Ярилцсан М.Ариунзаяа
Австрали улсын Сидней хотын уугуул иргэн Г.Тэйлор бол “Хархорум Экспедейшн” аяллын компани, “Занаду Вайнес” дарс импортлогч компанийг Монголд үүсгэн байгуулсан юм. Тэрээр дарсны бизнесийн талаар, Монголд бизнес эрхлэхэд ямар байдаг талаар ярилаа.
Та ямар зорилгоор Монголд ирж байв? Мөн та яагаад Австрали улсаас дарс импортлох бизнесээ эхлүүлсэн юм бэ?
Анх би Монгол Улсад 1997 онд морин тойрон аялал хийхээр ирж байлаа. Аялал маань таван сар үргэлжилсэн. Аяллыг маань Австрали улсын газарзүйн нийгэмлэг ивээн тэтгэсэн юм. Уг аяллынхаа тухай би тэмдэглэл бичиж, 1999 оны арванхоёрдугаар сард Австрали улсын газарзүйн сэтгүүлд хэвлүүлж байлаа. Энэ аялал маш гайхалтай байсан бөгөөд маршрут нь Улаанбаатар- Хөвсгөл-Улаанбаатар байсан юм. Аяллынхаа үеэр би мориор нийт 2000 км замыг туулахдаа гайхалтай их туршлага хуримтлуулж, олон сайхан хүмүүстэй танилцаж, хоёр морьтойгоо сайн харилцаж сурсан.
Аяллын дараа би ууланд алхах, авирах, дугуйн аялалд чиглэсэн аялал жуулчлалын салбарт анхаарлаа хандуулж, “Хархорум Экспедейшн” компаниа нээж байлаа. 1999 оны эхээр би Сидней хот рүү яваад ирснийхээ дараа компани байгуулах ажилдаа шамдан орж, анхны ажилтнуудаа ажилд авч, анхны аялалуудаа зохион байгуулж эхэлсэн. Миний аяллын бизнес амжилттай явж байсан боловч 2003 онд БНХАУ-д SARS ханиад дэгдэж үнэхээр баларсан. Монгол Улс Бээжинтэй ойрхон байдгаас болж жуулчид аялалаа цуцлах болж, аялал жуулчлалын бизнест ихээхэн сөргөөр нөлөөлж байсныг санаж байна.
Аялал жуулчлалын бизнес зөвхөн зуны улиралд л идэвхтэй ажилладаг, мөн өөр олон хүчин зүйлээс хамааралтай байдаг учраас надад өөр улиралд мөнгө олох бизнес хэрэгтэй болсон. Тиймээс би аялал жуулчлалтай хослох олон улиралд зогсохгүй ажил, бизнесийн салбарууд хайж эхэлсэн. Би дарс уух дуртай, дарс их сонирхдог байсан болохоор ч тэр үү, Монголын зах зээлд байгаа дарсны сонголтыг маш цөөн гэдгийг сайн мэддэг байлаа. 2003 онд Монголоос олон улсад алдартай дарс олох бараг л боломжгүй байсан бөгөөд зөвхөн Зүүн Европын хямдхан дарснууд л дэлгүүрт байдаг байв.
Монгол Улсын эдийн засгийн өсөлт хурдацтай нэмэгдэж, дундаж орлоготой давхарга өсөж, чанар сайтай бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ нэмэгдэх нь тодорхой байсан. Үүнээс хамаарч би боломжит бизнесүүдийн талаар судалж үзсэнийхээ дараа 2004 онд “Занаду Вайнес” компанийг үүсгэн байгуулж, дарсанд дурласан хувийн хүсэл сонирхлоо нэг мөр мэргэжил болгохоор шийдсэн.
Та импортлох дарсаа хэрхэн сонгодог вэ? Нарийн үйл явц байдаг уу? Мөн бид хаанаас “Занаду Вайнес” компанийн оруулж ирдэг дарсыг худалдаж авч болох вэ?
“Занаду Вайнес” компани нь миний хувийн сонирхол биш мөнгө олдог бизнес учраас бүтээгдэхүүн сонгох үйл явц нь цэвэр зах зээлийн тухайн үеийн байдлаас хамаардаг. Нэгдүгээрт, миний оруулж ирэх сонирхолтой бүтээгдэхүүнийг сонирхож, хүлээж байгаа худалдан авагчид байх, эрэлт нийлүүлэлтийн цогц орчин үүссэн байх ёстой. Импортолдог бүтээгдэхүүн бүрийн лонхны доод талд нь “Занаду Вайнес” компанийн наалтыг бид наадаг. Энэ нь манай бизнес эхэлснээс хойш хэрэглэгчдэд маань баталгаа болж ирсэн. Өөрөөр хэлбэл, чанарын баталгааг илтгэсэн бэлгэ тэмдэг болсоор ирсэн юм.
Бид маш олон төрлийн борлуулалтын сувгаар дамжуулж хэрэглэгчдэдээ хүрдэг гэж хэлж болно. Манай дарснуудыг Улаанбаатар хотын төвд байрлах дээд зэрэглэлийн ресторан, паб, зочид буудал, кафе болон хөдөө орон нутгуудад байрлах дэлгүүр, ресторануудад худалдаалдаг. Мөн Монгол улсын гол супермаркетуудад дарсаа зардаг бөгөөд Шангри-ла зочид буудлын баруун талын Будда Вистад байрлах нэрийн дэлгүүрээр дарсаа худалдаалдаг. Ковид-19- ээс хамаарч тогтоосон хөл хорио, ресторан дотор хооллож болохгүй гэх дүрмээс шалтгаалж, бид онлайн дэлгүүрээ илүү боловсронгуй болгож, идэвхтэй ажиллуулж байна.
Монгол руу дарс импортлоход ямар ямар бэрхшээл тулгарч байв?
Үнэнийг хэлэхэд Монгол Улсад ямар ч төрлийн бизнес эрхлэхэд их нээлттэй улс. Бизнес эрхлэх ерөнхий бэрхшээлүүд гарч ирж байдаг ч бизнесүүд цэцэглэн хөгжих боломжтой. Монгол Улс хүн ам багатай хэрнээ далайд гарцгүй орон болохоор бүх бизнес эрхлэгчдэд үүнтэй холбоотой бэрхшээл тулгардаг. Зуны улирал их богино, өвлийн улирал их урт болдог. Улирлын энэ нөхцөл байдал нь манай бизнест их нөлөөлдөг бөгөөд дарс хөлдсөнөөс болж хагарах тохиолдол их гардаг. Тиймээс зөвхөн дөрөвдүгээр сараас аравдугаар сарын хооронд л дарс импортлох боломжтой байдаг.
Таныг хорин хэдэн настай байхдаа дарс цуглуулж эхэлсэн, тэр ч бүү хэл, дарсны даруухан боловч арвин их цуглуулгатай зоорьтой гэж сонссон. Дарсыг олон жил хадгалахын учир нь юу вэ?
Анх дарс цуглуулж эхлэхдээ их том цуглуулгатай болно гэж бодоогүй ээ. Надад дарсны цуглуулга олон түүх өгүүлж байдаг учраас номын сантай их адил санагддаг. Дарс бүр өөрийн түүхтэй шүү дээ. Өөрөөр хэлбэл, уран зураг, хөгжим, уран зохиол бүгд өөрийн түүхийг өгүүлж байдаг шиг дарс ч мөн түүх өгүүлдэг гэж би боддог. Дарс нэрэх, дарсны үйлдвэрлэл нь өөрөө урлагийн бүтээл юм л даа. Хүмүүс үргэлж агуу уран бүтээлийг юу “агуу” болгодог тухай сонирхож байдаг шиг сайн дарс болон үнэхээр гайхалтай дарсны ялгааг үргэлж сонирхож байдаг. Энэ асуулт нь өөрөө их цогц асуулт боловч хариулт нь маш гүн гүнзгий гэж хэлж болно. Чухамдаа сайн дарс олон жил хадгалагдахдаа үнэхээр гайхалтай дарс болж болох ч зарим нь гайхалтай дарс болохгүй ч тохиолдол бас байна.
Танай гэр бүл үе дамжсан дарс үйлдвэрлэгч. Европчууд анх Австралид суурьшиж эхэлсэн жилүүдээс үүдэлтэй гэж сонссон, энэ үнэн үү? Одоог хүртэл дарс үйлдвэрлэдэг үү?
Миний өвөг эцгийн авга ах Трохана Дарвениза 1800-гаад оны дундуур Хорватаас Австрали улс руу цагаачилсан бөгөөд Викториа мужийн Шепартон хотын захад анх дарсны үйлдвэрээ нээж байсан түүхтэй. Уг дарсны үйлдвэр нь 1800-гаад оны сүүлчээр Австрали улсын тэргүүлэх дарс үйлдвэрлэгч болж алдаршсан.
Харамсалтай нь Шепартон хот их хүйтэн жавартай байсан учир дарсны үйлдвэр нь энэ болон бас бус өөр шалтгааны улмаас нэг мөр хаагдсан юм л даа. Одоогоор манай гэр бүл дарсны бизнес, үйлдвэрлэл алийг нь ч эрхэлдэггүй. Ойрын хамаатнууд дотор лав надаас өөр дарсны бизнест ажилладаг хүн байдаггүй.
Дэлхийд хамгийн алдартай усан үзмийн сорт, эсвэл усан үзэм тарьдаг газар хаана байдаг юм бэ? Өөрийн тань хамгийн дуртай дарсны төрөл юу вэ?
Арвин түүхээсээ хамаарч Бордог дэлхийн хамгийн алдартай газар гэж хэлж болно. Бордо 1700, 1800- аад оны үед Англи улстай хийсэн “Кларет худалдаа”-гаар маш их алдаршиж, Борделайг маш хүчтэй амттай болгосон тул тэд маш сайхан Шато дарсууд хийдэг. Бордо, Каберне Совиньон, Совиньон Бланкын усан үзмийн сортууд бүгдээрээ маш гайхалтай. Ер нь маш олон усан үзмийн сортын гарал нь Бордогоос гаралтай байдаг учраас дарсны ертөнцөд Бордогийн үзүүлсэн нөлөө маш их гэж хэлж болно.
Миний дуртай дарсны тухайд би ууж байгаа дарсаа тухайн цаг мөчдөө тохирох ёстой гэж боддог. Тэмдэглэлт баяраар Шампэйнь оргилуун дарс уух, таны зооглож байгаа хоолонд тохирсон цагаан эсвэл улаан дарс хүртэх, найзуудтайгаа хөгжилдөж байх үедээ хөнгөн улаан, цагаан, розе дарснууд хүртэх гээд л цаг үедээ тохирсон дарснууд бүгд надад таалагддаг. Гэхдээ миний дарсны зооринд хүндтэй байр суурь эзэлдэг 1960-аад оны дарснууд буюу ялангуяа Пенфолдсийн дарснуудад би маш их дуртай.
Та манай уншигчдыг “Занаду Вайнес” компанийн талаар болон өөрийнхөө талаар өөр юуг мэдээсэй гэж хүсэж байна?
“Занаду Вайнес” компанийн туйлын гол зорилго нь Монгол Улсын зах зээлд олон улсад алдартай, нэр хүндтэй дарсуудыг импортолж, оруулж ирэх юм.
Монгол улсад бизнесээ босгох, өргөжүүлэн хөгжүүлэх нь надад үнэхээр таатай байсны дээр миний амьдралын дурсамжтай нэгэн үе билээ. Хэрэв та “Xanadu” гэсэн бичигтэй дарс худалдаж авсан л бол бид таныг дэлхийд танигдсан дарсны үйлдвэрийн, чанар сайтай, гайхалтай бүтээгдэхүүнээр дайлна гэдгээ амлаж байна.