Хөгжлийн банк хэмээх хоёр иртэй сэлэм
Хөгжлийн банкны хэрэг хэмээх хоёр иртэй сэлэм эргэлдсээр. Энэ хооронд эрх баригчид, олон нийт, хэвлэл мэдээлэл, түүгээр барахгүй шүүх засаглал ч энэхүү том комплекс асуудлын ньюнс, нарийн ширийнд дүн шинжилгээ хийх чадамжаар (competence) дулимаг байгаа нь харамсалтай. Улс төрийн тоглоом ба хуулийн асуудал, бизнесийн маргаан ба авлига хоёрыг ялгаж салгахгүй хандлага хүчтэй байна.
Энэ маргааны төвд байгаа нэгэн содон дүр нь Монполимет групп, Монцемент төслийн удирдагч Н.Мөнхнасан. 2015 онд нээлтээ хийсэн уг төсөл Хөгжлийн банканд 118 тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлтийг ханшийн зөрүүнээс үүссэн 27 тэрбумын хамт төлөөд байгаа аж. Гэхдээ сүүлийн 10 жилд төгрөгийн ханш 104 хувиар унаснаас болж төслийн өртөг хоёр дахин өсөж, дахиад 30 орчим сая ам.доллартой тэнцэх өрийг Хөгжлийн банкнаас нэхэж байгаа билээ. Харин Монполимет групп Хөгжлийн банк зээлийг төгрөгөөр олгох тогтоол байсаар байтал ам.доллароор зээл авахаас өөр аргагүй байдалд оруулсан, эрх баригчдын улс төржилт, Төв банкны буруу бодлогоос үүдэлтэй төгрөгийн ханшийн эрсдэлд хариуцлага үүрэхгүй байгаа учир энэ алдагдлыг ганцаараа хүлээхгүй гэдэг байр суурьтай.
Эндээс харахад энэ бол хувийн хэвшлийн компани болон Засгийн газар хооронд өрнөж буй бизнесийн маргаан. Энд авлига, хээл хахуулийн элемент байхгүй.
Тэмээтэй цементийн түүх
Хөгжлийн банкны бүтэлгүйтсэн төслүүд дотроос амжилттай болсон цөөхөн төслүүдийн нэг том үр дүн бол Монгол Улс дотооддоо цементээ үйлдвэрлэдэг болсон явдал. Хөгжлийн банк ч үндэсний томоохон төслүүдийг санхүүжүүлж, цемент, арматур зэрэг дэд бүтцийн салбарт нэн хэрэгтэй түүхий эд материалын импортыг орлох том бодлогын дагуу байгуулагдсан. 2015 оныг хүртэл Монгол Улс цементийнхээ хэрэгцээний 80 хувийг Хятад улсаас хангадаг байсан бөгөөд тэр үеийн Засгийн газрын томоохон зорилтуудын нэг нь цементийн дотоодын үйлдвэртэй болох байв.
Энэ бодлогын хүрээнд Монполимет групп төслийн ТЭЗҮ боловсруулж, Хөгжлийн банкнаас зээл хүссэн. Гэхдээ Хөгжлийн банк зээлийн зөвхөн 20 хувийг санхүүжүүлсэн гэдгийг хэлэх хэрэгтэй. Уг төсөл дээр Хөгжлийн банкнаас хэд дахин их зээл олгосон Европын Сэргээн босголт хөгжлийн банк (EBRD) гэж бий. 2014 оны тавдугаар сард Н.Мөнхнасан Лондон хотод энэ банктай нийт 260 сая ам.долларын хамтарсан хөрөнгө оруулалттай Монцемент төслийн гэрээ байгуулсан. Ийм том хэлцэл хийчхээд байсан учраас Хөгжлийн банкнаас тулгасан нөхцөлөөр ам.доллароор зээл авахаас аргагүй болсон байна.
Энэхүү гэрээгээр Монцемент Билдинг Материалс ХХК-ийн 80 хувийг Монполимет групп, 20 хувийг EBRD эзэмшихээр болжээ. EBRD нь Монос групп, ТЭСО групп, Сүү ХК гэх мэт томоохон компаниудад зээл олгодог, хамтарч ажилладаг, дотоодын үйлдвэрлэл хөгжихөд эергээр нөлөөлж буй олон улсын санхүүгийн байгууллага. Одоогоор энэ банкнаас Монполиметтэй холбоотой ямар нэгэн зээлийн маргаан үүсгээгүй.
Энэ маргаанд хэнийх нь зөв бэ гэхээс илүүтэй маргааныг яаж шийдвэл зөв бэ гэдэг нь чухал.
Нөгөө талаас Засгийн газар дотоодын үйлдвэрлэлийг дэмжих бодлого хэрэгжүүлж байсан мөртөө яагаад Хөгжлийн банк ам.доллароор зээл олгосон нь “дэмжих” гэдэг агуулгатайгаа нийцэхгүй байгаа. Монцемент төсөл сүүлийн 10 орчим жилд төгрөгийн ханш, цар тахал гэсэн эдийн засгийн хоёр том зудад нэрвэгдсэн ч хэвийн ажиллаж байгаа үйлдвэр. Аль ч оронд ийм эрсдэлтэй тулгарсан төслийн зээлийг дахин бүтэцжүүлэх, нөхцөлийг эргэн харах нь хэвийн үзэгдэл. Монголын хэвлэл мэдээллийн гол сувгууд, эдийн засагчид, хууль шүүхийн байгууллага ч үүнийг ойлгож байгаа гэсэн хүлээлт байна. Хэрэв АТГ, цаашлаад Засгийн газар, УИХ энэ төслийн эсрэг шийдвэр гаргавал амиа хорлосноос өөрцгүй үр дагавар үүснэ. Өөрөөр хэлбэл, уг маргаанд хэнийх нь зөв бэ гэхээс илүүтэй маргааныг яаж шийдвэл зөв бэ гэдэг нь чухал.
Монполимет группийн үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нь 2015 онд компаниа өөрийн охин Н.Мөнхнасанд хүлээлгэж өгсөн. Дан ганц уул уурхайн салбарт бизнес эрхлэх нь түүхий эдийн үнийн хэлбэлзэл, эдийн засгийн савлагаанд хэтэрхий өртөмхий, эрсдэл ихтэй тоглоом. Тиймээс ээжийнхээ байгуулсан компанийн үйл ажиллагааг төрөлжүүлэх шаардлагатай болж цементийн үйлдвэрлэлийг сонгосон. Дэлхийн банканд ажиллаж байсан туршлага нь түүнд цементийн үйлдвэрийн ТЭЗҮ боловсруулахад нь тусалж, EBRD-гээс санхүүжилт авахад нөлөөлжээ.
Уг төсөл Дорноговь аймгийн Өргөн сумын нутаг дахь Сэнжит Худагийн шохойн чулууны орд дээр хэрэгжиж эхэлсэн бөгөөд ам.долларын ханш 1400 төгрөг байхад ТЭЗҮ-ийн анхны хувилбар гарч байжээ. Дээрх шохойн орд нь бараг хоёр зуун жилийн батлагдсан нөөцтэй, сайн чанарын цемент үйлдвэрлэх боломжтой байсан ч Н.Мөнхнасанд санхүүжилт олох амаргүй байв. Дэд бүтэцгүй, хүн ам сийрэг говь нутагт, тэгээд дээр нь нэг хүнд ногдох цементийн хэрэглээ багатай учраас хэд хэдэн удаа татгалзсан хариу авч байжээ.
Өргөн суманд өмнө нь ажиллаж байсан “Монросцветмет” нэгдлийн хайлуур жоншны үйлдвэр буюу “Өргөн” –ий уулын үйлдвэр нь нутгийн иргэдийн амьжиргааны эх үүсвэр байлаа. Гэвч 2012 онд тус үйлдвэр бүрэн хаагдсанаар нэг хэсэг нутгаа орхисон нүүдэл, шилжилт хөдөлгөөн ихсэж, сумын төв эзгүйрч эхлээд байсан. Харин 2015 онд Монцемент цогц үйлдвэр ашиглалтад орсон нь орон нутгийн амьдралд гарсан яалт үгүй нэг том өөрчлөлт байв. Үйлдвэрээс гадна цахилгаан станц, төмөр зам, цэвэрлэх байгууламж, ажилчдын хотхон, цэцэрлэгт хүрээлэн, салбар үйлдвэрүүд баригдсан.
Гурван үе шаттай хэрэгжсэн Монцемент төслийн бүтээн байгуулалт 2016 онд бүрэн дуусч, одоо Монголын цементийн нийт хэрэгцээний бараг гуравны нэгийг хангаж байна. Өнөөдөр энэ үйлдвэрийн бүтээгдэхүүнийг “Тэмээтэй цемент” гэдгээр нь хэрэглэгчид мэддэг.
Н.Мөнхнасангийн өөрийнх нь бичсэнээр энэ үйлдвэр ашиглалтад орсноор цементийн үнийг тонн тутамд нь 40-60 ам.доллароор хямд байлгаж чадсан бөгөөд 250 сая гаруй ам.долларын гадагш урсах валютыг дотооддоо үлдээхэд нөлөөлсөн байна. Мөн Дотоодын 200 гаруй ханган нийлүүлэгчидтэй хамтран ажиллаж 166 тэрбум төгрөгийн үйл ажиллагааны орлогыг төвлөрүүлсэн гэжээ.
WHR гэж юу вэ?
Монцемент үйлдвэр нь европ стандартын хуурай аргын технологитой, үйлдвэрийн хаягдал халуун хийг ашиглан 5мВт эрчим хүч үйлдвэрлэж, эргээд түүнийгээ үйлдвэртээ ашигладаг WHR (waste heat recovery) системийг Монголд анх удаа нэвтрүүлсэн. Энэ нь Румын, Герман, Словак зэрэг Европын холбооны цөөн улсад хэрэглэгддэг технологи. Мөн ахуйн болон үйлдвэрийн хаягдал усны 90 хувийг дахин ашигладаг, нойтон аргатай харьцуулахад усны хэрэглээ 4-5 дахин бага. Тиймээс 2017 онд Европын сэргээн босголт хөгжлийн банкнаас Монцемент төслийг дэлхийн 200 гаруй төсөл дундаас шалгаруулан “Тогтвортой хөгжлийн шагнал” өгчээ.
Н.Мөнхнасан хувь хүн болох нь
Н.Мөнхнасангийн анкетад АНУ-ын Сан Францискогийн их сургуульд эдийн засаг, санхүүчийн мэргэжлээр онц төгссөн, АНУ-ын Жорж Вашингтоны их сургуульд санхүүгийн инженерчлэл, эдийн засгаар магистр дүүргэсэн, Монголын Төв банканд эдийн засагчаар, Дэлхийн банкны төв оффист ажиллаж байсан гэж бичжээ. Сурагч байхдаа Улаан загалмайн нийгэмлэгийн шугамаар Монголд ажиллаж байсан эмэгтэйтэй танилцаж, дараа нь солилцооны хөтөлбөрөөр Америкт хөл тавьж байжээ. Ээж нь оффисын болон гэрийнхээ тавилгыг зарж байгаад охиноо АНУ руу явуулж байсан гэдэг.
Н.Мөнхнасан аав, нөхөртэйгөө нэгэн адил математикч. 1000 гаруй ажилтантай групп компанийг удирдахын хажуугаар кикбокс, бясалгал, хөгжим, бүжгээр хичээллэдэг, бас алдарт эхийн одонтой.