Гуравхан минутад багтаан бизнесийн гол үзүүлэлтүүд, онцлог, утга учрыг хөрөнгө оруулагчдад тайлбарлаж, тэдний сонирхлыг татна гэдэг тийм ч амар ажил биш. Харин MStars Hub хурдасгуур хөтөлбөрийн төгсөгчид энэ бэрхшээлийг амжилттай давж, Sky Resort дахь Хүн театрын тайзнаа 11 шинэлэг, инновацлаг бизнесийн санааг хөрөнгө оруулагчдад танилцуулж, дараагийн шатны санхүүжилт авах боломжоо ахиулсан юм.
Тодруулбал, MCS Ventures компаниас санаачилсан MStars Hub хурдасгуур хөтөлбөрт нийт 170 оролцогч бүртгүүлснээс дөрвөн шатны шалгуураар 11 стартап (Artum, Medlegten, Momade, EasyCook тэргүүтэй) -ыг сонгож, таван сарын хугацаанд шаардлагатай бүхий л чиглэлээр чадавхжуулж, мастер классуудад хамруулж, зөвхөн ажилдаа төвлөрөхөд туслах тав тухтай оффисоор хангаж, 15-30 сая төгрөгийн буцалтгүй санхүүжилт буюу грант олгохын зэрэгцээ зочин менторуудтай хамтран зөвлөж, чиглүүлж, тулж ажилласан байна. Харин эцэст нь Демо өдрийг зохион байгуулж, стартап экосистемийн шат шатны төлөөлөл болсон 200 гаруй зочдын өмнө үр дүнгээ тайлагнасан нь энэ. Зочдын дунд Тэсо корпораци, МИГ даатгал, NCD, Интелмайнд зэрэг томоохон компаниудаас гадна хөрөнгийн зах зээлийн мэргэжилтнүүд, мөн хувь хөрөнгө оруулагчид ч хүрэлцэн ирсэн байсныг онцлох хэрэгтэй.
Хөрөнгө оруулагчдын дунд технологийн стартапуудад хөрөнгө оруулах сонирхол нэмэгджээ.
Демо өдрийн төгсгөлд хөрөнгө оруулагчдаас санал асуулга авахад тэдний 138 нь ямар нэг байдлаар хөрөнгө оруулах сонирхолтойгоо илэрхийлсэн нь стартапуудын пич (pitch), мөн тэдний өнгөрсөн таван сарын үйл ажиллагаа үр дүнтэй байсныг илтгэнэ. Мөн цаг үеэ дагаад хөрөнгө оруулагчдын дунд технологийн стартапуудад хөрөнгө оруулах сонирхол нэмэгдсэнийг хуран цугласан олны уур амьсгал, хандлагаас анзаарч болохоор байв. Харин зохион байгуулагчдын зүгээс Демо өдрийн гол зорилго биелсэн гэж үзсэн бөгөөд MStars Hub -аас төрөн гарсан стартапууд хэлцэл хийж, гэрээ үзэглэн, хөрөнгө оруулалт авлаа гэсэн чихэнд чимэгтэй мэдээг тун удахгүй дуулгаж эхэлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.
Амжилтыг хурдасгаж, зам товчлох MStars Hub хөтөлбөр дараагийн стартапуудаа бүртгэж эхэллээ.
Гуравдугаар сарын 11 -ний энэ үдэш бүхэлдээ Монголд хөрөнгө оруулалтын шинэ жишиг хэдийнэ тогтож эхэлснийг илтгэж байсан бөгөөд стартапууд амжилтаа хурдасгаж, шинэ бизнесүүдэд тулгардаг түгээмэл асуудлуудыг тойрч, товчилж чадсан нь MStars Hub хурдасгуур хөтөлбөрийн гол үр дүн байв. 11 стартапууд дунд хөтөлбөр эхлэхэд зөвхөн санаагаа “барьж” орж ирээд таван сарын дараа буюу хөтөлбөр өндөрлөхөд өөрийн гэсэн платформтой болж, туршилтын хувилбаруудаа танилцуулж, хэрэглэгчдэдээ тодорхой хэмжээнд хүрч чадсан Blindcare, Monarty зэрэг шинэлэг компани байгааг ч MStars Hub -ийн гүйцэтгэх захирал гүйцэтгэх захирал Ч.Даваажамц онцолсон юм.
MCS Ventures компаниас энэхүү төслийг санаачилж, эрч хүчтэй баг хамт олныг богино хугацаанд бүрдүүлж, идэвхтэй ажиллаж эхэлсэн нь стартапын экосистемийг бий болгох, хөгжүүлэх, цаашлаад дотооддоо төдийгүй дэлхийн түвшинд өрсөлдөх стартапуудыг “төрүүлэх” хөрс суурийг бэлдэх гол зорилготой. Энэ талаар MStars Hub -ийн гүйцэтгэх захирал Ч.Даваажамц “Нийт стартапуудыг анзаарвал хөгжлийн ялгаатай үе шатанд үйл ажиллагаа явуулж, ажиллаж байдгийг харж болно. MCS Ventures компани ирээдүйд өсөлт үзүүлэх потенциальтай, дараачийн шатанд гарахаар зэхэж буй компаниудад хөрөнгө оруулдаг. Харин MStars Hub тухайн стартапуудыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтын шатанд бэлтгэх зорилготой ажилладаг. Өөрөөр хэлбэл, стартапын хөгжлийн түвшин тус бүрт зориулсан хөтөлбөрийг хэрэгжүүлж байна гэж ойлгож болно” гэлээ.
Мөн хөтөлбөрийг дүгнэж MCS Investment, MCS Ventures компанийн гүйцэтгэх захирал Г.Мягмаржав “11 стартапын пич танилцуулгаас үзэхэд таван жилийн хугацаанд сурч, гүйцэтгэх байсан ажлыг таван сарын дотор амжуулсныг бид бүхэн харлаа. Энэ нь бидний бүрдүүлэхээр зорьж буй стартапын экосистемийн хөгжлийн хурд, улам бүр түргэсэж байгаагийн илрэл” хэмээн онцолсон юм.
MStars Hub хурдасгуур хөтөлбөрийн анхны элсэлтийнхэн төгсөж байгаа учраас хоёрдугаар элсэлтийн стартапуудаа хэдийнэ бүртгээд эхэлснийг дуулгая. Таван сарын хугацаанд амжилтаа хурдасгаж, дараагийн шатны хөрөнгө оруулалт авах хүсэлтэй бүх стартапын хувьд уг хөтөлбөрт оролцож, өөрийгөө сорих боломж нээлттэй гэдгийг зохион байгуулагчид онцолж байна.
Бүртгэл 2022.03.18-нд хаагдах тул та www.mstars.mn/apply холбоосоор амжиж бүртгүүлээрэй.
MStars Hub хурдасгуур хөтөлбөрийн анхны төгсөгч стартапууд:
- Artum – Барилгын салбарын гүйцэтгэгч, захиалагч нарыг холбосон нэгдсэн систем.
- Blindcare – Нэрээ нууцлаад, сэтгэлзүйчдээс зөвлөгөө авах сэтгэлзүйн аппликейшн.
- EasyCook – Цаг завыг хэмнэх бүх төрлийн урьдчилж савлан бэлтгэсэн бүтээгдэхүүн.
- UParking – Зогсоолын ашиглалт болон хүртээмжийг нэмэгдүүлэх дижитал платформ.
- QMenu – “All-in-One” буюу Ресторан удирдлагын цогц систем.
- Momade – Гэрээсээ ажилладаг ээжүүдийн нэгдэл буюу Виртуал туслахын агентлаг.
- Ger Smart – Гэр, барилга, хорооллын автоматжуулалтын ухаалаг систем.\IoT\
- 100AIL.mn – Барилгын материалын цахим худалдааны платформ.
- Monarty – Монголын дүрслэх урлагийн нэгдсэн арт платформ.
- Medlegten – Гадаад хэлийг хялбар, зугаатай аргаар сурах аппликейшн
- Khangal systems – СӨХ-ийн үйл ажиллагааг цахимжуулах цогц систем.