Төслийн менежментийн институтийн зөвлөх М.Билгүүндэмбэрэл.
Төслийн менежментийн олон улсын мэргэшсэн зэргийг /PMP/ Монгол Улсаас хүртсэн анхдагчдын нэг бөгөөд PMI Mongolia Chapter -ийн УЗ -ийн гишүүн, сургагч багш. АПУ, Ард Санхүүгийн нэгдэл, Аспайр Майнинг, Аглут, Сангийн яам, И-баримт төсөл, Номин Холдинг, Номин Констракшн Девелопмент групп, Мобиком, Юнител, ТЭСО, Таван богд групп, ХХБ, Хаан банк, Эрдэнэт Үйлдвэр, Эрдэнэс Монгол, Оюутолгой зэрэг Монголын томоохон компаниудад төслийн сургалт, менежментийн чиглэлээр зөвлөгөө өгч хамтран ажиллаж иржээ.
Уг сэдвээр хийсэн подкастыг сонсох бол энд дарна уу
Төсөл гэдгийг энгийнээр
Эхлэлтэй, төгсгөлтэй, онцгой үр дүнтэй зүйлийг төсөл гэж үздэг. Харин тухайн төслийг амжилттай хэрэгжүүлэхээр ашиглаж буй арга хэрэгсэл, заавар зөвлөгөө, багаж хэрэгслүүд, стандартууд, үйл явцууд, баримт бичгийн загварууд, тухайн төслийн ур чадварууд гэх зэрэг маш олон зүйлийн нийлмэл, хосолмолыг төслийн удирдлага гэж нэрлэдэг.
Тухайн төслийн удирдлага тогтолцоо хэлбэрт шилжиж, тэр нь байгууллага, ямар нэг алба хэлтэс юм уу, тухайн тогтолцоогоороо дамжиж нэвтэрдэг. Тэгэхээр жишээ нь, PMBOK стандарт байгууллагад шууд нэвтрэхгүй. Харин байгууллага нь төслийн удирдлагын тогтолцоотой болсноороо PMBOK стандартын дагуу төслийг хэрэгжүүлэх боломжийг нээж өгдөг гэсэн үг.
Байгууллагад тухайн төслийг удирдах явцад байгууллагын үндсэн үйл ажиллагаатай зөрөлдөх маш олон зүйлс гарч ирдэг. Дүрэм журам, үйл явц гэх мэт. Нөгөө талаар, байгууллагын үндсэн үйл ажиллагаа нь төсөл хэрэгжихэд саад учруулдаг. Ийм тохиолдол үүсэж л байвал танай байгууллагад төслийн удирдлагын тогтолцоо нэвтрэх хэрэгтэй гэсэн үг. ISO стандарт байгууллагын үндсэн үйл ажиллагаанд сууж өгдөг.
Төслийн удирдлагын тогтолцоог нэвтрүүлэхийн тулд юун түрүүнд багаа сайн бэлдсэн байх хэрэгтэй. Багийг төслийн удирдлага, байгууллагын төслийн удирдлагыг ойлгуулж, бэлдсэн байх ёстой. Мэдлэгийг гүйцэтгэл болгох орчныг бэлдэх хэрэгтэй. Ингэхийн тулд тодорхой цогц хөтөлбөрийг боловсруулж, тэр дагуу хөгжүүлэх шаардлагатай. Мэдлэгтэй хүмүүс нэгдсэн үйл ажиллагаагаар төслийг хэрэгжүүлээд эхлэхээр түүндээ байнгын сайжруулалт хийж байдаг.
Төслийн удирдлагын тогтолцоо өөрөө хүнээс бус системээс хамаарсан тогтолцоо байхыг зорьдог. Тухайн төсөл хэн нэгнээс хамааран зогсож болохгүй. Тогтолцоо өөрөө хүн дээр тогтохгүй. Гэхдээ хүнгүйгээр мөн явахгүй.
Төслийн стратеги болон төлөвлөгөөг ялгах нь
Стратеги болон төслийн удирдлагын уялдаа холбоо тун чухал. Стратеги яагаад төслийн удирдлагад чухал вэ гэдэг асуултад хариулж, Стратеги төлөвлөлт болон стратеги хэрэгжилтийн заагийг тогтоох хэрэгтэй.
Стратеги хэрэгжүүлэхэд анхаарах 10 зүйл:
- Стратегийг хэрэгжүүлэх нь төлөвлөхтэй адил чухал зүйл.
- Стратегиа гаргаж байгаа хүн нь стратеги хэрэгжүүлнэ гэдгээ хүлээн зөвшөөрч, ийм боломжийг нээх ёстой.
- Зөв, оновчтой хүмүүсийг ажиллуулах ёстой.
- Өрсөлдөгч болон хэрэглэгчдээсээ суралцах хэрэгтэй.
- Аливааг хэтэрхий гүнзгийрүүлэх гээд байх шаардлагагүй. Аль болох энгийн, ойлгомжтой байлгах.
- Бизнесийн салбар, нэгжүүдийн уялдаа холбоог сайжруулах.
- Шийдвэр гаргалтад маш анхааралтай хандах. Шийдвэртээ эзэн байх, шийдвэр гаргахад нөлөөлж буй гадны хүчин зүйлсийг маш сайн тооцох.
- Одоо хэрэгжиж буй зүйлсээ маш сайн харах хэрэгтэй.
- Шинэ зүйл хэрэгжүүлэх боломж, чадамж байна уу гэдгийг анхаарч харах
- Амжилтаа тэмдэглэж байх хэрэгтэй
Эдгээр 10 зүйлийг зарчим болгосноор стратеги хэрэгжилт болон төлөвлөлтийг ойртуулж, уялдуулж өгдөг.
11 дэх зарчим бол төслийн удирдлагыг нэвтрүүлэх, хэвшүүлэх гэдэг стратегийн төлөвлөлтөд багтаж, зарчмууд нь багтсан, уялдсан байх хэрэгтэй.
Төслийн удирдлагын газар, нэгж төслийн удирдлагын тогтолцоог хэрэгжүүлдэг. Энд байгаа хүмүүсийн үүрэг бол стандарт тогтолцоогоо амьдруулах, үүнийгээ урт хугацаанд хөгжүүлж явах. Монголд нэвтрүүлэх ажлууд маш сайн хийгддэг боловч хэвшүүлэлтийн ажлуудыг их дутуу хийдэг.
Маш олон байгууллага нэг том төслөөс хамаарсан байдаг. Байгууллага юм уу, төсөл юм уу гэдэг нь ойлгомжгүй. Уул уурхай, барилгын төслүүдэд элбэг тохиолддог.
Маш олон байгууллага нэг том төслөөс хамаарсан байдаг. Байгууллага юм уу, төсөл юм уу гэдэг нь ойлгомжгүй. Уул уурхай, барилгын төслүүдэд элбэг тохиолддог. Түүнээсээ болоод стратегиа өөрчлөх шийдэлд хүрэх тохиолдол байдаг. Төсөл хөтөлбөрийн багцын дүн шинжилгээг маш сайн хийх хэрэгтэй.
Төслийн амжилтыг хэн нь хэмжих вэ?
Төсөл хэрэгжүүлэхэд гаргадаг гол алдаа нь амжилтын хэмжүүрээ тодорхойлж чадаагүйтэй холбоотой. Захиалагч тал нь хэмжих үү, эцсийн хэрэглэгч хэмжих үү, ажилтнууд нь хэмжих үү гэдэг нь ойлгомжгүй байдаг.
Амжилттай юм шиг харагддаг мөртлөө амжилтгүй зарим төсөл бий. Олон нийтэд хүрчихсэн, бидний амьдралд, эцсийн хэрэглэгчдэд томоохон хэмжээний эерэг нөлөө үзүүлчихсэн, тэгсэн атлаа төслийн менежментээ сайн хийж чадсан байна уу гэхээр хугацаа хэтэрсэн, төсөв хэтэрсэн, бөөн шүүх цагдаа болчихсон төслүүд байдаг. Эцсийн хэрэглэгчид үр өгөөжөө өгч, эерэгээр нөлөөлсөн учраас бид үүнийг амжилттай төсөл гэж нэг хэсэг нь үзээд байдаг.
Эсвэл хэрэглэгчдэд үр өгөөжгүй, ойлгомжгүй төслүүд бий. Тэгсэн мөртлөө яг цагтаа, яг төсөвтөө багтаад захиалагч талын, санхүүжилтыг гаргаж байгаа хүний бүх шаардлага, бүх хүсэлд нийцүүлсэн байдаг. Аль тал нь хэмжээд байгаа нь ойлгомжгүй.
Захиалагч, хэрэглэгч тал хоёул сэтгэл хангалуун ч туслан гүйцэтгэгч нь сэтгэл хангалуун биш байдаг. Бид ашиггүй ажиллачихлаа, нуруу авчихлаа, шал дэмий байгууллагатай ажиллаж хамаг хүч нөөцөө соруулчихлаа гэж гомдоллодог.
Энэ гурав сэтгэл хангалуун байлаа гэхэд ажилтнууд нь сэтгэл хангалуун бус байх жишээтэй. Зовж зовж төсөл хэрэгжүүлсэн, ёстой муухай төсөл, дахиж ийм төсөл рүү орохгүй шүү гэх мэт. Ингээд бодохоор сонирхолтой болно байх. Яг аль тал төслийн амжилттай хэрэгжсэн эсэхийг тодорхойлох вэ? Гэхдээ ерөнхий нийтлэг тодорхойлолтоор эцсийн эцэст төслийн амжилтыг санхүүжүүлэгч, захиалагч тал тодорхойлно.
Амжилттай төслийн жор гэж бий юу?
Маш энгийн зүйлээс болж алдаа гардаг. Байгууллагын үйл явц төслийн удирдлагатай нийцээгүй. Маш сайхан байгууллага, төслийн удирдлагын тогтолцоотой байгаад байдаг гэтэл уялдаа холбоо нь таараагүй. Тиймээс цогцоор нь менежмент хийх шаардлагатай. Хамрах хүрээ, зардал, цаг хугацаа, эрсдэл чанар, худалдан авалт, нөөц, харилцаа холбоо, оролцогч талууд, өөрчлөлт, нэгдсэн удирдлагууд зэргээ бүгдийг нь төлөвлөж чадсан байх хэрэгтэй. Төлөвлөгөөгөө тогтмол хянаж чадсан, эргээд эргэх холбоотойгоор төлөвлөгөөн дээр гарах ёстой өөрчлөлтүүд зайлшгүй байсан бол түүнийгээ өөрчилж чаддаг байх ёстой.
Амжилттай төслийн нууц жор гэж зүйл байхгүй. Томоохон төслүүдийн хувьд сонин сонин зүйлээс болоод гацдаг. Гадны нөлөөллийг бүрэн тооцоолох, эсвэл өөрийнхөө түвшинд аль болох бүрэн бэлтгэх, дотоод орчноо чадахаараа сайн хийх хэрэгтэй. Наад зах нь дээр дурдсан 10 зүйлийг бэлдэх, төлөвлөх, уялдаа холбоонд анхаарах хэрэгтэй. Энийг тэр хүн мундаг хийчихсэн байна лээ гэж шууд хуулбарлах, эх сурвалжаа буруу сонгох, оновчгүй хүн сонгох, маш сайн судалж байж сонгох шаардлагатай.
Энэ удаагийн “Бизнес цэнэг” вэбинараар “Бизнесийн стратегид суурилсан төслийн удирдлага” сэдвээр Төслийн менежментийн институтийн зөвлөх М.Билгүүндэмбэрэлийн хийсэн сургалтын бичлэгийг үзэх бол энд дарна уу.
Хархорум Дижитал Академи, Business.mn сэтгүүлээс Мягмар гараг бүр зохион байгуулдаг “Бизнес цэнэг” вэбинарт ирэх долоо хоногт Монголын менежментийн зөвлөхүүдийн институтын зөвлөх П.Даваажаргал “Худалдаа, үйлчилгээний салбарын төслийн удирдлага” сэдвээр хичээл орно. Уг вэбинарыг угтаж хийсэн подкастыг эндээс сонсоно уу.
Дараагийн вэбинарт бүртгүүлэх холбоос: karakorum.digital