Хоёр жил гаруйн өмнө Д.Дэмбэрэл яамны сайд, УИХ-ын гишүүн асан нэгэн хүнээс хувь лизингээр 130 мянган еврогийн үнэтэй Mercedes-Benz G-Class машин худалдаж авчээ. Гэвч сарын дараа Архангайд явж байхад машин нь эвдрэв. Хуучин эзэнтэй нь холбогдоод энэ тухай хэлэхэд “Машинаа шалгуулахгүй яасан юм. Хохь чинь” гэсэн утгатай үг хэлжээ.
130 мянган еврогийн үнэтэй хэрнээ ганцхан сарын дараа эвдрэх эд ангитай тийм найдваргүй машин авсан болж таарав. Улаанбаатарт авчраад засуулах гэсэн боловч засч чадах механик олдсонгүй. Австриас мэргэжилтэн авчиръя гэсэн ч нэг долоо хоногийн цалин нь 20 мянган еврогоос эхэлж байлаа. Энэ явдал Д.Дэмбэрэлд хүчтэй цочроо болж, Монголд автомашины чанар, баталгаа ямар бүрхэг байгааг өөрийн биеэр ойлгожээ.
Бусад улсад хэрэглэсэн хуучин автомашиныг импортоор оруулж ирэн борлуулахдаа чанаргүй, баталгаагүй сэлбэг, эд анги сольж тавьдаг, гүйсэн км-ыг нь өөрчилдөг, хуучин машины эзэд машиндаа, засварын газрууд нь үйлчилгээндээ ямар ч баталгаа өгдөггүй зэрэг нь хүний эрүүл мэнд, амь нас, санхүү, сэтгэл зүй, цаашлаад нийгэм, эдийн засаг, байгаль орчинд үргэлж сөргөөр нөлөөлж байдгийн нэг жишээ нь Д.Дэмбэрэлд тохиолдсон дээрх явдал байв.
Тиймээс тэрбээр Хятадын Ханжоу хотод автомашин угсрах үйлдвэрээ нээснээс яг хоёр жилийн дараа буюу 2021 оны 12 дугаар сарын 06-нд Монголын анхны блокчейн технологид суурилсан, жилд 2500 суудлын автомашин угсрах хүчин чадалтай үйлдвэрийн эхний шугамыг Эмээлтийн орчим нээсэн юм.
Автомашины үйлдвэрлэл дэх блокчейн технологи нь криптовалютынхаас өөр. Саяхан Европын Renault, Knauf Industries, Faurecia, Simoldes, Coşkunöz зэрэг компаниуд Америкийн IBM-тэй хамтран ийм зарчмаар ажиллахаа зарласан. Автомашин үйлдвэрлэлийн блокчейн гэдэг нь үйлдвэрлэлд оролцож буй нийлүүлэгчид, угсрах үйлдвэрүүд, дилерүүд зэрэг бүх оролцогчийг технологи, эд ангиудын тухай мэдээллээр хангаж, нэгдсэн мэдээллийн сантай, гэхдээ олон серверт тархаан байршуулахыг хэлнэ. Олон төхөөрөмж нэгэн зэрэг бүртгэж явуулснаар шаардлагатай технологи, эд ангиудын мэдээллийг хөндлөнгийн хэн нэгэн өөрчлөх, солих боломжгүй болно. Энэ нь Герман болон Японы үйлдвэрлэгчдээс эд ангиудын мэдээллийг тээвэр, гааль, даатгалын байгууллага өөрчлөх, солих боломжгүйгээр шууд “Барс Моторс” худалдаж авна гэсэн үг.
Нөгөө талаар “Барс Моторс”-ын үйлдвэрээс гарсан машин хэдэн ч хүний гар дамжсан бай хэдэн удаа, ямар засвар үйлчилгээ хийсэн зэргээр амьдралынх нь бүх түүхийг мөшгөн харах бололцоог блокчейн технологи олгож буй. Өөрөөр хэлбэл, тухайн машины бүх эд анги эхнээсээ буух эзэнтэй, буцах хаягтай байж, хэн нэгэн чанаргүй эд анги нийлүүлэх, эсвэл сольж тавих боломжгүй.
MOZO машин удахгүй “Монголд үйлдвэрлэв” гэсэн баталгаатай, түүнийгээ дагасан арлын дугаартай үйлдвэрлэгдэх аж. Ингэснээр эд ангийн үйлдвэр, тээвэр, угсралт, худалдаа, машин эзэмшигч, автомашины бүртгэлийн мэдээлэл нэгдсэн системд орох юм.
/MOЗО/ Mонголын Оюунлаг Зон Олон ба Д.Дэмбэрэл
“Залуудаа бодож байснаа хийхгүй яав даа” гэсэн харуусал олон хүнд байдаг. Эсвэл үр хойч нь “Та залуудаа юу мөрөөдөж, юу хийж явсан бэ?” гэж асуухад хариулахаас зүрхшээж, бусдын төлөө хийж бүтээснээ голох хүн цөөнгүй. Өдгөө мэддэгээ, чаддагаа түгээж хуваалцах замаар хүмүүс өөрсдийн үйл хэрэг, амьдралаа илүү утга учиртай болгох болжээ.
Д.Дэмбэрэл 40 дөхөөд ирэхдээ энэ тухай нухацтай эргэцүүлэн бодох болжээ. Тэгээд “Аав нь Монголын анхны автомашиныг угсраад явж байсан юм аа” гэж ам бардам хэлэхийн тулд “Барс Моторс” компаниа үүсгэн байгуулжээ.
Намтар түүх гэвэл Архангайн жирийн нэгэн сумын дунд сургуулийн сурагч, Таван буудалд амьдардаг оюутан байжээ. Гэхдээ түүний дотоод “хөдөлгүүр” болж байсан зүйл бол оролдлого. Гадаадаас ирсэн сайн дурынхантай найзалж байгаад англи хэлтэй болж чаджээ. Навсайтал эргүүлж уншсан англи хэлний сурах бичиг нь түүний анхны хамгийн том “капитал” байв.
Тэндээсээ олон улсын хүмүүнлэгийн байгууллага, яам, тамгын газруудаар ажиллан карьераа өсгөжээ., Дараа нь гэр бүлийн хүний хамт зөвлөх үйлчилгээ, боловсролын салбарт нэг хэсэг ажиллаж, олон улсын судлагдаж, туршигдсан батлагдсан агуулгуудыг Монголд оруулж ирж, хүний нөөцийн салбарт хувь нэмрээ оруулжээ.. Харин Монголд автомашины үйлдвэр нээхээр шийдсэн нь түүний амьдралын нэгэн том эргэлт, үнэхээр зориг гаргасан хэрэг байлаа. Дөч дөхсөн монгол эр хүний энэ алхам цаанаа хувийн болоод улс орныхоо ирээдүйн тухай олон бодол эргэцүүллээс үүдэлтэй.
Тэрбээр “Манай улсад баян ядуугийн ялгаа их, гарааны нөхцөл эрс тэс өөр байна” гэснээ агаарт ромбо дүрс зурж “Монголыг би энэ ромбо шиг чинээлэг дундаж давхарга нь их, амьдралын чанар сайжирсан, гадагшаа эмчилгээнд явдаггүй, залуус нь даргын өрөө рүү биш лаборатори, үйлдвэр рүү тэмүүлдэг тийм л нийгэм бүтээмээр байна” гэж өөрийн мөрөөдлөө ярилаа.“1921 онд бид газар зүйн хувьд тусгаар тогтносон. 1991 онд улс төрийн хувьд тусгаар тогтносон. Харин одоо бид дараагийн 30 жилд импортын хамаарлаа багасгаж улс төрийн тусгаар тогтнолоо эдийн засгийн тусгаар тогтнолоор баталгаажуулах ёстой” гэж тэр хэллээ.
Статистик тоо баримтаар 2020 онд Монгол Улс түүхэнд байгаагүй их хэмжээний буюу бараг 70 мянган суудлын автомашин импортолж байв. Жил бүр монголчууд өөрийн халааснаас 500 шахам сая ам.долларыг машин авахад зарцуулдаг.
Монголд автомашин угсрах үйлдвэр байгуулж, гадагшаа чиглэсэн энэ их мөнгөний урсгалаас бага ч болов нэмүү өртөг шингээн дотооддоо үлдээнэ гэж ярихыг нь сонссон хүмүүс шууд эсэргүүцэж байлаа. Харин Д.Дэмбэрэл Хятадын Шанхай хотыг зорьж, Volvo, Mercedez Benz, Audi, Volkswagen, Toyota-гийн үйлдвэрүүдийг бүгдийг нь тойрч, хамтарсан үйлдвэр байгуулах санал тавьж явлаа. Очсон газар болгонд нь “Боломжгүй” гэсэн хариулт өгч байв. Ингэж явахдаа Хятадын “Zotye” хэмээх компани бага өртгөөр, бат бөх машин үйлдвэрлэдэг талаар мэдээд менежертэй нь уулзаж, Т500 гэсэн загварыг нь Монголд сайжруулан, тохируулж үйлдвэрлэх санал тавьжээ. Гэвч “Бид Монголыг сонирхохгүй” гэж хариулав. Тэгэхээр нь Америкаас лобби компани хөлсөлж ажиллуулсны үр дүнд нэг сарын дараа “Zotye” компанийнхан түүнийг хүндэт түншийн ёсоор угтаж авсан байна.
Ийнхүү 2019 оны наймдугаар сард “Барс Моторс” компаниа байгуулсан бол үүнээс дөрвөн сарын дараа Хятадын Ханжоу хотод жилд 25 000 орчим автомашин үйлдвэрлэх хүчин чадалтай “MOZO” брэндийн хамтарсан үйлдвэр байгуулав. Тэр үеийн ханшаар нийт 50 орчим сая.ам долларын зээлийн хөрөнгөөр уг үйлдвэрийг босгожээ. “Монголын оюунлаг зон олон” гэсэн үгийн товчлол болсон МОЗО хэмээх Монголын анхны машин ингэж бий болжээ.
MOZO; MADE IN THE WORLD
MOZO брэндийн логотой автомашиныг анх 2020 оны хоёрдугаар сард Монголын зах зээлд танилцуулахад Д.Дэмбэрэлд “Хятад машинд монгол лого наагаад зарж байна” гэсэн пайз зүүчихэв. Улаанбаатарын баруун захад машин угсрах шинэ үйлдвэр барьчихаад байхад нь ч ийм шүүмжлэл тасрахгүй байгаа.
Гэвч автомашин үйлдвэрлэдэг дэлхийн бүх улсад энэ салбар хамтарсан үйлдвэрийн зарчмаар хөгжсөн байдаг. Үйлдвэрлэсэн автомашинаараа дэлхийг хол хаяж буй Хятад улс эхлээд Зөвлөлтийн машинуудыг хуулбарлан өөрийн нэрээр угсардаг байсан. Жишээ нь, Хятадын “FAW” төрийн өмчит компани анхны машинаа угсрахдаа ЗХУ-ын ЗИЛ маркийг копидож, “Jiefang” (Цзефан, “чөлөөлөх”) нэрээр гаргаж байжээ.
Өмнөд Солонгот ч ижилхэн. Анхны солонгос автомашин гэгддэг Sibai (Эхлэл) нэртэй автомашиныг Сөүлийн захад, нэгэн дарханы урланд Америкийн акталсан машинуудын деталиудыг эвлүүлэн хийж байв. Ийнхүү 1973 оныг хүртэл Солонгосын автомашины үндэсний үйлдвэр импортын эд ангийг оруулж ирэн угсрах маягаар хөгжиж байв.
Тиймээс МОZO нь япон хөдөлгүүртэй, герман хурдны хайрцаг болон явах эд ангитай, солонгос дугуйтай ч гэсэн “Анхны монгол автомашин” гэж хэлэгдэх бүрэн эрхтэй. “Барс Моторс”-той хамтарсан үйлдвэр байгуулсан Хятадын “Zotye” компанийн үйлдвэрлэдэг машинуудад ч хятад эд анги, деталь ховор. Олон улсаас цугласан эд анги, know-how бүхий MADE IN THE WORLD зарчмаар ажиллаж байна. MOZO-ч мөн ялгаагүй.
Оросын эдийн засаг, бизнесийн салбарын аналитик мэдээллийн хэрэгсэл болох Gazeta.ru-д саяхан “МОНГОЛД МАШИН ҮЙЛДВЭРЛЭЖ ЭХЛЭВ. ОРОСЫГ ХЭЗЭЭ ДОВТЛОХ БОЛ” гэдэг гарчигтай нийтлэл гарсан. Уг нийтлэлд авто салбарын шинжээч Сергей Бургазлиев “Үндэсний брэндийн автомашины үйлдвэртэй болно гэдэг бол аливаа улсын хөгжлийн индикатор болдог. Хэдийгээр Монголд эд анги үйлдвэрлэх бааз суурь байхгүй ч энэ бол маш том алхам” гэж бичжээ
Д.Дэмбэрэл ч зөв зүйл эхлүүлж байгаа гэдэгтээ итгэл үнэмшилтэй байгаа. Аливаа том үйл хэрэг эхлэхдээ анзаарагддаггүй, тэр бүү хэл эсэргүүцэлтэй тулах нь их. Яг л уулын бэлээс эх авсан, гутлын ул норгох төдий жижигхээн горхи явсаар явсаар их мөрөн болдогтой адил.
Автомашины үйлдвэрийг дагаад бусад олон төрлийн үйлдвэр хөгждөг. Автомашины салбар хамгийн олон ажлын байр үүсгэдэг, дам нөлөө сайтай салбар гэгддэг. Барилгажилтыг дагаад цемент, хөөсөнцөрийн үйлдвэрүүд төрдөгтэй адил автомашины үйлдвэрийг дагаад ган, төмөр, зэс зэрэг металлургийн үйлдвэр, резин, пластик, будаг гэх зэргээр химийн үйлдвэр, электроникийн үйлдвэр, шилний үйлдвэр амь орох нөхцөл бүрддэг. Хөгжингүй орнуудын аж үйлдвэр ингэж л хөгжсөн. Монгол оронд эдгээрийн ихэнх түүхий эд бий. “Ойрын хугацаанд Монголд машины их биеийг хэвлэдэг, зарим жижиг эд ангийг хийдэг үйлдвэр хөгжих боломжтой. 2024 оноос ийм үйлдвэр ажиллуулах төлөвлөгөө бидэнд байгаа” хэмээн Д.Дэмбэрэл ярилаа.
Түүнчлэн Монголд салхины шил үйлдвэрлэдэг, Япон руу машины эд анги нийлүүлдэг компаниуд байдгийг хүмүүс тэр болгон мэддэггүй. Тиймээс “Барс Моторс” компанийн машин угсрах үйлдвэр Монголд байгуулагдсан нь автомашин дагасан үндэсний аж үйлдвэрийн тогтолцоо хөгжих эхлэлийн цэг гэж болно.
Мөн автомашины аж үйлдвэр нь ажлын байрыг хамгийн их шингээдэг гэдгээрээ алдартай. Хэрэв “Барс Моторс”-ыг дагасан зарим эд анги, деталь хийх үйлдвэрүүд, MOZO болон цаашид гарч ирэх шинэ загваруудын компьютерын үйлдлийн системд программ бичих мэдээллийн технологийн компаниуд ажиллаад эхэлвэл олон хүн ажлын байртай болно. Ингэснээр өнөөдөр гэрийн хатавчинд байгаа хүнд аж үйлдвэр сэргэж, Д.Дэмбэрэлийн яриад буй эдийн засгийн хараат бус байдал хангагдах учиртай. Ялангуяа цар тахлаас үүдэн импортын бараануудаа авч чадахгүй байгаа өнөөгийн нөхцөлд үүний ач холбогдол улам тодорч байна.
Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров Монголын анхны автомашин MOZO-д зориулж хөгжим бичжээ.
Дэлхийд уламжлалт болон цахилгаан хөдөлгүүрт автомашины үйлдвэрлэлээр тэргүүлж, технологи, дизайны хувьд улам төгс болсоор байгаа Хятадтай ойрхон байгаа нь Монгол Улсын хувьд том завшаан бөгөөд цаашдаа Монголын үндэсний автомашин үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд технологийн том түнш байх боломжтой.
2020 оны эхээр Монголд цөөн тоогоор орж ирснээсээ хойш хоёр жилийн хугацаанд МОZO машин Монголын эрс тэс уур амьсгал, бартаат зам, монгол жолоочийн хатуу гараар туршигдаж, монголчуудад яг тохирсон, бага идэштэй ч бартаа туулах чадвартай төмөр хүлэг гэдгээ баталж чадсан. Зөв талдаа жолоодлоготой, 1.5 cc багтаамжтай турбо хөдөлгүүртэй, хот дотор өвлийн улиралд 100 км-т 10 литр, харин зуны улиралд шулуун замд 6 литр түлш зарцуулдаг учраас “Барс Моторс”-ынхон МОZO машинаа чонон хөдөлгүүртэй гэж хэлэх дуртай. Нөгөө талаар хуучин автомашинууд нийт автомашины 97 хувийг эзэлдэг Монголд МОZO нь зөвхөн монгол хүнд зориулсан шинэ машин унах том боломж аж.
Хэрэглэгчид нь бүтээгдэхүүнээ хүлээж буй бизнест хөрөнгө оруулах уу?
Олон улсад доктор хамгаалсан хуульч, эдийн засагч найзууд нь Д.Дэмбэрэлд “Чи ийм ардаа баталгаатай, монголчуудын үндсэн хэрэглээ болсон автомашины үндэсний үйлдвэрлэл эрхэлж байгаа хүн учраас найдвартай хөрөнгө оруулалтын хэрэгсэл гаргаж, мөнгөнд санаа зоволгүй үйлдвэрлэх хэрэгтэй” гэж эртнээс ятгадаг байв.
Эндээс үүдэж “Mozo Bank” төслийг эхлүүлжээ. Энэ нь MOZO машиныг хэрэглэгчдэд санхүүгийн түрээс хэлбэрээр өгөх шийдэл юм. Яг л BMW өөрийн дэргэдэх “BMW bank” санхүүгийн байгууллагаараа дамжуулж машинаа зээлээр олгодогтой адил үйлчилгээ.
Д.Дэмбэрэлийн ярьснаар одоогоор 1000 гаруй хүн MOZO машин авахаар захиалсан бөгөөд ихэнх нь лизингийн нөхцлөөр авах сонирхолтой байгаа аж. Эндээс тэр “Mozo Сoin” хэмээх токенжсон хувьцааг санаачилж, одоо зах зээлд гаргахад бэлэн болоод байна. Ингэхдээ “Барс Моторс” компанийн 10 хувийн хувьцааг 30 тэрбум төгрөгөөр үнэлэн “Mozo Сoin”-ыг гаргана. Эндээс татсан хөрөнгө оруулалтыг 2022 онд MOZO автомашиныг авах 1000 хүний лизингийн санхүүжилт болон дараагийн машинуудыг үйлдвэрлэх нөөц бүрдүүлэхдээ зарцуулах юм байна. Хамгийн ойрын төлөвлөгөөгөөр ирэх Цагаан сараар эхний 100 машин эздийнхээ гарт очно. Мөн койноо машин болон эд анги худалдаж авах, засвар үйлчилгээ хийлгэхдээ ашиглах сонголт байгаа аж.
“Mozo Сoin”-оос авсан хүмүүс Монголын анхны машин үйлдвэрлэгч компанийн эзэд болно, улмаар иймээс ногдол ашиг авч эхэлнэ гэдгийг “Барс Моторс”-ын үүсгэн байгуулагч хэллээ. MOZO койны үнэ 6 сарын дараагаас эхлэн 0.30 мөнгөд хүрэх эсвэл буурах үед нэрлэсэн үнийн дүнтэй тэнцүү хэмжээний MOZO машины худалдан авалтын хөнгөлөлт, эд анги, сэлбэг засвар үйлчилгээгээр сольж авах боломжтой. Өөрөөр хэлбэл, койны үнэ цэнийг хадгалж Барс Моторс компанийн баг машин үйлдвэрлэлийн үйл ажиллагаагаа өргөжүүлж, борлуулалтаа нэмэгдүүлэхэд хүчтэй анхаарна. Ирэх жилийн 1000 машины захиалга талаасаа хэтрээд явж байна. Барс Моторс компани 3-5 жилийн сэлбэг хэрэгслийн нөөцтэй байгаа. 2022 ондоо 1000 орчим машин угсарч, ирэх жилүүдэд хоёр болон гуравдугаар шугамыг нээж бүрэн хүчин чадалдаа хүрнэ. Удахгүй HYBRID хөдөлгүүрт авто машин үйлдвэрлэж, Төв Ази, Европ, ОХУ руу экспортлох төлөвлөгөөтэй байна.
Д.Дэмбэрэлийн зүгээс “Mozo Сoin”-г зах зээлд гаргаснаараа худалдан авагчид нь бэлэн, бүтээгдэхүүнээ хэдийнэ хүлээж байгаа бизнесийн өсөлтийг хамтдаа бүтээе хэмээн уриалж байна.
Coinr yaj mashin hudaldan awalt hiih we medgerengui medeeelel awya