Монголдоо чулуун хөвөнгөөр дулаалах, тусгаарлах материал үйлдвэрлэдэг цорын ганц компани болох Монгол базальт нь 2018 оны дөрөвдүгээр сард IPO хийсэн билээ. Гэхдээ хөрөнгийн зах зээлд гарах нь үүсгэн байгуулагч Л.Ариунболдын бизнесээ тэлэх үндсэн төлөвлөгөө байгаагүй.
Л.Ариунболд нь 1991 оноос хувийн бизнес эрхлэн автомашины салхины шил үйлдвэрлэж анхны хуримтлалаа бий болгосон. ЗХУ-д “Цахиурын исэл”/шил, тоосго, эрдсийн хөвөн, цементийн үйлдвэрлэл/ чиглэлээр мэргэжил эзэмшсэн бөгөөд 2000-аад оноос Монголд шилэн хөвөн үйлдвэрлэх технологийг хөгжүүлж ирсэн байна. 2007 онд анхны чулуун хөвөнгийн хавтангаа үйлдвэрлэжээ. Түүнийг чулуун хөвөнгийн үйлдвэрээ эхлүүлж байхад Монголд хөөсөнцрийн үйлдвэрлэл эрчээ авч байсан ч тэр халуун, хүйтэн, дуу тусгаарлах чанараараа хамгийн сайн, гэхдээ технологийн хувьд ээдрээтэй чулуун хөвөн үйлдвэрлэхээр зүтгэсэн нь багагүй бэрхшээл дагуулжээ.
Дэлхий даяар дулаалгын материалын чанарт тавигдах шаардлага өссөн нөлөөгөөр дотоодод чулуун хөвөнгийн эрэлт өсөж, 2015 оноос Монгол базальт үйлдвэрээ бүрэн шинэчилж, хүчин чадлаа нэмэх шаардлагатай болжээ. Боловсруулсан ТЭЗҮ-гээр нийт 15 сая.ам долларын хөрөнгө оруулалт хэрэгтэй байлаа. Тухайн үеийн Монголын Засгийн газар хөрөнгө оруулалтын 30 хувь буюу 9.7 тэрбум төгрөгийг Чингис бондын хөрөнгөнөөс Хөгжлийн банкны зээлээр олгох тогтоол гаргажээ.
Л.Ариунболд Аж үйлдвэрийн сайд асан Д.Эрдэнэбатын хамт Ром хот руу нисэж, дулаалгын материалын технологи, тоног төхөөрөмж дэлхий даяар нийлүүлдэг Италийн “Gamma Meccanica” компанитай 15 сая ам.долларын өртөгтэй үйлдвэрийн шугам худалдаж авах гэрээнд гарын үсэг зурав. Европын санхүүгийн том групп “Intesa Sanpaolo Group” санхүүжүүлж, Италийн төрийн өмчит “САЧЕ” фирм даатгалыг хариуцахаар болов. Intesa Sanpaolo Group “Монгол Базальт”-ыг нарийн судалсны үндсэн дээр ойрын 10 жилд зээлээ төлөх чадвартай гэж дүгнэсэн байна.
Энэ гэрээ хэрэгжсэнээр Монгол Базальт дотооддоо зах зээлээ тэлээд зогсохгүй, бүс нутгийн тоглогч болох бүрэн боломжтой байлаа. Италичуудтай гэрээ байгуулж, өндөр технологи бүхий үйлдвэрийн бэлэн шугам угсарснаар ойрын 40-50 жилийн хамтын ажиллагаа үүсэх төлөвтэй байв. Л.Ариунболд бага охиноо Италид дизайнерын мэргэжлээр сургуульд явуулж, Лондонд дээд боловсрол эзэмшсэн том охиноо Гүйцэтгэх захирлаар бэлдэж эхэлжээ.
Гэвч Италид гэрээгээ зурчхаад Монголдоо ирээд 30 хувийн санхүүжилтээ авах гэтэл Хөгжлийн банкин дээр гацав. Засгийн газрын тогтоол гарчихсан байхад яагаад зээл олгохгүй байгааг асуухад “Зээл судалж байна” гэсэн хариу өгдөг байлаа. Энэ хооронд өнөөдөр асуудалд ороод буй Эрэл компанийн Байшин үйлдвэрлэх комбинат, Бэрэн группийн Гангийн үйлдвэрийн төслүүд санхүүжилтээ авсан ч чулуун хөвөнгийнх таг чиг хэвээр байлаа.
Италид гэрээгээ зурчхаад Монголдоо ирээд 30 хувийн санхүүжилтээ авах гэтэл Хөгжлийн банкин дээр гацав. Засгийн газрын тогтоол гарчихсан байхад яагаад зээл олгохгүй байгааг асуухад “Зээл судалж байна” гэсэн хариу өгдөг байлаа.
Удалгүй Засгийн газар солигдож, Аж үйлдвэрийн яам татан буугдаж, Хөгжлийн банкны албан тушаалтнууд авлигын хэрэгт орооцолдов. Ингээд италичуудтай хийсэн гэрээ цуцлагдаж, Монгол Базальт гадаадаас үйлдвэрийн бэлэн шугам худалдан авч хүчин чадлаа нэмэх төлөвлөгөө нурлаа.
Ийнхүү Л.Ариунболд В төлөвлөгөөнд шилжиж, хувьцаат компани болохоор шийдсэн байна. Италичуудтай гэрээ байгуулахын тулд ТЭЗҮ боловсруулж, судалгаа хийсэн нь Монгол Базальт-ыг хувьцаат компани болох үндсэн бэлтгэл ажлыг орлочихсон байлаа. 2018 онд компанийнхаа 30 хувийг зургаан тэрбум төгрөгөөр үнэлж хувьцаа гаргаснаар нийт 6.4 тэрбум төгрөгийг олон нийтээс татан төвлөрүүлсэн юм. Энэхүү хөрөнгөөр үйлдвэрийнхээ эхний шинэчлэлийг амжилттай хийв. Дараа нь Гүйцэтгэх захирал А.Энхгэрэл санхүүгийн маш сайн тооцоолол хийснээр дараагийн шинэчлэлийг хийх зургаан тэрбумыг амжилттай босгов.
Үйлдвэрээ өөрсдийн хүчээр шинэчлэхийн тулд олон тооны судалгаа хийсний дотор Л.Ариунболд өөрийн суралцаж төгссөн Уралын политехникийн их сургуультай гурван сая рублийн гэрээ байгуулж ажилласан нь үйлдвэрийн хүчин чадлыг нэмэхэд гол нөлөө үзүүлжээ. Мөн италичуудтай ажиллах үед ЕСБХБ-ны шугамаар Японы мундаг инженерийг гурван жил ажиллуулж, тэр хүн Л.Ариунболдын чулуун хөвөнгийн ертөнцийг харах өнцгийг өөрчилсөн гэдэг.
Эдүгээ Монгол Базальт Монголын хөрөнгийн зах зээлийн хамгийн ашигтай ажиллаж буй компаниудын нэг болсон. 2022 оны хоёрдугаар сард гаргасан тайлангаар 2021 онд борлуулалтын орлогоо 3.5 дахин, цэвэр ашгаа 11.7 дахин өсгөж, 11.4 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой ажилласан байна.
Өнөөдрийн байдлаар нэгж хувьцааны үнэ нь 214 төгрөг байгаа бөгөөд 2021 оны эцсээс тогтмол өсөлттэй гарчээ. Монгол базальт-ын бүтээгдэхүүнийг 582 ААН худалдан авдгаас тэдгээрийн дотор ДЦС-2 ТӨХК, ДЦС-3 ТӨХК, ДЦС-4 ТӨХК, УБДЦС ТӨХК, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын ДЦС, Эрдэнэтийн ДЦС, Таван толгой түлш ХХК багтаж байна.
“Хөгжлийн банк мурьсан нь надад нэг талаас их тус болсон. Аливаа муу зүйлээс сайн талыг олж харах нь чухал” Л.Ариунболд business.mn-нд өгсөн ярилцлагын үеэр хэлсэн юм. Өөрөөр хэлбэл, тэр гэрээ цуцлагдсаны улмаас төлөвлөж байсан шинэчлэлийг хамаагүй хямд зардлаар буюу 15 сая.ам доллароор гүйцэтгэх байсан ажлыг 12 тэрбум төгрөгөөр гүйцэтгэх боломж олгосон тухай ярив. Чулуун хөвөнгийн үйлдвэрлэл эрхэлсэн 15 жилд түүнийг санхүүгийн асуудал үргэлж дагаж байсан нь бүтээгдэхүүнээ хамгийн бага өртгөөр яаж хийх вэ гэсэн арга замыг хайхад хүргэж байв.
Дулаалгын материалын дотоодын зах зээл багадаа 40 тэрбум, ихдээ 60-70 тэрбумд хүрдгээс 20 гаруй тэрбум нь чулуун хөвөнгийн зах зээл юм. Монгол базальт ХК эхлээд найман тэрбумын борлуулалт хийх төлөвлөгөөтэй ажиллаж байсан бол 2021 онд зах зээлийн 50 гаруй хувьд нь борлуулалт хийж чадсан байна. Ойрын жилүүдэд 15 тэрбумд хүргэх нөөц байгаа талаар Л.Ариунболд ярилаа.
Чулуун хөвөнгийн эдийн засгийн ач холбогдол нь юу вэ?
Чулуун хөвөн нь -180 °С хүртэлх хүйтнийг нэвтрүүлдэггүй, + 1100 °С-т 120 минут тэсэх чадвартай, чийг нэвтрүүлдэггүй, усыг түлхдэг, олон арван жил шинж чанар нь өөрчлөгддөггүй, аж үйлдвэрийн бүх салбарт дулаалах, тусгаарлах, хамгаалах чадвартай материал юм. Шилэн хөвөнгийн хувьд + 350 °С-т, хөөсөнцөр + 150 °С-т шатдаг. Харин гал түймэр оргил үедээ + 900 °С-т хүртэл халж арматур төмрийг уяраадаг.
Орчин үед хүлэмжийн хийг бууруулах хүн төрөлхтний номер нэг зорилгын хүрээнд дулаан тусгаарлагч материал нь зөвхөн нар салхи, халуун хүйтэн, ус чийгээс хамгаалахаас гадна галд тэсвэртэй, хүний эрүүл мэнд, орчин тойронд хоргүй, хамгийн чухал нь эрчим хүч хэмнэдэг байх ёстой гэсэн шаардлага хүчээ авч байна.
Социалист орнуудад баригдсан маш олон орон сууц, объект өнөө үеийн шаардлагад тэнцэхээ больсон. Тиймээс ЗХУ задарсны дараа зүүн Герман болон Балтын орнууд байшингуудаа дахин дулаалсан. ОХУ “Хрущевки” гэж нэрлэдэг таван давхар хуучин орон сууцуудаа нураахаас өөр аргагүй болсон. Монголчуудын хувьд барилгадаа керамзитыг дулаалгын хувиар ашиглаж ирсэн бөгөөд өнөөдөр бас л дахин дулаалж байгаа.
Эрчим хүчний алдагдлын 73%-ийг шугам хоолойн алдагдал эзэлдэг.
Манай улсын дулааны эрчим хүчний алдагдал тун өндөр бөгөөд бүх эрчим хүчний 60 хувийг барилга хэрэглэдэг. 2012 онд “Цэвэр агаар” төслийн хүрээнд хийсэн судалгаагаар нийт дулааны алдагдал нийт эрэлтийн 17 хувийг эзэлдэг гэсэн тооцоо гарчээ. Харин бүх алдагдлын 73%-ийг шугам хоолойн алдагдал эзэлж байв. 2019 онд Эрчим хүчний зохицуулах газраас мэдээлснээр “Улаанбаатар дулааны сүлжээ” компанийн хариуцдаг 370 гаруй км урт дулааны шугамын 30 гаруй хувийг өнөө, маргаашгүй шинэчлэх шаардлагатай гэж байв.
Шугам, барилгуудаа орчин үеийн стандартаар дулаалчихвал мянган төрлийн хэмнэлт хийж болно. Чулуун хөвөн аж үйлдвэр, тэр дундаа эрчим хүчний салбарт хамгийн хэрэгтэй материалын нэг болсон бөгөөд Монголд хийгдэж буй томоохон бүтээн байгуулалт, засвар шинэчлэлийн төслүүд голдуу энэ материалыг сонгодог. Тиймээс эрчим хүч хэмнэх технологи, бүтээгдэхүүний хэрэгцээ улам нэмэгдэж байгаа учраас чулуун хөвөнгийн хувьд ч маш таатай үе ирж байна гэж болно.
Инновацийн монгол багц захиалъя
Монгол Базальт ХК-ийн хамгийн том давуу тал нь өөрийн гэсэн технологи, ноу хауг бүтээж, Монгол шиг жижиг зах зээлд зориулсан, дундаж түвшний чулуун хөвөнгийн үйлдвэрийн жишгийг бий болгожээ. 15 жилийн хугацаанд нэг ч удаа гадаадаас бэлэн шугам авчирч угсраагүй, цэвэр өөрсдөө цуглуулж, угсарч, тохируулж, ажиллуулж, сайжруулсаар Төв Азидаа ганцхан гэж хэлж болохоор өвөрмөц үйлдвэрийг бүтээсэн.
Монгол Базальт ХК 6 барааны тэмдэг, 1 зохиогчийн эрх, 3 ашигтай загварын патент эзэмшдэг. 10 гаруй жилийн өмнө зарим онцгой эрхдээ Европ, Орос, Хятадын зах зээл дээр оюуны өмчийн хамгаалалт хийсэн. Улаанбаатараас хойшоо, урагшаа 1500 км-ын радиуст чулуун хөвөнгийн өөр үйлдвэр байхгүй учраас энэ зах зээлд монопол байх боломжтой аж.
Энэ нь тус компани Эрхүү, Буриад, Өвөр Монгол, Дундад Азийн зах зээлд бүтээгдэхүүнээ экспортлох боломжийг нээж байна гэсэн үг. Гэхдээ Л.Ариунболд экспорт хийнэ гэдгийг өөрөөр ойлгодог. Түүнийхээр бол Монголд үйлдвэрлээд гадагшаа зөөх нь экспорт хийх зөв арга зам биш. Дэд бүтэц сул хөгжсөн манай улсад тээврийн зардал өндөр, гааль, татварын тээг саад их учраас өрсөлдөх чадвартай байж чадахгүй.
Тиймээс бүтээгдэхүүнээ зөөхийн оронд флашаа халаасалж очоод технологи, ноу хаугаа экспортлох нь илүү үр дүнтэй гэж үздэг. Эрхүүгийн бизнесмэнүүд чулуун хөвөнгийн үйлдвэр байгуулах гэсэн боловч Монгол Базальтаас хямдхан өртгөөр бүтэх шийдэл олдоогүй учраас нэг хэсэг эрэл хайгуул, судалгаа хийж, дор хаяж Италиас 15 сая ам.доллароор бэлэн шугам авах юм байна гэдгийг мэдсэний дараа 12 тэрбум төгрөгөөр бүтээсэн Л.Ариунболд дээр иржээ.
Бүтээгдэхүүнээ зөөхийн оронд флашаа халаасалж очоод технологи, ноу хаугаа экспортлох нь илүү үр дүнтэй гэж үздэг.
Ийнхүү Монгол Базальт Эрхүү мужийн Ангарск хотод хамтарсан үйлдвэр байгуулах тохиролцоонд хүрч, чулуун хөвөнгөө биш, чулуун хөвөнгийн үйлдвэрийн ноу хау-гаа экспортлохоор болсон байна. Энд хамтарсан үйлдвэр байгуулах нь Монголд үйлдвэрлэж экспортолсноос хэд хэдэн давуу талтай. Зах зээл нь ойр, дэд бүтэц нь бэлнээс гадна хямд, ажиллах хүч хангалттай. Москвагийн голдуу үйлдвэрүүдэд зах зээлээ алдчихдаг учраас Эрхүүгийн Амбан захирагч хүртэл ийм үйлдвэр байгуулагдах болсонд баяртай байгааг хэлэв.
Үүнтэй төстэй саналыг Киргиз, Узбекистанаас ирүүлж, цар тахал дуусангуут хамтын ажиллагаа эхлүүлэхээр хүлээж байна. Ингэснээр Монгол Базальт ХК технологиос гадна инженерүүдийнхээ мэдлэг, ур чадварыг, нэг үгээр аж үйлдвэрийн франчайз системийг, Монголын гэсэн тодотголтой инновацын багцыг нийлүүлэх түвшинд хөгжсөн байна. Цаашлаад энэ зарчмаар Өвөр Монголд хамтарсан үйлдвэр байгуулах төлөвлөгөө бий. Цаг үеийн шаардлагаар Хятад улс шаарган хөвөнгөөс аажмаар татгалзаж, Өвөр Монголд тохиромжтой дундаж хэмжээний үйлдвэр хэрэг болох учраас Эрхүү шиг Монголд хандах магадлал өндөр. “Өнөөдөр зэвсэг бариад байлдан дагуулалт хийх биш технологи, ноу хаугаа дэлхийд гаргаж байлдан дагуулалт хийж дэлхийн компаниуд болно” гэж Л.Ариунболд ярив.