Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарт дахь эмэгтэйчүүдийн оролцооны асуудал ямагт хөндөгдсөөр ирсэн. Манай улсад энэ салбар дахь жендэрийн нөхцөл байдал ямар байгаа талаар бид энэ удаагийн зочидтойгоо ярилцлаа.
“Дижитал Вэндин” компанийн гүйцэтгэх захирал Ш.Амарбаясгалан: Өөрчлөлт бол хөгжил. Тэр дороо мэдэгдэхгүй ч үргэлж сайн тал руу хөтөлж байдаг.
Дижитал Вендин ХХК нь “High payment solutions” компанийн харьяа компаниудын нэг. Байгуулагдаад 4 сар болж байна. Энэ хугацаанд зөөврийн “power bank” түрээслэх Hi-charge үйлчилгээг Монгол Улсад анх удаа амжилттай нэвтрүүлэн ажиллаж байна. Энэ үйлчилгээ нь төлбөрийн цогц шийдэл болох цахим хэтэвч Hi-pay апп-д байрлах Hi-charge цэсээр дамжуулан хот даяар байрлуулсан “power bank” цэнэглэх цэг дээрх QR кодыг уншуулан, тун хялбархан үйлдлээр дүүрэн цэнэгтэй power bank түрээслэн авах боломжтой бөгөөд хэрэглэж дуусаад өөрт ойр дурын байршилд буцаан хийх давуу талтай ухаалаг систем юм. Өнөөгийн нийгмийн бүхий л насны хүмүүсийн өдөр тутмын амьдралын салшгүй хэсэгт болсон мобайл дата хэрэглээ бүхий ухаалаг утасны цэнэг дуусах гэсэн асуудлыг шийдэн, хүрээлэн буй орчинд ээлтэй, их хотод өнгө төрх, чимэг нэмсэн үйлчилгээ болсон гэдэгт бид итгэлтэй байдаг.
Харилцаа холбоо, мэдээллийн технологи гэрлийн хурдаар өсч байгаа өнөө үед дэлхий дахинд энэ салбар дахь эмэгтэйчүүдийн оролцоо, хүйсийн тэнцвэрт байдал нь бүрэн шийдэж чадаагүй асуудлын нэг байсаар байна. Олон улсын цахилгаан холбооны байгууллага /ITU/ гэх мэт нэр хүндтэй байгууллагуудаас хэрэгжүүлж буй олон төрлийн сургалт хөтөлбөрүүд, Мелинда Гэйтс зэрэг салбарт нэр хүндтэй, алдартай эмэгтэйчүүдийн оролцоо, хувь нэмэр ороод ч жендэрийн тэгш оролцооны талаар тэргүүлдэг Европын холбооны улсуудад хүртэл энэ асуудал байсаар байна. Монгол Улсын хувьд энэхүү тоон үзүүлэлт нь 40 орчим хувь байгаа нь тийм ч чамлахаар үзүүлэлт биш юмаа. Гэхдээ энэхүү үзүүлэлтийг ойроос харвал салбарын нийт хэмжээнд эмэгтэйчүүдийн ажиллаж буй ажлын байр нь голчлон үйлчилгээ, санхүү бүртгэл, борлуулалтын хэсэгт байх бөгөөд ICT секторын нарийн мэргэжил шаардсан кодчлол, програмын хөгжүүлэлт, hardware инженер, дата шинжлэл гэх мэт тал дээр тун бага хувийг эзэлж байгаа нь харамсалтай. Олон улс дахь туршлага, мөн мэдээллийн технологийн салбарт ажилласан өөрийн туршлага дээрээс ч харсан энэхүү оролцоо бага байгаагийн шалтгааныг харвал ялгаатай 3 үе байгаа нь харагдана. Энэ нь эмэгтэйчүүдийн тухайн ажлын байранд анх орох буюу энэ төрлийн мэргэжилтнийг бэлтгэх үе, карьерийн хөгжлийн үе, ажил хувийн амьдралын тэнцвэрийг хангах үе юм.
Манай Hi-pay ийн групп компаниудын хувьд нийт ажилтнуудын хүйсийн харьцаа 50:50 тэнцүү байдаг бөгөөд энэ нь менежментийн баг буюу шийдвэр гаргалтын төвшинд ч адилхан хадгалагддаг үзүүлэлт юм. Энэ нь эргээд үйлчилгээ сайжруулах, хүртээмжтэй байдал, ажлын бүтээмжийн хувьд ч давуу байдал болж өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж байна гэж би хардаг юм. Дээр дурдсанчлан нарийн мэргэжил шаардсан ажлын байрны хувьд энэ үзүүлэлт буурдаг хэдий ч нийт салбарын хэмжээнд хүний нөөцийн хувьд дутмаг, мэргэжилтэн бэлтгэх боловсролын байгууллагуудад байгаа хүйсийн харьцаанаас ихэнхдээ шалтгаалдаг юм.
“Охид нийгмийн ухааны салбарт сайн амжилт гаргадаг, инженер, математик, мэдээллийн технологийн салбарт амжилт гаргаж чаддаггүй” гэх мэт олон нийтийн дунд байдаг хэвшмэл ойлголтыг халж, охид бүсгүйчүүдийн ур чадвар, өөрсдөдөө итгэх итгэлийг нэмэгдүүлж, энэ салбарын нарийн мэргэжлээр сурах сонголтод нөлөөлөх гол арга бол салбарт ажиллаж буй бүсгүйчүүд өөрийн биеэр харуулан мэдээлэл өгөх юм. Өнөөгийн “Influencer-үүд”-ийн эрин үед энэ нь Gen Z буюу шинэ үеийнхний сонголтод нөлөөлөх гол хүчин зүйл. Би бол ажил амьдралаа зохицуулан, зүтгэж буй олон мянган бүсгүйчүүдийн л нэг. Тэдний нэгэн адилаар гэр бүл, үр хүүхэдтэйгээ цагийг хамтдаа өнгөрөөх, ажлаа хийх, хурдацтайгаар хөгжиж буй салбартайгаа хөл нийлүүлэн алхах, мэргэжлийн хувьд өсөж дэвжих, хажуугаар нь нийгэмд бас бага ч гэсэн хувь нэмрээ оруулах гээд энэ бүгдийн балансыг олоход хоногийн 24 цаг багадах үе бишгүйдээ байна. Дуртай ажлаа хийн, энэ бүхнийг амжуулах гол тулгуур нь үргэлж ойлгож, дэмжиж байдаг гэр бүлийнхэн минь байдаг. Завгүй амьдралыг туулж яваа ялангуяа бүсгүйчүүд эмэгтэйчүүддээ хэлэхэд, бид супер хүмүүс биш, хааяа өөрсдөдөө бага ч болсон чөлөө өгч, мөн өөрчлөлтөөс хэзээ ч бүү айж байгаарай гэж хүсч байна. Өөрчлөлт бол хөгжил. Тэр дороо мэдэгдэхгүй ч үргэлж сайн тал руу хөтөлж байдаг.
Энэ жилийн ICT expo Digital Nation нэрийн дор болж байна. Орчин цагийн харилцаа холбооны салбар үүссэний 100 жилийн ой ч давхацлаа. Зөвхөн харилцаа холбоо бус мэдээллийн технологийн олон төрлийн салбаруудын үйл ажиллагааг таниулж байгаагаараа онцлог болж буй. Арга хэмжээний ачаар зөвхөн салбарын хүмүүс биш олон нийтэд мэдээллийн технологийн ололт, шинэ үйлчилгээний талаар мэдээлэл авч, энэ салбарын асар том боломж, давуу талууд, нийгэм эдийн засгийн бусад салбаруудад хэрхэн нөлөөлж, хөгжил дэвшилд хөтөлдөг талаар мэдээлэл өгч, биеэр харуулан ажил, амьдралдаа хэрхэн нэвтрүүлэх вэ гэдгийг сонирхолтойгоор харуулна гэдэгт итгэж байна.
Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын Стратегийн бодлого төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн А.Уранчимэг: Эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхийн тулд хэвшмэл ойлголтоо өөрчлөх ёстой.
Би Архангай аймгийн Холбооны газар, Мэдээлэл холбооны сүлжээ компанид инженерээр ажиллаж байгаад 2011 онд Мэдээллийн технологи, шуудан харилцаа холбооны газарт сансрын холбоо, радио давтамжийн асуудал хариуцсан мэргэжилтнээр орж, төрийн албыг хашиж эхэлсэн. Төрийн албанд бодлого боловсруулах, эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр ажиллах нь маш өргөн хүрээнд судалгаа хийж, асуудлыг олон талаас томоор харах шаардлагатай байдаг. Тиймээс энэ ажил миний хувьд өөрийгөө хөгжүүлэх том боломж гэж би боддог. Түүнчлэн өөрийгөө олон улсад болон бүс нутгийн түвшинд сорих боломж ч их гардаг юм. Мэдээллийн технологийн чиглэлээр ажиллахад хэд хэдэн давуу тал байдаг нь цаг хугацаа, орон зайнаас хамааралгүй ажиллах боломжтой, мөн хүмүүсийн өмнө тулгардаг асуудлыг шийддэг, хүний амьдралыг хөнгөвчилдөг учраас ажлаасаа сэтгэл ханамж авдаг, түүнчлэн орлогын хувьд бусад салбартай харьцуулахад өндөр, ямар ч шинэлэг зүйл сэдэж, хэрэгжүүлэх боломжтой инновацлаг гээд дурдвал олон.
IT салбарт эмэгтэйчүүдийн эзлэх хувьд аажмаар нэмэгдэж байгаа ч удирдах, шийдвэр гаргах түвшинд тэдний оролцоо чамлалттай байдаг. Ази номхон далайд технологиор тэргүүлэгч БНХАУ, Солонгос, Япон зэрэг улсуудад эмэгтэйчүүдийн оролцоог сүүлийн 20 орчим жилд бодлогоор дэмжсэний үр дүнд ахиц гарч байна. Гэхдээ удирдах түвшинд авч үзвэл, дэлхийд тэргүүлэгч 100 IT-ийн компанийн технологи хариуцсан захирлуудынх 5 хувь нь, Ази номхон далайн орнуудын мэдээллийн технологийн топ компаниудын хувьд CEO нарын ердөө 2 хувь, Удирдах зөвлөл, ТУЗ-ын гишүүдийн 10 хүрэхгүй хувь нь эмэгтэйчүүд байдаг.
Монгол Улсын хувьд 2020 оны байдлаар ICT салбарт ажиллагсдын 47 хувийг эмэгтэйчүүд бүрдүүлдэг гэсэн статистик гарсан. Гэхдээ энэ бол хүний нөөц, санхүү, хууль гээд тухайн салбарт ажиллаж буй өөр мэргэжилтэй эмэгтэйчүүдийг оролцуулсан тоо юм. Яг IT-д суурилсан ажил хийдэг эмэгтэйчүүдийн талаар нарийвчилсан тоон үзүүлэлт байхгүй ч практикаас харахад чамлалттай байдаг. Манай байгууллагын нийт ажилтны 57,6 хувь нь, удирдах түвшний албан хаагчдын 30 хувь нь, 10 хүний бүрэлдэхүүнтэй удирдах багийн гурав нь эмэгтэй. Олон улстай харьцуулахад энэ нь өндөр үзүүлэлт боловч 50 хувьд хараахан хүрээгүй байгаа.
Энэ тоог ахиулахын тулд нийгмээрээ хэвшмэл ойлголтоо өөрчлөх хэрэгтэй гэж боддог. Эмэгтэйчүүд энэ салбарт ажиллах нь зөвхөн тухайн хүнд бус нийгэмдээ ч давхар тустай гэдгийг эрэгтэйчүүд, эцэг эхчүүд, ажил олгогчид, эмэгтэйчүүд өөрсдөө ч ойлгох нь чухал. Эмэгтэйчүүдийг ажиллуулснаар тухайн компани илүү олон талт болж, асуудлыг олон талаас нь харсан, хэрэглэгчдэд ойрхон /user friendly/ оновчтой бүтээгдэхүүн гаргана, цаашлаад компанийн үнэ цэн нэмэгдэнэ.
Нөгөөтэйгүүр эмэгтэйчүүд ороод ажиллаа гэж бодоход ажил, хувийн амьдралын тэнцвэрийг хадгалахад сорилттой тулгардаг. Жишээ нь, би өсвөр болон бага насны дөрвөн хүүхэдтэй ээж. Миний баримталдаг гол зарчим гэвэл ажлын цагаар өөрийгөө ажилдаа бүрэн зориулж ажлын бус цагийг гэр бүлдээ зориулахыг хичээдэг. Зарим ажил олгогчид илүү цагаар, амралтын өдрүүдэд ажиллахыг шаарддаг нь эмэгтэйчүүдийн хувьд хүндрэл болдог. Эмэгтэйчүүдийг илүү цагаар ажиллахыг шаардах бус ажлын цагтаа бүтээмжтэй байхыг хүсэх нь зүйтэй гэж боддог.
“Мобиком корпораци”-ийн Мэдээллийн технологи хариуцсан дэд захирал Б.Баярмаа: Технологи бол амьдралыг хөнгөвчлөх үйлчилгээ юм гэдгийг хэрэглэгчдйин сэтгэлд хоногшуулах нь бидний ажил
“Мобиком корпораци” мэдээллийн технологийн салбарт томоохон үүрэг гүйцэтгэгч байгууллага тул зах зээл дэх орон зайгаа бэхжүүлэх, бизнесийн үйл ажиллагаагаа өргөжүүлэх, бүтээмжээ дээшлүүлэхэд мэдээллийн технологийн газрын үүрэг оролцоо асар чухал. Хэрэглээний онцлог өдрөөс өдөрт өөрчлөгдөж байгаа энэ цаг үед бид илүү төрөлжсөн апп дээр суурилсан шинэ технологиудыг нэвтрүүлж, DX-ийн хүрээнд робот процессын автоматжуулалтын технологи ашиглах, шинэ тоног төхөөрөмж болон технологид хөрөнгө оруулалт хийх шаардлагатай тулгарч байна. 120 гаруй ажилтантай манай Мэдээллийн технологийн газар IT-ийн ашигт ажиллагааг хангах, өөрчлөлтөд бэлэн байх үүднээс боловсон хүчнээ хөгжүүлэн чадваржуулах, бодлого боловсруулан хэрэгжүүлэх зэрэг үүрэг гүйцэтгэдэг.
Мэдээллийн технологийн салбарт эмэгтэйчүүдийн оролцоо жилээс жилд нэмэгдэж байгаа. Дэлхийн хэмжээнд ICT салбарт ажиллагсдын 20 орчим хувь нь эмэгтэйчүүд байдаг гэж миний сүүлд үзсэн судалгаанд бичсэн байна лээ. Монгол Улсын хувьд мэдээлэл технологийн салбар дахь эмэгтэйчүүдийн оролцоо чамлахааргүй байна гэж боддог. Мэдээлэл, харилцаа холбооны технологийн газрыг удирдаж, энэ салбарт бизнес хийж байгаа, гүйцэтгэх захирал хийж байгаа эмэгтэйчүүдийн тоо жил бүр л нэмэгдэж байна. Тэгэхээр үлгэр авах бодит жишээ зөндөө. Харин эмэгтэйчүүдийн одоогийн оролцооны түвшнийг хэрхэн нэмэгдүүлэх вэ гэдэг нь бодлогын түвшинд болоод хэрэгжүүлэх аль аль шатандаа цогцоор нь анхаарах зүйл гэж боддог.
Манай компанийн нийт 1500 гаруй ажилтны 800 гаруй нь буюу 54 хувь нь эмэгтэйчүүд. Мэдээллийн технологийн газрын маань 100 гаруй ажилтны 30 хувь нь эмэгтэйчүүд юм. Бид эрэгтэй, эмэгтэй гэж жендэрт ач холбогдол өгөхөөс илүү хэн дижитал хувьсалд хамгийн амжилттай оролцож, хувьсаж чадаж байна, хэн өөрийгөө хөгжүүлж байна, тэр хүнийг л бид бүх талаар дэмжиж, сургах хөгжүүлэх, цаашдаа өөрсдийн ноу-хаугаа бусдадаа дамжуулах нь чухал. Манай хамт олон ялгаатай үзэл бодол, харах өнцгүүд нийлж, олон ургалч үзэл бодол, санал санаачилга дээр үндэслэн гаргасан шийдвэр зөв болно гэж үздэг. Урт хугацааны стратегиа ингэж гаргадаг учир хэрэгцээ шаардлагыг нь илүү сайн мэдэрсэн, шаардлага хангасан бүтээгдэхүүн хэрэглэгчийн гар дээр очих болов уу. Мэдээж, ажилтнуудын маань чин сэтгэл шингэж гэмээнэ илүү амжилттай бүтээгдэхүүн, үйлчилгээ гарна.
Өдгөө хүний амьдралыг гар утасгүйгээр, интернэт, компьютергүйгээр, аппликэйшн, сошиал медиагүйгээр төсөөлөх аргагүй болчихлоо. Монголын хүн амын 70-80 хувь нь ухаалаг утас хэрэглэж байгаа энэ цаг үед технологи бол тэдний амьдралыг хөнгөвчлөх үйлчилгээ юм гэдгийг хэрэглэгчдйин сэтгэлд хоногшуулах нь бидний ажил.
Мэдээллийн технологийн хурдацтай хөгжлийг дагаад шинэ төрлийн ажлын байрууд бий болж байна. AI, IoT, ML, Big data зэрэг технологи нь data scientist, data analyst, data specialist тэргүүтэй, хэдхэн жилийн өмнө байгаагүй шинэ ажил мэргэжлүүдийг гаргаж ирж байгааг онцлох нь зүйтэй. Үргэлж шинийг эрэлхийлдэг, цаг ямагт өөрийгөө хөгжүүлж, шинийг сурах эрмэлзэлтэй, технологийн давуу талыг ашиглан нийгэмдээ өөрчлөлт хийх хүсэлтэй охид бүсгүйчүүд өөрсдийгөө энэ талбарт сорих хэрэгтэй.
Ковид-19 нэг талаас дижитал бүтээгдэхүүн үйлчилгээний хэрэгцээ шаардлагыг нэмэгдүүлсэн бол нөгөө талаас дижитал бүтээгдэхүүн үйлчилгээг зах зээлд ханган нийлүүлэх дэд бүтцийг бий болгох явцыг мөн хурдасгасан. Дэлхийн ихэнх улс орон цахим үндэстний бодлогоо гаргасан байдаг ч дижитал амьдралын хэв маяг ингэж хурдтай бий болно гэж хэн нь ч төсөөлөөгүй байлаа. Тийм учраас дижитал амьдралын энэ шинэ хэв маягийг хангаж чадах дижитал дэд бүтцийн бэлэн байдлыг бий болгох, цаашлаад илүү хүчтэй бас уян хатан болгох хэрэгцээ шаардлага тулгарч байна. Төр болон хувийн хэвшлийнхэн салбар харгалзахгүйгээр тэрхүү дэд бүтцийг бүрдүүлэхийн төлөө хөдөлмөрлөж байгааг, Монгол Улсын мэдээллийн технологийн салбарын чиг хандлагыг Digital Nation 2021-ийн гурван өдөрт нэг дороос харах боломжтой. Манай салбарынхан хөл хорионы үеэр хэрэглэгч, үйлчлүүлэгчдэдээ зориулан бэлдсэн, шилдэг гэсэн бүхнээ танилцуулах тул иргэд маань амьдралыг тань илүү хялбар энгийн болгож чадах шийдлүүдийг өөрсдийн биеэр ирж үзэж танилцаасай гэж хүсэх байна.