2020 оны байдлаар Монгол Улс 850 орчим иргэн, аж ахуйн нэгжийн 15,000 бүл зөгийтэй байсан бөгөөд тэдний нэг жилд хураасан балнаас 300 гаруй тонныг эцсийн бүтээгдэхүүнээр хүлээн авч дотоодын хэрэгцээг хангахаас гадна БНСУ болон Японд бага хэмжээгээр экспортолсон болохыг Монцамэ агентлагын мэдээнд дурджээ. Энэ нь орон даяар 300.0 сая зөгий байгалийн зэрлэг цэцэгс, рапс, гурвалжин будаа зэрэг таримал ургамлын балыг хураан цуглуулж, Монгол Улсад амьдарч буй, зөгийн бал хэрэглэж болох насанд хүрсэн иргэн бүрд жилд ойролцоогоор 100 граммыг нийлүүлдэг гэсэн үг юм. Иргэн бүрт өдөрт 1 грамм бал ногдохоор тооцож эрэлтийг барагцаалбал дотоодын хэрэгцээг бүрэн хангахын тулд нийлүүлэлтийг гурав дахин нэмэгдүүлж болох зах зээлийн орон зай байна.
Монгол Улсын цаг агаарын эрс тэс байдал, 4 улирлын циклтэй уялдаж ХАА-н бүтээгдэхүүнийг хүлээн авах давтамж хязгаарлагдмал байдагтай адил зөгийн балыг зун, намрын дөрвөн сарын хугацаанд хураан авах боломжтой. 9 дүгээр сард сүүлийн бал хураасны дараа буюу 10 дугаар сараас эхлэн хагас жилийн хугацаанд зөгийн бүлийг өвөлжүүлэх, өвөлжөөнөөс гаргах, бал хураах хүртэл тэжээх, бэлчээн маллахтай холбоотой гарах зардлыг бүртгэлээр хүлээн зөвшөөрч, энэ хугацаанд зарсан балны орлогоосоо уг зардлыг хасч, үлдсэнийг цэвэр ашиг гэж буруу бүртгэх, тооцох байдал зөгийчдийн дунд нийтлэг байна. Тэгвэл яаж бүртгэвэл зохих талаар энгийн тайлбарыг дор орууллаа.
Зөгийчин хураан авсан балаа намар өвөлдөө, хэрэв үлдэгдэлтэй бол хавар зарж борлуулснаар борлуулалтын орлоготой болно. Харин энэ борлуулалтын хувьд борлуулсан бүтээгдэхүүний өртөг нь юу вэ? Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний хувьд борлуулсан бүтээгдэхүүний өртөг нь тухайн бүтээгдэхүүнийг бий болгохтой холбоотой гарсан бүх зардлын хуримталсан нийлбэр юм. Зөгийчин та 1 тонн бал хураахын тулд 25 сая төгрөг зарцуулсан бол 1 кг бал бий болсон өртөг 25,000 төгрөг байна. Үүн дээр нэмж 1 кг – ын шилэн сав, шошго, савалгаа, бүтээгдэхүүний дээжийг шинжилгээнд өгөх зэрэг зардал нийлээд 5,000 төгрөг гэвэл 1 кг балны борлуулсан бүтээгдэхүүний өртөг нь 30,000 төгрөг болно.
Өртгийг хэрхэн тооцож, бал хэрхэн бий болсон бэ? Зөгий сүүлийн бал хураасны дараа өвөлжөөнд нүүж очих нь ирэх жилийн зөгийн бал бий болох эхлэх цэг. Зөгийчин энэ цэгээс эхлэн бал хураах хүртэл гарсан бүхий л зардал, худалдан авалтыг бүртгэн, дуусаагүй үйлдвэрлэл дансанд нийлүүлэн хуримтлуулж, ирэх онд хураан авах зөгийн баланд хувь тэнцүүлэн ногдуулснаар өртгөө зөв тооцно. Тухайлбал, зөгий өвөлжиж буй байрны түрээс, нэг бүл зөгий тутамд тавьж өгөх 8 кг орчим сахар, зөгийг аюулгүй, эсэн мэнд өвөлжиж буйг шалгахаар явсан томилолтын зардал бүгдийг дуусаагүй үйлдвэрлэл дансанд хуримтлуулан бүртгэнэ. Зөгийг шалгахаар явсан томилолтын зардал гэдэгт шатахууны зардал, замын хураамж, томилолтоор явсан ажилтны цалин хөлснөөс гадна замдаа хооллох, буудаллахад гарсан гэх зэрэг бүхий л зардал багтаж байгаа. Хэрэв зөгийг өөрийн байранд өвөлжүүлдэг бол тухайн байрны ашиглалтын зардлыг дуусаагүй үйлдвэрлэл дансандаа хуримтлуулан бүртгэнэ.
Өвөлжөөнөөс гарах үед буюу хавар зөгийг тэжээсэн сахарнаас гадна зургадугаар сард бал хураахад хангалттай тоо хэмжээтэй, хүчтэй бүл болгохын тулд тавьж өгсөн зориулалтын цэцгийн тоос буюу уурагт тэжээлийг ч мөн дуусаагүй үйлдвэрлэлд бүртгэнэ. Өвөлжөөнөөс гарч бэлчээрт хүрэхийн тулд гарсан тээвэр шатахууны зардал, мөн хавар зуны турш ажиллах зөгийчдийн цалин, шимтгэл, хоол хүнс зэрэг зардлууд, түүнчлэн эх зөгийг тусгаарлагч тор зэрэг хангамжийн зүйлсийг бас дуусаагүй үйлдвэрлэл дансанд хуримтлуулна.
Энэ хүртэл гарсан зардал буюу дуусаагүй үйлдвэрлэлийн хуримтлагдсан дүн нь бидний дээр татсан жишээн дэх 25 сая төгрөг юм. Уг 25 сая төгрөгийн дуусаагүй үйлдвэрлэл дансыг хааж, 25 сая төгрөгийн үнэтэй 1 тонн зөгийн бал гэсэн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнтэй болсон гэсэн үг. Хэрэв зах зээл дээр 1 кг задгай балны дундаж үнэ буюу бодит үнэ цэнэ 20,000 төгрөг байгаа бол таны нэг кг бал 25,000 төгрөгөөр бий болсон тул танд кг тутамд 5,000 төгрөгийн гарз, харин 1 кг задгай балны дундаж үнэ буюу бодит үнэ цэнэ 30,000 төгрөг байгаа бол танд кг тутамд 5,000 төгрөгийн олз ирэх болно. Энэ бол хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг анх хүлээн зөвшөөрөлтийн олз/гарз юм. Бүтээгдэхүүний бодит үнэ цэнэ ба таны бал бий болгосон өртөг хооронд илэрхий зөрүүтэй байвал анх хүлээн зөвшөөрөлтийн олз, гарзаа бүртгэж 1 кг балны өртгийг тохируулах хэрэгтэй.
Хураан авсан задгай балыг савлах зардал, сав баглаа боодлын зардал зэргийг нэгжийг харгалзуулан тооцсоноор таны зөгийн бал гэдэг эцсийн бүтээгдэхүүний өртөг бий болно. Харин худалдах үнийг зөгийн бал бий болгохтой хамааралгүй гарч байдаг оффисын түрээс, захирал, нягтлан бодогч зэрэг байнгын ажилтны цалин зэрэг тогмол зардлыг нэгж бүтээгдэхүүн бүрт шингээж дээр нь цэвэр ашгийг нэмэн тогтоогоорой.
Зөгийчид 50,000 бүл, 1.0 тэрбум зөгийтэй болж, цаашид улам илүү өсөн нэмэгдэж органик, натурал зөгийн балны экспортлогч болохыг ерөөе.
Зөгийн маллагаа, арчилгааны технологи, зөгийн бал үйлдвэрлэлийн зааварчилгаа, зөвлөгөөг: Михачи ХХК –ийн захирал Томоко Ибукоро