Бизнесийн өрсөлдөөнд хамгийн сайн үйлчилгээг үзүүлж, шилдэг мэргэжилтнүүдийг ажиллуулж, хамгийн түрүүнд байснаараа ялна гэсэн хэвшмэл ойлголт бизнес эрхлэгчдийн дунд түгээмэл. Гэвч бодит байдал дээр бүгд нэг зүйлийн төлөө адил замаар зүтгэж эхлэх буюу хэрэглэгчдэд санал болгох зүйл ижилсэх тусам хэн нь ч хожиж чаддаггүй. Тэгвэл өрсөлдөөнд хэрхэн ялах вэ?
Хамгийн шилдэг байхын төлөө бус өвөрмөц байхын төлөө өрсөлд. Өвөрмөц байснаар өрсөлдөх шаардлагагүйгээр цойлон гарч ирэх боломжтой. Ингэж чадсан бизнесүүдийн нэг бол агаарын тээврийн Ryanair компани юм. Тэд бусад агаарын тээврийн компанийн үзүүлдэг олон үйлчилгээг хасч зардал бууруулах загварыг ашигласнаар хамгийн хямд тасалбартай гэдгээрээ алдартай болсон. Бусад нь тав тух, нэмэлт ачаа зэрэг олон зүйлийг амлаж байхад тэд зөвхөн хямд үнийг л санал болгосноороо ялгарч чаджээ.
Өрсөлдөгчөө бус үйлчлүүлэгчийнхээ хэрэгцээг судла. Тэдний асуудлыг шийдэх инновацийг нэвтрүүлэхэд төвлөр.
Үүнтэй адилаар та ч өөрийн бизнесээ эргээд нэг харвал өөрчлөлт хийх хэрэгтэй болсныг анзаарах буй заа. Технологийн дэвшил, хүмүүсийн амьдралын хэв маяг, хэрэглэгчийн зан төлөвийг дагаад хурдтай өөрчлөгдөж эхэлсэн орчин нөхцөлд таны бизнес өрсөлдөх чадвартай байна уу? Цар тахлын нөлөөллөөр бий болсон бэрхшээлийг даван туулах стратеги танайд бий юу? Үгүй бол юунаас эхлэх вэ?
Хамгийн түрүүнд салбарынхаа онцлогийг тодорхойлж, сайтар судлах хэрэгтэй. Салбарын шинжилгээ хийхэд тань Портерын 5 хүчний загвар тус болно:
- Одоогийн өрсөлдөөн буюу өрсөлдөгчдийн тоо, тэдний онцлог, чанарын ялгаатай байдал, салбарын нөхцөл байдал, гарах саад бэрхшээл
- Хэрэглэгчийн хүч буюу хэрэглэгчдийн тоо, худалдан авалтын хэмжээ, үнийн мэдрэмж, мэдээлэл олж авах чадвар болон бодлоо өөрчлөх магадлал
- Нийлүүлэгчийн хүч буюу нийлүүлэгчийн тоо, бүтээгдэхүүний өвөрмөц байдал, онцлог, орлуулашгүй байдал болон үндсэн нийлүүлэгч бодлоо өөрчилж татгалзах магадлал
- Шинэ өрсөлдөгч орж ирэх аюул буюу орж ирэх босго өндөр эсэх, эдийн засгийн далайц, хэрэглэгчийн үнэнч байдал, хөрөнгө оруулалтын хэмжээ, төрийн бодлого, борлуулалтын сувгийн хүртээмж
- Орлуулах бүтээгдэхүүний аюул буюу орлуулах боломжтой бүтээгдэхүүний тоо, хэрэглэгчийн сонирхол өөрчлөгдөх магадлал, орлуулах бүтээгдэхүүний үнийн өрсөлдөх чадвар, бүтээгдэхүүн үйлчилгээний ижилсэл, өөрчлөлт хийхэд гарах зардал
Салбарынхаа эдгээр хүчин зүйлсд шинжилгээ хийснээр өнөөгийн орчинд таны бизнест ямар загвар, стратеги тохирох нь тодорхой болно. Бизнесийн загвараа өөрчилнө гэдэг нь заавал бүгдийг үндсээр нь өөрчлөх гэсэн үг биш. Зорилтот хэрэглэгч, тэдэнд санал болгож буй зүйл, хэрхэн үнэ цэн бүтээж байгаа болон орлого олж буй хэлбэр зэрэг үндсэн дөрвөн бүрэлдэхүүний заримыг нь өөрчлөхөд л цоо шинэ үнэ цэнийг бий болгох боломжтой.
Түүнчлэн бизнес загваруудыг хослуулан хэрэгжүүлэх боломжтой бөгөөд ингэхдээ авах гээхийн ухаанаар хандаж тэнцвэрээ хадгалах нь чухал гэдгийг бүү мартаарай. Мөн шинэчлэл нэрийн дор юм бүр лүү үсчиж болохгүй. Хэрэглэгч танайхаас юу хүлээхээ мэддэг байх ёстой.
Бизнесийн өрсөлдөөнд ялгарч үлдэхэд туслах эдгээр болон бусад арга, тактикийг энэ долоо хоногийн “Бизнес цэнэг” вэбинарын үеэр Ганабелл институтын сургагч багш Т.Амарсанаа танилцууллаа. “Бизнес загвараа хэрхэн шинэчлэх вэ?” сэдвээр зохион байгуулсан энэхүү вэбинарыг бүтнээр нь үзэх бол энд дарна уу.
Хархорум Дижитал Академи, Business.mn сэтгүүлээс Мягмар гараг бүр зохион байгуулдаг “Бизнес цэнэг” вэбинарт ирэх долоо хоногт Полиси төвийн захирал Г.Эрдэнэгэрэл оролцож “Харилцагчийн үйлчилгээгээр дамжуулан өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх нь” сэдвээр хичээл орно. Уг вэбинарыг угтаж хийсэн подкастыг эндээс сонсоно уу.
Дараагийн вэбинарт бүртгүүлэх холбоос: https://academy.karakorum.digital/pages/webinars