Монгол-Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулагдсаны таван жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй цахим үзэсгэлэн, бизнес форум дөрөв дэх өдрөө амжилттай үргэлжилж байна. Нийт 10 хоногийн турш үргэлжлэх уг арга хэмжээнд www.exportmongolia.org цахим талбараар оролцох боломжтой бөгөөд Японы зах зээлд нэвтэрч, бүтээгдэхүүнээ гаргахад тус болох мэдээлэл, түншүүдээ олж авах боломжийг олгож буй.
Цахим форумын үеэр Японы талаас зохион байгуулсан “Монгол бүтээгдэхүүнийг Япон руу экспортлохыг дэмжих онлайн семинар”-ын хүрээнд Японы Гадаад худалдааны байгууллага (JETRO)-ын Монгол дахь корреспондент Казунори Фүжий “Монголын ЖДҮ Японы зах зээлд ороход анхаарах зүйлс” илтгэлийг танилцуулсан юм. Илтгэлдээ тэрбээр япончуудын хандлага, хэрэглээ, сонирхлыг танин мэдэхийн чухлыг онцолж дараах зүйлсийг анхаарахыг зөвлөв.
Судалгаа
Япон руу бүтээгдэхүүнээ гаргах хүсэлтэй бизнес эрхлэгч юун түрүүнд Монгол, Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн (ЭЗТХ) тухай, бүтээгдэхүүн тань гаалийн тарифын хөнгөлөлт эдлэх боломжтой эсэхийг судлах хэрэгтэй.
Монголд үйлдвэрлэж буй бүтээгдэхүүнийг тэр чигээр нь Япон руу гаргах нь зарим тохиолдолд учир дутагдалтай. Учир нь япон болон монгол хүмүүс тэс өөр хэрэгцээ, сонирхол, худалдан авах хандлагатай. Тиймээс Япон судалгааны компанид хандаж зах зээлийн судалгаа хийлгэх нь зүйтэй. Салбар бүрээр мэргэшсэн мэргэжилтнүүд байдаг тул нэгж бүтээгдэхүүний туршилт, багц бүтээгдэхүүний дизайн зэрэг нарийн мэдээллийг онлайнаар ч авах боломжтой. Энэ нь өртөг өндөртэй тул экспортыг дэмжих зорилготой төр болон төрийн бус байгууллагууд судалгааны зардлыг төсөвтөө тусгах хэрэгтэй.
Хэрэв та аль хэдийн экспорт хийж эхэлсэн бол Япон дахь түнш, дистрибьютерийн тань санал, зөвлөмж хамгийн үнэтэй зөвлөгөө байх болно.
Үнэ
Бүтэгдэхүүнийхээ Япон дахь жижиглэнгийн үнийг судлах. Дистрибьютер, даатгал болон тээврийн зардлыг судлахдаа тус салбарт үйл ажиллагаа явуулдаг компаниудаас мэдээлэл авах боломжтой. Хэрэв танай бүтээгдэхүүн ЭЗТХ-д багтах бол гаалийн татварын хөнгөлөлт эдлэх хэдий ч НӨАТ 10 хувь байдгийг санах хэрэгтэй. Түүнчлэн, зарим нэр төрлийн бүтээгдэхүүн тусгай татвар ногдуулдаг болохыг анхаараарай.
Импортын барааны гаалийн хураамж, Япон дахь тээвэрлэлтийн зардал, агуулахын төлбөр, борлуулалтын менежментийн төлбөр болон дистрибьютерийн ашиг зэргийн нийлбэр нь бүтээгдэхүүний Япон дахь жижиглэнгийн үнэ юм. Тооцоолж үзээд танай бүтээгдэхүүний жижиглэнгийн үнэ тус улсын зах зээлд өрсөлдөх чадвартай эсэхийг судлаарай.
Өрсөлдөгч
Танай компанийн бүтээгдэхүүн тус улсын зах зээл дээрх ижил төстэй бүтээгдэхүүнтэй өрсөлдөх чадвартай эсэхийг судлах хэрэгтэй. Дээр дурдсанчлан жижиглэнгийн үнээс гадна чанар болон дизайн өрсөлдөөнд чухал үүрэгтэй. Японы зах зээлд Монголын гол өрсөлдөгч бол ӨМӨЗО билээ. Тус улсад үйлдвэрлэсэн чацаргана Японд “Сажи” нэрээр сайн танигдсан бөгөөд гурвалжин будаа, жамц давс мөн импортолдог. Тэдний хувьд үйлдвэрлэл, сурталчилгаандаа их хэмжээний хөрөнгө зарцуулдаг тул хүчтэй өрсөлдөгч болдог аж. Хэрэв танай бүтээгдэхүүн өрсөлдөгчийнхөөс үнэтэй бол үнийн зөрүүнээс илүү үнэ цэн болох сэтгэл ханамжийг санал болгох хэрэгтэй.
Хууль тогтоомж, стандарт
Экспортлох гэж буй бүтээгдэхүүнтэй холбоотой Японы хууль тогтоомж, стандартыг сайтар судлах эсвэл мэргэжилтнээс зөвлөгөө аваарай. Тухайлбал, Монголоос экспортолдог гол нэр төрлүүд болох органик хүнсний бүтээгдэхүүнтэй холбоотой JAS стандарт, холбогдох хуулиуд, эрүүл мэндийг дэмжих үйлдэлтэй хүнсний бүтээгдэхүүний шошгоны стандарт, Гоо сайхны бүтээгдэхүүний норм ба дүрэм болон Эм бус эрүүл мэндийн бүтээгдэхүүний түүхий эдийн стандарт зэргийг дурдаж болно.
Хэрэглэгчийн хандлага
Бүтээгдэхүүний дизайны хувьд япончууд ямар мэдрэмж, хүлээлттэй байдгийг мэддэг байх хэрэгтэй. Монголчууд гоёмсог, тансаг, тод загварт дуртай бол япончууд чамин хөөрхөн эсвэл энгийн дизайн, савлагааг илүүд үздэг. Мэдээж хэрэг хүн бүр адилгүй бөгөөд бүтээгдэхүүн төрөл зориулалтаас олон зүйл шалтгаална. Түүнчлэн, савлагааны хувьд үзэмжээс гадна хэрэглээний ач холбогдол чухал.
Жишээ нь, япончууд цэнэглэдэг шампунийг илүүд үздэг. Эхний удаа савыг нь худалдаж аваад дараа нь цэнэглэж хэрэглэх нь хуванцарын хаягдлыг бууруулахад хувь нэмрээ оруулж буйн илрэл гэж үздэг учраас тэд энэ сонголтыг илүүд үздэг. Хэрэглэгчийн хувьд энэ нь хямд, овор багатай, үйлдвэрлэгчдэд түүхий эдийн өртөг, тээврийн зардлыг хэмнэх давуу тал үүсгэдэг бол хог хаягдал, нефтийн хэрэглээ зэргийг бууруулж буйгаараа нийгэмд ч ашиг тусаа өгч байдаг.
Гурван талд ашигтай бизнес менежментийн бодлого нь Японд 250 жилийн өмнөөс хэрэгжиж эхэлсэн бөгөөд япон хэрэглэгчид ийм компаниар үйлчлүүлж, дэмжиж ирсэн түүхтэй. Тиймээс япончууд зөвхөн үнэ бус дизайн, чанар, хүрээлэн буй орчинд үзүүлэх нөлөө, тухайн компанийн философийг ч сонгох шалгуураа болгодог гэдгийг бодолцох хэрэгтэй.
Оюуны өмч
Барааны нэр, тэмдгийг Японд бүртгүүлэхдээ юун түрүүнд танай бүтээгдэхүүний нэр, тэмдэг нь өөр компанийнхтай ижил төстэй эсэхийг сайтар нягтлаарай. Үүнийг Японы патентын агентлагийн вэбсайтаас шалгах боломжтой. Япон хэрэглэгчдийн сонирхолд нийцэхээр нэр сонгох нь маркетинг хийж, танигдахад давуу тал болдог. Түүнчлэн компани тус бүр барааны нэр, тэмдэгтэй байхаас гадна салбар эсвэл бүтээгдэхүүний төрлөөрөө нэгдэн Монголын ноос ноолуурын холбооны жишгээр нэгдсэн барааны тэмдэгтэй болох боломжтой.