Капиталимзын үүсэл бол хот суурингийн үүсэл, газар тариалангийн үүсэлтэй салшгүй холбоотой. Томоохон газар эзэмшигч феодал ноёдын эзэмшлийн газарт тариачид газар түрээслэн газар тариалан эрхэлж эхэлсэн нь хот суурин, хүмүүсийн бөөгнөрөл үүсэх эхлэл болжээ. Ингэснээр таваарын солилцоо эрчимжиж хувийн болон нийгмийн баялгийг нэмэгдүүлэх нийгэм-эдийн засгийн харилцаа үүсэх боломжтой болжээ.
XVI-XVIII зууны хооронд Голланд, Их Британи тэргүүтэй Европын колончлолын үед бараа таваар болон хүний шилжилт хөдөлгөөн дэлхий даяар эрчимтэй нэмэгдсэн ба энэ үеийн капитализмыг “колончлолын капитализм” гэдэг.
XVIII зууны дунд болон сүүл үеэс Англид хүний булчингаар бус механикаар үйлдвэрлэл явуулах боломжтой болсноор аж үйлдвэрийн хувьсгал гарч, их хэмжээгээр үйлдвэрлэл явуулах чадвартай үйлдвэрүүд бий болсон боловч хүний гар бие оролцсон хөдөлмөр гол хөдөлгөгч хүч хэвээр байжээ. Үйлдвэрийн болон үйлдвэрлэлийн гол хөдөлгөгч хүчний нэг хүний хөдөлмөрийг мөлжин, аль болох бага өртгөөр ихээхэн хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэж, олсон их ашгийг тэнцүү бус, цөөхөн хэдхэн үйлдвэрийн эзэд болон капиталистууд эзэмшиж байсан нь энэ үеийн капитализмын онцлох шинж учир зэрлэг аж үйлдвэрийн капитилзмын үе ч гэж нэрлэдэг.
Хүн зөвхөн өөрийн хар амиа л боддог юм уу? Эсвэл нийгмийн сайн сайхны төлөө бас байж чаддаг уу? Аль эсвэл энэ хоёрын хооронд холилдож байдаг юм уу гэх асуултууд капитализм үүсэхээс ч өмнө тавигдаж байсан философийн асуултууд аж.
Томас Хоббс “Левиафан” номдоо хүнийг хөдөлгөгч томоохон байгалийн хүч бол түүний хувийн ашиг сонирхол, шунал гэжээ. Энэхүү онол нь Адам Смитийн “хүний эдийн засгийн ашиг сонирхолыг хэн ч хязгаарлах ёсгүй” гэсэн онолын эхлэл болсон хэдий ч зоосны зөвхөн нэг л тал нь байв.
Капитализм бусад системтэй харьцуулахад илүү их баялаг, өсөлт, хөгжлийг авчирсан ч сүүлийн жилүүдэд эерэг талыг нь сохроор магтахаас илүү сөрөг талыг мөн дэлгэх хандлага дэлхий даяар нэмэгдэж байна.
Адам Смит “The Theory of Moral Sentiments” номдоо хэзээ ч хүмүүсийг хөдөлгөгч хүч нь “зөвхөн” хувийн ашиг сонирхол байдаг гэж хэлээгүй. Хувиа хичээх, хувийн ашиг сонирхлоо нэмэгдүүлэх нь мэдээж хамгийн хүчтэй байгалийн өгөгдөл ч гэлээ хүн өөрөө бас нийгмийн нэг бүрэлдэхүүн учир ёс суртахуунтай байх (шударга байх, бусдад энэрэнгүй хандах г.м) нь бас л байгалиас заяасан гэжээ.
Адам Смитийн бүтэн онолын нэг тал болох хувиа хичээх онолд суурилсан капитализм бусад системүүдтэй харьцуулахад илүү их баялаг, ажлын байр, инноваци, өсөлт, хөгжлийг авчирсан нь маргаангүй үнэн боловч сүүлийн жилүүдэд түүний эерэг талыг хар сохроор магтахаас илүү сөрөг талыг бас дэлгэж тавих хандлага дэлхий даяар нэмэгдэж байна.
2008 оны дэлхийн санхүүгийн хямралаас хойш Дэлхийн эдийн засгийн форумын голлох сэдвүүдийн нэг нь капитализм ба түүний ирээдүйн чиг хандлага болсон.
2019 оны Дэлхийн эдийн засгийн форумын нэг онцлох үйл явдал нь шинэ “Давос Манифесто” нэртэй баримт бичиг байсан. Энэ баримт бичиг товчхондоо хувийн эрх ашгийг хэт дөвийлгөсөн капитализм нь хөрөнгийн болон орлогын ялгаа, хөрөнгө хуваарилалтын ялгаа зэрэг нийгэм, улс төрийн олон сөрөг үр дагаврыг үүсгээд зогсохгүй, байгалв орчин, эрүүл мэндэд ихээхэн хохирол учруулж байгаа ба энэ нь эргээд нийгэм-эдийн засгийн зардлыг маш ихээр нэмэгдүүлж байгаа тухай онцолжээ.
Авлигажсан капитализм баян ядуугийн ялгаанаас үүдсэн талцал, дайсагналцлыг бий болгож, нийгэм эдийн засгийг үндсээр нь ганхуулж буй.
Харин ХХ зууны капитализмын чиг хандлагыг тодорхойлсон эсээг Милтон Фрийдман Нью-Йорк Таймст хэвлүүлсэн байдаг. Энэ жил тус эсээ нийтлэгдсэний 50 жилийн ой тохиосон ба өдийг хүртэл бизнес болон улс төрийнхний хүрээнд халуун мэтгэлцээний сэдэв хэвээрээ байгаа тухай Нью-Йорк Таймс бахархан бичсэн нийтлэл энэ есдүгээр сард гарч билээ.
Компанийн оршин буй цор ганц зорилго нь хувьцаа эзэмшигчдийхээ ашиг орлогыг нэмэгдүүлэх юм гэсэн түүний эсээний гол санаа нь хожим Shareholder Primacy гэгдэх ойлголтыг үндэслэжээ. (Shareholder primacy-г бас өөрөөр Crony Capitalism эсвэл Shareholder Capitalism гэж ч нэрлэдэг) Цөөн хэдхэн хүний өнөө маршаагийн эрх ашгийг урьтал болгосноороо авлигажсан капитализм нь өмнөх үеийн капиталимзуудаас ялгарах зүйл бараг байсангүй.
“Inclusive Capitalism” хөдөлгөөний үүсгэн байгуулагч Линн Форестер де Ротшильд хэлэхдээ, “Милтон Фрийдманы эсээнээс улбаатай влигажсан капитализмын хортой нөлөө нь хаанаа байна вэ гэвэл компанийн захирлуудын зорилт нь аль болох богино хугацаанд их мөнгө олохыг бүхнээс урьтал болгосноор ажилчдын аюулгүй байдал болон боловсрол, тэдний өсөлт хөгжил, цаашлаад байгаль хамгаалал, судалгаа хөгжүүлэлт, нийлүүлэлтийн сүлжээ зэрэг урт хугацаанд ач холбогдол өндөр асуудлууд хойш тавигдах болсон. Эдгээр асуудал цааш даамжирсаар нийгэмд баян ядуугийн ялгааг ихэсгэж, баялгийн эзэмшлийн хувь хэт цөөнхөд төвлөрсөнөөс нийгэм, эдийн засаг болон улстөрийн тогтворгүй байдал газар авч буй зэрэг олон сөрөг үр дагаврыг бий болгож байна” гэжээ.
Капитализм нь бусад системтэй харьцуулахад илүү их баялаг, ажлын байр, инноваци, өсөлт хөгжлийг авчирсан нь маргаангүй үнэн. Гэвч влигажсан капитализм нь нийгэмд илүү орлогын ялгаа, баян ядуугийн зааг, түүнээс үүдсэн талцал, дайсагналцлыг бий болгож байгаа ба энэ нь бидний нийгэм эдийн засгийг үндсээр нь ганхуулж байгаа нь бас маргашгүй үнэн юм гэж Линн Форестер де Ротшильд онцолжээ.
Капитализм яг хаашаа явж байна вэ? Өнөөдрийн энэ хэвээрээ байх уу?
Өнөөдөр дэлхий дахинд капитализм нь колончлолын капитализм, аж үйлдвэрийн капитализм (зэрлэг), авлигажсан капитализмаас хүн, байгаль эх дэлхий болон алс ирээдүйгээ бодсон Stakeholder Capitalism, Inclusive Capitalism болон капиталын үйлдвэрлэлээс нэг ч хүн хоцрох ёсгүй гэсэн зарчимтай тэгш эрхт капитализм (Egalitarian Capitalism) руу шилжиж байна.
Тэгш эрхт капитализмыг анх санаачилж хөгжүүлсэн орон бол Герман бөгөөд өнөөдөр энэ загварыг Герман болон Скандинавын орнууд хамгийн сайн хэрэгжүүлж байна.
Тэгш эрхт капитализм нь анх санаачилж үүсгэн байгуулсан хувь хүн, албан байгууллага, хуулийн этгээд нь компанийнхаа тодорхой хувийг хөрөнгийн бирж дээр арилжаалж, нийтийн хүртээл болгохоос гадна компанийнхаа бүх ажилтнуудад хувьцаа эзэмшүүлэн (тэтгэвэрийн сангаар дамжуулан), ардчиллын амин сүнс болох эдийн засгийн эрх чөлөөг баталгаажуулдаг онцлогтой.
Тэгш эрхт капитализмыг нийтийн өмчит компани, нийтийн томоохон тэтгэвэрийн сангуудыг үүсгэн байгуулах замаар хамтын зах зээл үүсгэж, хөгжүүлж ирсэн ба нэг ч хүн капиталын үйлдвэрлэл болон хуваарилалтын гадна үлдэж болохгүй гэсэн зарчим дээр суурилдаг аж.
Дэлхий даяар олон сая залуучууд нийгэм-эдийн засаг дах тэгш бус байдал, байгаль орчны сүйтгэл, ёс суртахууны доройтол, улстөрчид болон зарим компанийн богино хугацааны ашгаа харсан харалган байдал зэргээс үүдэн өөрийн болон хүн төрөлхтөний ирээдүйд итгэлгүй болж буй тухай олон судалгаанууд бий.
Цөөнхийн ашиг сонирхлыг төлөөлсөн харалган капитализм хүн төрөлхтөний хөгжлийг гацаах болохоос шийдэл болж чадахгүй нь нэгэнт тодорхой болсон өнөө цагт нэг ч хүн капиталын үйлдвэрлэлийн гадна хоцрохгүй хүнлэг, тэгш эрхт тогтолцоо, эх дэлхий, алс ирээдүйгээ бодсон шинэ үеийн тогтолцоог бүрдүүлэхийг цаг үе шаардаад эхэлчихлээ.