11 сарын 04-ны өдрийн УИХ-ын ээлжит чуулганаар 2022 оны төсвийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Жолоочийн даатгалын тухай хуулийг сайжруулах, санаачлах нь зөв. Гэхдээ зорилго болон арга хэлбэрийг нь зөвтгөхгүй. 2012 онд тогтоосон 5, 10, 20 сая төгрөгийг өөрчлөөд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уяад явах шаардлагатай байгаа. Гэхдээ жолоочийн хариуцлагын даатгалын хуулин дээр төр оролцох нь байж болшгүй зүйл.
Дэлхийн улс орнуудын жишиг тэтгэврийн даатгалын системийг Австрали, Голланд, Норвеги гэх мэт үлгэр жишээ орнуудад зөвхөн хувийн салбар авч явж байна. Системийг нь төр хариуцаж байгаа орнуудын жишиг дандаа уруудаж явж байна. Тэгэхээр бид чөлөөт зах зээл рүү хэтэрхий бүдүүлгээр дайрч довтлоод байвал улам л дордуулна.
Чөлөөт өрсөлдөөн бол тухайн системийг үргэлж сайжруулдаг. Гэтэл төр оролцсоноор ямар дэвшил авчрах гээд байгаа юм. Чөлөөт өрсөлдөөн бий болгоод өөрсдийгөө аваад явж байгаа салбар луугаа хоморголон довтолдог байдлаар асуудалд хандаж болохгүй. Сүүлийн үед зах зээл рүүгээ довтолсон, хувийн хэвшлээ ад үзсэн дээрэнгүй шинж их болж байна. Хуулиар хувийн хэвшил рүү гээ дайрч довтолдог энэ байдал хэрээс хэтэрлээ. Ардчилсан оронд амьдарч байж хүний эрх, эрх чөлөө хаана байна?
Хэрэв энэ даатгалын ажлыг төр авч хэрэгжүүлбэл тэр Капитал банкны мөнгө шиг олж авч чадахгүй байдалд хүрнэ шүү. Эцэстээ улс төржөөд нам засаг солигдоод хэн хариуцах нь мэдэгдэхгүй юм болно. Салбар бүрт төр орж ажиллаад байвал тусгай зөвшөөрөл олгодог бүх салбараа төр авчихгүй юу. Тэгээд улсаараа төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг руу шилжээд явж болно.
Ийм байдлаар жолоочийн даатгалын хуулиас эхлүүлээд төр хувийн хэвшилтэйгээ өрсөлдөх юм уу? Хувийн хэвшлүүд нуруугаа авахуулж байна. Бүх салбарт төр бүдүүлгээр халдаж болохгүй. Энэ хуулийг дэмжихгүй.