Ер нь манай бүс нутагт төсвийн мөнгө уйлдаггүй гэх үзэгдэл, хандлага нийтлэг л дээ. Төслийн менежментийн олон улсын институт (PMI) судалгаа хийгээд Ази номхон далайн бүс нутагт нэг тэрбум ам.доллар төсөлд зарцуулах болгонд 112 сая ам.долларын үргүй зардал гардаг гэсэн тооцоо гаргасныг энэ дашрамд онцолъё. Бас нэг сонирхолтой тоог тэд хэлж байна. Тэдний тооцоолж байгаагаар 2027 он гэхэд дэлхий даяар 88 сая хүн төслийн удирдлагын ямар нэгэн ажил эрхлэх нь.
Дэлхий асар хурдтай өөрчлөгдөж байна. Цар тахал, их гүрнүүдийн зөрчилдөөн, уур амьсгалын өөрчлөлт, технологийн хувьсгал, блокчэйн, финтек, хиймэл оюун ухаан гэх мэт огцом хувьслууд цэнхэр гаригийн эдийн засаг, нийгэм, тэр бүү хэл хүн амьтны зан авирт хүртэл нөлөөлж эхэлсэн тухай шуугицгааж байна. Өмнө нь, зүй ёсоороо өрнөсөөр ирсэн бүхэн жамын дагуу ажиллахаа больчихлоо. Цаг минуттай уралдан өөрчлөгдөж яваа ертөнцөд бүгдийг өөрчлөлтөд тохируулж хийх шинэ дүрэм үйлчилж эхэллээ. Товчхондоо хүн төрөлхтний өмнө тоо томшгүй олон төсөл хэрэгжүүлэх эрэлт шаардлага бий болоод байна. Давтан тодотгоё, шинэ нөхцөлд тохирсон шинэ арга ухаанаар хэрэгжих цоо шинэ төслүүд. “Төсөл бол эдийн засаг, эдийн засаг бол төсөл” гэсэн шинэ хандлага олон улсын түвшинд газар авч байна.
Үйлдвэрлэл хөгжүүлж, эдийн засгаа тэлэх чигт Монгол Улсын Засгийн газар өчнөөн хөтөлбөр баталдаг. Баталсан хөтөлбөрийн дагуу хэдэн зуун төсөл хэрэгжиж байгаа. Хувийн хэвшлийнхэн ч цаг хугацаатай уралдан шинэ төслүүд хэрэгжүүлж яваа. Улс даяар хэрэгждэг энэ бүх төслийг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн арга зүйгээр хэрэгжүүлэхгүй бол амжилтад хүрэхгүй, дэлхийтэй өрсөлдөх тухай бодохын ч хэрэггүй гэх гээд байна л даа. Шинэ ертөнцөд шинэ төслийг шинэ аргаар хэрэгжүүлэхгүй бол урагшилж өгөхгүй зүдэж буй зовлон ганц Монголынх биш. Дэлхийн улс бүр ийм асуудалтай нүүр тулж байна. Сүүлиин үеийн жишээ гэхэд Их Британид 100 тэрбум фунт стерлингийн өртөгтэй төмөр зам өргөтгөх төсөл хэрэгжсэн. Найман тэрбум гаруй фунт залгисан энэ төслийг есөн жилийн өмнө 40 орчим тэрбумын ТЭЗҮ-тэйгээр сүр дуулиантай эхлүүлж байж. Төмөр замын энэ аварга төсөл анхны тооцооноосоо 60 тэрбумаар даваад талийж өгсөн нь Борис Жонсоны толгойны өвчин болсон байна. Хэдэн жилийн өмнө манай ойрын хөрш Казахстанд Кашаганы нефтийн том төсөл анх 12 тэрбум ам.долларын төсөвтэй эхлээд, зардал нь 45 тэрбум ам.доллар болж өссөн гэсэн шуугиан дэгдэж л байсан.
Улс гүрнүүд ийм асуудалтай нүүр тулж яваа учраас дэлхий даяараа төслийн эдийн засаг гэсэн тодорхойлолтыг гаргаж, төсөл хэрэгжүүлэх стандартыг нь баталж, баталсан стандартаа шинэ төслүүддээ яг таг мөрдөж байна. Өөрөөр хэлбэл олон улсын төслийн менежментийн стандарт л төслүүдээ амжилттай хэрэгжүүлэх ухаалаг гарц гэж төсөл хэрэгжүүлэгчид үзэж байгаа юм байна. Гол хэлэх гээд буй санаа нь эдийн засгаа томруулж, төслүүдээ цаг хугацаанд нь хэрэгжүүлье гэвэл Монгол Улсын Засгийн газар энэ стандартыг цаг алдалгүй хэрэгжүүлж эхлэх хэрэгтэй. Ингэж чадвал бид дотоодын төслүүдээ амжилттай хэрэгжүүлэхээс гадна дэлхийд гарах замаа нээнэ.
Дэлхийд гарах боломж бидэнд бий юу?
Дэлхийн хэмжээнд хэрэгжих аварга төслүүдэд оролцох боломж байхаар барах уу, маш том үүд хаалга бидний өмнө нээгдэхэд бэлэн байна. Азийн хөгжлийн банкнаас гаргасан нэг тооцоо бий. Ази номхон далайн бүс нутгийн орнууд тогтвортой хөгжихөд 2016-2030 онд 26 их наяд ам.долларын дэд бүтцийн хөрөнгө оруулалт шаардлагатай гэнэ. Өөрөөр хэлбэл, эргэн тойрны улсууд маань жилд 1.7 их наядыг төслүүдэд зарцуулна гэсэн үг. Манай улсын хувьд дэд бүтцийн төрөл бүрийн төслийг хэрэгжүүлж байж Монголын компаниудын олон улсын зах зээл дээрх өрсөлдөх чадвар нэмэгдэнэ гэдгийг өдгөө бараг бултаараа мэддэг болж. Манай бүс нутагт “Бүс ба зам”, “Эдийн засгийн коридор”, “Азийн супер сүлжээ” гэх мэт том эрчим хүч, тээвэр, худалдааны санаачлагууд хэрэгжээд эхэлсэн. Цаашид улам эрчимжих зураг харагдаж байгаа. Товчхондоо төслүүд байна гэдэг нь бидэнд боломж байна гэсэн үг.
Төслийг мэргэжлийн түвшинд хэрхэн зөв гүйцэтгэх тал дээр сүүлийн хагас зуун жилд хүн төрөлхтний цуглуулсан туршлагад үндэслээд гаргачихсан стандартууд бий.
Төслүүдээ амжилттай хэрэгжүүлэхийн тулд дэлхийн улс гүрнүүдийн алхаж яваа замаар алхмаар байна. Олон улсын Төслийн удирдлагын “PMBOK” стандартыг дэлхийн тэргүүлэх хоёр эдийн засаг болох АНУ, БНХАУ Засгийн газрынхаа төсвийн хөрөнгө оруулалтын төслүүдийг хэрэгжүүлэхэд ашиглаад эхэлчихсэн. Төсвийн мөнгө уйлдаггүй гэсэн хандлага, үзэгдэл тэдэнд нийтлэг байсан учраас ийм шийдэлд хүрсэн юм. Ер нь манай бүс нутагт төсвийн мөнгө уйлдаггүй гэх үзэгдэл, хандлага нийтлэг л дээ. Төслийн менежментийн олон улсын институт (PMI) судалгаа хийгээд Ази номхон далайн бүс нутагт нэг тэрбум ам.доллар төсөлд зарцуулах болгонд 112 сая ам.долларын үргүй зардал гардаг гэсэн тооцоо гаргасныг энэ дашрамд онцолъё. Бас нэг сонирхолтой тоог тэд хэлж байна. Тэдний тооцоолж байгаагаар 2027 он гэхэд дэлхий даяар 88 сая хүн төслийн удирдлагын ямар нэгэн ажил эрхлэх нь.
Төслийн удирдлага гэж юу вэ?
Төслийн менежментийн олон улсын институтийн Монгол дахь салбарын ерөнхийлөгч М.Болд төслийн менежментийг загас барих арга ухаантай жишсэн нь оносон зүйрлэл шиг санагддаг. Загас өгвөл тухайн хүний нэг өдрийн л өлийг залгана, харин загас барих аргыг нь заагаад өгчихвөл насан туршийнх нь хоолыг шийдэж өгсөнтэй ялгаагүй гэж ярьдаг. Цааснаас хэтэрдэггүй ТЭЦ V-ын, Алтанбулаг, Замын-Үүдийг холбосон олон улсын хурдны авто замын, эхлүүлсэн хэрнээ дуусч өгдөггүй Дарханы зам гээд яривал төсөл тойрсон олон асуудал Монголд байгаа. Улсын, хувийн хэвшлийн ялгаагүй ямар ч төсөлд сая хэлсэн алдаа, асуудал их анзаарагддаг. Энэ бүхнийг шийдэх гол гарц нь дэлхийн хэмжээнд ажиллах чадвартай төслийн удирдагчдыг олноор нь бэлдэх. Хятад, Японы компани зам, гүүр барихаар чанарын өндөр түвшинд цаг хугацаанд нь гялалзуулчихдаг, гэтэл бид эсрэгээрээ байдгийн цаад шалтгаан нь ерөөсөө л төсөл удирдаж байгаа хандлагатай холбоотой. Өнгөц харахад бид хөгжиж яваа юм шиг хэр нь төслүүдээ дэлхийн шинэ дүрмийн дагуу урагшлуулж яваа улс гүрний хөгжил жаахан дэгсдүүлж хэлэхэд минут секундээр цойлж байна. Давтаж хэлэхэд энэ хурдыг гүйцэх, тэр хурдтай өрсөлдөх ганц арга нь төслийн чадварлаг удирдагчидтай болох.
Төслийн чадварлаг удирдагчдыг бэлдэх боломж байна уу?
Мэдээж бий. Төслүүдээ амжилттай хэрэгжүүлэхийн тулд бусад улсын алхаж яваа замаар алхах хэрэгтэй. Төслүүдийг амжилттай хэрэгжүүлэх жор нь нэгэнт бэлэн болчихсон. Олон улсын төслийн удирдлагын институтээс гаргасан гарын авлагууд бий. Төслийг мэргэжлийн түвшинд хэрхэн зөв гүйцэтгэх тал дээр сүүлийн хагас зуун жилд хүн төрөлхтний цуглуулсан туршлага дээр үндэслээд гаргачихсан стандартууд байна. Олон улсын стандартын байгууллагаас ISO21500 гэсэн стандартыг боловсруулчихсан байх жишээний. Энэ стандартыг гэхэд л манай улсын стандартын байгууллага мөрдөх ёстой гээд хүлээн зөвшөөрчихсөн. Монголын хувьд залуусаа яг энэ стандартаар бэлдэх өндөр эрэлт бий. Бидний хувьд энэ эрэлтийг мэдэрч Олон улсын Төслийн удирдлагын PMBOK стандартыг улс даяар албан ёсоор нэвтрүүлэх, төслийн мэргэшсэн удирдагчдыг дотооддоо сургаж бэлтгэх замаар улсынхаа өрсөлдөх чадварыг дээшлүүлэхээр зорьж байна.
Зах зээлийн зарчмаар төслүүд нь хэрэгжиж, эдийн засаг нь томорсон улсуудын өнгөрсөн түүхийг сөхөөд харахаар ийм зарчмаар л урагшилсан байдаг. Бүр тодруулж хэлбэл мэргэжлийн байгууллагууд нь тодорхой стандарт бий болгож, тэр стандартыг нь Засгийн газрууд нь төсөл хэрэгжүүлэхдээ авч мөрддөг. Яг энэ стандартаар хэрэгжсэн төслүүд хэдэн зуун сая, бүр хэдэн тэрбум ам.долларын хэмнэлт гаргасан байдаг юм.
Амжилттай төслүүд яаж хэрэгждэг вэ?
Амжилттай яваа төслүүдийн гол нууц нь ерөөсөө л ямар ч ажлыг олон улсад өрсөлдөхүйц түвшинд хийж гүйцэтгэх. Бүр тодруулж хэлбэл олон улсын төслийн удирдлагын арга барилыг эзэмшиж яг тэр дагуу нь ажиллаж чадвал Монгол дэлхийд өрнөж буй өрсөлдөөний тоглогчдын нэг болно. Аливаа төслийг хэрэгжүүлэхэд санаачлагаа гаргах, төлөвлөх, хэрэгжүүлэх, гүйцэтгэлдээ хяналт тавих, төслөө амжилттай хаах гэсэн таван үе шатыг дамждаг.
Энэ таван үе шаттай зайлшгүй харгалзан үзэх ёстой наад захын арван үндсэн хүчин зүйл гэж бий. Төслийг удирдах, өөрчлөлтийг удирдах гэх мэт төлөвлөгөөнүүдээ өөр хооронд нь уялдуулж гаргах, төслийнхөө цар хүрээнээс хальж хадуурахгүйгээр ажлаа гүйцэтгэх, хугацаа, зардал, харилцаа холбоогоо удирдаж сурах гээд жагсаавал хүчин зүйл бүр яг таг мөрдөх дэс дараалалтай. Яг ном ёсоор нь, дэс дарааллыг нь мөрдөж ажиллахгүй бол хэчнээн ашигтай төсөл ч буруугаар эргэдэг. Ийм чадварыг эзэмшсэн чадварлаг төслийн удирдагчдыг олноор нь бэлдэж, Засгийн газраас энэ чигт онцгойлж анхаарвал эдийн засгаа тэлэх төслүүдийг амжилттай хэрэгжүүлэх боломжтой.
Засгийн газрын манлайлал
Өнөөдөр Засгийн газар, орон нутгийн захиргаа, хувийн хэвшлийн компаниуд дангаараа болон олон улсын хөгжлийн агентлагийн тусламжтайгаар олон зуун төсөл хэрэгжүүлж байгаа. Хувийн хэвшлийнхэн боломж бололцоогоороо төслүүдээ стандартын дагуу амжилттай хэрэгжүүлж яваа, цаашид ч улам чамбайрч, дэлхийтэй хөл нийлүүлээд урагшлах нь тодорхой.
Гэхдээ эдийн засагт жин дарахаар нөлөө үзүүлэх дэд бүтцийн гэх мэт ихэнх том төсөл Засгийн газрын оролцоо, иргэд, компаниудын татвараас бүрдсэн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгждэг. Засгийн оролцоотой төслүүдийн ихэнх нь цаг хугацаандаа багтдаггүй, үр ашиг сул, чанар муу гэсэн асуудал дагуулдаг нь олон жилийн туршлага, гүйцэтгэлээс тодорхой харагддаг. Энэ бүх асуудал төслийн удирдлагаар мэргэшсэн хүний нөөц, төслийн удирдлагын институционал бүтэц хангалтгүй гэсэн том шалтгаантай.
Эдийн засагт жин дарахаар нөлөө үзүүлэх дэд бүтцийн гэх мэт ихэнх том төсөл Засгийн газрын оролцоо, иргэд, компаниудын татвараас бүрдсэн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгждэг учраас төрийн манлайлал зайлшгүй хэрэгтэй.
Бид өнөөхөндөө төслийн мэргэшсэн удирдагчдыг ихэнхдээ гадаадаас урьж ажиллуулж байгаа. Ийм шалтгаанаар төсөлд зарцуулдаг мөнгөний багагүй хувь нь гадны мэргэжилтний цалин, зардалд урсдаг. Засгийн оролцоотой хэрэгждэг төслүүдээс салдаггүй нэг том зовлон бол хээл хахууль. Төсвийн хөрөнгө оруулалт, олон улсаас зээл авч байж хэрэгжүүлдэг том төслүүд дээр эрх мэдлээ ашиглаж амин хувьдаа ашиг унагах үзэгдэл түгээмэл дурдагддаг. Авлига, ашиг унагах үзэгдлээс болж төслийн удирдлагын стандартыг улс даяар нэвтрүүлэх үйл явц удааширч байгаа. Олон улсын төслийн удирдлагын стандартыг мөрдөөд эхэлчихвэл Монгол Улс авлигаас сална, эрх мэдэлдээ дулдуйдаж төслөөс мөнгө “иддэг” байдал арилна. Засгийн газар төслийн удирдлагын стандартад онцгойлж анхаарах ёстой гээд байгаагийн цаад шалтгаанууд гэвэл энэ л дээ. Засгийн газар ийм алхам хийхгүй бол Монгол Улс мөддөө “Дарханы зам”-уудаас салахгүй. Улстөрч байх нэг хэрэг, төсөл удирдах өөр хэрэг гэдгийг нотолсон өөр өчнөөн төслүүд “Дарханы зам” шиг асуудалд тээг болсоор яваа.
Стандартгүй Монгол?
“За миний дүү тэр стандарт энэ тэр ЯАХАВ ДЭЭ, Монголд зохихгүй, тэгж байгаад болно доо” гэдэг хандлагтай хүмүүс түгээмэл бий. Сүүлийн арван жил эх орондоо эрчим хүч, санхүү, үйлдвэрийн хэд хэдэн төсөл удирдаж гүйцэтгэсний хувьд ийм хүмүүстэй байнга тулж ажилладаг. Монгол Улс төслийн удирдлагын стандартаараа дэлхийгээс хол тасарсныг цөөн тоогоор нотолъё. Олон улсын төслийн удирдлагын институтийн Монгол дахь салбар гэж бий. Тэд төслийн удирдлагын талаар мэдлэг түгээж, сургалт явуулдаг ч эрэлт хэрэгцээг бүрэн хангаж чадахгүй яваа. Бүс нутгийн улсуудтайгаа харьцуулаад харъя. Төслийн нэг мэргэшсэн удирдагчид ногдож буй хүн ам БНХАУ-д 4.5 мянга, Японд 3.3 мянга, Өмнөд Солонгост 4.5 мянга, Хонконгод 1.1 мянга, Тайванд 2.1 мянгаар яригддаг бол Монголд 67.8 мянга. Дэлхийгээс ямар хол хоцорсноо энэ харьцуулалтаас харчихаж болно.
Улс төрийн харилцааны эрчтэй өрнөл, технологийн хувьсгал, байгаль цаг уурын нөлөөллөөс болж дэлхийн эдийн засаг огцом, хурдтай өөрчлөгдөж байгаа тухай нийтлэлийн эхэнд онцолсон. Жирийн иргэд, хувийн хэвшлийн компаниуд, улс гүрнүүд өмнөө тавьсан зорилгоо хамтын төсөл гэж харж байна. Товчхондоо хүн төрөлхтөн өндөр ур чадвартай төслийн мэргэшсэн удирдагчдын тусламжтайгаар урагшилна гэдгээ хүлээн зөвшөөрчихлөө. Энэ өөрчлөлтийг “Төслийн эдийн засгийн эрин үе” гэж нэрлэж байна.