БНХАУ криптовалютыг хориглосон ч үндэсний хэмжээнд блокчейн технологийг нэвтрүүлсэн анхны улс болох гараагаа эхлүүллээ. Хятадын Ардын банк, Аж үйлдвэр, мэдээллийн технологийн яам, төрийн байгууллагууд хамтран шинэлэг блокчейн туршилтын 15 бүс нээхээ мэдэгджээ. Эдгээр төвийг Бээжин, Шанхай, Гуанжоу, Ченду хот, Гуандун, Сычуань зэрэг хөгжлийн хурдаар тэргүүлдэг мужид байрлуулна.
Энэ төсөл эрүүл мэнд, боловсролын салбар, инженерийн болон эрчим хүчний компаниуд, банкны үйлчилгээний 164 байгууллагыг хамарч дотоод болон олон улсын санхүүгийн гүйлгээнд блокчэйн ашиглана. Хятад улс уг технологийг нэвтрүүлэхийн өмнө кибер орон зайн удирдлага, салбарын зохицуулагчтай болгожээ. Албан ёсны мэдэгдэлд дурдсанаар, найдвартай системээр хангагдсан блокчейн хэрэглээ бизнесийн үйл явцыг оновчтой болгох, мэдээлэл солилцох, гүйлгээний зардлыг бууруулж, хамтын ажиллагааны үр ашгийг нэмэгдүүлдэг.
Блокчэйн ашигласнаар 2030 он гэхэд дэлхийн эдийн засагт 1.76 их наяд ам.долларын нэмэлт орлого үүснэ.
Улс төрийн нүүдэл шиг харагдаж болох ч Бээжин дижитал эдийн засаг, технологид үнэмлэхүй тэргүүлэгч байхыг хүсдэг. Хятад улс квантын компьютер, 6G технологийг төрийн бодлогоор хөгжүүлж эхэлсэн. Блокчейн бол компьютерын хуулийн дагуу бүтээгдсэн технологи бөгөөд санхүүгийн гүйлгээ, хэрэглэгчийн таних, кибер аюулгүй байдлын системийг бий болгоход ашиглаж байна. Хийсэн гүйлгээнийхээ мэдээллийг хадгалснаар хуурамч гүйлгээ, хакерын аюулаас хамгаалж, зардлыг бууруулдаг давуу талтай. Өгөгдлийг шифрлэж, дамжуулдаг блокчейныг криптовалютын гүйлгээнд ашигладаг. Өргөн утгаараа блокчейн санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг өргөжүүлж, төлбөрийн дэд бүтцийг өөрчилж байна.
“PricewaterhouseCoopers” (PwC) зөвлөх компанийн судалгаагаар блокчэйн ашигласнаар 2030 он гэхэд дэлхийн эдийн засагт 1.76 их наяд ам.долларын нэмэлт орлого үүснэ. Энэ нь дэлхийн ДНБ-ий 1.4 хувийг эзэлж, Азийн орнууд хамгийн их ашиг хүртэх юм. Ялангуяа БНХАУ 440 тэрбум ам.долларын ашиг олж, Энэтхэг, Японтой зэрэгцэн Азийн блокчейн хөгжлийн хөдөлгөгч хүч болно. АНУ 407, Герман 95, Япон 72, Энэтхэг 62, Франц 58.5 тэрбум ам.доллар хүртэх гэнэ. PwC-ийн тооцоолсноор төрийн захиргаа, боловсрол, анагаах ухааны салбарынханд ашигтай. Өдгөө 14-15 их наяд ам.доллароор хэмжигдэж буй Хятадын эдийн засагт блокчейнээс олох 40-50 тэрбум ам.доллар тийм ч их мөнгө биш.
Блокчейн: Дижитал юань ба “Ухаалаг шорон”
Хятад улс блокчейн хөгжүүлэлтэд эртнээс анхаарч 2021 оны гуравдугаар сард баталсан таван жилийн үндэсний төлөвлөгөөндөө тусгайлан оруулсан байдаг. Ингэхдээ технологийн шинэчлэл, үйлдвэрлэлийн өөрчлөлтийн хэрэгсэл болгохоор тусгажээ. Хятадууд туршилтаа үйлдвэрлэлд бус хорих байгууллагад хийжээ. Хятадын шоронгуудад хээл хахууль болон хүчирхийлэлтэй тэмцэх зорилгоор 2021 оны сүүлээр блокчейнд суурилсан ухаалаг системийг баталсан. Ялыг үндэслэлгүйгээр хөнгөлөхөөс урьдчилан сэргийлж шоронг прокурор, шүүхтэй дижитал системээр холбожээ. Харин өнгөрсөн сард зарласан туршилтын төсөл иргэдийн амьжиргаа, бизнесийн хүрээ, төртэй харилцах харилцаанд технологийн хэрэглээг өргөжүүлэх зорилготой юм. Өөрөөр хэлбэл 2016 оноос хэрэгжүүлж буй “Ухаалаг хот”-той адил.
Ялангуяа CityID блокчейн систем хот хооронд мэдээлэл солилцох үүрэгтэй. БНХАУ хоёр зуун хотод энэ төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Дижитал төсөл нь давуу болон сул талуудтай. Ухаалаг хотууд Хятадын технологийн манлайллын тод илрэл. Хотуудын өртөг зардлыг оновчтой болгох, оршин суугчдын мэдээллийн дата цуглуулах, бусад нөөцийг оновчтой ашиглах боломжийн талаар мэдээллийн сан бүрдүүлж эхэлжээ. Энэ систем хотын оршин суугчдын шилжилт хөдөлгөөн, үйлдэлд технологийн хяналт тавих эрсдэлтэй.
Хотуудын өртөг зардлыг оновчтой болгох, оршин суугчдын мэдээллийн дата цуглуулах, бусад нөөцийг оновчтой ашиглах боломжийн талаар мэдээллийн сан бүрдүүлж эхэлжээ.
БНХАУ-д 2021 оны есдүгээр сараас бүх криптовалют гүйлгээ, олборлолтыг хуулиар хориглосон. Үүнтэй зэрэгцэн 2019 оноос хойш албан ёсны цахим валют болох дижитал юанийг нэвтрүүлэх төлөвлөгөөт ажил эхэлсэн. Албан ёсоор өнгөрсөн оны наймдугаар сард туршиж, арилжааны банкууд үндэсний түүхий эдийн бирж дээр гүйлгээ хийхдээ ашиглажээ. Оны эцэс гэхэд санхүүгийн гүйлгээний нийт дүн 87.57 тэрбум юань буюу 13.77 тэрбум ам.долларт хүрсэн байна. Улмаар мөн оны 12 дугаар сард туршилт болгон татварын төлбөрт ашиглахыг санал болгов. Хэрэглээ хүрээгээ тэлж бөөний болон жижиглэн худалдаа, нийтийн хоол, соёл, аялал жуулчлал, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ, нийтийн тээвэр, засгийн газрын төлбөр, татварыг хамарч байна.
Хятадын Ардын банкны дижитал мөнгөн тэмдэгтийг нэвтрүүлэх шинэ үе Өвлийн олимпын наадам байлаа. Бээжингийн Засгийн газар спортын гол арга хэмжээнд дижитал юанийг ашиглавал тус улсын санхүүгийн технологийн салбарын хамгийн сүүлийн үеийн ололт амжилтыг дэлхийд харуулна гэж тооцоолжээ. Харамсалтай нь, ковидын дэгдэлтээс болгоомжилж, тамирчдыг тусгаарлаж, зочдод квот тогтоосон юм.
Блокчейн технологи эрчим хүчний хүчний нөөц шаарддаг бөгөөд хятадууд энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх нь тодорхойгүй байна. Хятад улс цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлдэг. Өнгөрсөн онд улсын хэмжээнд 7624 ТВт/цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэжээ. Кембрижийн их сургуулийн эрдэмтдийн тооцоолсноор дэлхийн уул уурхайн цахилгаан эрчим хүчний жилийн нийт хэрэглээ ердөө 120 ТВт/цаг байдаг. Гэвч нөгөө талаар хямралын үед тус улсад цахилгаан тасалдах эрсдэлтэй. Тиймээс харьцангуй хямд, цахилгаан эрчим хүчний амбицтай бүтээн байгуулалтуудаар шийдэлд хүрч магадгүй. Илүү хүчин чадалтай компьютер шаардлагатай болж, зарим эд ангийн үнэ өснө.
Ямартай ч дижитал юань нэвтрүүлсэн нь Дундад гүрэн криптовалюттай холбоотой бодлого, хандлагаа эргэн харж магадгүй гэсэн найдлага төрүүлдэг. Гроуфордын хүрээлэнгийн эдийн засгийн шинжээч Валерий Клочок “Хятадын эдийн засаг өмнөх шигээ хөгжиж байгаатай зөрчилдсөн олон мега асуудал байна. Томоохон компаниуд тэр дундаа барилгын бизнес өрнөөс болж уналтад оржээ. Өнөөдөр Хятадын гадаад өр гамшгийн хэмжээнд хүрч, байнга нэмэгдэж байна. Түүнчлэн манай гарагийн хэдэн сая хүн криптовалют эзэмшдэг. Тиймээс Хятадын блокчейны санаачилга эдгээр нөөцийн ашиглалтыг сэргээнэ. Криптовалют болон блокчэйн олборлолтыг төрөл бүрийн төсөл дагадаг. Энэ бол огт өөр хэрэгслээр бизнесээ хөгжүүлэх боломж юм” гэжээ.