Ярилцсан Mongolian Economy сэтгүүлийн редактор Н.Энхбаяр
Одоогоос 30 жилийн өмнө Монгол Улс Дэлхийн Банк Группийн гишүүнээр элсэж байв. Тэр цагаас хойш манай улсын хөгжлийн чухал түнш болсоор ирсэн тус байгууллагын Монгол Улс дахь суурин төлөөлөгч А.Михневтэй түүхэн ойг тохиолдуулан бид уулзаж ярилцсан юм.
Тэрбээр 2019 оны дөрөвдүгээр сараас хойш эл албан тушаалыг хашиж буй бөгөөд өмнө нь дэлхийн олон улсад хөгжлийн асуудлаар 25 гаруй жил ажилласан туршлагатай нэгэн билээ. А.Михнев Дэлхийн Банкинд ажиллах хугацаандаа Ойрхи Дорнод, Хойд Африк, Саб-Сахарын Африк, Европ, Төв Ази, Латин Америкийн олон улсад эдийн засгийн хөгжилтэй холбоотой асуудал хариуцаж байсан юм. Тэрбээр олон улсын эдийн засгаар докторын зэрэг хамгаалсан.
-Монгол Улс 1991 оны хоёрдугаар сард Дэлхийн Банк Группийн гишүүнээр элсэж байсан түүхтэй. Энэ үед Монгол Улс төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн системд шилжиж, маш олон саад бэрхшээлтэй тулгарч байлаа. Тухайн үед манай улсад хэрэгжүүлж байсан анхны төслүүдийн талаар дурсана уу?
– Монгол Улс Дэлхийн Банк Группт элссэний 31 жил болж байна. 1991 оны хоёрдугаар сарын 14-нд Монгол Улс Дэлхийн Банк (Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк болон Олон улсын хөгжлийн ассоциаци), Олон улсын санхүүгийн корпорацийн гишүүн болсон бол таван сарын дараа Хөрөнгө оруулалтын маргааныг шийдвэрлэх олон улсын төв, 1999 онд Олон талт хөрөнгө оруулалтын баталгааны агентлагт элссэнээр Дэлхийн Банк Группийн бүх таван байгууллагын гишүүний статустай болсон юм.
1990-ээд оны эхээр Монгол Улс болон хуучин социалист системийн зарим улс шилжилтийн эхэн үеийн хүндрэлүүдтэй тулгарсан. Эдийн засгаа тэр чигт нь өөрчлөх шаардлага ч үүссэн. Төвлөрсөн удирдлага, төлөвлөгөөтэй эдийн засгийн бүтцээс зах зээлийн эдийн засагт шилжихэд тун хянуур, нухацтай болоод шийдэмгий алхмууд шаардлагатай байлаа. Энэхүү шилжилтийн үйл явцыг дэмжихийн тулд бид эхлээд эдийн засгийн голлох салбар болох хөдөө аж ахуй, эрчим хүч, зам тээврийг сэргээх болон зах зээлийн эдийн засагт чиглэсэн институцүүдийг бий болгоход анхаарч ажилласан.
Үүний тулд Засгийн газар болон бизнесийн байгууллагууд эрс өөрчлөгдөх шаардлагатай байлаа. Монголд төрийн өмчит үйлдвэр, байгууллагууд их олон байсныг хувьчлах хэрэгтэй байв. Ингээд бид хамгийн эхэнд Эдийн засгийг сэргээх хөтөлбөр болон Техникийн тусламжийн гэсэн хоёр төслийг баталсан. Энэ хоёр төсөл нь эдийн засгийн хөгжлийн суурийг эргэн тавьж, Засгийн газарт техникийн тусламж үзүүлэхэд ихээхэн түлхэц болсон гэж боддог. Мөн эхний төслүүд маань шилжилтийн үед эмзэг бүлгийн хүмүүсийг орлоготой, ажилтай байлгах, тэднийг дэмжихэд чиглэж байсан юм.
Бидний санхүүжүүлсэн бас нэг анхны төслүүдийн нэг нь тээврийн сүлжээг сайжруулахад чиглэж байлаа. Монгол бол өргөн уудам газар нутагтай улс. Зөвхөн хөрш улсуудтай төдийгүй аймаг, сумдын хооронд чөлөөтэй зорчих улмаар эдийн засгийг тэлж, хөгжихөд туслах “артерын судсыг” бий болгох нь үнэхээр чухал байлаа.
Дэлхийн банк 2030 он гэхэд туйлын ядуу хүмүүсийн тоог дэлхийн хүн амын гурван хувиас бага болгож бууруулах зорилготой.
Гэхдээ түншлэлийн жилүүдийн эхэнд ард иргэдийн орлого тун доогуур байсныг ихэнх уншигчид санаж байгаа болов уу. Тиймээс бидний санхүүжүүлсэн ихэнх төсөл нь орлогын өсөлтийг дэмжих боломжуудыг бий болгоход чиглэж байсан гэж болно.
-Анхны төслүүдийг хэрэгжүүлэхэд ямар бэрхшээлүүд тулгарч байв?
-Тухайн үед зах зээлийн эдийн засагт чиглэсэн байгууллагыг удирдах ур чадвартай мэргэжилтэн болоод удирдлага Засгийн газрын түвшинд ч, хувийн хэвшилд ч хангалттай олон байгаагүй. Тийм болохоор тодорхой дүрэм, журмыг гаргах, хувийн бизнесийг хэрхэн удирдах талаар мэдлэг олгохын тулд их зүйл хийх хэрэгтэй болсон.
Тэр үед Дэлхийн Банканд ажиллаж байсан хамтрагчдын маань дурссанаар эдийн засгийг бүхэлд нь гэнэт өөрчлөх болсон нь үнэхээр том сорилт болж байсан гэдэг. Үйлдвэрлэлд илүүтэйгээр анхаарахын оронд үйлдвэрлэсэн багавтар бүтээгдэхүүнээ зарах нь илүү чухал болж болсон. Ард иргэдийн хэрэгцээг хангах хангалттай хэмжээний хүнсний бүтээгдэхүүн болоод үйлчилгээг зах зээл дээр байлгах нь тун чухал байлаа.
Эл амаргүй шилжилтийг аль болох саад бэрхшээл багатай, түргэн хэрэгжүүлэх нь гол зорилго байв. Гэхдээ үүнийг хэрхэн хийх, хүмүүсийг яаж ажилтай, орлоготой байлгах нь амаргүй асуудал байлаа. Энэ бол 1990-ээд онд Монгол Улсын тулгарсан гол бэрхшээлүүд гэж хардаг.
-Картын бараанаас өөр зүйлгүй тэр үед Дэлхийн Банкнаас цахилгаан станц, уурхай зэрэг дэд бүтцийн амин чухал секторт хамгийн түрүүнд тусалж байсан. Тэдгээр төслүүдийн ач холбогдлыг өнөөдөр эргэн дүгнэхэд танд ямархуу дүр зураг харагдаж байна вэ?
-Дэд бүтцийн тэдгээр төслийг хэрэгжүүлсэн нь Монгол Улсын хувьд амин чухал байсан гэж боддог. Сүүлийн 30 жилд энэ чиглэлээр олон төсөл хэрэгжиж, олон бүтээн байгуулалт ашиглалтад орсон ч өөр олон төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх нь чухал байна.
Байгалийн баялаг бол Монголын эдийн засгийг авч явах хөдөлгүүр. Хүмүүсийн амьжиргааг баталгаажуулах, ирээдүйн хөгжлийн суурийг тавихын тулд үндсэн дэд бүтцүүд байх ёстой. Тийм болохоор өнгөрсөн 30 жилийн хугацаанд онд бид дэд бүтцийн маш олон төслийг дэмжиж, байгалийн баялгийг улс орны хөгжлийн төлөө ашиглах боломжийг бүрдүүлж өгсөн. Одоо ч гэсэн бид дэд бүтцийн төслийг дэмжсээр байгаагийн нэг илрэл нь өдгөө хэрэгжиж буй сэргээгдэх эрчим хүчний төсөл (Эрчим хүчний төсөл-2-ийн хүрээнд Ховд аймагт баригдаж буй нарны цахилгаан станц) юм. Эл төсөл нь зөвхөн цахилгаан эрчим хүчний эх үүсвэр болоод зогсохгүй байгаль орчинд ээлтэй, орчин үеийн технологийг ашиглан тус салбарыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулна гэж үзэж байна.
Бид одоо зөвхөн зам барих тухай бус харин эдийн засгийн тоглогчдыг хооронд нь хэрхэн холбох, бусад улстай Монголыг хэрхэн холбох, дэд бүтцийн логистикийн хэрхэн хөгжүүлэх талаар ярьж байна.
-Монгол Улсад хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийг эрэмбэлэхдээ Дэлхийн Банк чухам юуг чухалчлан авч үздэг вэ?
-Төслүүдээ сонгох, боловсруулах явц нь улс оронтой түншлэх стратегид тулгуурладаг бөгөөд тус стратегийг бид Засгийн газар, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагууд зэрэг бүхий л түнш, харилцагч нартайгаа нягт зөвлөлдсөний үндсэн дээр боловсруулдаг.
Тулгарч буй сорилтууд болон шинэчлэл хийхэд шаардлагатай асуудлуудыг бид тэдгээр түнш, харилцагч нартайгаа ярилцаж, сонсдог. Мөн тухайн салбарыг хамарсан эсвэл салбар хоорондын иж бүрэн шинжилгээ, судалгааг хийдэг. Эдгээр судалгаа болон харилцагч нараас ирсэн санал зөвлөмж дээр тулгуурлан асуудлын уг шалтгааныг олж харах, цаашлаад тэдгээр сорилтыг давахад туслах хамгийн тохиромжтой шийдэл, төсөл хөтөлбөр зэргийг боловсруулдаг.
Бид аль болох хамгийн их нөлөө үзүүлэх, мөн бусад улсад туршигдаж батлагдсан арга барил бүхий төслүүдийг санхүүжүүлэхийг эрмэлздэг.
-Монгол Улс бага дунд орлоготой улс болсноор Олон улсын хөгжлийн ассоциациас гарсан. Ингэснээр манай улсад үзүүлэх тусламж, зээл, хөтөлбөрийн зорилго, агуулгад ямархуу өөрчлөлт орж байна вэ?
-Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк (IBRD) болон Олон улсын хөгжлийн ассоциаци (IDA) бол гишүүн орнуудын засгийн газарт зээл олгодог байгууллагууд. IDA бол бага болон зарим бага дунд орлоготой улсуудад нэн хөнгөлөлттэй санхүүжилт өгдөг. Тухайн улс IDA-ийн ангиллаас гарсан тохиолдолд IBRD-ийн нөхцөлийн дагуу зээл авах боломжтой болдог юм. Ийм зээл нь зах зээлийн нөхцөлтэй харьцуулбал бас л хөнгөлөлтэй нөхцөлөөр олгогдохоос гадна тухайн улсад санхүүжилтийг хэрхэн ашиглах, санхүүгийн ямар хэрэгсэл сонгох вэ гэдэг тал дээр илүү уян хатан нөхцөл, боломжийг олгодгоороо давуу талтай.
Ер нь IDA-ийн ангиллаас дэвшиж, IBRD руу шилжих нь улс орны хөгжилд гарсан амжилт гэж харж болно. Учир нь энэ нь тухайн улсын хөгжил дунд орлоготой улсын түвшинд хүрснийг илтгэхийн дээр, гаднаас илүү олон төрлийн зээл авч чаддаг болж, цаашлаад олон улсын санхүүгийн зах зээл дээр гарахад зээлжих зэрэглэл сайжирч байгааг харуулдаг юм. Бидний зүгээс Монгол Улс 30 жилийн хөгжлийн босгон дээрээ IDA-ийн ангиллаас дэвшсэн орнуудын эгнээнд нэгдсэнд баяртай байдаг.
Монгол Улсын тухайд IBRD-ийн нөхцөлөөр санхүүжилтийг нь олгох анхны төслийг 2021 оны зургадугаар сард баталсан. Энэ бол Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр төсөл юм.
-Ядуурлыг бууруулах нь Дэлхийн Банк Группийн хос зорилтын нэг. Сүүлийн 30 жилд манай улсад ядуурлыг бууруулах чиглэлээр ямар ахиц гарсан болон цаашид юу хийх ёстой гэж боддог тухайгаа манай уншигчидтай хуваалцана уу?
-Чухал асуулт байна. Тийм ээ, бидэнд тун тодорхой хос зорилт байдаг. Тэдгээрийн нэг нь ядуурлыг бууруулах бөгөөд манай байгууллага 2030 он гэхэд туйлын ядуу хүмүүсийн тоог дэлхийн хүн амын гурван хувиас бага болгож бууруулах зорилготой. Туйлын ядуурал буюу өдрийн 1.90 ам.доллароос бага мөнгөөр аж төрөх явдал Монгол Улсад бүрэн устсан гэж болно.
Гэхдээ бага дунд орлоготой улсын ядуурлын түвшни буюу өдөрт 3.20 ам.доллароос бага орлоготой иргэдийг авч үзвэл энэ тоо Монгол Улсад таван хувь байна. Мөн мэдээж Үндэсний Статисикийн Хорооноос гаргадаг ядуурлын шугам үүнээс арай өндөр босготой байдаг бөгөөд энэ Монголд илүү тохиромжтой үзүүлэлт юм.
Цаг хугацаагаар авч үзэх юм бол ядуурлын шугамаас доогуур түвшинд амьдардаг хүн амын хэмжээ 2014 онд 21.6 хувь болж буурсан. Харин 2016 оны хямралын үеэр энэ тоо эргээд өсч 30 хувьд хүрсэн ч өдгөө 27 орчим хувь болж ялимгүй багасаад байна. Ядуурал өсч, буурахад чухам юу нөлөөлж байна, ямар чиг хандлага ажиглагдаж байна гэх зэргээр нөхцөл байдлыг илүү сайн ойлгохын тулд бид Үндэсний статистикийн хороотой нягт хамтран ажилладаг. Манай байгууллагаас гаргасан хамгийн сүүлийн “Ядуурлын дүр төрх” тайлангаас харвал хот суурин газарт ядуурлын түвшин буурахад ахиц гараагүй бол хөдөөд мэдэгдэхүйц хэмжээгээр буурчээ.
Үнэнийг хэлэхэд Монгол дахь Дэлхийн Банкны суурин төлөөлөгчийн газар аль болох хурдан хаагдаасай гэж би хүсдэг. Дэлхийн Банкны санхүүжилт шаардлагагүй болсон Төв Европ болон Зүүн Азийн бусад улсад бид төлөөлөгчийн газраа хааж байлаа.
Энд дурдах ёстой өөр нэг зүйл бол Ковид-19 цар тахалд ядуу айл өрхүүд илүүтэй нэрвэгдсэн. Гэхдээ Засгийн газраас авч хэрэгжүүлсэн тодорхой арга хэмжээнүүд, тухайлбал эдийн засгийг дэмжих хөтөлбөр нь эрсдэлийг зөөллөсөн гэж хардаг.
Монгол Улсын эдийн засгийн өсөлтийн хэмжээ өндөр байсан ч ядуурлын хавханд орсон хүмүүст энэ нь мэдэгдэхүйц нөлөө үзүүлэхгүй байгаа нь бидний анхаарлыг татаж буй. Тиймээс бид цаашдаа хүн амын хамгийн ядуу хэсэгт ач тусаа өгөх реформ хөтөлбөрүүдэд үргэлжлүүлэн анхаарч ажиллана.
-Дэлхийн Банк Группийн нөгөө хос зорилт болох хамтын хөгжил цэцэглэлтийг дэмжих тал дээр ямар хувь нэмэр оруулж байна вэ?
-Хамтын хөгжил цэцэглэлт гэдэг нь бидний хувьд улс орны эдийн засгийн өсөлт, хамгийн ядуу иргэддээ хүрч, үр шимээ өгдөг байхыг хэлж байгаа юм. Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн нэмэгдэж байгаа хэдий ч үүнтэй зэрэгцээд баян хоосны ялгаа ч өссөөр байна. Өөрөөр хэлбэл улс нь хөгжиж, эдийн засаг нь өссөөр байгаа ч эл өсөлтийн ач тус, үр шимийг нь ядуу бүлгийнхэн төдийлэн хүртэж чадахгүй байна. Тийм учраас Дэлхийн Банк Групп нь эл өсөлтийг хүн амын хамгийн бага орлоготой 40 хувьд хэрхэн хүртээх вэ гэдэгт анхаарч ажилладаг.
Хамтын хөгжил цэцэглэлтийн талаас авч үзвэл эдийн засгийн өсөлтийг ядуу иргэдэд хүргэх тал дээр Монголд илүү ихийг хийх боломжууд бий. Хамтын хөгжил цэцэглэлтийг дэмжих үүднээс бид 2017, 2019 онд Монгол Улсад хөгжлийн бодлогын зээл олгож байлаа. Энэ бол хөгжил цэцэглэлтийг илүү хүртээмжтэй болгоход чиглэсэн Засгийн газрын бодлогын гол алхмуудыг бидний зүгээс дэмжиж байсны нэг жишээ юм.
Цаашдаа ч бид үүнийгээ үргэлжлүүлэх болно. Манай төсөл бүр хүн амын хамгийн ядуу хэсэгт ач тусаа өгдөг, тэдгээр хүмүүсийн сайн сайханд чиглэдэг байхыг бид хүсдэг. Энэ бүхний нөлөөг зөвхөн ядуу иргэдийн орлого хэр нэмэгдэж буйгаар л хэмжиж болох юм.
-Дэлхийн Банк Групп ирэх дөрвөн жилд Монгол Улстай хамтран ажиллах шинэ түншлэлийн хүрээг саяхан баталсан. Бодлогын эл баримт бичигт ямар зорилгуудыг голлон хэрэгжүүлэхээр тусгасан талаар манай уншигчдад цогц ойлголт өгнө үү?
-Дээр дурьдсанчлан, Түншлэлийн шинэ хүрээ (ТШХ) бол таван жилийн хугацаатай, тухайн улсыг дэмжиж ажиллах гол зорилтуудыг тусгасан стратегийн баримт бичиг юм. Манай баг эл баримт бичгийг нэг жил гаруйн хугацаанд бэлтгэж, 2020 оны тавдугаар сард Дэлхийн Банк Группийн захирлуудын зөвлөлөөр дэмжигдсэн.
Түншлэлийн шинэ хүрээ нь Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн чухал цаг үед батлагдсанаараа онцлог. Ковид-19 цар тахал монголчуудын амьдралд бүхий л талаар нөлөөллөө. Гэхдээ Монгол Улс эдгээр тулгамдсан саад бэрхшээлийг даван туулж, илүү тогтвортой, хүртээмжтэй өсөлтийн суурийг тавина гэдэгт бид итгэлтэй байна. Тийм учраас бидний зорилго бол цар тахлын дараа эдийн засгийг эрчимтэй сэргээхэд төдийгүй хамтын хөгжил цэцэглэлтэд илүү чиглэсэн тогтвортой, хүртээмжтэй өсөлтөд анхаарахад оршиж байна.
Стратегийн голлох зорилтуудаа маш тодорхой болгохын тулд бид иргэний нийгэм, хувийн хэвшил, төрийн байгууллагууд, орон нутгийн оролцогч талуудыг маш их сонсож, мэдээлэл авч ажилласан. Эдгээр мэдээлэлдээ тулгуурлан ТШХ нь гурван үндсэн чиглэлтэй батлагдсан. Эхний чиглэл бол эдийн засгийн засаглалыг бэхжүүлэх юм. Хоёр дахь нь өрсөлдөх чадварыг дээшлүүлэх бол гурав дахь чиглэл нь амьдралын анарыг сайжруулах юм.
Ингэснээр цаашид бидний хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа бүх төсөл эдгээр гурван чиглэлийн аль нэгийг эсвэл бүгдийг нь дэмжихэд чиглэх болно. Мөн эдгээр чиглэл тус бүр дотроо тодорхой зорилтуудтай. Тухайлбал, төсвийн удирдлага болон институцийг бэхжүүлэх, санхүүгийн салбарын тогтвортой байдлыг сайжруулах, төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг бэхжүүлэх нь эхний чиглэлд багтаж буй зорилтууд юм. Хоёр дахь чиглэлд өрсөлдөх чадвар болон бизнес эрхлэх орчныг сайжруулах, уул уурхайн салбарт тогтвортой хөрөнгө оруулалтыг дэмжих, уул уурхайн бус салбарын бүтээмжийг нэмэгдүүлэх, тогтвортой дэд бүтцээр дамжуулан харилцаа холбоог сайжруулах зорилтууд багтаж байна. Гурав дахь чиглэл нь амьдралын чанарыг сайжруулах, нийгмийн хамгааллын тогтолцооны бүтээмж, тогтвортой байдлыг нэмэгдүүлэх, хот суурин газарт тухтай амьдрах орчныг бүрдүүлэхэд чиглэсэн.
Мөн уур амьсгалын өөрчлөлт, илүү чанартай олон ажлын байрыг бий болгох гэсэн бүх чиглэлд хамаарч буй ерөнхий хоёр асуудлыг анхааран үзсэн. Эдгээр нь бүгд Монголын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр болон Алсын хараа-2050 баримт бичигт туссан урт хугацааны зорилтуудтай нийцэж байгааг дурьдах нь зүйтэй.
Энэ ташрамд нэг зүйлийг дурдахад Монгол Улс IBRD-ийн гишүүн орны статустай болсны дараа батлагдсан анхны түншлэлийн стратеги нь энэ боллоо. Ингэснээр тээвэр, дэд бүтэц зэрэг хамгийн чухал хөрөнгө оруулалтуудыг дэмжих, хэмжээний хувьд хавьгүй том мөн илүү үр нөлөөтэй төслүүд дээр бид улам их анхаарал хандуулж ажиллана. Мөн ТШХ-г Монголын улс төрийн мөчлөгтэй нийцүүлэн боловсруулж эхэлснийг онцлох хэрэгтэй болов уу. Улс төрийн мөчлөгтэй ингэж хугацааны хувьд тааруулснаар бидний санхүүжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийг урт хугацаандаа Засгийн газар тууштай дэмжиж ажиллахад тус болно гэж үзэж байна.
-Монгол Улсын Засгийн газар, төрийн байгууллага, хувийн хэвшлийн төлөөлөлтэй хамтран ажиллахад ямар бэрхшээлүүд голлон тулгарч байна вэ? Хамтын ажиллагааны алдаа оноо юу байв?
-Хоёр талын хамтын ажиллагааны өнөөгийн нөхцөл байдлыг авч үзвэл бидэнтэй тун сайн хамтрагчид, ялангуяа улс эх орныхоо стратегийн зорилтуудыг сайтар ойлгодог дээд түвшний албан тушаалтнууд гар нийлэн ажиллаж байна гэж дүгнэж болно. Хэрэгжүүлж байгаа төслүүд маань Засгийн газар, иргэний нийгэм, хувийн хэвшлийн хүчтэй дэмжлэгтэйгээр үргэлжлүүлэн хэрэгжиж, төслүүд маань залгамж халаатай байгаасай гэж бид хүсдэг.
Гэхдээ хамтын ажиллагааны 30 жилийн хугацаанд бид багагүй туршлага, сургамж авсныг дурдах хэрэгтэй болов уу. Тухайлбал, Монголд хэрэгжүүлсэн бараг бүх төсөл маань анх төлөвлөж байсан товлосон хугацаандаа дуусаж байгаагүй. Тэгэхээр шинэ төслийг хэрэгжүүлэх явцад төслийн үргэлжлэх хугацааг илүү бодитойгоор төлөвлөх нь зүйтэй гэж бид үзэж байгаа.
Дэлхийн Банк Групп нь ямар нэг төсөл хэрэгжүүлдэггүй гэдгийг мөн онцлон дурдахыг хүсэж байна. Бүхий л төслийг Засгийн газрын агентлаг эсвэл орон нутгийн агентлагууд хэрэгжүүлдэг. Бид зөвхөн санхүүжилт, мэдлэг туршлагаар хангаж, төслийн хэрэгжилтийг дэмжин ажилладаг юм.
-Монгол Улс болон Дэлхийн Банк Группийн өнгөрсөн болон өнөөгийн хамтын ажиллагааг бид дүгнэж ярилцлаа. Харин цаашдын 30 жилийн хамтын ажиллагаа юунд чиглэнэ гэж бодож байна вэ?
-Үнэнийг хэлэхэд Монгол дахь Дэлхийн Банкны суурин төлөөлөгчийн газар аль болох хурдан хаагдаасай гэж би хүсдэг. Улс орны эдийн засаг хөгжиж, Дэлхийн Банкны санхүүжилт шаардлагагүй болсон Төв Европ болон Зүүн Азийн бусад улсад бид төлөөлөгчийн газраа хааж байлаа.
Ирэх хэдэн жилүүдэд Монгол Улс Дэлхийн Банкнаас санхүүгийн болон мэдлэгийн тусламж, дэмжлэг авсаар байх хэдий ч энэ нь гучаас цөөн жил үргэлжилнэ гэдэгт би үнэхээр итгэж байна. Хамгийн гол нь бид Монгол Улсыг хөгжингүй, чинээлэг улс болоосой гэж хүсдэг. Ядуурал бүрэн устаж, иргэд нь орлогын ижил тэгш боломжтой болж, зөвхөн нүүрс, ноолуураас өөр олон зүйлээрээ дэлхийд танигдсан өндөр орлоготой, хөгжингүй орон болох хөгжлийн замынх нь нэг хэсэг байхыг бид хүсдэг. Бид тэрхүү аяллыг нь дэмжиж ажиллахдаа баяртай байх болно.