлттэй худалдаалагддаг олон тооны банк үйл ажиллагаа явуулах, улмаар эх үүсвэрийн зардал болон зээлийн хүү буурах нөхцөл бүрдэхээр байна. Хөтөлбөрийн дагуу эдгээр банкуудын тодорхой хувийг гадаадын банкны охин компани, салбар нэгж эсвэл гадаад этгээдийн оролцоотой банкууд бүрдүүлэх боломжтой юм.
Монголбанк нь гадаадын банкинд үйл ажиллагааны зөвшөөрөл олгох, хяналт шалгалтын үйл ажиллагаа болон санхүүгийн салбарын тогтвортой байдалд учруулах эрсдэлээс сэргийлэхтэй холбоотой дараах асуудлыг шийдвэрлэх шаардлагатай:
- Гадаадын банкуудад дотоодын санхүүгийн салбарт үйл ажиллагаа явуулж буй банкуудыг зах зээлээс шахахгүй, эрсдэлд оруулахгүй байхаар зөвшөөрөл олгох; Тухайлбал, гадаадын банкинд дотоодын санхүүгийн зах зээлээс хадгаламж татах эрхийг хязгаарлаж, тодорхой үлдэгдлээс дээш дүнтэй зээл, санхүүжилтийг эдийн засгийн зорилтот салбарт олгуулдаг байх;
- Гадаадын банк нь нэгдэл хэлбэрийн бүтэцтэй тохиолдолд нэгдлийн бусад гишүүдээс банкуудад учруулж болзошгүй эрсдэл (хөрөнгийн гадагшлах урсгал)-ээс сэргийлэх зохицуулалтыг тусгах;
- Гадаад улсын хянан шалгах байгууллагатай мэдээлэл солилцох, хамтран ажиллах гэрээ, зохицуулалттай байх; Ялангуяа банкинд албадлагын болон бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээ хэрэгжүүлэхдээ дотоод хянан шалгах эрх бүхий байгууллагаас давамгайлах эрхтэй оролцох эсэхийг шийдвэрлэх ёстой. Цаашид гадаадын банкинд тавих хяналт шалгалт, албадлага, бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээтэй холбоотой зохицуулалтыг олон улсад түгээмэл мөрдөх стандарт, шаардлагад нийцүүлэн хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.
- Гадаадын банкны харилцагч, хадгаламж эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах нөхцөлийг бүрдүүлж, гадаадын банкны охин компани, салбар нэгжид зохистой харьцааны болон бусад төрлийн шаардлагыг оновчтойгоор тогтоож, хэрэгжүүлэх бэлтгэл хангах;
- Гадаадын банкинд зөвшөөрөл олгох нь үндэсний аюулгүй байдлын хүрээнд эрсдэл үүсгэж болзошгүй тохиолдолд холбогдох шийдвэрийг эрх бүхий байгууллагуудын зөвлөмж, чиглэлийг харгалзан, хууль тогтоомжийн дагуу гаргах.
Эдгээр тулгамдаж буй асуудлыг хууль эрх зүйн хүрээнд шийдвэрлэж, өмнө дурдсан эрсдэл болон боломжийг нухацтай авч үзсэний үндсэн дээр Монгол Улсад гадаадын банк оруулах эсэх асуудлыг холбогдох эрх бүхий байгууллагууд шийдвэрлэх эрхтэй юм.