Хөргийн эзэнтэй хийсэн дэлгэрэнгүй подкастыг эндээс сонсоно уу
“Мэдлэг бол хүч” («scientia potentia est») гэсэн үг бий. Харин мэдлэг нь байгаль, нийгмийн төрөл бүрийн хууль, зүй тогтлыг таньж, тэдгээрийг амьдралд нэвтрүүлснээр бий болно.
Энэхүү хөрөг нийтлэлийн эзэнд хамаатай хоёр объектод очиход би байгалийн гурван том хуулийг анзаарав. Юнимат нэртэй сургалтын төвийн нэг өрөөнд механикийн хууль үйлчлэх аж. Тэнд бяцхан зохион бүтээгчдийн хийсэн дэвхрэг шалан дээгүүр харайж, тариур болон гуурсаар урласан гидравлик системтэй бяцхан экскаватор ширээн дээр чулуу хутган дороо эргэлдэнэ. Хажуугийн өрөөний бүтээлүүд электроникийн хуулиудад захирагдаж, хүүхдүүд өөрсдийн хийсэн удирдлагатай машиныг туршиж, Валли робот гинжит хөлөөрөө нааш цааш “гүйнэ”.
Эндээс хол, Аж үйлдвэрийн гудамжинд орших Монгол Базальт ХК-ийн үйлдвэрт термодинамикийн хууль ноёлж, зуухан дотор бяцхан галт уул дэлбэрч, хайлсан лав нь чулуун хөвөн болон хувирна.
Л.Ариунболд бол энэ бүхний удирдаач, найруулагч нь. Тэрбээр үйлдвэрээс гарсан чулуун хөвөн хавтангуудын дотор шоколад, гар утас, мөнгөн дэвсгэрт хийгээд доороос нь 950 градус хүртэл 8 минут түүдэг өрдсөний дараа хээв нэг хатуу шоколад задалж, огтхон ч халаагүй гар утасныхаа дэлгэцийг нээж “гайхуулна”.
Чухам энэ л түүний хүч аж. Тэр байгалийн догшин хуулийг үйлдвэрийн зуухан дотор булгиулж, олон жилийн нөр хөдөлмөрийн үр дүнд технологи, нөү хау, инноваци шингэсэн бүтээгдэхүүнийг эх орондоо бүтээж өгчээ.
Цахиур хагалсан нь
Одоогоос 31 жилийн өмнө, 1991 оны хавар Л.Ариунболд 50 ширхэг Монел телевизор, 500 савхин цамц, нэхий дээлээр орос ах нараас автомашины салхины шилний үйлдвэрийн технологи худалдан авчээ.
Үйлдвэрийн ажилтнууд суурь машинаа орхиж, хамаг амьтан хойшоо, урагшаа ганзагын наймаанд явж байхад тэр Патентын төвөөс хуулж авчирсан баахан цаастай ноцолдож, шилний үйлдвэр барихаар сууж байлаа.
1990-иэд оны эхэн үеийн манай улсын шилний салбар үнэхээр өрөвдөлтэй байсан. Ганзагын наймаа, чулуутай зам хоёр тээврийн хэрэгслийн шилний жинхэнэ дайсан байв. Наймаачид москвич, жигули зэрэг автомашиныг Европоос импортолж, хүмүүс хувийн машинтай болж эхлэв. Ингэхдээ Чех, Унгараас Уралын нурууг давуулан “хөлөөр нь” авчирна. Замдаа дээрэмдүүлэх нь ердийн үзэгдэл байсан бөгөөд хагархай шилтэй шинэ машинууд хилээр орж ирэх нь цөөнгүй. Улаанбаатар-Москвагийн олон улсын галт тэрэгний вагонууд ганзагын наймаачдын зодоон цохионд сүйдэж бас л хагархай цонхнуудтай өртөөн дээр ирдэг байв.
Тэр үед хот, хөдөөгийн замын аль аль нь тээврийн хэрэгслүүдийн шил, цонхонд тун халгаатай байжээ. Хөдөө гараад давхихад урд талын машины дугуйнаас үсэрсэн чулуунууд салхины шил тэсгээхгүй. Автобус, троллейбуснуудын цонх бас хагарч, заримдаа зорчигчид буух буудлаа олж харахад хүндрэлтэй болно.
Гэвч Оросоос шил импортлохоо больж, Монгол Улсад шинэ шил гэж бараг байсангүй. Тиймээс тээврийн хэрэгслийн салхины шилний тал нь скочтой бол техникийн үзлэгт тэнцүүлдэг марзан жишиг тогтов.
Шил хомсдолтой байсан болохоор бас л Европоос автомашины шил зөөдөг ганзагын наймаачид цөөнгүй байв. Нэг удаа Л.Ариунболдын танил дүү нар 20 гаруй Жигуль машины шил авчраад 14-хөн хоногт нүдэн дээр нь зараад дуусгачихав. Зөвлөлтөд Свердловскийн Уралын Политехникийн дээд сургуулийн 4 дүгээр курст суралцаж байхдаа хичээлийн хажуугаар шилний үйлдвэрт ажиллаж байсан Л.Ариунболдод шил их дотно санагддаг байлаа. Тэрбээр дүү нарынхаа наймааг хараад Монголд шил үйлдвэрлэж болох юм гэсэн санаа төрсөн байна.
Машиныхаа тослох материалыг хүртэл тусламжаар авдаг байсан тэр үед монголчууд Орос, Хятадын алинаас нь ч царай алдахгүй шилээ өөрсдөө үйлдвэрлэдэг болов.
Патентын төв дээр орос хэл дээр байсан машины шилний 300 гаруй патентыг хуулж аваад нэгд нэгэнгүй судалжээ. Тэмдэглэлийн дэвтэртээ тэр үедээ л ТЭЗҮ боловсруулж, технологийн сонголт хийв. 1989 онд байгуулагдаад байсан Троллейбусны депо дээр очоод “Үйлдвэр байгуулаад троллейбусны чинь шилнүүдийг хийж өгье. Байраа түрээслүүлээч” гэхэд тэр үеийн удирдлага нь дуртай хүлээн авч эхний үед түрээсийн төлбөрөөс хүртэл чөлөөлөв.
Ийнхүү Красноярскийн эрдэмтэдтэй хамтарч, савхин цамц, нэхий дээл, Монел телевизорын ачаар нэг ёсондоо Оросоос технологийн шилжилт хийн үйлдвэр байгуулав. Түүнээсх хойш тэр нэг хэсэгтээ л Л.Ариунболд Монголыг “шиллэж” байлаа. Автомашинууд, вагон, троллейбус, автобуснууд бүтэн шилтэй явдаг болов.
Бүтэн шилтэй явах нь нэгдүгээрт жолооч, зорчигчдын аюулгүй байдлыг хангана. Хоёрдугаарт, машиныхаа тослох материалыг хүртэл тусламжаар авдаг байсан тэр үед монголчууд Орос, Хятадын алинаас нь ч царай алдахгүй шилээ өөрсдөө үйлдвэрлэдэг болов. Өөрөөр хэлбэл, тэр өмнө нь Зөвлөлт, Монголын засгийн газрын хийдэг байсан ажлыг хийж, бүхэл бүтэн тээврийн салбарын хагархай шилнүүдийг нөхөж өгч байв.
Машины шил үнэхээр эрэлттэй, машинтай хүмүүс төлбөрийн чадвартай байлаа. Хэдийгээр аж үйлдвэр унаж байсан ч Л.Ариунболдтой адил инновацилаг төсөл хэрэгжүүлж байсан хүн цөөнгүй байлаа. Гэвч автомашины шилтэй адил хэрэглэгчид нь бэлэн болоогүй байснаас олонхи нь дампуурч байжээ.
Л.Ариунболдын шилтэй нөхөрлөсөн түүх дунд сургуулийнх нь багш нартай холбоотой. Таван шарын 12 дугаар сургууль нь захын хороололд байсан ч байгалийн шинжлэх ухааны сайн багш нар ажилладаг байв. Химийн Лхагвасүрэн, математикийн Палам, Физикийн Галсан багш нарын ачаар тэр техникийн ухаанд дурласан байна.
Гэр бүл нь тэр чигээрээ цэргийн хүмүүс байсан бөгөөд инженер болно гэсэн бодол түүнд огт байгаагүй. Гэхдээ Зөвлөлтөд сурахаар болоход “Конструктор” /зохион бүтээгч/ гэсэн үгийг хараад мэргэжлээ сонгожээ. Сургууль дээрээ очоод цахиурын ислээр /силикаты/ мэргэших юм байна гэдгээ ойлгов.
Гэвч “Цахиурын исэл” гэдэг нэр томъёог сонсоод ихэнх хүн шилээ маажина. Тиймээс Л.Ариунболд “Цахиурын исэл бол уулын чулуулгийн ихэнхийг бүрдүүлдэг, шил, тоосго, эрдсийн хөвөн, цементийн түүхий эдэд үндсэн элемент болдог” гэх мэтээр тайлбарлана. Энэ утгаараа цахиурын исэл хүний амьдралд тун чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд “Цахиурын хөндий”, “Цахиур хагалах хүүхэд” гэсэн үгс зүгээр нэг үүсээгүй байх.
Албан ёсны нэршлээр бол тэр “Цахиурын исэлд суурилсан эрдэсийн хайлах болон дулаанаар боловсруулах технологийн үйлдвэрийн инженер” гэсэн мэргэжил эзэмшиж, Монголдоо ирсний дараа Армид засвар механикийн заводад ажиллаж эхэлжээ. Тэндээ гурван жил ажиллахдаа слесариас токарчин, механикч, тоног төхөөрөмжийн инженер, ерөнхий механик, ерөнхий инженер болон дэвшиж, мөн дэслэгчээс ахмад болжээ.
Хоногийн аль ч үед дуудагдан ажиллах бөгөөд ерөнхий механикийн хувиар заводын сантехник, цахилгаан, механикийн бүх албадыг хариуцдаг, цэргийн хэллэгээр бол үйлдвэрийг байлдааны бэлэн байдалд байлгадаг байжээ. Тэрхүү гурван жилийн хугацаанд Л.Ариунболд үйлдвэрлэлийн сахилга бат, эрсдлийн тооцоолол, санаачилгатай ажиллахын ач холбогдлыг сайтар ойлгов. Аливаа эвдрэл гарахад заводын тоног төхөөрөмж дээр суурилаад наад захын сэлбэг хэрэгслийг өөрсдөө хийнэ. Энэ мэтээр тэр ясны инженер, гярхай мэргэжилтэн болж “хатаагджээ”.
Чулууг номхотгосон түүх
Орчин үед хүлэмжийн хийг бууруулах хүн төрөлхтний номер нэг зорилгын хүрээнд дулаан тусгаарлагч материал нь зөвхөн нар салхи, халуун хүйтэн, ус чийгнээс хамгаалахаас гадна галд тэсвэртэй, хүний эрүүл мэнд, орчин тойронд хоргүй, хамгийн чухал нь эрчим хүч хэмнэдэг байх ёстой гэсэн шаардлага хүчээ авч байна.
Социалист орнуудад баригдсан маш олон орон сууц, объект өнөө үеийн шаардлагад тэнцэхээ больсон. Тиймээс ЗХУ задарсны дараа зүүн Герман болон Балтийн орнууд байшингуудаа дахин дулаалсан. ОХУ “Хрущевки” гэж нэрлэдэг таван давхар хуучин орон сууцнуудаа нураахаас өөр аргагүй болсон. Монголчуудын хувьд барилгадаа керамзитыг дулаалгын хувиар ашиглаж ирсэн бөгөөд өнөөдөр бас л дахин дулаалж байгаа.
Зах зээлд шилжсэний дараахнаас манай улсад хөөсөнцөр ашиглаж эхэлсэн. Хөөсөнцөр зах зээлийг эзэлж байх тэр үед Л.Ариунболд шилний бизнесийнхээ ачаар 1990-иэд оны дунд үе гэхэд нэлээд бэлэн мөнгөтэй болчихсон, гадаадад ажил хэргийн шугамаар үе үе аялдаг байв. Үүнтэй зэрэгцэн Монголд гадаадын фирмүүдийн диллер компаниуд бий болж сэлбэг хэрэгслээ шууд татдаг болсноор автомашин шиллэх бизнес хумигдаж эхлэв.
Нэгэнтээ Колорадо мужийн Денвер хотын Болдерын Эдийн засгийн институтийн захирал Монголд ирээд байхад нь Найрамдал төвд танилцаж, тэндээс Америк орныг үзэж, англи хэл сурахаар шийджээ. “Би тэнд гэр бүлтэйгээ гурван жил амьдрахдаа амьдралын маш том сургууль төгссөн. Энэ бол миний эхнэр хүүхэддээ, өөртөө хийсэн хамгийн үнэтэй хөрөнгө оруулалт болсон” гэж Л.Ариунболд захирал дурсав.
Англи хэлээр ойлголцдог болсноор түүний өмнө цоо шинэ ертөнц нээгдэж, Америк, Европын аж үйлдвэрийн үзэсгэлэнгүүдээр хэсч, мэргэжил нэгтнүүдтэйгээ ажил хэргийн яриа өрнүүлдэг болжээ. Киотогийн протокол батлагдсанаар эрчим хүч хэмнэдэг, галд тэсвэртэй, хорт бодис ялгаруулдаггүй дулаалгын материалын талаар олон улсад хүчтэй яригдаж байв. Мөн галт тэсвэргүй дулаалгын материалаас болж метро, нисэх онгоцны буудал, кино театрууд шатсанаар олон мянган хүн амиа алдсан гашуун түүхүүдийн улмаас Европын холбооноос химийн гаралттай шатамхай материалаар хийсэн дулаалгыг хүн ам олноор цугладаг үйлчилгээний газруудад хэрэглэхийг хориглосон байлаа.
Шилний бизнесээс нэлээдгүй хуримтлал үүсгэсэн, түүндээ жаахан эрдсэн Л.Ариунболд хөөсөнцөр, шилэн хөвөнг үй ойшоодог, чулуунд илүү элэгтэй байсан учраас дээрх протокол түүний итгэл үнэмшлийг улам бэхжүүлж, чулуун хөвөн бол ирээдүйн бүтээгдэхүүн гэдэгт бат итгэжээ. Учир нь чулуун хөвөн нь -180 °С хүртэлх хүйтнийг нэвтрүүлдэггүй, + 1100 °С-т 120 минут тэсэх чадвартай, чийг нэвтрүүлдэггүй, усыг түлхдэг, олон арван жил шинж чанар нь өөрчлөгддөггүй, аж үйлдвэрийн бүх салбарт дулаалах, тусгаарлах, хамгаалах чадвартай материал аж. Шилэн хөвөнгийн хувьд + 350 °С-т, хөөсөнцөр + 150 °С-т шатдаг. Харин гал түймэр оргил үедээ + 900 °С-т хүртэл халж арматур төмрийг уяраадаг.
Л.Ариунболд дөрөвдүгээр курстээ Челябинск хотод чулуун хөвөнгийн үйлдвэрт дадлага хийж байсан болохоор энэ материалын талаар багагүй төсөөлөлтэй байлаа. Нэгэнтээ “Global Insulation Conference & Exhibition” олон улсын дулаалгын технологийн үзэсгэлэнгийн үеэр Дани улсын нэгэн инженертэй танилцсанаар тэрбээр чулуун хөвөн үйлдвэрлэхээр санаа шулуудав. Тэрхүү инженер чулуун хөвөнгийн потенциалын талаар олон зүйл зөвлөснөөс гадна Монголд ийм бүтээгдэхүүн үйлдвэрлэх зам мөр чинь хэцүү байх болно гэдгийг ч сануулжээ. Тэрбээр “Галд шатдаггүй, дулаан алдалтгүй дулаалгын материалыг барилгад ашиглах ёстойг танай улс ухаартал их хугацаа орно. Барилгатай холбоотой бусад бүх салбар чинь зэрэг хөгжиж, хууль дүрмээр зохицуулж байж бизнес чинь хөгжих учраас чиний тэвчээр л мэднэ” гэж хэлж байв.
“Би ирж яваа цагийн бизнес эрхэлдэг. Бүтээж буй зүйл чинь үнэ цэнтэйг мэдэж байгаа бол өөрийн цаг үеийг тэвчээртэй хүлээх хэрэгтэй.”
Түүнээс хойших он жилүүд Дани инженерийн хэлсэн сценариар өрнөв. Эхлээд Л.Ариунболд Красноярскийн үйлдвэрүүдийг очиж үзэхэд Европын шинэ технологиор ажилладаг болсныг харав. Төгссөн сургууль дээрээ очоод чулуун хөвөнгийн тухай баахан ном номын сангаасаа зүгээр л худалдаад авчихав. Мөн Хятадад очоод шаарганаар хөвөн хийж буйг үзэв.
Удалгүй чулуун хөвөнгийн үйлдвэр байгуулах төслөө эхлүүлж, хайгуул хийв. Чулуун хөвөнгийн түүхий эд болох базальт чулуу нь Монгол төдийгүй дэлхийд элбэг байдаг бөгөөд Улаанбаатарт ойрхон орд олох нь чухал байлаа. Судалгаа хийх, мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө авах, гадаадад дээжээ батлуулах зэргээр хайгуулын ажил таван жил үргэлжилсэний эцэст Багануурын орчим орд газар ашиглахаар тогтов. Украйн руу явуулсан дээжний дүгнэлтэд Монголын базальтын ислийн хэмжээ нь өндөр учраас олон улсад хэрэглэдэгээс 100-150°С градусаар илүү температурт хайлуулах хэрэгтэй гэсэн байв. Өөрөөр хэлбэл, үйлдвэрлэх чулуун хөвөн нь илүү өртгөөр бүтэх ч маш сайн чанартай байх болно гэж дүгнэжээ.
Оросуудаар зургаа зуруулж, хятадуудаар тоног төхөөрөмжөө хийлгүүлж, нэг хэсгийг нь Украйнаас авчрах зэргээр үйлдвэр барих гэж үхрийн бөөр шиг л юм болжээ. Газрын гадарга дээр ил байгаа чулуунуудыг гараар түүн самосвалд ачуулж, үйлдвэрийн хашаанд буулгасны дараа цэргүүд дайчлан лантуугаар бутлав. Хамгийн чухал нь жаахан ч гэсэн чулуун хөвөн гаргаж авах хэрэгтэй байлаа. Налайхын шилний үйлдвэр, Тавантолгойн бааюунаас жаахан кокс авчирч зуухаа асаав. Гэвч шаардлагатай температурт хүртэл халаах гэж олон сар зүдэрчээ. Урьж авчирсан хятад инженерийн бие нь өвдөж, ажилчид нь шантарч байлаа.
Долоон жил уйгагүй оролдсоны эцэст 2007 оны намар анхны цас орж байсан өдөр 1320 °С хүртэл халааж анхныхаа чулуун хөвөнг “өлгийдөв”. Хэдийгээр үр дүн санасанд хүрээгүй ч Л.Ариунболд энэ тухай хамт олондоо хэлсэнгүй. Харин тэд захирлыгаа явсан хойгуур хөвөнгийнх нь дор гал өрдөж үзээд үнэхээр шатахгүй байгааг нь хараад юу бүтээснээ ойлгож баярлав.
Шилнээс олсон хуримтлалыг чулуун хөвөнгийн төсөл хоромхон зуур залгижээ. Хэдийгээр хямд өртөгтэй, эрэлттэйгээр нь хөөсөнцөр үйлдвэрлээд, тэндээс олсон мөнгөө чулуун хөвөндөө зарцуулж болох байсан ч Л.Ариунболд тэгсэнгүй. Технократ хүний зангаар зөв гэж үзсэн зүйлдээ хэтэрхий туйлширч, санхүүгийн тал дээр тун муу менежменттэй ажиллажээ. Үүнээс болж чулуун хөвөнг харьцангуй эрт зах зээлд гаргах боломжоо алдсан тухайгаа тэр ярьж байв.
Хар чулуу барьчихаад “Ноолуураас нарийхан ширхэгтэй хөвөн хийнэ” гэхэд итгэх банк, хувь хүн олдохгүй байлаа. Гэхдээ аз болж Монголд хэрэгжиж эхэлсэн хэд хэдэн төсөлд бүтээгдэхүүнээ нийлүүлэх санал иржээ. Хамгийн анх Цонжин болдогийн морьтой хөшөөний байгууламжийн дотор талыг 100 хувь чулуун хөвөнгөөр бүрхсэнээр халуун наранд сэрүүн, хүйтэнд дулаан, дуу чимээгүй болж чаджээ. Дараа нь Өргөө кинотеатрын өргөтгөлийг хийхэд францчуудын хийсэн зураг төслийн шаардлагад чулуун хөвөн тэнцэж, дууны акустикийг нь гүйцэтгэжээ.
Тэрнээс хойш үйлдвэрийн зуухаа ч аажмаар сайжруулж, зах зээл ч тэлж эхэллээ. Армада, Холидэй Инн, Шангри Ла, Вэсс Вистерн, Зайсан Хилл зэрэг том төслүүдэд, мөн Жигүүр гранд компанийн бүх барилгад Монгол базальт ХК-ийн хөвөнг ашигласан байна. “Чи бол Монголын барилгын салбарт маш хэрэгтэй зүйл хийсэн. Чиний бүтээгдэхүүнд оочерлодог болно” гэж тус компанийн үүсгэн байгуулагч Д.Баттөр хэлдэг байлаа.
Дани инженерийн хэлсэн ёсоор чулууг хөвөн болгох аян үнэхээр хүнд байсан бөгөөд зуухны хайлуулах температурыг 50-хан градус ахиулахад хоёр жил гаруй хугацаа зарцуулж байлаа. Харин өнөөдөр Монгол Базальт ХК 1550 °С хүртэл температурт чулуугаа хайлуулж, цагт 2 тн хүртэл чулуун хөвөн үйлдвэрлэх хүчин чадалтай болжээ.
Ийнхүү Л.Ариунболд нийтдээ 15 жилийн хөдөлмөрийн үр дүнд үнэ, чанар, стандартаараа олон улсад өрсөлдөхүйц бүтээгдэхүүн гаргаж чаджээ. Өнөөдөр чулуун хөвөнг олон янзын зориулалтаар үйлдвэрлэж байгаагаас Японы технологид суурилан шүршдэг чулуун хөвөнг хүртэл гарган авч, Хөшигтийн хөндийн онгоцны буудалд ашиглажээ. Монгол Базальтын бүтээгдэхүүнийг иргэний болоод аж үйлдвэрийн бүх төрлийн объектод, дулааны шугам сүлжээнд, студийн дуу тусгаарлалтад, хөргүүрийн системд, дулааны цахилгаан станциудад хэрэглэж байна. Монголын нутгаар хийн хоолой тавибал, V цахилгаан станц, Эгийн голын УЦС барьбал бас л энэ чулуун хөвөнг хэрэглэнэ.
Манай улсын дулааны эрчим хүчний алдагдал тун өндөр бөгөөд бүх эрчим хүчний 60 хувийг барилга хэрэглэдэг. 2012 онд “Цэвэр агаар” төслийн хүрээнд хийсэн судалгаагаар нийт дулааны алдагдал нийт эрэлтийн 17 хувийг эзэлдэг гэсэн тооцоо гарчээ. Харин бүх алдагдлын 73%-ийг шугам хоолойн алдагдал эзэлж байв. 2019 онд Эрчим хүчний зохицуулах газраас мэдээлснээр “Улаанбаатар дулааны сүлжээ” компанийн хариуцдаг 370 гаруй км урт дулааны шугамын 30 гаруй хувийг өнөө, маргаашгүй шинэчлэх шаардлагатай гэжээ.
Иймээс эрчим хүч хэмнэгч технологи, материал ашиглах нь монголчуудын хувьд амин чухал асуудал. Гэвч эрчим хүч хямдхан, зарим тохиолдолд бүр үнэгүй учраас компаниуд, айл өрхүүд ханаа дулаалах биш халаагуурынхаа тоог нэмдэг. “Дулаан явах мянган лан” гэж ярьдаг. Шугам, барилгуудаа орчин үеийн стандартаар дулаалчихвал мянган төрлийн хэмнэлт хийж болно.
Ийм нөхцөлд Л.Ариунболдын бизнес нийгэм, эдийн засгийн өмнө гүйцэтгэх үүрэг тун их. Түүний чулуун хөвөн аж үйлдвэр, тэр дундаа эрчим хүчний салбарт хамгийн хэрэгтэй материалын нэг болсон. Монголд хийгдэж буй томоохон бүтээн байгуулалт, засвар шинэчлэлийн төслүүд Монгол Базальт ХК-ийн хөвөнг тендергүйгээр авч байгаа нь үүнийг илтгэнэ. Гэхдээ тус компани сүүлийн үед том төсөл гэхээс илүү том төсөл гэхээс илүү амины орон сууцны чиглэлд анхаарч, дулаалгын ач холбогдлыг иргэдэд ойлгуулах, хөрөнгө оруулалт хийх үүднээс хэд хэдэн банктай хамтран ажиллаж байна.
Хэрэв Л.Ариунболд 1990-иэд оны эхээр Монголын хагархай цонхнуудыг шиллэдэг байсан бол өнөөдөр тэр Монголын дулааны эрчим хүчний дэд бүтцийн цоорхой нүхнүүдийг чулуун хөвөнгөөрөө бөглөдөг ажил хийж байна.
Технологийн гэрлэлт ба санхүүгийн урвалт
2015 оноос чулуун хөвөнгийн дотоодын эрэлт өсч, Монгол Базальт үйлдвэрээ бүрэн шинэчилж, хүчин чадлаа нэмэх шаардлагатай болов. Нийт 15 сая.ам долларын хөрөнгө оруулалт хэрэгтэй байсан бөгөөд тухайн үеийн Монголын Засгийн газар үүний 30 хувь буюу 9.7 тэрбум төгрөгийг Чингис бондын шугамаар олгохоор тогтоол гаргалаа.
Аж үйлдвэр, инновацийн чиглэлд олон жил зүтгэж буй инженер хүний хувьд Л.Ариунболдод үүнээс илүү сайхан мэдээ гэж юу байхав. Аж үйлдвэрийн сайд асан Д.Эрдэнэбатын хамт Ром хот руу нисч, дулаалгын материалын технологи, тоног төхөөрөмж дэлхий даяар нийлүүлдэг Италийн “Gamma Meccanica” компанитай 15 ам.долларын гэрээнд гарын үсэг зурав. Европын санхүүгийн том групп “Intesa Sanpaolo Group” санхүүжүүлж, Италийн төрийн өмчит “САЧЕ” фирм даатгалыг хариуцахаар болов. Энэ гэрээ хэрэгжсэнээр Монгол Базальт дотооддоо зах зээлээ тэлээд зогсохгүй, бүс нутгийн тоглогч болох бүрэн боломжтой байлаа.
Ийнхүү Монгол Базальт италичуудтай технологиор “ураг барилдаж”, цаашдаа 40-50 жил хамтарч ажиллах юм байна гэсэн бодол Л.Ариунболдод төрж байлаа. Бага охиноо Италид дизайнерын мэргэжлээр сургуульд явуулж, Лондонд дээд боловсрол эзэмшсэн том охиноо Гүйцэтгэх захирлаар бэлдэж байв.
Гэвч Италид гэрээгээ зурчихаад Монголдоо ирээд 30 хувийн санхүүжилтаа авах гэтэл Хөгжлийн банкан дээр гацав. Засгийн газрын тогтоол гарчихсан байхад яагаад зээл олгохгүй байгааг асуухад “Зээл судалж байна” гэсэн хариу өгдөг байлаа. Энэ зуур Эрэл компанийн Байшин үйлдвэрлэх комбинат, Бэрэн группийн Гангийн үйлдвэрийн төслүүд санхүүжилтаа авсан ч чулуун хөвөнгийнх таг чиг хэвээр байлаа.
Тэгж байтал дээдсүүд бужигнаж, Засгийн газар солигдож, Аж үйлдвэрийн яам татан буугдаж, Хөгжлийн банкны албан тушаалтнууд авлигын хэрэгт орооцолдов. Ингээд италичуудтай хийсэн гэрээ цуцлагдаж, Монгол Базальт гадаадаас үйлдвэрийн бэлэн шугам худалдан авч хүчин чадлаа нэмэх төлөвлөгөө нурав.
Цэргийн хүн болохоор Л.Ариунболд А, В, С төлөвлөгөөтэй амьдардаг. Зээл бүтэлгүйтсэний дараа В төлөвлөгөөндөө шилжсэн нь хувьцаат компани болох байв. Н.Алтанхуягийн Засгийн газрын үед хувьцаат компаниудад давуу эрх олгох тухай олонтаа ярьж байсан нь энэ шийдвэрт бас нөлөөлсөн тухай тэр ярив. Түүнчлэн италичуудтай гэрээ байгуулахын тулд бэлдсэн ТЭЗҮ, зах зээл болоод компанийн өөрийнх талаар хийсэн судалгаануудын ачаар Монгол Базальт нь хувьцаат компани болох түвшинд сайн бэлтгэгдсэн байлаа.
Амжилттай хэлэлцээр хийхийн тулд цаад талтайгаа ойролцоо түвшинд мэдлэг, мэдээлэлтэй байх ёстой. Эс бөгөөс ашигтай тохироонд хүрч чадахгүй, нөгөө талын нөхцлийг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй болдог.
Нэгдүгээрт, хэлцэлд орохын тулд нөгөө талтайгаа ойролцоо мэдээлэл, мэдлэгтэй байх ёстой гэсэн зарчим баримталдаг Л.Ариунболд италичуудтай ажиллах хугацаандаа өөрийн хөгжүүлсэн технологи, ноу хаугаа улам сайжруулж, баталгаажуулж чаджээ. Зарим зүйл дээр италичуудаас ч илүү гарсан байлаа. The Intesa Sanpaolo Group ч Монгол Базальтыг нэвт шувт судалсны дараа ойрын 10 жилд зээлээ төлөх чадвартай гэж дүгнэсэн.
Нөгөө талаас, чулуун хөвөнгийн төсөл эхэлснээс хойш Орос, Хятад, Германы чулуун хөвөнгийн салбарын эрдэмтэд, захирлууд, инженерүүдтэй ажил хэргийн болоод найз нөхдийн бат бэх сүлжээ үүсгэсэн нь үйлдвэртээ дараагийн шинэчлэл хийхэд сайнаар нөлөөлөв.
Монгол Базальт нь Орос, Хятадын зах зээлийн жишгээр бол 50-70 тэрбумаар үнэлэгдэхээр байв. Гэхдээ Монголын хөрөнгийн зах зээл тэр хэмжээнд төлөвшөөгүй, зах зээлийн хэтийн төлөв, ноу хау, инноваци зэрэг хүчин зүйлсийг үнэлэх соёл сул учраас өчнөөн яриа хэлэлцээ хийсний дараа компанийн үнэлгээ 20 гаруй тэрбум төгрөг болов.
Ингээд 2018 онд компанийнхаа 30 хувийг зургаан тэрбум төгрөгөөр үнэлж хувьцаа гаргаснаар нийт 6.4 тэрбум төгрөгийг олон нийтээс татан төвлөрүүлэв. Энэхүү хөрөнгөөр үйлдвэрийнхээ эхний шинэчлэлийг амжилттай хийв. Дараа нь Гүйцэтгэх захирал А.Энхгэрэл санхүүгийн маш сайн тооцоолол хийснээр дараагийн шинэчлэлийг хийх зургаан тэрбумыг амжилттай босгов. Энэ байдлаар богинохон хугацаанд үйлдвэрийн шугамаа бүрэн шинэчилж, хайлах температурыг 1550 °С, гарцаа цагт 2 тонн болгожээ. Уг шинэчлэлийг хийхэд олон тооны судалгааны төсөл хэрэгжүүлсний дотор өөрийн төгссөн Уралын политехникийн их сургуультай гурван сая рублийн гэрээ байгуулж ажилласан нь үйлдвэрийн хүчин чадлыг нэмэхэд гол нөлөө үзүүлжээ. Мөн италичуудтай ажиллах үед ЕСБХБ-ны шугамаар Японы мундаг инженерийг гурван жил ажиллуулж, тэр хүн Л.Ариунболдын чулуун хөвөнгийн ертөнцийг харах өнцгийг өөрчилжээ.
“Хөгжлийн банк мурьсан нь надад нэг талаас их тус болсон. Аливаа муу зүйлээс сайн талыг олж харах нь чухал” гэж Л.Ариунболд ярилаа. Өөрөөр хэлбэл, Италиас зээл авахын тулд чулуун хөвөнгийн зах зээлийн талаар өмнө нь хэний ч хийж байгаагүй тооцоо, судалгаатай болсон, дараа нь гэрээ цуцлагдсаны улмаас төлөвлөж байсан шинэчлэлийг хамаагүй хямд зардлаар хийхээс өөр аргагүй болсон зэрэг хүчин зүйлс нь 15 сая.ам доллараар гүйцэтгэх байсан ажлыг 12 тэрбум төгрөгөөр гүйцэтгэх боломж олгов.
Нөгөө талаас, төсөл хэрэгжүүлж буй 17 жил, чулуун хөвөн үйлдвэрлэсэн 14 жилийн хугацаанд түүнтэй тулгарсан бүх санхүүгийн бэрхшээл нь бүтээгдэхүүнээ хамгийн бага өртгөөр яаж хийх вэ гэсэн арга замыг хайхад хүргэж байв. Тиймдээ ч 2019-2020 онд өртгөө 15 хувь бууруулж, хувьцаа гаргаснаас хойш борлуулалт 3-4 дахин нэмэгджээ. Өнгөрсөн 4-5 жилд валютын ханш тасралтгүй өсч байхад Монгол Базальт ХК өртгөө бууруулсны хүчинд үнээ өсгөх биш 10 хувь бууруулж чаджээ.
Дэлхийд төдийгүй дотоодын зах зээлд эрчим хүч хэмнэх технологи, бүтээгдэхүүний хэрэгцээ улам нэмэгдэж байгаа учраас чулуун хөвөнгийн хувьд ч маш таатай үе ирж байна. Одоо Л.Ариунболд өмнө нь засвар механикийн заводыг байлдааны бэлэн байдалд байлгадаг байсан шиг өнөөгийн өсөн нэмэгдэж буй эрэлтийг хангахын тулд Монгол Базальтыг хэзээ ч хөвөн нийлүүлэхэд бэлэн байлгах хэрэгтэй болж байна.
Монголд барилгын ажил 4-6 дугаар сард оволзож, өмнөх жилд барьсан байшингаа дулаалдаг. Гэхдээ 7-8 дугаар сард гэнэт алга болоод 9-10 дугаар сард буцаад бужигнана. Тиймээс 7-8 дугаар сард хамаг амьтан амарч, зугаалж байх хооронд нөөцөө бэлдэх шаардлагатай. Тиймээс уурхай дээр гурван жил татах чулуу бэлдэж, үйлдвэрийн хаашанд гурван сарын нөөц бэлджээ. Сүүлийн жилүүдэд хийсэн 12 тэрбумын хөрөнгө оруулалт бол ердөө энэхүү бэлэн байдлыг хангахад зориулагдсан аж.
Дулаалгын материалын дотоодын зах зээл багадаа 40 тэрбум, ихдээ 60-70 тэрбумд хүрдэг. Үүний 20 гаруй тэрбум нь чулуун хөвөнгийн зах зээл бөгөөд үүнээс Монгол Базальт ХК найман тэрбумын борлуулалт хийх төлөвлөгөөтэй байна. Цаашдаа ойрын 3-5 жилд 15 тэрбумд хүргэх нөөц байгаа талаар Л.Ариунболд ярилаа.
Одоогоор Монгол Базальт ХК-ийн хувьцааны үнэ санасанд түвшинд хүрэхгүй байгаа ч компанийн удирдлагууд өснө гэдэгт итгэлтэй байгаа учраас өртгөө бууруулж, өрсөлдөх чадвараа нэмэх чиглэл барьж байна. Цар тахлын үед ч тэд өртгөө бууруулсан хэвээр байгаа. “Би мөнгөнд санаа зовдоггүй. Зах зээл нь байна. Сайн юм хийвэл ямар ч үед мөнгө орж ирнэ. Гол нь сайхан түүх үлдээх хэрэгтэй” гэж Л.Ариунболд хэллээ.
Инновацийн монгол багц захиалъя
Монгол Базальт ХК-ийн хамгийн том давуу тал нь өөрийн гэсэн технологи, ноу хау болон тэдгээрийг бий болгосон инженер, техникийн ажилтнууд. Тэд Монгол шиг жижиг зах зээлд зориулсан, дундаж түвшний чулуун хөвөнгийн үйлдвэрийн жишгийг бий болгожээ. 15 жилийн хугацаанд нэг ч удаа гадаадаас бэлэн шугам авчирч угсраагүй, цэвэр өөрсдөө цуглуулж, угсарч, тохируулж, ажиллуулж, сайжруулсаар Төв Азидаа ганцхан гэж хэлж болохоор өвөрмөц үйлдвэрийг бүтээсэн.
Монгол Базальт ХК 6 барааны тэмдэг, 1 зохиогчийн эрх, 3 ашигтай загварын патент эзэмшдэг. 10 гаруй жилийн өмнө зарим онцгой эрхдээ Европ, Орос, Хятадын зах зээл дээр оюуны өмчийн хамгаалалт хийсэн. Түүнээс гадна олон жилийн өмнө Дани инженер “Улаанбаатараас хойшоо, урагшаа 1500 км-ын радиуст чулуун хөвөнгийн өөр үйлдвэр байгуулагдахгүй бол танайх энэ зах зээлд монополь байж чадна” гэж хэлж байсан ёсоор өнөөдөр энэ тойрогт Монгол Базальттай адил үйлдвэр байхгүй.
Энэ нь тус компани Эрхүү, Буриад, Өвөр Монгол, Дундад Азийн зах зээлд бүтээгдэхүүнээ экспортлох боломжийг нээж байна гэж хэлж болно. Гэхдээ Л.Ариунболд экспорт хийнэ гэдгийг өөрөөр ойлгодог. Түүнийхээр бол Монголд үйлдвэрлээд гадагшаа зөөх нь экспорт хийх зөв арга зам биш. Дэд бүтэц сул хөгжсөн манай улсад тээврийн зардал өндөр, гааль, татварын тээг саад их учраас өрсөлдөх чадвартай байж чадахгүй.
Ном уншаад энтрепренер болохгүй, баахан сургууль төгсөөд энтрепренер болохгүй. Энтрепренершип бол амьдрал.
Тиймээс бүтээгдэхүүнээ зөөхийн оронд флашаа халаасалж очоод технологи, ноу хаугаа экспортлох аргыг тэр сонгожээ. Эрхүүгийн бизнесмэнүүд чулуун хөвөнгийн үйлдвэр байгуулах гэсэн боловч Монгол Базальтаас хямдхан өртгөөр бүтэх шийдэл олдоогүй учраас нэг хэсэг эрэл хайгуул, судалгаа хийж, дор хаяж Италиас 15 сая ам.доллароор бэлэн шугам авах юм байна гэдгийг мэдсэний дараа 12 тэрбум төгрөгөөр бүтээсэн Л.Ариунболд дээр иржээ.
Ийнхүү Монгол Базальт Эрхүү мужийн Ангарск хотод хамтарсан үйлдвэр байгуулах тохиролцоонд хүрч, чулуун хөвөнгөө биш, чулуун хөвөнгийн үйлдвэрийн ноу хау-гаа экспортлохоор болжээ. Энд хамтарсан үйлдвэр байгуулах нь Монголд үйлдвэрлэж экспортолсоноос хэд хэдэн давуу талтай. Зах зээл нь ойр, дэд бүтэц нь бэлнээс гадна хямд, ажиллах хүч хангалттай. Москвагийн голдуу үйлдвэрүүдэд зах зээлээ алдчихдаг учраас Эрхүүгийн Амбан захирагч хүртэл ийм үйлдвэр байгуулагдах болсонд баяртай байгаа аж.
Үүнтэй төстэй саналыг Киргиз, Узбекистанаас ирүүлж, цар тахал дуусангуут хамтын ажиллагаа эхлүүлэхээр хүлээж байна. Ингэснээр Монгол Базальт ХК технологиос гадна инженерүүдийнхээ мэдлэг, ур чадварыг, нэг үгээр аж үйлдвэрийн франчайз системийг, Монголын гэсэн тодотголтой Инновацийн багцыг нийлүүлэх түвшинд хөгжсөн байна. Цаашлаад энэ зарчмаар Өвөр Монголд хамтарсан үйлдвэр байгуулах төлөвлөгөө бий. Цаг үеийн шаардлагаар Хятад улс шаарган хөвөнгөөс аажмаар татгалзаж, Өвөр Монголд тохиромжтой дундаж хэмжээний үйлдвэр хэрэг болох учраас Эрхүү шиг Монголд хандах магадлал өндөр.
Ингэж хамтарсан үйлдвэр байгуулж, ам.доллараар ногдол ашиг авах нь Л.Ариунболдын хувьд жинхэнэ экспорт. “Өнөөдөр зэвсэг бариад байлдан дагуулалт хийх биш технологи, ноу хаугаа дэлхийд гаргаж байлдан дагуулалт хийж дэлхийн компаниуд болно” гэж тэр онцоллоо.
Олон улсад голдуу том үйлдвэрүүд өрсөлдөж, дэлхийн дулааралтай холбоотой тэдний зах зээл тэлж, хөгжингүй орнуудад байгаа үйлдвэрүүдийг өндөр үнээр худалдан авах нь элбэг. Харин Монгол Базальт ХК аваргуудын энэ толхион дунд бүс нутгийн тоглогч болох боломжтой. “Тиймээс ойрын хугацаанд нэг хөлөө Эрхүүд, нөгөө хөлөө Өвөр Монголд тавьчихвал бүс нутгийн тоглогч болно” Л.Ариунболд ярив.
Инженерийн хүслэн
Базальт хэмээх түүхий эдийг маш олон төрлийн бүтээгдэхүүнд ашиглаж байна. Орос, Хятад улсууд базальтаар хийсэн арматурыг дэд бүтэцдээ хэдийнэ ашиглаад эхэлсэн. Цаашлаад базальт чулуугаар хийсэн мяндсан утас, даавуу, труба, даацын геосетка, бетон цутгамал, автомашин, нисэх болон усан онгоц, хөнгөн үйлдвэрт ашиглах цоо шинэ бүтээгдэхүүнүүд төрөн гарч байна. Монгол Базальт ХК ч ирээдүйд ийм чиглэлд зах зээлээ тэлэхийг үгүйсгэхгүй.
Саяхан Аж үйлдвэрийн гавьяат цол авч, төрөлх сургуульдаа докторын зэрэг хамгаалсан Л.Ариунболд “Basaltwool” брэнд гэх том өвийг эх орон, ард түмэндээ бэлэглэсэн. Гэхдээ түүний аялалд өөр сонирхолтой чиглэлүүд бас бий.
Үндэсний Телевизийн “Залуу зохион бүтээгч” нэвтрүүлгийг ивээн тэтгэдэг байхдаа залуу инженерүүдийн чадвар сул, техник сэтгэлгээ муу хөгжсөн талаар багш нартай нэг бус удаа яриа өрнүүлж байв. Эндээс асуудлын учир нь дунд сургуулийн технологийн хичээлийн чанартай холбоотойг ойлгожээ.
Чи бусдаас илүү ухаалаг байх албагүй. Харин бусдаас илүү сахилга баттай байх хэрэгтэй.
Нэг удаа Хонконгод болж байсан Оюуны тоглоомын үзэсгэлэн дээр Австрийн “Cool Tool” компанийнхантай танилцаж, дунд сургуулийн технологийн хичээлд ашиглах тоног, төхөөрөмжийг 40 гаруй мянган еврогоор худалдаж авахаар болсон байна. Удалгүй “Юнимат” нэртэй, сургуулийн хүүхдүүдэд зориулсан сургалт, хөгжлийн төв буюу зохион бүтээгчдийн клубыг 2011 онд нээжээ. Энд хүүхдүүд фрезерийн хөрөө, ураа хөрөө, токарийн машин зэргийн жижигрүүлсэн хувилбар дээр, тусгай түүхий эд ашиглан өөрсдийн бүтээлийг туурвидаг.
Механикийн клубын сурагчид төвөөс зугтах хүч, хүндийн хүч, үрэлтийн хүч зэрэг Ньютоны хуулиудтай зүгээр ном уншиж биш, өөрсдөө гараараа тоглоом хийж танилцдаг. Тэндээсээ электроникийн клубт шилжиж, цахилгаан болон программчлалын анхан шатны ойлголт авна. Л.Ариунболд Боловсролын яам, олон улсын байгууллагууд, аймаг, дүүргийн засаг дарга нар болон үндэсний томоохон компаниудтай хамтарсны ачаар сургалтын хөтөлбөрт тусгайлан оруулж, “Юнимат” технологийн танхимуудыг 330 орчим сургуульд тохижуулсан нь ирээдүйн шилдэг инженерүүдийг бэлдэх хүсэлтэй түүний нэгэн том хүсэл нь биелжээ.
“Юнимат” клубын сурагч заавал инженер, зохион бүтээгч эсвэл захирал, энтрепренер болох албагүй. Хүүхдүүдийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх нь багш нарын гол ажил. “Өнөөдөр боловсрол, диплом хийсвэр болчихсон учраас мэдлэг эдийн засгийн эргэлтэд орохгүй байна. Гэтэл хүн хоёр гараараа оролдож олсон мэдлэг тархинд хамгийн бат бэх үлддэг. Ийм хүмүүжил олгох хамгийн тохиромжтой үе бол 6-12 нас” гэж Л.Ариунболд хэлэв. Олон жил төрийн ойлгодоггүй чиглэлд бизнес эрхэлж, аж үйлдвэрийн хөгжилд том хувь нэмэр оруулсан түүний инновацийн түүчээлэл чулуун хөвөнгөөр дуусахгүй гэдгийг ярианаас нь ойлгомжтой байлаа.
Удаан ярилцаж суусны эцэст тэр “За, одоо би чамайг чулуун хөвөнд тарьж ургуулсан нарийн ногоогоор хийсэн салатаар дайлна аа” гээд бослоо.
[…] ханган нийлүүлэгч болох сууриа бэхжүүлсээр байна. Гучин жилийн түүхтэй “Монгол Базальт” ХК нь өөрсдийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, шинэчлэл хийх […]