Их Британийн Засгийн газрын хэрэг эрхлэх газарт дэд бүтэц, санхүүгийн зөвлөх Л.Дулмаазул бичиж байна.
Дэлхий дахинд бүх салбарт ногоон санаачлага болон байгаль орчин, нийгэм, засаглалын (БОНЗ) шалгууртай холбоотой нийгмийн хариуцлага нэмэгдэж, энэ хандлага цаашид ч өсөх төлөвтэй байна. Арваад жилийн өмнө хэсэг бүлэг хүмүүсийн онцолдог байсан тогтвортой хөгжил, хүрээлэн буй орчны асуудалд ухамсартай хандах хандлага хурдацтай дэлгэрч буй энэ үед бизнесүүд өрсөлдөөний давуу талаа хэрхэн хадгалж үлдэх вэ?
Ойрын таван жилд хэрэглэгчийн зан төлөв төлөвийг дагаад бизнесүүд тогтвортой хөгжлийн замыг сонгохоос өөр аргагүйд хүрнэ. Тиймээс бизнес эрхлэгчдийн нэн тэргүүнд хийх ёстой зүйл бол “ногоон татвар” буюу бүтээгдэхүүндээ шингээсэн нэмэлт төлбөр, тогтвортой байдлын зардлын талаар эерэг ойлголтыг бий болгох явдал юм.
Хариуцлагатай бизнесийг дэмждэг эсвэл ногоон сонголтыг хараахан ойлгож амжаагүй олон янзын хэрэглэгчид ямар учраас энэхүү ногоон сонголтын нэмэлт зардлыг төлж байгаагаа мэдэхийг хүсэх нь гарцаагүй. Энэ яагаад хэрэгтэй гэдгийг ойлгуулах үүрэг бизнесүүдэд ногдох бөгөөд үүнийг амжилттай хийж чадсан нь энэхүү талбарын гол тоглогч болдог.
Бизнесийнхээ үйл ажиллагаанд томоохон өөрчлөлт хийх чадвартай компани эсвэл засгийн газраас дэмжлэг хүртсэн бизнесмэнүүд ёс зүйтэй сонголты хийдэг зах зээл дээр тэдэнтэй ижил стандартыг дагаж мөрдөхөд сүрдмээр санагдаж магадгүй юм. Гэхдээ тогтвортой хөгжлийг дэмжих хандлага дэлгэрснээр хөрөнгө оруулагчид, байгууллагуудын зан төлөв ч хурдтай өөрчлөгдөж буй энэ үед том жижиг, аль ч салбарын бизнес ашиг хүртэх боломжтой болоод байна.
Жижиг бизнес эрхлэгчид, энтрепренерүүд ашигтай харилцаа тогтоож, эерэг дүрх төрхөө бүтээх гэж байгаа бол эхнээсээ ногоон санаачлагыг бизнестээ шингээх хэрэгтэй.
Ногоон хөгжлийн хандлага нь одоо моданд ороод алга болох үзэгдэл биш учраас ногоон санаачлагыг бизнес төлөвлөгөөндөө тусгах нь ямар ч төрлийн бизнест ашигтай. Учир нь тэтгэврийн сан, арилжааны банкууд гэх мэт томоохон хөрөнгө оруулагчид түншүүддээ тавих ногоон шалгуураа албан ёсны болгож байна.
Жижиг бизнес эрхлэгчид, энтрепренерүүд ашигтай харилцаа тогтоож, эерэг дүрх төрхөө бүтээх гэж байгаа бол эхнээсээ ногоон санаачлагыг бизнестээ шингээх хэрэгтэй. Тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулах шийдэл бүхий ЖДҮ болон гарааны бизнес эрхлэгчдийн төрөөс татаас авах боломж ч нэмэгддэг.
Олон нийтийн санаа бодол, худалдан авалт, хөрөнгө оруулалтын зан төлөвөөс гадна байгууллагын стандартууд ч өөрчлөгдөж байна. Өрсөлдөх чадвараа хадгалж үлдэх хүсэлтэй бизнесүүд байгаль орчин, нийгэм, засаглалын шалгуурыг нэвтрүүлэх замаар төрөөс өгч буй ногоон санхүүжилтийг хүртэх боломжтой.
Засгийн газрын амлалт, хөрөнгө оруулагчдын ашиг сонирхолын хүрээнд асар их хөрөнгийн урсгал тогтвортой бизнесүүд рүү чиглэж байна. 2050 он гэхэд нүүрстөрөгчийн ялгаруулалтыг тэнцвэржүүлэх амлалтын хүрээнд засгийн газрууд цэвэр эдийн засаг, тогтвортой хөгжлийн шийдлийг нэвтрүүлсэн компаниудтай түншлэлийн гэрээ байгуулах, урамшуулал олгохоор зэхэж байна. Цэвэр эдийн засагт шилжих үүргээ биелүүлэхийг шаардаж буй энэхүү шахалт 2021 оны аравдугаар сард болох НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцийн /УАӨСК/-ийн талуудын 26-р бага хурал /СОР 26/ дараа улам эрчимжинэ.
Ногоон хөгжлийн хандлага нь одоо моданд ороод алга болох үзэгдэл биш учраас ногоон санаачлагыг бизнес төлөвлөгөөндөө тусгах нь ямар ч төрлийн бизнест ашигтай.
Энэхүү үзэл баримтлал Ковид-19 цар тахлын нөлөөгөөр улам идэвхжиж буй. Эдийн засгаа сэргээх төлөвлөгөөндөө улс орнууд дэд бүтэц, технологид тэр дундаа нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулах, тогтвортой хөгжлийг хангасан төслүүдэд оруулах хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж байна. Эдийн засгийг сэргээх төлөвлөгөөнд багтсан татвар, хураамжийн хөнгөлөлтийг эдлэх хүсэлтэй бизнесүүд БОНЗ, ногоон шийдлүүдийг санал болгох хэрэгтэй.
Английн засгийн газар гэхэд тогтвортой, сэргээгдэх эрчим хүч хэрэглэдэг хувийн хэвшлүүдтэй гэрээлэх зарчмаар дэд бүтцийн ногоон шийдлүүдийг хэрэгжүүлэх бүрэн боломжтой болсон.(тус улсын дэд бүтцийн 600 тэрбум фунт стерлингийн тал орчим хувь нь хувийн хэвшлийнхнээс санхүүждэг). Өргөн дэлгэрч буй нүүрстөрөгчийн ялгаруулалтыг тэнцвэржүүлэх амлалтын хүрээнд цахилгаан болон устөрөгчөөр ажилладаг машин зэрэг ногоон хөрөнгө оруулалтыг дэмжсэнээр тэтгэврийн сангууд гол ашиг хүртэгчид болох нь гарцаагүй.
Тэтгэврийн сангууд эрсдэл багатай хөрөнгө оруулалт хийдэг тул төрөөс олгох хөнгөлөлт болон энэ чиглэлийн хөрөнгө оруулалтын баталгаа ч нэмэгдэх биз ээ. Энд байр сууриа эзлэхийг эрмэлзэж буй компаниудын адилаар тэтгэврийн сангууд ч ногоон шийдэлд хөрөнгө оруулалт хийж, БОНЗ-ын гол шалгуур, бодлогыг дагаж үнэ цэнээ хамгаалах хэрэгтэй.
Төр болон хувийн хэвшлийн байгууллагууд нүүрсхүчлийн ялгаруулалтыг тэг түвшинд хэр хурдан хүргэнэ төдий чинээ бидний амьдарч буй гариг, бизнес, эдийн засагт сайнаар нөлөөлнө. Тогтвортой хөгжлийн бодлого өрсөлдөөний давуу талыг бий болгож чадна. Гэхдээ энэ нь хэдийн сонголт байхаа больсон бөгөөд үүргээ биелүүлээгүй компаниуд өрсөлдөөнд ялагдана. Энэ нь ердөө цаг хугацааны л асуудал. Ногоон санаачлагыг аль болох хурдан хэрэгжүүлэх нь бизнес эрхлэгчдийг хоцорч үлдэхээс сэргийлээд зогсохгүй ирээдүйн асар олон боломжийг нээж өгөх болно.