Сүүлийн жилүүдэд салбар салбарыг хамарсан төрөл бүрийн эвентүүд их зохион байгуулагдах болсноор хүмүүс өөрт зайлшгүй хэрэгцээтэй, чухал гэж үзсэн арга хэмжээг сонгон оролцох хандлага бий болж эхэлсэн. Учир нь цаг хугацаа болон бусад боломж, нөөц хязгаарлагдмал. Тиймээс байгууллагуудын өмнө зохион байгуулж буй эвентийнхээ зорилго чиглэлийг сайтар тодорхойлох, үр дүн сайтай байлгахад анхаарах шаардлага тулгарч эхэлсэн. Тэгвэл хамгийн түрүүнд концепц, зорилгоо тодорхойлохоос энэ бүхнийг эхлэх хэрэгтэй гэдгийг MN Agency үүсгэн байгуулагч, маркетер Г.Нямхүү зөвлөж байна. Компаниуд зохион байгуулах ажлаа маркетингийн агентлагт даатгаснаар бүх зүйл амжилттай болно гэж ойлгох нь түгээмэл ч, энэ бүхэн өрөөсгөл гэдгийг тэрбээр онцлов. Тиймээс ч концепцоо тодорхойлж, тэрхүү үзэл санаагаа тухайн маркетингийн агентлагтай хамтран хүргэхэд илүүтэй анхаарах хэрэгтэй аж. Мөн эвент маркетингийн үр дүнг нэмэгдүүлэхэд дараах алхмууд чухал нөлөөтэй.
Эвент маркетингийн гурван “E”
- Entertainment буюу оролцогчдыг уйдаахааргүй, сонирхолтой хөтөлбөр, жижиг элементүүдийг багтаах.
- Excitement буюу тухайн эвентэд оролцогчдын сэтгэлийг хөдөлгөж, хоногшин үлдэх агуулгыг шингээх.
- Enterprise буюу бүхий л талд үр өгөөжтэй байх, мөн дараагийн үйлдэлд хөтлөх.
Маркетингийн эвентийг тогтмол хугацаанд хийх нь үр дүнтэй бөгөөд эвентийн тасалбараа борлуулах, зөвхөн оролцогчдын тоог өсгөхөд анхаарахаас илүүтэй хүмүүс оролцсоноор ямар ач холбогдолтой, ямар асуудлыг нь шийдэж өгөх вэ гэдгийг ойлгуулах нь чухал. Өөрөөр хэлбэл, оролцогчийн нүдээр тухайн эвентийн ач холбогдлыг харах ёстой гэсэн үг. Мөн эвентийн бүртгэлийн хэсэгт онцгой анхаарал хандуулж, оролцогчдын мэдээлэл, датаг цуглуулж, нэгтгэх, түүнийгээ эргээд дараа дараагийн маркетингийн үйл ажиллагаандаа ашиглах нь борлуулалтаа нэмэгдүүлэх, байнгын хэрэглэгчийг бий болгох ач холбогдолтой.
Эвент маркетингийг амжилттай хэрэгжүүлэхэд анхаарах алхмууд:
- Сурталчилгаа, урамшуулалт хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхдээ мэргэжлийн бус, үр өгөөжөө эргэн хянахгүй байх.
- Маркетингийн кампанит ажил, эвентийг зохион байгуулахдаа нэгдсэн, цогц төлөвлөгөө гаргахгүй байх (Дижитал сувгуудын хөгжүүлэлтийн төлөвлөгөө боловсруулдаггүй, мөн мэргэжлийн бус багтай байх).
- Брэнд хөгжүүлэх, байгууллагын нэр хүндээ өсгөх боломжтой олон нийтэд чиглэсэн ажлуудад аль болох оролцож, хамтран ажилладаг байх (Ингэж спонсор, түншээр хамтран ажиллахдаа оновчтой сонголт хийхэд анхаарах)
Mongolian Marketing Consulting Group (MMCG) компанийн “CMO Survey 2020” буюу дотоодын ТОП 50 маркетингийн ахлах менежерээс авсан судалгааны үр дүнд маркетингийн мэргэжилтнүүдэд шаардлагатай 5 ур чадварыг дараах байдлаар эрэмбэлжээ.
Маркетингийн мэргэжилтнүүдэд шаардлагатай ТОП 5 ур чадвар:
- Крейтив сэтгэлгээ (94%)
- Судалгаа, анализ (84%)
- Төлөвлөх, зохион байгуулах (78%)
- Дижитал маркетинг (64%)
- Загвар дизайны мэдрэмж (30%)
Мөн үнэнч хэрэглэгчдийг бий болгохын тулд тэднийг халамжлах, хэрэгцээ шаардлагыг нь гүнзгий ойлгодог байх, дан функционал гэхээсээ илүү эмоционал, сошиал хэрэгцээг нь мэдэрч, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хөгжүүлдэг байх зэрэг ур чадвараа нэмэгдүүлэх нь чухал болж эхэлснийг судалгаанд дурджээ.