Business.mn сайт “Тахлын үеийн бизнес” цувралаа үргэлжлүүлж байна.
Өчигдөрхөн гэрийнхээ ойролцоох хүнсний захаас шинэ ургацын төмс худалдаж авлаа. “Өдийд хураадаг төмс гэж байдаг юм уу?” гэсэн асуултад худалдагч “Энэ бол эртийн төмсний сорт” гэж хариулав. Эртийн төмсний сортын үр нь цэвэр үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн бөгөөд “Элит үр” гэх компанийн бүтээл аж.
Эртийн төмс тариалдаг газар нь Сэлэнгэ аймгийн Орхон сумын Шийрийн бригад. Шийрийн төмс нь шар үрийн буюу сайжруулсан үрийн ялзралт багатай, амт чанар сайтай, хоёрхон сарын дараа хурааж болдог, түргэн болцтой гэдгээрээ онцлог.
Шийрийн бригадад 30 орчим өрх айл төмс, хүнсний ногоо тариалж амьдралаа залгуулдаг. Тэдний нэг болох Н.Оюунсувдын гэр бүл 10 гаруй жил энэ төрлийн аж ахуй эрхэлж байна. Тэд бол эртийн төмсний сорт гарсан даруйд нь анх авч тариалсан өрхүүдийн нэг.
Гэвч 2021 он нь цаг уур болон зах зээл талаасаа Шийрийн ногоочдод хүндхэн цохилт болов. Энэ зун өмнөх жилүүдээс илүү бороотой, үер ус олонтой байсан учраас голын дагуу тарьсан төмснүүд ялзарч, зарим талбайд нар дутаж, чийг ихэдсэнээс жижиг төмс ихтэй байгааг тэр ярилаа. Эртийн төмсийг Наадмын дараа өдрөөс худалдаж эхэлдэг байсан бол энэ удаа болц нь 10-аад хоногоор хойшилжээ.
Гэхдээ хамгийн хүнд асуудал нь борлуулалт. Н.Оюунсувдын гэр бүл 20 гаруй га талбайд төмс, хүнсний ногоо тариалдаг бөгөөд өөрийн аж ахуйгаас жилд товхийсон ашиг, орлого олдог. Шийрийнхэн ногоогоо голдуу Улаанбаатарын Барс захын ченжүүдэд нийлүүлдэг. Ингэхдээ нэг шуудай төмсийг 45 000 хүртэлх төгрөгөөр худалдаалдаг. Гэвч 2021 оны хувьд борлуулалт эрс багасч нэг шуудай төмс 40 мянга дээр ч тогтож чадалгүй, борлуулалт муу учраас ченжүүд 30-32 мянган төгрөгөөр авч байна. Шийрээс Барс зах дээр очсон гурван машин төмс тав хоног зогсоход зарагдаж дуусаагүй байгаа тухай Н.Оюунсувд ярилаа.
“Одоо бүх юмны үнэ өсч байна. Гэтэл төмсний үнэ л хямд хэвээр байна” гэж тэр онцоллоо. Төмсийг бөөний үнээр буюу кг тутмыг нь 800 төгрөгөөр ч авахгүй байгааг цар тахлын улмаас ресторан, хоолны газрууд хөл хоригт орж, хязгаарлалттай ажилласантай холбоотой болов уу гэж тэр таамаглаж байна.
Сүүлийн жилүүдэд Дарханы зам там болсон учраас жолооч нар тээврийнхээ хөлсийг хүртэл нэмжээ. Өмнө нь нэг тонн төмсийг 50 мянгаар тээвэрлэдэг байсан бол одоо 70 мянга болжээ.
Дарханы замын нөхцөл байдлаас болж нэг тонн төмс тээвэрлэх хөлс 50 мянгаас 70 мянга болж өсчээ.
Н.Оюунсувд жил бүр зэргэлдээх сум, багаас усалгааны цагт 2-3 хүн, ургац хураалтын үед 10 гаруй хүн ажиллуулж цалинжуулдаг. Харин 2021 онд нам гүм байна.
Ногоочдын хувьд цар тахлаас үл хамааралтай том цогц асуудал бол агуулах, тээвэрлэлт, борлуулалтаас бүрдсэн нийлүүлэлтийн сүлжээ. Шийрийн ногоочдын хувьд намар нь борлуулж чадаагүй төмсөө агуулахдаа хадгалж хавар нь хямдаар буюу нэг шуудайг нь 15 мянган төгрөгөөр худалдаалдаг. Гэхдээ энэ үнээрээ борлуулж чадахгүй тохиолдол ч их.
Гэтэл агуулахгүй өрх гэр цөөнгүй. Тэдний хувьд намартаа багтаад яаж ийгээд борлуулж, арга барахдаа нэг шуудайг нь 8000 төгрөгөөр ч хамаагүй зардаг. Мэдээж хэдэн сарын хөдөлмөрөө ингэж багаар үнэлнэ гэдэг ямар ч аж ахуйч хүнд дэндүү харамсмаар.
Төмсний агуулах болон боловсруулах үйлдвэр барих тал дээр төрийн дэмжлэг зайлшгүй хэрэгтэй байгааг Н.Оюунсувд учирлан ярилаа. Тэндээс сонгогдсон УИХ-ын гишүүд чипсний үйлдвэр барих тухай байнга ярьдаг ч нэг ч амлалт нь биелээгүй өдийг хүрчээ.
УИХ-ын гишүүд чипсний үйлдвэр барих тухай байнга ярьдаг ч нэг ч амлалт нь биелээгүй өдийг хүрчээ.
Жил бүр шинэ ногоо худалдаанд гарах үед гардаг нэгэн дүр зураг бол гудамжинд шуудайтай ногоогоо зарж цагдаад хөөгдсөн ногоочид. Ийнхүү ногоочдын хөдөлмөр “газраар нэг” болдог. Үүнийг шийдэх стандарт хангасан ногооны худалдааны цэгүүд хангалтгүй байна.
Монголчууд төмсөөр дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангадаг болсон. Гэвч хэрэглэгчид бүх шинэ ногоог тэр дор нь худалдаж авна гэж байхгүй. Тэгэхээр малчдад өгдөг шиг мөнгөн урамшуулал гэхээсээ илүү агуулах, боловсруулалтын тал дээр бодлогын дэмжлэг хэрэгтэй байгаа.