Ц. Оюунжаргал Глобаль Стратегийн Удирдлагын Институтийг /GSMI/ үүсгэн байгуулсан. MBA, ME, CMCe, Докторант, Менежментийн Зөвлөх/Удирдлагын көүч. Business.mn-д манлайлал, бизнесийн стратеги, компанийн соёл, эмоцийн чадавхийн сэдвээр нийтлэлүүд бичдэг.
Өмнөх нийтлэл: Айжал манлайлал: Хямралын нөхцөлд компаниа хэрхэн удирдах вэ?
Хувийн хэвшлийнхний хувьд 2021 он компанийн удирдлагуудын зүгээс өөрөөр сэтгэж, бизнесээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн өөрчилж, дижитал шилжилтийг амжилттай хийж, нью нормалд үүсээд байгаа цоо шинэ шалгууруудыг даван гарахад мэдлэг чадвараа сорьсон хариуцлагатай цаг хугацаа байлаа.
Тэгвэл 2022 онд бизнесийн ертөнцөд ямар чиг хандлагууд давамгайлах вэ?
Тэсвэрлэлт ба бизнесийн тасралтгүй ажиллагаа – Ковид эхэлснээс хойш байнга шахуу хэрэглэгдэх болсон нэр томъёоны нэг нь “тэсвэрлэлт” болоод буй. Орчны хувьсал, технологийн тэсрэлтүүдтэй зэрэгцэн хурдтай өөрчлөгдөж бизнесийн үйл ажиллагаагаа тасралтгүй явуулахыг тэсвэрлэлт гэж тодорхойлох болсон. Хэдийгээр ихэнх улс оронд хатуу хөл хориогүй больж сургууль, боловсролын байгууллагууд үүд хаалгаа нээж, олон нийтийг хамарсан арга хэмжээнүүд зохион байгуулж эхэлж байгаа ч цар тахлын эрин үе дуусах болоогүй байгааг өмнөхөөсөө ч хурдацтай тархаж буй шинэ хувилбарууд харуулж байна. Өөрөөр хэлбэл хувийн хэвшлийнхэн маань бизнесийн үйл ажиллагаагаа тасралтгүй явуулахын тулд ирэх онд ч ялгаагүй тэсвэрлэх булчингаа үргэлжлүүлэн сайн хөгжүүүлэх хэрэгтэй болох нь.
Ханган нийлүүлэлтийн сүлжээ – Урд хил үе үе урт, богино хугацаагаар хаагдахын сацуу урд хилээр дамжин орж ирдэг импортын барааны нийлүүлэлт тасалдаж дотоодын зах зээл дээр зохиомол хомсдол үүссэн. Үүнээс болж өргөн хэрэглээний барааны үнэ өдөр ирэх тусам нэмэгдэж байгаа нь инфляцийн түвшинг өсгөж төгрөгийн худалдан авах чадварыг улам бүр бууруулж байна. Түүхий эд материал, сав баглаа боодол, төрөл бүрийн түлш, нефтийн бүтээгдэхүүнээс авахуулаад үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл төдийгүй сахар, будаа, жимс, хүнсний нарийн ногоогоо хүртэл импортоор авдаг Монгол улсын хувьд нэмүү өртгийг бүтээдэг бус харин бусад улсын үйлдвэрлэгчдийн тэр тусмаа Хятадад үйлдвэрлэж нэмүү өртөг шингэсэн бараа бүтээгдэхүүнийг худалдан авдаг импортын хараат улс аль хэдийнээ болсныг харуулсан хатуу цаг үеийг бид туулж байна. Хэдийгээр урд хөрш нүүгээд явчихгүй ч 2022 онд Бээжинд явагдах Өвлийн Олимпийн наадмыг эрсдэлгүй зохион байгуулахын тулд Хятадын Засгийн газраас хил гаалиа чангатгах бодлого явуулж байгаа нь ханган нийлүүлэлтийн сүлжээний тасралтгүй ажиллагааг цаашид ч хүндрүүлэхээр дүр зураг харагдаж байна.
Автоматжуулалт – Бизнесүүд, ялангуяа үйлдвэрлэл эрхлэгчид технологийн шинэчлэл хийж, механик ажиллагааг бүрэн автоматжуулалт бүхий үйлдвэрлэлийн шугамаар солих төслүүд хэрэгжүүлэх болсон. Нөгөөтэйгүүр хөдөлмөрийн зах зээл дээр ажил олгогчдын шаардлага хангахуйц ур чадвартай ажилчдын нийлүүлэлт жил ирэх тусам багасах хандлагатай байгаа нь автоматжуулалтыг бүх талаар хурдасгаж байна.
Ажилчдын зан төлөвийн өөрчлөлт – Удаан хугацааны хөл хорионы дараа хэрэглэгчдийн төдийгүй ажилчдын зан төлөв өөрчлөгдсөнийг Монголд төдийгүй өндөр хөгжилтэй орнуудын ажил олгогчид ч хэлэлцэх болсон. Цар тахлаас өмнө ихэнх ажилтан өглөөний 09.00 цагаас 18.00 цаг хүртэл оффисдоо цагаа бүртгүүлэн ажилладаг байсан бол одоо ажлын байрыг 100% гэрээс ажиллах, ажил-гэр хослуулах (гибрид хувилбар), 100% оффисдоо ажиллах гэсэн 3 ангилалд хуваах болсон. Ажилчдын зан төлвийн өөрчлөлттэй холбоотой ажил олгогчид хүний нөөцийн бодлого, дотоод дүрэм журамдаа өөрчлөлт оруулах хэрэгтэй болж байна.
Байгууллагын энгийн хавтгай бүтэц – Цар тахлын өмнө дундаас дээш буюу 100-аас дээш хүнтэй байгууллагууд ихэнх нь удирдлагын хэд хэдэн шатлал бүхий босоо бүтэцтэй байсан бол хатуу хөл хорионы үеэр байгууллагууд удирдлагын нүсэр бүтэц, олон шат дамжлагагүйгээр ажил илүү хурдтай бөгөөд хялбар явагддаг болохыг сайтар ойлгосон. Технологийн эринд ажиллаж амьдарч байгаа бидний хувьд улирдлагын шийдвэрүүдийг шуурхай гаргахын зэрэгцээ, уян хатан байж хурд(Agile leadership)-тай өөрчлөгдөхийг цаг үе шаардаж байгаа тул байгууллагууд аль болох энгийн бөгөөд хавтгай бүтцээр ажиллах нь илүү оновчтой болж байна.
Хиймэл оюун ухаанд суурилсан технологи – Цар тахал дэлхийн эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлсөн ч технологийн салбар, тэр дундаа хиймэл оюун ухааны салбарын хөгжлийг хурдасгаж байгаа. Цаашид ч дэлхийн үйлдвэрлэлийн хөгжил интернэт, хиймэл оюун ухаан, их өгөгдөл, үүлэн тооцоолуур гэсэн “виртуаль дэд бүтэц”-д суурилан хөгжих чиг хандлагатай байна. Глобаль түвшинд авч үзвэл хиймэл оюун ухааныг хөгжүүлэх талаар үндэсний стратеги төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлэхээ зарласан өндөр хөгжилтэй нийт 20 орчим улс байна. Манай улс ч ялгаагүй хиймэл оюун ухааныг хөгжүүлэхэд нэн тэргүүнд шаардлагатай мэргэжилтнүүдийг бэлдэхэд бодлоготой анхаарах хэрэгтэй байна.
Санхүүжилтийн шинэ хэлбэрүүд – блокчейн технологи нэвтрэхээс өмнө бизнесүүд болон хувь хүмүүс санхүүжилтийн хэрэгцээ гарсан үед банк, санхүүгийн байгууллагууд руу ханддаг байсан бол орчин үед санхүүжилт босгох олон арга замууд (crowd funding, peer-to-peer financing, initial coin offering (ICO) tokenization) бий болж манайхан ч санхүүгийн хэрэгцээгээ дээрх шинэлэг арга хэрэгслүүдийг ашиглан хангах болсон. Санхүүжилтийн шинэ хэлбэрүүд дэлхий нийтэд төдийгүй манайд ч ялгаагүй хүчтэй нэвтэрч байгаа ч аливаа хөрөнгө оруулалт нь өгөөж, эрсдэл гэсэн 2 талтай байдгийг сануулахад илүүдэхгүй буй заа.
Ногоон фактор – НҮБ-аас гаргасан тогтвортой хөгжлийн 19 зорилтын дагуу Дэлхийн улс орнууд өөр өөрсдийн тогтвортой хөгжлийн стратегиа гарган хэрэгжүүлж байгаа.
Ногоон хөгжил, ногоон эдийн засаг, ногоон барилга, ногоон сэтгэлгээ гэх мэт үгс хол сонсогдохоо больж, төрөл бүрийн хууль, дүрэм, стандарт, хэм хэмжээнээс бүрдэх тогтолцооны шинжтэй болсон. Манай улс тогтвортой хөгжлийн зарчмууд, ногоон хөгжлийн бодлогоо батлаад удаагүй. Гэхдээ зарим дэвшил илт мэдрэгдэж, ялангуяа санхүүгийн салбарт ногоорох хандлага хүчтэй байгаа. Тухайлбал, “ТоС” гэж нэрлэгдэх ногоон санхүүжилтийн хөтөлбөрийг 2013 онд Монголын банкууд санаачилж, үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн нь өнөөдөр хэд хэдэн зээлийн бүтээгдэхүүнийг зах зээлд гаргаад эхэлжээ. 2020 оны хоёрдугаар улирлын байдлаар Монголын банкны салбарын нийт зээлийн багцын 2.5 хувийг ногоон зээл эзэлж байна. Цаашдаа банк, санхүүгийн байгууллага байгаль орчинд халтай төсөлд зээл олгохгүй гэсэн шалгуур улам чангарна. Нөгөө талаас “Ногоон мөнгө”-ний хэмжээ олон улсад үлэмж ихэсч байгаа бөгөөд зөвхөн ухаалаг төсөл боловсруулах эздээ хүлээж байна.
Тиймээс бизнес эрхлэгч та дор хаяж ойрын 10, цаашлаад 30 жил тогтвортой бизнес эрхлэхийг хүсч байгаа бол, өртөг багатай санхүүжилт хэрэгтэй байгаа бол энэ хүчин зүйлсийг заавал харгалзаж үзэх шаардлагатай. Ялангуяа байгаль, нийгэмд хамгийн их нөлөө үзүүлдэг уул уурхай, хөдөө аж ахуй, барилга, боловсруулах салбарт энэ төрлийн зээлийн хэмжээ ихэснэ. Хэрэв та үндэсний хэмжээнд найдвартай ажиллах бизнес цогцлоомоор байвал Монголын тогтвортой хөгжил, ногоон хөгжлийн хөтөлбөрүүдэд тохирох, гадагшаа экспорт хиймээр байгаа бол 2030 он хүртэл хэрэгжих Дэлхийн тогтвортой хөгжлийн зорилтуутад тохирох бизнесийн санаагаа хэрэгжүүлвэл богино хугацаанд бэрхшээл учрах ч урт хугацаандаа хожно.