БНХАУ нь 2000 онд “Go Global” бодлогоо зарлаж Дэлхийн худалдааны байгууллагад элсэж, 2013 онд “Нэг бүс, Нэг зам” хөтөлбөрөө зарлан гадаадын хөрөнгө оруулагчдад үүд хаалгаа бүр том дэлгэсэн. Үүнтэй холбогдуулан олон тооны хөрөнгө оруулагч, түүн дундаа Монгол Улсын хөрөнгө оруулагчид тус улсын зах зээлд нэвтрэх, өөрийнхөө бараа бүтээгдэхүүнийг борлуулах, компаниа байгуулж тус улсаар дамжин дэлхийтэй холбогдох сонирхол ихээр өсөн нэмэгдсэн.
БНХАУ-ын Төрийн зөвлөлөөс 2019 онд “Бизнесийн орчинг сайжруулах тухай” 722 тоот тогтоолыг баталж, тус тогтоолоор хууль дээдэлсэн, чөлөөт өрсөлдөөнийг дэмжиж, төрийн дарамт, хүнд суртлыг багасгах, гадаад дотоодын хөрөнгө оруулагч нарт ижил нөхцөл олгохоо амлаж холбогдох хуулиудаараа бататгахын сацуу XIV таван жилийн төлөвлөгөөндөө оруулсан байна. Тус улс нь XIV таван жилийн төлөвлөгөөгөө 2021 оны гуравдугаар сард баталсан бөгөөд энэхүү таван жилийн хугацаанд илүү нээлттэй зах зээлийн бодлого барьж, бүс нутгаа хөгжүүлэхийн сацуу ард иргэдийнхээ амьдралын чанарыг дээшлүүлэх, эко орчин бүрдүүлэх, стандартыг сайжруулах, инновацид суурилсан хөгжилд илүү анхаарч ажиллахаа зарлаад байгаа билээ. Түүнчлэн тус төлөвлөгөөнд “Нэг бүс, Нэг зам” санаачилгатай холбоотой хөгжлийн урсгалыг эх газрын гүн рүү чиглүүлж, баруун, баруун урд, зүүн хойд бүсэд эрчим хүчний бааз байгуулах, дэд бүтцийн гол замыг далайн эргээс хуурай газрын хил хүртэл холбох, хилийн боомтуудын бүтээн байгуулалтыг сайжруулах зэргээр тусгасан нь 41 жилийн өмнө далайн эргийн дагуух хотуудаа нээлттэй хөгжүүлж эхэлсэн хөгжлийн загвараа эх газрын гүнрүү аажмаар тэлж эхлээд байна.
Хятадад ААНОАТ 25 хувь боловч зарим чөлөөт бүс эсвэл хөрөнгө оруулалтыг дэмжих салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжид 15 хувь хүртэл татварын хөнгөлөлт үзүүлдэг.
Хятадын хөрөнгө оруулалт, бизнесийн эрх зүйн орчин энэхүү ойрын тав, арван жилийн хугацаанд урьд хожид байгаагүйгээр таатай байгааг Дэлхийн банкны тайлан баталгаажуулж 2020 оны тайланд Гадаадын хөрөнгө оруулалтын эрх зүйн орчноороо өмнөх жилээс 14 байраар огцом үсэрч 31 дүгээр байранд орсон байна.
Гадаадын хөрөнгө оруулалтын эрх зүйн орчин
Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн их хурлын II чуулганаар 2019 оны гуравдугаар сарын 15-ны өдөр Гадаадын хөрөнгө оруулалтын тухай шинэ хуулийн төслийг хэлэлцэн баталж, 2020 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн. Тус хууль нь хуучин үйлчилж байсан Гадаадын хөрөнгө оруулалтын гурван хуулийг (the Law on Sino-Foreign Equity Joint Ventures, the Law on Wholly Foreign-Owned Enterprises, and the Law on Sino-Foreign Cooperative Joint Ventures) нэгтгэж нэг хууль болгосон бөгөөд тус хуулийн талаар Хятадын Худалдааны яамны албан ёсны төлөөлөгч Гао Фэний “Шинэ хууль нь гадаадын хөрөнгө оруулагчдад дэлхийн хамгийн шилдэг нөхцөлийг бүрдүүлэх боломж олгохуйц болно” гэж онцолсон. Хууль нь нийт 6 бүлэг 42 зүйлтэй, БНХАУ-ын нутаг дэвсгэр дээр шууд болон шууд бусаар гадаадын иргэн, хуулийн этгээдийн байгуулсан хуулийн этгээдэд үйлчилнэ.
Хуулийн гол шинэчлэлүүд
- Өмнө нь хүчин төгөлдөр үйлчилж байсан гурван хуулийг нэгтгэж нэг болгосон нь илүү ойлгомжтой болгосноос гадна гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуй нэгж нь Компанийн тухай хууль болон Нөхөрлөлийн тухай хуулийн шаардлагын дагуу засаглалаа шинэчлэх шаардлагатай болсон нь хятад компанийн соёлыг хөрөнгө оруулагч нарт илүү ойлгомжтой болгож өгч байна.
- Тус хуулийн дагуу “pre-establishment national treatment” plus “negative list management” гэсэн бодлого хэрэгжиж эхлэхээр болсон байна. “National treatment” бодлого нь манай хөрөнгө оруулалтын хуульд байх үндэсний хөрөнгө оруулагчаас дор нөхцөл олгохгүй гэсэн ойлголт бол “negative list management” нь зарим салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг төрийн зөвшөөрлийн үндсэн дээр оруулахаар болсон байна. Хязгаарлалттай салбарын жагсаалтыг 2019 онд шинэчилж нийт 40 чиглэлийг хамруулсан нь өмнөх 2015 онд 93, 2017 онд 63 байсан бол 2018 онд 48 байснаас багасжээ.
- Төрийн зүгээс хязгаарлалттай салбараа жагсаасан Negative list-ийн адил Гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих салбарын жагсаалтыг 2019 онд шинэчлэн баталсан. Тус хөрөнгө оруулалтыг дэмжих салбарын жагсаалт нь 415 нэр бүхий салбарыг багтаасан үндэсний хэмжээний, төв, баруун, зүүн хойд бүсийн 22 мужид зориулан гаргасан 693 нэр бүхий салбарыг багтаасан бүс нутгийн гэсэн хоёр төрөлтэй байна. Тухайн хөрөнгө оруулалтыг дэмжих салбарт багтсан салбарт үйл ажиллагаа явуулбал тодорхой хэмжээний татвар урамшууллын бодлогыг төрийн зүгээс хэрэгжүүлэхээр амласан.
- Гадаадын хөрөнгө оруулалтын хуульд гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих, хамгаалах гэсэн тусгай бүлэг орж гадаадын хөрөнгө оруулагч нарт аль болох таатай, аюулгүй нөхцөл олгохыг эрмэлзсэн төдийгүй төрийн зүгээс технологи дамжуулах, хамтрах шаардлага тавихгүй, оюуны өмчийг хамгаалахаар заасан.
- Төрийн албан хаагчдын зүгээс гадаадын хөрөнгө оруулагчдын худалдааны нууцыг хамгаалах, бусдад задруулахаас татгалзах эрхийг олгосон төдийгүй төрийн албан хаагч нь өөрийн эрхээ хэтрүүлсэн, албан тушаалаа урвуулан ашиглаж хөрөнгө оруулагчийн худалдааны нууцыг хууль бусдад задруулсан, хувьдаа ашигласан бол хуулийн дагуу хариуцлага хүлээлгэхийн сацуу тус үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан байна.
- Төрийн зүгээс гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуй нэгжийн гомдлыг шуурхай авч хэлэлцэх тусгай тогтолцоо бий болгоно хэмээн заасан.
- Хэдийгээр Гадаадын хөрөнгө оруулалтын хуульд нэн таатай нөхцөл олон заалтаар олгогдсон боловч Үндэсний аюулгүй байдал болон монополийн эсрэг хяналтыг хатуу хийх, тус үйл ажиллагаатай холбоотой гарсан шийдвэр эцсийнх бөгөөд давж заалдах боломжгүй гэж хатуу заасан төдийгүй аливаа улс, бүс нутгийн зүгээс БНХАУ-ын эсрэг аливаа хэлбэрийн хориг арга хэмжээ, хязгаарлалт тавивал тус арга хэмжээтэй ижил төрлийн арга хэмжээг тус улс, бүс нутгийн эсрэг БНХАУ-ын зүгээс авч хэрэгжүүлэх болно гэж товч тодорхой заасан байна.
Тус гадаадын хөрөнгө оруулалтын хуулийг яаралтай баталсан нь олон улс орнууд, түүнчлэн олон улсын байгууллагуудын зүгээс БНХАУ-ыг гадаадын хөрөнгө оруулагчдад тааламжгүй, хатуу бодлого барьдаг гэсэн шүүмжлэлийн хариу болгосон гэж үзэхийн сацуу салбарын эрдэмтдийн зүгээс шинэ хуулийг хэт ерөнхий тул дагалдах журмууд гарч иртэл тодорхойгүй байдлыг араасаа дагуулсаар байх болно гэж үзэж байгаа болно.
Зөвлөмж
БНХАУ-д аж ахуй нэгж байгуулан ажиллахаар шийдсэн хөрөнгө оруулагчид дараах хэдэн зүйлийг анхаарах нь зүйтэй байдаг. Үүнд:
- Чөлөөт бүс. Шанхай хотод 2013 онд анхны чөлөөт бүс байгуулагдсанаас хойш 2021 оны байдлаар тус улс нийт 1+3+7+1+6+3 гэж нэмсээр нийт 21 чөлөөт бүстэй болсон. Чөлөөт бүс бүрийн дэмжих салбар, хөрөнгө оруулагчдыг татах бодлого өөр байхаар зохицуулагдсаны сацуу чөлөөт бүсийн хязгаарлагдсан салбар үндэсний хэмжээнийхээс цөөн байхаар тусгайлан зохицуулсан. Тиймээс хөрөнгө оруулагчдын зүгээс татварын таатай орчин, хязгаарлалт бага, илүү шуурхай, чөлөөт гэдэг утгаараа тус бүсүүдэд хөрөнгө оруулалт оруулах сонирхол их болсон.
- Хотууд. БНХАУ-ын гадаадын шууд хөрөнгө оруулалтын 40 хувь нийт нутаг дэвсгэрийн 0,2 хувьд ногдож цөөн тооны том хотуудад гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуй нэгж байгуулан ажиллахад таатай, ойлгомжтой, хүнд суртал багатай гэж дүгнэж болохоор байна. Хэдийгээр төрийн зүгээс хотуудыг зэрэглээгүй боловч олон улсын судалгаа, хэвлэл мэдээллийн байгууллагуудын зүгээс хотуудыг хөгжлөөр нь нийт таван ангилалд авч үзэж, нэгдүгээр зэрэглэлийн хотод Бээжин, Шанхай, Шеньжин, Гуанжоу хотуудыг тус тус оруулсан байна.
- Үйл ажиллагаа явуулах чиглэл. Манай улсын хувьд зарим компаниуд компанийн гэрчилгээ дээрх үйл ажиллагааны чиглэлээ хатуу баримтлахгүйгээр үйл ажиллагаа явуулах боломжтой бол тус улсын хувьд энэхүү боломж туйлын хомс, хуулийн хатуу хяналттай, хариуцлагатай тул анхаарч ажиллах зүйлийн нэг болно.
- Татварын орчин. БНХАУ татварын Worldwide суурьтай улсын нэг, аж ахуй нэгжийн орлогын албан татвар 25 хувь боловч зарим чөлөөт бүс эсвэл хөрөнгө оруулалтыг дэмжих салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжид 15 хувь хүртэл татварын хөнгөлөлт үзүүлдэг байна. Манай хоёр улсын хувьд Давхар татварын гэрээтэй тул тус гэрээнд заасан татваруудын хувьд давхардуулан төлөх эрсдэлээс ангид байх боломжтой. Хувь хүний орлогын албан татвар нь бүс нутгаасаа хамаарч 3-45 хувь, нийгмийн даатгалын шимтгэл 40 хувь хүртэл шатлалтай байна.
- Маргаан шийдвэрлэлт. Тус улс нь эрх зүйн дэглэмийн хувьд Эх газрын эрх зүйн бүлд хамаарагддаг, эрх зүйн орчин, түүн дундаа иргэн, арилжааны салбарын эрх зүйн орчин Герман улсын хуулийн суурьтай тул ерөнхийдөө манай улсын маргаан шийдвэрлэх ажиллагаатай төстэй. Маргааны харьяалалын хувьд шүүхийн онцгой харьяалалд хамаарахгүй бол шүүхээс гадна арбитр, эвлэрүүлэн зуучлагчаар маргаанаа шийдвэрлүүлэхийг зөвшөөрдөг.
- Гадаад улсын шүүх, арбитрын шийдвэрийн биелэлт. БНХАУ-ын хуульд гадаад улсын шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч, биелүүлэхэд үндсэндээ хоёр дэглэм үйлчилж байх бөгөөд нэг нь эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх гэрээний дагуу шийдвэрийг хүлээн зөвшөөрч, биелүүлэх, удаах нь хоёр улс харилцан бие биенийхээ шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөх зарчмын дагуу хүлээн зөвшөөрч, биелүүлж байна. Өдгөө БНХАУ нь нийт 39 оронтой эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх гэрээ байгуулснаас 36 гэрээнд нь шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч, биелүүлэх тухай асуудал зохицуулагдсан хэдий ч хоёр талт гэрээний дагуу шүүхийн шийдвэрийг харилцан биелүүлэх талаарх асуудлын онол, практикийн судалгааг БНХАУ-ын эрдэмтэд төдийлөн анхаарал хандуулан судлаагүй.
Гэхдээ БНХАУ-ын зүгээс “Нэг зам, Нэг бүс” хөтөлбөрийн хүрээнд аль болох “мөс хагалж”, хоёр улсын хооронд гадаад улсын шүүхийн шийдвэрийг түрүүлж хүлээн зөвшөөрч, биелүүлэх жишиг тогтоохыг оролдож, илүүтэй уян хатан ажиллаж эхлээд байна. Манай улсын хувьд тус улстай эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх гэрээтэй тул БНХАУ-ын хуулийн хүрээнд ч, эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх гэрээний хүрээнд ч бидэнд өөрийн улсын шүүхийн шийдвэрийг БНХАУ-д хүлээн зөвшөөрүүлж, биелүүлэх эрх зүйн боломж бий. Гэхдээ бидний зүгээс өөрийн улсын шүүхийн шийдвэрийг тус улсын холбогдох шүүхээр баталгаажуулан гүйцэтгэх хуудас бичүүлэх процессийг давахаас зүрхшээн эрх зүйн боломжоо төдийлэн ашиглаж чадахгүй байгаа нь шүүхийн тоо мэдээнд Монгол улсын шүүхийн шийдвэрийн биелэлтийг ханган ажилласан тухай тоон мэдээ байхгүйгээс харагдаж байна.
Автор: Д.Энхгэрэл, Обзерв Консалтинг ЗҮБ