УИХ-ын чуулганаар 2022 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэж байгаа. Чуулганы үеэр Сангийн сайд Б.Жавхлан УИХ-ын гишүүн Ж.Батжаргалын тавьсан тээвэр, логистикийн салбарын бодлогын тухай асуултад хариулахдаа Монголд гадаадын үйлдвэрүүд яагаад орж ирдэггүйг ингэж тайлбарлав.
Тээвэрлэлт, хилийн нэвтрэн өнгөрүүлэх чадвар сул байдгаас болж бид хүнд цохилтууд авдаг. Цаашдаа Замын Үүд хэдэн удаа хаагдахыг хэн ч хэлж мэдэхгүй.
Хэдийгээр манай улс ХАА-н орон гэгддэг ч эдийн засгийн гол сектор маань гадаад худалдаан дээр тогтдог. Ялангуяа уул уурхайн түүхий эдийн экспортод түшиглэсэн гадаад худалдаа тэлсээр ирсэн. Гэтэл хилийн цаахан талд маш том эрэлт байдаг ч бид түүхий эдээ хүссэнээрээ гаргаж чадахгүй, заримдаа бүр зогсчихдог, маш их боломжийг алдаж байна. Тиймээс боомтуудын нэвтрэх өнгөрүүлэх чадварыг нэмэх арга хэмжээнүүдийг эрчимтэй хэрэгжүүлэх ёстой. Гааль ямар ч хүнд сурталгүй байх ёстой.
Манай улс хилийн нэвтрэн өнгөрүүлэх хурдаар 180 улсаас 150-д байгаа. Гадаад худалдааны эдийн засагтай улс орны хувьд ичмээр тоо. Энэнээс болоод бүтээмж, инноваци бий болгодог гадаадын хөрөнгө оруулалт бүхий үйлдвэрүүд орж ирэхгүй байна. Эрсдэл даах өндөр чадвартай гэдгээр нь уул уурхайг сонгодог. Монголд чипний үйлдвэр байгуулъя гэвэл зэсийн түүхий эд нь дэргэдээ байна. Гэтэл манайд тийм үйлдвэрийн цахилгаан, дулааны хэрэгцээг хангах дэд бүтэц нь байхгүй, хилийн нэвтрэн өнгөрүүлэх хурд, тээвэр логистикийн сүлжээ нь шаардлага хангадаггүй.