Компани: IoTech
Чиглэл: Аппликэйшн, вэб хөгжүүлэлт, UI UX дизайн
Гүйцэтгэх захирал: Б.Анхбаяр
Бизнесүүдийн дунд мэдээллийн технологийн өрсөлдөөн улам ширүүсэж байна. Тэд виртуал ертөнцөд оффисоо байгуулаад зогсохгүй IT-гийн уран шийдлүүдийг хэн түрүүлж овжин ашиглаж, нэвтрүүлж чадсан нь манлайлж явна. Нэг үе мэдээллийн технологийн хөгжлийг тухайн бизнесийн харилцагчаар хязгаарлаж ойлгодог байсан бол эдүгээ бизнесийн эзэн, ажилчид, байгууллага төдийгүй бизнес процессыг хүртэл хамааруулж байна. Ингэж өрсөлдөөнийг өрдөж технологийн салбарт амжилттай яваа залуусын төлөөлөл бол “IoTech” компанийнхан.
Тус компанийн үүсгэн байгуулагчийн нэг Б.Анхбаяр өөрөө “виртуал оффисын архитектурч”, бизнесийг кодоор урлаач нэгэн. Нөгөө талаас, салбартаа бизнес эрхлэхийн зовлон, жаргалыг хэдийнээ туулаад ирсэн туршлагажсан инженер. Б.Анхбаяр оюутан байхаасаа мэргэжилдээ дурлаж Инфосистемс компанид хоёр жилийн турш дадлагажин ажиллаж, 2005 онд МУИС-ийн программ хангамжийн ангийг төгсжээ. MCS группт 5 жил, “Энержи Ресурс” ХХК-д таван жил ажиллахдаа системийн инженерээс ахлах болон дэвшиж байв. Карьер, мэргэжлийн хувьд түүнийг амжилт даган явсан ч хувийн бизнесийн тал дээр бүтэлгүйтэл дагуулсан он жилүүд улирсан юм.
2015 онд анхны компаниа байгуулсан ч хамтрагчдын хоёр нь зорилгоосоо ухрав. Гэсэн ч тэр бууж өгөлгүй тухайн үед ажилчдынхаа цалинг тавихын тулд 13 байгууллагад консалтингийн үйлчилгээ үзүүлэн өдөр шөнөгүй зүтгэв. Доктор Авто сервес, Мөнххада, MIH групп тэргүүтэй томоохон компаниудад технологийн зөвлөх үйлчилгээ үзүүлнэ. Бидний төсөөлдөг IT инженерүүдийн адил нар салхи үзэхгүй код бичин сууна. Ийм байдлаар жил гаран явсан ч эцэстээ Б.Анхбаяр туйлдан, ингэж ажиллах нь буруу гэдгийг ойлгожээ. И-баримтын систем дээр хүртэл ажиллаж байв. Бүтэлгүйтэл олон байсан ч бууж өгөх талаар тэр бодож байсангүй.
Программ хангамж, хөгжүүлэлтийн зөвхөн “IoTech”-ийн зарчим гэж бий бөгөөд үүнийгээ тэд бүх төсөл дээр баримталж ажилладаг.
Эхлүүлсэн бизнес нь бүтэлгүйтсэний дараа Б.Анхбаяр найзуудын хамт Хятадын 30 гаруй хотоор шинэ бизнес санаа эрэлхийлэн явав. Тэд олж авсан бизнес санаагаа хуруудаж байгаад хуваарилан авч байлаа. Залуусын найдлага тун бага тавьж байсан бизнес Б.Анхбаярт ногдов. Гэсэн ч тэр бууж өгөөгүй. GPS-тэй цаг, сургууль, цэцэрлэгийн камер, ухаалаг самбар, хэлний төхөөрөмж хүртэл оруулж иржээ. Тухайн үед найзууд нь түүнийг борлуулж чадахгүй гэж байсан ч Б.Анхбаяр уйгагүй явсаар ширхэг ч үлдээлгүй борлуулжээ.
2017 онд монголчууд мэдээлэл, технологийн салбарыг харьцангуй мэддэг болж Б.Анхбаяр дахин бизнес эхлэх боломж бийг олж харжээ. 2019 онд Сингапур улс руу бас л туршлага судалж явж ирээд одоогийн компаниа байгуулах зориг орсон юм. 2019 оны наймдугаар сард компанийнхаа гэрчилгээг авч, жилийн дараагаас үйл ажиллагаагаа явуулж эхлэв. Энэ удаа тэр бүтэлгүйтэхгүй, амжилттай бизнес боломж байгаа гэдгийг бизнесийн хамтрагчдадаа ойлгуулж чадсан байна.
Ийнхүү салбартаа уналт, сэргэлтийг мэдэрч технологид 17 жилийг зарцуулаад буй тэр бээр гадаад, дотоодын томоохон компаниудад ажилласан туршлагатай программ хөгжүүлэгчдээр өнөөдрийн багаа бүрдүүлэв. “IoTech” компани 40 гаруй ажилтантай бөгөөд тэдний 95 хувь нь кодтой ажилладаг хүмүүс. Технологи, бизнесийн зөвлөх үйлчилгээ, хөрөнгө оруулалтын чиглэлээр 10-20 жил ажилласан туршлага бүхий удирдлагын багтай. Тэдний бусдаас ялгарах онцлог нь өөрийн гэсэн ноу хаутай. Программ хангамж, хөгжүүлэлтийн зөвхөн “IoTech”-ийн зарчим гэж бий бөгөөд үүнийгээ тэд бүх төсөл дээр баримталж ажилладаг.
“IoTech”-ийн бизнесийг дижиталчлах дэг жаяг
Өдгөө “IoTech” компани систем болон вэб хөгжүүлэлт, гар утасны аппликейшн, Sprint UI UX дизайн, сургалт болон зөвлөх үйлчилгээ гэсэн таван чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Тэд хэрэглэгчийн захиалга, шаардлагад үндэслэн тасралтгүй, тогтвортой ажиллах, залгамж халаатай буюу системийг тэлэх боломжтой байдлаар хөгжүүлэхийг зорьдог. Өөрөөр хэлбэл, байгууллага, бизнесийн үйл ажиллагааг автоматжуулж, процессыг илүү боловсронгуй болгох шийдлийг санал болгодог. 2-10 жилийн туршлагатай вэб хөгжүүлэгчид нь захиалагчийн баталсан вэб сайт, программ хангамжийн дизайныг бүтцийн дагуу программчлан, кодчилно. Тус компанийн инженерүүд Construction, Tel Communication, E-Commerce, Retail, Social Platform, Travel, Fintech зэрэг салбарт вэб, аппликейшн хөгжүүлж байна.
Өнгөрсөн хугацаанд тэд CU, Upoint тэргүүтэй гадаад, дотоодын хэрэглэгчдийн өдөр тутам хэрэглэдэг 10 мянгаас дээш таталттай аппликейшны багагүй хувийг, 100 мянгаас дээш таталттай дөрвөн аппликейшн хөгжүүлжээ. Ингэхдээ хэрэглэгчийн шаардлагад үндэслэн native, cross platform (react native, flutter) дээр хөгжүүлэлт хийдэг.
Б.Анхбаяр бизнесүүдийг технологижуулаад зогсохгүй чадварлаг боловсон хүчин бэлтгэхэд анхаарч Io институтыг хамтран үүсгэн байгуулж жил бүр 60 оюутан элсүүлэн суралцуулж байна. Вэб технологи, UI UX дизайн, мобайл апп хөгжүүлэлт, эрчимжүүлсэн нэг жилийн зэрэг сургалтуудыг явуулдаг.
Мөн тэд бизнесийнхэнд зөвлөх үйлчилгээ үзүүлнэ. Тодруулбал, бизнесийн үйл ажиллагааг технологийн шийдлээр хялбаршуулж, үйлдлийн давхардлыг арилгах, системээр шийдэх боломжтой асуудлыг тодорхойлон тэдгээрт тохирсон хөгжүүлэлтийг хийж байна. Аливаа хөгжүүлэлтийг хийхдээ Б.Анхбаярын багийн залуус Google Ventures компанийн санаачилсан Google Sprint аргачлалаар ажилладаг. /Бизнесийн байгууллагад тулгамдаж буй асуудал, бизнесийн санааг хөгжүүлж, хэрэглэгчийн эцсийн түвшинд тестлэх явдал юм/.
Тэдний хийж буй төсөл болгон нь тухайн бизнесийн процессыг бүхэлд нь хамруулдаг тул уг арга барил нь цаг хугацаа хэмнэхээс гадна үр дүн сайн үзүүлж байгааг онцолсон. Харамсалтай нь тэдэнд хандаж буй байгууллагуудын дийлэнх нь яг ямар асуудлаа шийдүүлэх гэж буйгаа тэр бүр ойлгодоггүй байна. Тиймээс тухайн бизнес системд оролцогч бүх талыг төсөлдөө оролцуулж, тулгарч буй асуудлыг нь яриулдаг аж.
Процессын явцад үүсэж буй зарим асуудлыг дунд шатны удирдлагууд мэдээгүй ч явах тал бий. Ингэж системийн онцлогоо харж, мэдээлэл авч, хэрэглэгчээ сонссоны дараа оролцогч бүрд процесс үүсгэж тэр бүх санааг нь тэмдэглэн зурдаг байна. Энэ хугацаанд мөн ижил төстэй дотоод, гадаад дахь аппликейшны судалгааг хийнэ. Сайн, хэрэгжүүлэхүйц санааг тэндээс шүүж авна. Дараа нь гаргасан зургаа төсөлд оролцогч бүх хүнд үзүүлж үнэлүүлнэ. Мэдээж хэрэглэгчийг ч оролцуулна. Ингээд дараагийн хөгжүүлэлтийн ажлаа хийнэ. Тухайлбал, E-Commerce-ийн үйлчилгээний төсөлд л гэхэд бүх шатны удирдлагаас эхлээд түгээлтийн жолоочийг хүртэл оролцуулдаг.
Мобайль, фронт-энд талдаа “IoTech” хамгийн супер нь гэдгээ олж харж чадсан юм.
Мэдээллийн технологийн компаниуд хэрэглэгчээ алдахгүйн тулд өөрөө хэрэглэгчийн байр сууринаас бүх зүйлд хандах нь чухал. Б.Анхбаяр бүтэлгүйтэх магадлалтай стар-апуудтай цөөнгүй таарч байсан бөгөөд арай гэж цуглуулсан мөнгө нь салхинд хийсэхээр байвал амжилттай болохгүйг нь шуудхан хэлээд тавьчихдаг. Түүний багийнхан ингэж үйлчлүүлэгчдийнхээ мөнгөнд хүртэл санаа зовж, сэтгэл гаргадаг хамт олон.
“IoTech” бол хоёрхон жилийн хугацаанд CU, ХААН БАНК, Премиум груп, Монос, СЭЗДС, Hi pay, Upoint зэрэг компанийн олон том төсөл дээр амжилттай ажилласан өсөн тэлж буй бизнес. Банк санхүү, аялал жуулчлал тэргүүтэй бизнесийн бүхий л салбарт хөгжүүлэлт хийснээс тэдний бүтээсэн Премиум группын дотоод хүргэлтийн систем нь тус компанийн зардлыг багасгаж, процессыг хялбарчилсан амжилттай төсөл болсныг захиалагчид нь онцолсон. Мөн уг төсөл олон улсын 2020 оны шилдэг IoT төслөөр шалгарчээ.
“IoTech”-ийн үнэт зүйлс
Гүйцэтгэх захирлаар ажиллаж буй Б.Анхбаяр өнгөрсөн хугацаанд баг нэг зүгт явахад итгэл үнэмшил чухал гэдгийг ойлгож авснаа онцолсон. Хийж байгаа зүйлдээ өөрөө эхлээд зуу давсан хувь итгэл үнэмшилтэй байх хэрэгтэй. Ажлыг сэтгэлээсээ, мэргэжлийн түвшинд хийхийг гол зарчмаа болгодог гэдгээ Б.Анхбаяр ярилаа. Тэр ч утгаараа ажилчдынхаа гэр бүл, хүүхдүүдийг хүртэл компанийн нэг хэсэг гэж үздэг. Үүнийг тэр өмнө нь ажиллаж байсан байгууллагуудын соёлоос сурсан бөгөөд энэ нь түүний бизнест цалин мөнгөнөөс илүү чухалчилдаг зүйл. Старт-апуудын хувьд залуучууд ажлаас гарах нь хамгийн том айдас. Мөн шинэ тутам боловсон хүчнүүд том компаниудад орохыг хүсдэг тул ажиллах хүчин талаас ийм эрсдэл гарахыг Б.Анхбаяр урьдаас тооцоолсон. Тиймээс ажилчдаа “шоконд” ортол нь хөгждөг бизнес байхыг илүүд үздэг.
Монголд IT компаниуд зах зээлдээ сайн танигдаж чадахгүй бол үнэлэмж муу байдаг тал бий. Тиймээс амжилтад хүрэхийн тулд зах зээлдээ сайн танигдах гарц тэнд үүсдэг. Тэд эхний жилдээ бүгдийг чадна гэж амбицлахгүй, хамгийн том давуу талаа гаргахыг зорьжээ. Мобайль, фронт-энд талдаа “IoTech” хамгийн супер нь гэдгээ олж харж чадсан юм. CU, Монос, UPoint өөрсдөө мэдээллийн технологийн багтай хэр нээ тэднээр мобайл аппликейшнээ хийлгэв. Тэд ч хамгийн сайн хийж чаддаг гэдгээ сайн харуулж чадсан. Үүний дараа Б.Анхбаяр зах зээлдээ тэргүүлэгч топ компаниудтай харилцаагаа бэхжүүлэх стратеги барив. Учир нь монголчууд салбарын манлайлагчаа даган дуурайдаг гэж тэр олж харсан. Улмаар олон төсөл амжилттай хийсний дараа тэдний маркетинг, PR-ыг үнэнч харилцагчид нь тэдний өмнөөс “хийчихдэг” болов.
Түүний бизнесийн дараагийн алхам бол хил давсан маркетинг хийх. Ажлууд ч хэдийнээ гараанаас гарч Турк, Узбекистан улс дахь төслүүдээ эхлүүлжээ. Б.Анхбаяр старт-апуудад хандан “Гадагшаа маркетинг хийхийн тулд харилцагч, гарцаа маш сайн олох хэрэгтэй. Ингэж олж чадвал Монголд бизнес хийхээс ч амархан байгаад байна” гэж хэллээ.
“IoTech”-ийн алсын хараа үндэстэн дамнасан төслүүдээс гадна 2025 онд IPO гаргахад чиглэж байна. Бизнесийн өдөр тутмын мөнгөн урсгал харьцангуй тогтворжиж буй тул бизнесээ системчлэх, хүмүүсээ чадавхжуулахад анхаарч, бизнесийн залгамж халаа болох дараагийн СЕО, менежерүүдээ бэлтгээд явж байгаа төдийгүй цаашид бизнес бүтцээ аль болох хөнгөн байдлаар авч явах төлөвлөгөөтэй байна.
https://iotech.mn
hello@iotech.mn
www.facebook.com/iotech.mn