Ухаалаг утас гэдэг нэр томьёо 2000 онд үүссэн ч утас жинхэнэ ухаалаг болсон нь 2007 оноос эхлэлтэй гэж болно. Nokia, Motorola-гоор гангардаг байсан дэлхий ертөнц iPhone-той танилцаж, удалгүй төрөл бүрийн программ хөгжүүлэх боломжтой болсноор гар утасны хөгжилд хувьсгал гарсан билээ. Apple-ийн гар утаснууд ухаалгаас гадна бас хамгийн “царайлаг” нь байв. Стив Жобсын нэгэнтээ хэлснээр “Бид гар утасныхаа дизайныг хүн долоомоор санагдтал гоё хийж чадсан” нь iPhone-ий том давуу тал байлаа.
Түүнээс хойш 15 жил өнгөрөхөд ухаалаг утаснуудын хэмжээ нь томроогүй ч хүчин чадал, технологийн боломж нь олон дахин ихсэж, орчин үеийн амьдралыг ухаалаг утасгүйгээр төсөөлөх аргагүй болсон. Эцэстээ ухаалаг утасны технологи нь дуудлага, мэссэж, сошиал сүлжээнүүд, мэйл, камер, хөгжим, видео, тоглоом гэх мэт энгийн хэрэглээнээс хальж, жирийн хүмүүсийн хэрэглээнээс хальсан технологиуд шингээдэг болжээ. Өөрөөр хэлбэл, ухаалаг утсыг ухаалгаар ашиглах маш их боломж бидний халаасан дахь жижигхэн төхөөрөмжид нуугдаж байна. Тухайлбал, эрүүл чийрэг амьдралын хэв маягтай болох, мэдлэг, боловсролоо тэлэх, бизнесийнхээ ашиг орлогыг нэмэх зэргээр “үнэнч туслах” байх хэмжээнд хөгжжээ.
Хамгийн онцлууштай нь ухаалаг утсыг уран бүтээлд ашиглах технологи бидний төсөөлснөөс өндөр түвшинд очжээ. Apple компани “Хүн бүхэн уран бүтээлч байж чадна” (Everyone Can Create) гэсэн уриатай бөгөөд энэ философио бүтээгдэхүүн болгондоо шингээж, шинэ загварууддаа “бүтээлч” хүчин чадлыг улам нэмсээр байдаг. Энэ нь хэн ч байсан iPad дээр уран зураг, видео, гэрэл зураг, хөгжмийн бүтээл туурвих боломжтой гэсэн үг.
Тухайлбал, iPad болон түүнийг дагалдсан Apple Pencil гарч ирснээр уран зургийн ертөнцөд цоо шинэ чиглэлүүд, зах зээл бий болсон. Зураачид, дизайнеруудын хувьд iPad нь “Цүнхэнд багтдаг урлан”, явуулын галерей болсон гэхэд болно. Зөвхөн iPad, түүнд суурилуулсан үйлдлийн системд зориулан бүтээсэн төрөл бүрийн аппликейшнүүд уламжлалт уран зурагтай харьцуулахад зураачийн хөдөлмөрийг шинэ хэлбэрээр баяжуулж, “Дижитал уран зураг” хэмээх цоо шинэ чиглэл эрчтэй хөгжих болов. Таблет дээр зурах нь нэгдүгээрт хялбар, хоёрдугаарт илүү эрх чөлөөт мэдрэмжийг зураачид өгдөг онцлогтой. Нэг үгээр авьяас л байвал iPad-тай байхад энэ салбарт хүчээ сорих үүд хаалга түүхэнд байгаагүй томоор нээгдсэн.
Зураачид, дизайнеруудын хамгийн өргөн хэрэглэдэг программ бол Procreate юм. Жишээ нь, дүр хөгжүүлэлт, illustration art чиглэлээр ажилладаг, “Nomad Toys” студийн хамтран үүсгэн байгуулагч Э.Түвшинтөр iPad Pro төхөөрөмж дээр Procreate программыг ашиглан зурдаг болсноор түүний уран бүтээл улам баялаг, сонирхолтой болжээ. Тэрээр 2011 онд СУИС-ийг монгол зургийн мэргэжлээр төгсөж, үндэсний соёлын агуулгатай зургуудаар дагнаж, хэд хэдэн үзэсгэлэн гаргасан.
Дүрслэх урлагт сэтгэл зүрхээ өгсөн гэдгээ ойлгосноос хойш байнгын эрэл хайгуул хийдэг болсон байна. Э.Түвшинтөр ахмад үеийн зураачид, найз нөхдөөсөө суралцахаас гадна цахим орчныг идэвхтэй ашиглаж, гадаадын зураачдаас суралцаж байна.
Түүний зорилго, мөрөөдөл бол уран бүтээлээрээ дамжуулж монгол өвийг хүүхэд багачуудад таниулах. Тэр хэдийгээр үндэсний уран зургийн суурьтай ч дижитал аргаар зурж, iPad Pro-г мэргэжлийн түвшинд ашиглах болсон нь дээрх агуулгыг гаргахад хүчтэй хэрэгсэл болж байна. iPad дээр дүрийн хөгжүүлэлт хийхэд хамгийн тохиромжтойгоос гадна бүтээлийг илүү тод, чанартай харуулдгийг тэр ярив. “Бид технологид ашиглуулах биш, өөрийгөө хөгжүүлэхэд бүтээлчээр ашиглах хэрэгтэй гэж боддог” гэж Э.Түвшинтөр Сайн Электроникс компанийн зохион байгуулсан Apple брэндийн Монгол дахь анхны Mono Store-ийн нээлт дээр хэлж байв.
Хөгжмийн салбарт гэвэл iOS болон iPadOS үйлдлийн системд зориулан бүтээсэн “GarageBand” нэртэй программыг уран бүтээлчид дэлхий даяар өргөн хэрэглэдэг. Энэ нь төгөлдөр хуур, төрөл бүрийн бөмбөр, гитар, синтезатор гэх мэт хөгжмийн зэмсгүүдийг багтаасан виртуал студи болж, сонирхогчид түргэн хугацаанд мэргэжлийн орчинд умбах, мэргэшсэн хөгжимчдийн хувьд шинэ санаагаа хөгжүүлэх хурдасгуур болсон байна.
Нэг үгээр ухаалаг утас эсвэл таблеттай байхад ая, хөгжим, хөгжмийн бүтээл туурвиж, Apple-ийн жирийн нэг фэн ч авьяасаа хөгжүүлж ая зохиож болж байна. Тэдний нэг болох А.Манлай анх iPhone3 утастай байхдаа DJ нарт зориулсан апп дээр хөгжим тоглодог болжээ. Одоо тэр хөгжмийн төхөөрөмж биш, харин iPad дээр Drumbit нэртэй апп ашиглан finger drummer төрлөөрөө шууд онлайнд хөгжим тоглодог. Тэрээр beatmaker, finger drummer гэсэн хоёр төрлөөр ая бичдэг. Beatmaker нь хөгжмийн зохиогч, аранжировщик хоёрыг хольсон мэргэжил бол, finger drummer нь электрон хөгжмийн төхөөрөмж, эсвэл программ дээр цохивор хөгжмийн зэмсгийн дууг дуурайлгах байдлаар ая зохиодог хүнийг хэлдэг.
2021 оны зун Apple компани “GarageBand” программд зориулж дэлхийн нэртэй уран бүтээлчдийн бүтээсэн дуу хөгжмийн багцыг нэмсэн гэдгээ зарласнаар хэрэглэгчид Дуа Липа, Леди Гага зэрэг уран бүтээлчдийн тусламжтай төрөл бүрийн ремикс бичиж, дуу бүтээх бололцоотой болсон. Түүнчлэн нэртэй хөгжимчид, ая зохиогчид өөрийн хичээлийг байршуулсан байдаг. А.Манлайгийн хувьд хөгжим сонирхдог, урлагийн мэдрэмжтэй хүмүүст iPhone, iPad нь өөрийгөө хөгжүүлэх, илэрхийлэх энгийн хэрнээ хүчирхэг хэрэгсэл хэмээн зөвлөж байна.
Гэрэл зургийн чиглэлд iPhone гар утасны цуврал улам хялбар хэрнээ улам мэргэжлийн болж байна. iPhone 11 загвараас эхлэн хүний харж чадахааргүй харанхуй орчныг харуулдаг шөнийн горимтой болсон. Тэгвэл өнгөрсөн гуравдугаар сард зах зээлд танилцуулсан iPhone 13 ухаалаг гар утсанд хүний нүдээр харахааргүй нарийн жижиг микро ертөнцийг харуулах макро дуран нэмэгдсэнээр гэрэл зурагчдад илүү сонирхолтой зургууд авах шинэ орон зайг нээж өгчээ. Уг утасны камер нь мэргэжлийн зурагчдын мэргэжлийн камер дээр хийдэг нарийн тохиргоонуудыг автоматаар өөрөө хийдэг болсноор мэргэжлийн бус хүн ч мэргэжлийн мэт гэрэл сүүдэр нь таарсан зургийг өөрөө ч мэдэлгүй авах боломжтой аж.
Зургийн объектод ердөө хоёрхон сантиметр зайнаас маш тод гаргадаг камерынх нь хүчин чадлыг “Урлан” студийн гэрэл зурагчин М.Ганзориг туршиж, цувралаар макро зураг авсан байна. Шангри Ла-гийн нэгдүгээр давхарт Apple Mono Store нээлтээ хийхэд түүний авсан макро гэрэл зургуудаар үзэсгэлэн гаргасан байв. Тэрээр iPhone 13 утасны камерыг туршиж үзсэн өөрийн сэтгэгдлээс хуваалцахдаа “Маш жижиг деталийг харж чадах шинэ ертөнцийг нээж өгч байна” гэж ярив.
iPhone 13 зах зээлд гарсны Apple компани энэ утсаар авсан макро гэрэл зургийн уралдааныг дэлхий даяар зарлаж, гэрэл зурагчдын ирүүлсэн бүтээлийг рекламын материалуудад, гэрэл зургийн томоохон үзэсгэлэнгүүдэд, мөн Apple Store дэлгүүрүүдийн зохиомжид ашиглаж байгаа ажээ.
Нөгөө талаас iPhone 13-ын видео камер нь видео блогеруудад контентоо улам сонирхолтой болгох том сюрприз болсон бөгөөд мэргэжлийн зураглаачид өндрөөр үнэлж байна.
Оскарын кино наадмын “Шилдэг гадаад кино” төрөлд нэр дэвшсэн “Хийморь” УСК-ны зураглаач Б.Баатар iPhone 13 утасны видео камерыг тестэлж үзээд онцлох гурван зүйлийг нэрлэв. Нэгдүгээрт, хөдөлгөөнтэй байсан ч Cinematic mode-ийн тусламжтай хүссэн объектоо хүссэнээрээ фокуслаж авах, мэргэжлийн камерын нэгэн адил цаана ба наана байгаа объект дээр фокус шилжүүлэн зураг авалт хийх боломжтой.
Хоёрдугаарт, хэт харанхуй эсвэл хэт гэрэлтэй орчинд бичлэг хийхэд гэрэл, сүүдрийн тэнцвэрийг хангадаг ухаалаг функцтай. Гуравдугаар онцлогийг Б.Баатар мэргэжлийн камер дээр ашигладаг ProRes өргөтгөлийг нэрлэв. Энэ өргөтгөл нь iPhone 13 утсаар хийсэн өндөр чанартай бичлэгийг дурын программдаа оруулж, хүссэн өнгөө тавих бололцоотой болгожээ. Б.Баатарын дүгнэснээр “iPhone 13 утасны видео камер нь мэргэжлийн камерын түвшинд иржээ гэсэн мэдрэмж төрүүлэхээр бүтээгджээ” гэж хэлэв.
Энэ мэт жишээ нь ухаалаг гар утасны сүүлийн технологиудыг “сүүлийн үеийн байдлаар” ашиглаж чадвал зөвхөн урлагийн салбарт гэлтгүй аль ч салбарт хүн өөрийн ур чадвараа хөгжүүлэн дэлхийд өрсөлдөх боломжтойг харуулж байна. Энэ зарчмын дагуу монголчуудыг технологийг бүрэн дүүрэн ашиглахад туслах замаар илүү сайн сайханд хүргэх зорилготой ажиллаж буй компани бол Сайн электроникс ХХК юм. Тиймээс Apple брэндийн шинэ бүтээгдэхүүн танилцуулах арга хэмжээг мэдээлээд өнгөрөх бус синхрон орчуулгатайгаар шууд дамжуулан хүргэхээс гадна мэргэжлийн уран бүтээлчид, Apple-ийн фенүүдтэй хамтран бүтээгдэхүүний Unboxing, review, how to content зэргийг бэлтгэн хүргэж илүү бүтээлчээр ажиллаж байна. Энэхүү зорилгоо өргөжүүлэн өнгөрсөн гуравдугаар сард Улаанбаатар хотын Шангри Ла худалдааны төвд зөвхөн Apple-ийн бүтээгдэхүүн худалдах зорилготой “Apple Mono Store” дэлгүүрийг байгуулахдаа зөвхөн худалдаагаар хязгаарлахгүй, Apple брэндийн бүтээгдэхүүнүүдийн хэрэглээний сургалт болон хүүхдүүдэд зориулсан сургалтыг хийх газар хэлбэрээр зохион байгуулжээ.
“Технологийн хүчээр илүү сайн сайханд”