Шинэ он гараад удаагүй байгаа энэ өдрүүдэд хүн бүр зорьсон, төлөвлөсөндөө хүрч, жилийн эцсийг сэтгэл хангалуун үдэхийг хүсдэг. Гэвч дийлэнх хүний хувьд санасандаа хүрч чадахгүй байх нь түгээмэл. Энэ бүхэн цагийн менежмент, цаг төлөвлөлттэй салшгүй холбоотой. Цагаа нарийвчлан төлөвлөж, бүтээмжээ сайжруулах хэрэгцээ шаардлагын талаар өдгөө хүн бүр хэлүүлэлтгүй маш сайн мэднэ. Тиймээс цагийн менежментийн зөв аргачлалыг хэрэгжүүлснээр ямар ач холбогдолтой байдаг болон цагаа төлөвлөхөд саад болж, хойш чангааж байдаг шалтгаануудын талаар эхлээд мэдэж авцгаая.
Цагийн менежментийн ач холбогдол:
-Өөрийнхөө хүсэж буй зүйлдээ гаргах цагтай болно.
-Ажлын бүтээмж сайжирч, үр ашиг дээшилнэ.
-Шийдвэр гаргах чадвар сайжирна.
-Үүрэх аливаа эрсдэлийг бууруулна.
-Стресс, ядаргааг бууруулна.
-Бусдад хүндрэл учруулахгүй.
-Нэр хүнд өснө.
Цаг төлөвлөхөд саад болдог шалтгаан:
-Зорилгогүй.
-Нарийвчлан төлөвлөдөггүй
-Дадал болгодоггүй
-Цаг хугацааны үнэ цэнийг мэдэрдэггүй
-Манлайлал дутмаг
Хүмүүсийн цаг төлөвлөлтийн чадварыг дараах байдлаар ангилж болно.
Цаг төлөвлөлтийн 8 түвшин:
- Бүхнийг толгойдоо тогтоодог ба ямар нэгэн ажил амжуулахдаа бараг бичиж авдаггүй.
- Товлосон уулзалтаа мартахгүйн тулд хуанли хөтөлдөг.
- Хийх ажлаа дуусгах хугацаатай нь цаасан дээр бичиж тэмдэглэдэг.
- Өдөр тутам хийх зүйлсийнхээ жагсаалтыг гаргадаг.
- Цаг төлөвлөхдөө хийх ажлынхаа ач холбогдлоор эрэмбэлдэг.
- Ажлын зорилгоо цаасан дээр тодорхойлж бичдэг.
- Зорилго, алсын хараагаа хэзээд нэрлэн хэлж чадна.
- Миний нэг өдрийн үйл ажиллагаа алсын хараа, эрхэм зорилготой маань нийцдэг.
Цаг төлөвлөлттэй холбоотойгоор Ганабелл институтийн сургагч багш Л.Ундармаа зөвлөж байна.
Ухаалаг төхөөрөмжид суурилсан цаг төлөвлөлтийг хэрхэн хийх вэ?
Google Calendar зэрэг платформыг оффист, ажлын хэрэгцээндээ хүн бүр дундаа хуваалцах байдлаар ашиглахад тохиромжтой байдаг. Хувь хүний тухайд апп гэхээс илүү үзэг, цаасыг хослуулсан сонгодог хувилбарыг сонговол тохиромжтой. Харвардын их сургуулийн элсэгчдээс “Та төлөвлөгөө, зорилгоо цаасан дээр буулгадаг уу” хэмээн асууж, 20 жилийн дараа мөн адил асуултыг тавьж, судалгааны дүнг нэгтгэхэд “Цаасан дээр бичдэг” гэж хариулсан хүмүүс төлөвлөгөө, зорилтдоо 11 дахин илүү хүрдэг гэсэн дүгнэлтийг боловсруулсан удаатай. Аппын тухайд Google -ээс хайж, өөрийн хэрэгцээ шаардлагадаа тохирсныг сонгон ашиглах боломжтой.
Цаг төлөвлөлтийн ABC аргачлалын талаар тайлбарлана уу?
A бол хамгийн чухал ажил. B бол түүний дараах хийх боломжтой ажлууд. Харин C бол яаралтай биш ч ойрын хугацаанд, тухайн долоо хоног, сард хийж амжуулах ажлууд юм. Өөрөөр хэлбэл, ажлуудаа ач холбогдлоор нь эрэмбэлж байна гэсэн үг. Тэгэхээр жижиг сажиг буюу гарт тааралдсан ажил бүрээ хийх гэхээс илүү тухайн сарын төлөвлөгөөндөө уялдуулж, жанжин шугамаа барьж ажиллахад ABC аргачлалын ач холбогдол оршдог.
Төлөвлөгөө гаргахдаа юунаас эхлэх ёстой вэ?
Байгууллагын алсын хараа, зорилго зорилт хувийн төлөвлөгөө, үнэт зүйл, зарчимтай нэг цэгт огтлолцож байвал ажлын бүтээмж нэмэгдэж, цаг ашиглалт сайжирдаг. Тиймээс ямар төрлийн ажил эрхэлж, ямар зорилгын төлөө цаг хугацаагаа зарцуулбал аз жаргалтай ажиллах вэ гэдгээс энэ бүхнийг эхлүүлбэл тохиромжтой.
Хувь хүн зорилгоо хэрхэн жижиг алхмуудад хуваах вэ?
Олон хүн оны эхэнд хийх ажлын жагсаалт гаргаж, маш олон зүйл жагсааж бичдэг. Гэвч жилийн эцсээр жагсаалтын биелэлт тааруухан байх нь бий. Харин үр дүнтэй байх гол арга бол алсын хараа буюу авирах гэж буй уулынхаа оройг эхлээд харах. Дараа нь уулын оройд хүрэх алхмуудаа тодорхойлж, эрэмбэлэх. Нэг үгээр, алхам алхмаар урагшилна гэсэн үг. Ингэж өдөр тутам цагаа зарцуулж буй жижиг ажлуудын үр дүн томоохон зорилго, жилийн төлөвлөгөөндөө хүрэх гол арга зам болдог.
Жилийн төлөвлөгөөг хэрхэн үр дүнтэй байлгах вэ?
Хоёр чухал хүчин зүйл бий. Нэгт, алсын хараа, ирээдүйн зорилготойгоо уялдуулах. Хоёрт, жилийн төлөвлөгөөгөө биелүүлсэн байхын тулд өнөөдөр юунд цагаа зарцуулж байна вэ гэдэгт анхаарах.