Олон Улсын Төслийн Удирдлагын институт болох PMI Mongolia Chapter-аас жил бүр зохион байгуулдаг олон улсын төслийн удирдлагын бага хурлын үеэр төр, хувийн хэвшлийн хамтарсан томоохон төслүүдийг хэрхэн удирдах талаар зарим экспертын санал, бодлыг сонирхуулъя
ХХБ-ны Гүйцэтгэх захирал О.Орхон
Банкуудад зээлийн газар гэж байдгийг та бүхэн мэднэ. Тэр дотроо төслийн зээлийн алба гэдгийг байгуулж үзсэн. Гэхдээ бид эндээс байгууллагын санхүү, төслийн санхүү хоёр тэс өөр ялгаатай, төслийн санхүүжилтийг төслийн удирдлагаар мэргэшсэн хүмүүс хариуцах ёстой юм байна гэдэг дүгнэлт хийсэн. Эцэстээ ЦС барих, уул уурхай эрхлэх, зам барихаар зогсохгүй ихэнх ажил төсөл юм байна гэдэг ойлголт төрсөн.
Тухайн төслийн амжилт нь ямар алсын хараатай, ямар төлөвлөгөөтэй, ямар үнэ цэн бүтээх гэж байгаа, төдий хэмжээний төсвөөр өдий хугацаанд хэрэгжих боломжтой юу гэдгээс шалтгаална. Ингэж шалгадаг систем улс орон даяар ажиллах ёстой. Өөрөөр хэлбэл, төсөл хэрэгжүүлдэг институц бидэнд хэрэгтэй байна.
Premium группийн дэд ерөнхийлөгч Г.Бат-Эрдэнэ
Тухайн төслийг хэрэгжүүлэх зорилгоор төслийн удирдлагын нэгжийг байгуулж, тэрхүү нэгж нь л төслийн удирдлагын талаар мэдлэг, ур чадвартай гэсэн уламжлалтай ойлголттой бид явж ирсэн. Энэ ойлголтоо өөрчлөх ёстой гэж боддог. Яагаад гэвэл бид олон улсын төсөл дээр оролцоод ажиллахаар амжилттай явдаг мөртөө өдөр тутмын бизнес дээр энэ ойлголтоор ажиллахаар бүтэлгүйтдэг.
Төрийн байгууллагатай хамтрах үед төслийн удирдлагын тал дээр хүндрэл нэлээдгүй гардаг. Жишээ нь, зөвшөөрлөө авах гэж уддаг. Хэдийгээр компаниуд шилдэг хүмүүс цуглуулж төслөө хэрэгжүүлдэг ч төр талаас уддаг, сунжирдаг хүнд суртал үргэлж байдаг. Төр өөрөө том төслүүд хэрэгжүүлж болно. Гэхдээ тэдгээр төслийг удирдах төрийн албан тушаалтнууд өөрсдөө мэргэжлийн, төслийн удирдлагын талаар мэдлэгтэй, мэдрэмжтэй хүмүүс байх ёстой. Төслийг улс төрчид биш мэргэжлийн баг хэрэгжүүлдэг байх хэрэгтэй гэж бодож байна. Зөвхөн хувийн хэвшил төсөл сайн хэрэгжүүлээд, төр нь хойш чангаагаад байвал хөгжихгүй.
УИХ-ын гишүүн Т.Доржханд
Манай улс Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк зэрэг олон улсын санхүүгийн байгууллагууд, хоёр талын хамтын ажиллагаатай улсуудаас зээл, тусламжийн хэлбэрээр бараг нийтдээ нэг тэрбум орчим ам.долларын санхүүжилт авах боломжтой байдаг. Эдгээр мөнгөөр голдуу төрөл бүрийн салбарт төслийн санхүүжилт хийдэг. Гэхдээ харамсалтай нь Засгийн газар байнга солигдоод байхаар төслийн нэгжийн баг, удирдлага нь хүртэл солигддог. Ингээд байхаар таван сая ам.долларын төсөл таван жил хэрэгжихэд үр дүн байдаггүй. Энэ хооронд өртөг нь өснө.
Хятад эсвэл Япон гэх мэт аль нэг улсаас том төслийн зээл авахад цаад улсын татвар төлөгчдийн мөнгөнөөс авч таардаг. Тиймээс голдуу тухайн улсын Засгийн газар ямар төсөл санхүүжүүлэхээ шийдэж, энэ нь голдуу дараа нь урсгал зардал их гарах, нийгмийн шинжтэй бүтээн байгуулалтын төсөл буюу цемент зуурах ажил болдог. Төсөл дуусахаар урсгал зардлыг мэдээж Засгийн газар л хариуцдаг учраас төсөл урт хугацаандаа үр өгөөжтэй байх эсэхэд хүндрэл учирдаг. Өөрөөр хэлбэл бид цаад талд таалагдах төслийг хэрэгжүүлдэг болохоос яг эдийн засгаа тэлж чадах төсөл хэрэгжүүлж чаддаггүй.
Түүнээс гадна Засгийн газрын төслүүд татваргүй байдаг. Дээр нь төслийн удирдлага дээр бодлогын залгамж халаа байхгүй, тогтворгүй болохоор төртэй хамтарч төсөл хэрэгжүүлэх сонирхол буурна.
Монголд төслийн менежментийг сайн хийдэг хүмүүс байхгүй биш байдаг. Тэднийг олж л ажиллуулах хэрэгтэй. Одоо бид нийгмийн гэхээсээ илүү эдийн засгийн үр өгөөжтэй төслүүддээ гаднаас ирж буй мөнгөө илүү зарцуулдаг болмоор байна. Энд Засгийн газар л манлайлах ёстой.