Монголын эдийн засгийн томоохон хөдөлгүүр болсон Оюу толгой төсөл цааш хурдаа нэмж, гүний уурхайн ажлаа эхлүүлж буйгаа энэ долоо хоногийн эхээр зарласан билээ. Тодруулбал, өнгөрсөн мягмар гараг буюу нэгдүгээр сарын 25 -нд өмнийн говь дахь Оюу толгой уурхайн цогцолборт Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон “Рио Тинто” компанийн гүйцэтгэх захирал Якоб Стаусхолм нар гүний уурхайн үйлдвэрлэлийн эхний шат буюу 1300 метрийн гүнээс хүдрийн тэсэлгээ хийх анхны командыг өгснөөр цааш зогсолтгүй үргэлжлэх их бүтээн байгуулалтыг эхлүүлсэн юм.
Ирэх оны нэгдүгээр хагаст уурхайг бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөсөн бөгөөд үйлдвэрлэлийн оргил үедээ хагас сая тонн зэс үйлдвэрлэх боломжтойг Якоб Стаусхолм хэлж байв. Үүний үр дүнд манай улсын эдийн засаг 2-3 дахин тэлж, дэлхийд зэсийн томоохон тоглогчдын тоонд багтана гэдгийг Ерөнхий сайд онцолсон.
Мөн энэ үеэр УИХ -аас өнгөрсөн онд баталсан 103-р тогтоолын хүрээнд Монгол Улсын Засгийн газрын эзэмшлийн 34 хувьд ногдох 2.4 тэрбум ам.долларын өрийг 100 хувь тэглэсэн тухай батламжид “Эрдэнэс Оюутолгой” ХХК -ийн гүйцэтгэх захирал Н.Цэрэнбат болон “Туркойс Хилл Ресурсес” компанийн санхүү эрхэлсэн захирал Люк Колтон нар гарын үсэг зурж, баталгаажуулсан юм. 2019 онд УИХ -ын 92-р тогтоол батлагдсанаас хойш хоёр жилийн турш үргэлжилсэн амаргүй хэлэлцээрийн үр дүнд зээлийн өр тэглэгдсэн боловч энэ хугацаанд гүний уурхайн зардал 5.3 тэрбумаас 6.45 тэрбум ам.доллар болтлоо өсчээ. Хэдий тулгамдаж байсан томоохон асуудлуудыг шийдэж чадсан ч, цаана нь шийдэгдээгүй олон асуудал үлдсэн учраас хэлэлцээр цааш үргэлжилнэ гэдгийг эх сурвалжууд тодотгож байв. Тухайлбал, татварын маргааныг шийдвэрлэх, хөрөнгө оруулалтын гэрээг сайжруулахаас гадна менежментийн төлбөрийг багасгах, үр өгөөжийг нэмэгдүүлэх, зэс боловсруулах үйлдвэртэй холбогдох асуудлыг шийдвэрлэх, байгаль орчны нөхөн сэргээлтийн ажлыг эрчимжүүлэх, Ханбогд сумыг хот болгон хөгжүүлэх зэрэг өргөн агуулгаар хэлэлцэх аж.
Гэхдээ энэхүү үйл явдал өнгөрсөн жилүүдэд олон улсын хөрөнгө оруулагчдад таагүй ойлголт төрүүлэх болсон Монголын нэр хүндийг өргөх хөшүүрэг болно гэх итгэлийг олон хүнд төрүүлснийг нээлтийн индэр дээрээс сонсож болохоор байв. Тэдгээрийн нэг нь “Өнөөдөр Монгол Улс хэлэлцээр хийж, хөрөнгө оруулагчидтайгаа ойлголцож, харилцан ашигтай түншлэн ажиллаж чаддаг, цаашид ч бусад хөрөнгө оруулагчдад итгэлтэй түнш байж чадна гэдгээ нотлон харууллаа” гэх Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн үгс байв.
Үүний араас нэгдүгээр сарын 26 -нд Оюу толгойн уурхайг дотоодын эрчим хүчээр хангах гэрээг тус компани “Цахилгаан дамжуулах Үндэсний сүлжээ”, “Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-иуд, “Диспетчерийн үндэсний төв” -тэй хамтран байгуулсан бөгөөд үр дүнд нь жилд 120 сая ам.долларыг Монголын эрчим хүчний салбарт төвлөрүүлэх боломж бүрдэж буй. Энэ хүрээнд 450 мВт хүчин чадалтай “Тавантолгой” цахилгаан станцыг барих ажлыг эхлүүлж, 2024 онд ашиглалтад оруулахаар төлөвлөөд байгаа юм. Мөн ойрын хугацаанд дэд бүтцийн салбарт сүүлийн 30 жилд оруулсан хөрөнгө оруулалтаас илүү их хөрөнгө оруулна гэдгийг Засгийн газраас мэдэгдсэн.
Дэлхийд хамгийн өргөн хэрэглэгддэг метал болох зэс нь уян, бат бөх, цахилгаан, дулааныг сайн дамжуулдаг шинж чанараараа ногоон ирээдүй, ногоон технологид тэмүүлж буй олон улсын чиг хандлагад дээд зэргээр нийцдэг. Тиймээс эрэлт хэрэгцээ нь улам нэмэгдэж буй гэдэг утгаараа зах зээлийн багтаамж хангалттай бий. Энэ талаар “Рио Тинто” компанийн гүйцэтгэх захирал “Нүүрстөрөгчийн хийн ялгарлыг бууруулах дэлхийн эдийн засгийн шилжилтийг дэмжихэд зэсийн үйлдвэрлэл онцгой ач холбогдолтой” хэмээн тэмдэглэсэн.
“Оюу толгой” компани 2013 онд ил уурхайгаас зэсийн баяжмалаа анх экспортолж эхэлснээс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд уг төслөөс Монгол Улс маш олон хэлбэрээр өгөөж хүртэж ирсэн. Тухайлбал, улсын төсөв бүрдүүлэлт, ажлын байр, орон нутгийн хөгжил, мэргэжлийн боловсон хүчин бий болох, дэлхийн стандартыг нутагшуулах зэрэг цөөнгүй чиглэлд ач холбогдолтой байснаараа эдийн засаг, бизнесийн орчинд эергээр нөлөөлсөн билээ. Өнгөрсөн онд гэхэд л нийт төсвийн 20 хувь буюу 700 сая орчим ам.доллар (2 их наяд төгрөг) -ыг дангаар төвлөрүүлсэн байна. Гэхдээ энэ бүхэн Оюу толгойн ордын нөөцийн 20 хувь буюу ил уурхайгаас хүртэж ирсэн давуу талууд. Харин ордын нийт нөөцийн 80 хувь нь газрын гүнд оршдог учраас өнгөрсөн жилүүдэд эндээс олборлолт эхлүүлэх бэлтгэл ажлыг хангаж ирсэн юм.
“Рио Тинто” компанийн Зэсийн группийн захирал Б.Болд “Асар олон хүний арван хэдэн жилийн хөдөлмөрийн үр дүнд Оюу толгойн гүний уурхайн анхны тэсэлгээг хийж, олборлолтын ажлаа эхлүүлсэн нь монгол хүний хувьд сэтгэл догдлом түүхэн мөч. Гэвч нөгөө талаар бидний хариуцлага нэмэгдэж байна. Оюу толгой бол ард түмний баялаг, харин “Рио Тинто” бол манай улсад ирсэн зочин, хамтрагч, түнш, бас гуравдагч хөрөнгө оруулагч. Тиймээс бид хамтран уурхайгаа ашигтай байлгах тухайд сонирхол нийлж байгаа. Хэрэв уурхайн үнэ цэн буурвал Монгол Улс, хөрөнгө оруулагч, ард түмэн гээд аль ч талд ашиггүй” гэлээ.
Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Засгийн газраас хэрэгжүүлэх Шинэ сэргэлтийн бодлогын томоохон эхлэл энэ хүрээнд тавигдлаа гэж ойлгож болно. Цаашид бид аж үйлдвэрийг сэргээх, авто зам, төмөр зам, хурдны замуудаар бүх боомтыг холбох, мөн төрийн бүтээмжийг сайжруулж, ногоон хөгжлийг өрнүүлэх, дэвшилтэт технологийг илүү их ашиглах, цаашлаад хот, хөдөөг тэнцвэртэй хөгжлөөр хангах чиглэлээр томоохон төслүүдийг хөрөнгө оруулагчид болон хувийн хэвшлүүдийг идэвхтэй дэмжин ажиллах замаар хэрэгжүүлнэ” хэмээн тодотгосон юм. Мөн тэрбээр “Цар тахлын амаргүй нөхцөл байдал, инфляци, үнийн өсөлтийг бид эдийн засгийн өсөлтөөр сөрөн гарч чадах ганцхан үнэн бий. Тиймээс Шинэ сэргэлтийн бодлогын гол цөм том төслүүдээ хөдөлгөж, иргэн бүр ажилтай, орлоготой, аж ахуйн нэгж бүхэн завгүй байхад чиглэнэ” хэмээн хэлсэн билээ.