Төрийн ордон, яамдуудын гадуур эгнээстэй байх том хар машинуудыг харах бүртээ “Бидний татварын мөнгийг даанч дээ” гэсэн бодол төрдөг. Олон улсад төрийн захиргааны албан хаагчдын автомашины хэрэгцээг хувийн компаниудтай, ялангуяа такси компаниудтай гэрээ хийх байдлаар хангадаг жишиг бий. Энэ нь нэгдүгээрт төсвийн зардлыг хэмнэх, хоёрдугаарт төр-хувийн хэвшлийн түншлэлийн зарчмаар хувийн хэвшлээ дэмжих арга болдог. Монгол Улсын хувьд дарга нарын машины зардалд олон тэрбум төгрөг жил бүр зарлагаддаг хэвээр байна.
Төрийн албаны автомашин ашиглалтын нэмэлт зардал ихэссэнийг Сангийн сайд хүлээн зөвшөөрч, хэмнэлтийн горимд шилжинэ гэж мэдэгдсэн. 2021 онд төр засгийн үйлчилгээний авто баазын хэрэгцээнд нийт 3.1 тэрбум төгрөгийн зардал гарчээ. Өнөөдөр төрийн захиргааны албанд нийт 346 автомашин хэрэглэж байгаа. Эдгээрээс 199 авто машины шатахуун, сэлбэг, тос, дулаан зогсоол болон бусад зардалд нийт 1.7 тэрбум төгрөг зарцуулсан дүн гарсан байна. Тиймээс шаардлагатай тээврийн хэрэгслийн үйлчилгээг хувийн хэвшлээс түрээслэх болон энэ талын үйлчилгээг худалдан авах, такси хэлбэрээр үйлчлүүлэх боломжтой гэсэн хувилбар яригдаж байгаа. Гэхдээ 2022 оны төсвийн хүрээнд цагдаа, онцгой, түргэн тусламж гэх мэт тусгай чиг үүргээс бусад төрийн байгууллага шинээр машин худалдаж авахгүй гэж заасан ч одоо байгаа Засгийн газрын автопаркийн үйлчилгээний урсгал зардлыг хэмнэх, хувийн хэвшилд шилжүүлэх талаар тусгаагүй.
Ирэх оны төсөвт бас л гурван тэрбум гаруй төгрөгийг төр засгийн үйлчилгээний авто баазын хэрэгцээнд зарцуулахаар тусгажээ. Энэ нь шатахуун тос, засвар үйлчилгээ, зогсоол, жолоочийн орон тоо, цалин, даатгал, татвар гэх мэт зардлууд юм. Тиймээс Үндэсний аудитын газраас 2022 оны төсөвт хийсэн аудитын үр дүнд төрийн захиргааны байгууллагуудын автомашины хэрэглээг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлж, төсвийн үр ашгийг нэмэгдүүлэх хэрэгтэй гэсэн дүгнэлт хийжээ.
Засгийн газар 2022 оны төсвөөр 8 чухал зорилт дэвшүүлсний нэг нь төр-хувийн хэвшлийн түншлэлийг дэмжих тухай юм. Тодруулбал, хувийн хэвшил гүйцэтгэх боломжтой чиг үүргийн бараа, ажил, үйлчилгээг төр худалдан авдаг байх. Гэвч дарга нар автомашины урсгал зардлаас татгалзахгүй байгааг харахад энэ амлалтаа бүрэн биелүүлэхгүй гэсэн дүгнэлт хийхээр байна.
Засгийн газраас 2015 онд баталсан 184 дугаартай тогтоол бий. Уг тогтоолоор албан тушаалын болон албан ажлын шугамаар суудлын авто машин хэрэглэх эрхтэй албан тушаалтнуудын жагсаалтыг баталжээ. Энд сайдуудаас эхлээд нийт 38 төрлийн албан тушаалтан бий. Үндэсний аудитын газрын дүгнэлт ч энэ тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулахыг зөвлөж байгаа юм.
Албан тушаалын суудлын автомашин хэрэглэх эрх бүхий албан тушаалтан
- Засгийн газрын гишүүн
- Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч
- Үндсэн хуулийн цэцийн дарга
- Улсын ерөнхий прокурор
- Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга
- Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга
- Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд дарга
- Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга
- Ерөнхий аудитор
- Монголбанкны ерөнхийлөгч
- Санхүүгийн зохицуулах хорооны дарга
- Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга
- Хүний эрхийн үндэсний комиссын дарга
- Сонгуулийн ерөнхий хорооны дарга
- Үндэсний статистикийн хорооны дарга
- Төрийн албаны зөвлөлийн дарга
- Авлигатай тэмцэх газрын дарга, дэд дарга
- Аймаг, нийслэлийн Засаг дарга
Албан ажлын суудлын автомашин хэрэглэх эрх бүхий албан тушаалтан
- Дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга
- Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга, газрын дарга
- Ерөнхийлөгчийн зөвлөх
- Ерөнхий сайдын зөвлөх
- Улсын Их Хурлын даргын зөвлөх
- Засгийн газрын агентлагийн дарга
- Төрийн тусгай хамгаалалтын газрын дарга
- Улсын дээд шүүхийн танхимын тэргүүн шүүгч
- Үндсэн хуулийн цэцийн орон тооны гишүүн
- Улсын Их Хурлын Тамгын газрын нарийн бичгийн дарга
- Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн, гүйцэтгэх нарийн бичгийн дарга
- Улсын Ерөнхий прокурорын орлогч
- Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч
- Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүн
- Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн
- Сонгуулийн ерөнхий хорооны нарийн бичгийн дарга
- Үндэсний статистикийн хорооны дэд дарга
- Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүн
- Үндэсний аудитын газрын дэд дарга
- Аймаг, нийслэлийн Засаг даргын орлогч