Аливаа амт хүний дурсамжуудын салшгүй нэг хэсэг байдаг. Ялангуяа, хоолоор дайлж буй эзэн эсвэл газрын сэтгэл шингэсэн хоол бүр амттай. Тэрхүү “сэтгэл” хэр шингэж чадсанаар хоол үйлдвэрийн салбарын бизнесийн өрсөлдөх чадвар, соёл нь тодорхойлогддог. Японы “Yoshinoya” түргэн хоолны сүлжээ нь ийм бизнесийн тод жишээ. Энэ сүлжээг Монголдоо нээх оюутан цагийнхаа мөрөөдлийг биелүүлээд буй, “Rich Food Supply LLC” компанийн гүйцэтгэх захирал, ажил хэрэгч бүсгүй О.Гэрэлтэй бизнесийнх нь алсын хараа, хоол үйлдвэрлэлийн салбарын чухал сэдвүүдээр ярилцлаа.
Yoshinoya брэндийг яагаад Монголд нээх болсон бэ?
“Yoshinoya ” брэнд 120 жилийн түүхтэй. Би Хятадад сурч байхдаа амттай, боломжийн үнэтэй болохоор нь байнга Yoshinoya орж хоол иддэг байсан. Хичээл ихтэй, зав муутай надад их тохирсон газар байсан. “Yoshinoya” нь зөвхөн япон хүний хоол гэхээсээ илүү будаа, мах голлосон, аль ч үндэстний хүмүүс, өдөр тутам идэхэд тохиромжтой харьцангуй эрүүл нь надад их таалагддаг байв. Япон болон Зүүн өмнөд Азийн орнуудад сурч байсан, аялж байсан дийлэнх монголчууд “Yoshinoya”-г мэддэг. Ялангуяа, Хятадад “Yoshinoya ” их алдартай.
Сургуулиа төгсөөд Монголд ирсний дараа “Yoshinoya ”-г их үгүйлдэг байлаа. “Yoshinoya ” Монголд орж ирнэ гэсэн албан бус яриа их гардаг байсан ч орж ирээгүй. Тэгээд 2018 оноос энэ сүлжээг Монголд оруулж ирэх талаар судалж эхэлсэн. 2019 оны 12 дугаар сард франчайзын гэрээ байгуулсан юм. Ийнхүү 120 жилийн туршлагатай компаниас маш их зүйл суралцах боломжтой болсон.
Эхлээд “Yoshinoya Holdings”-той очоод уулзахад Монголын зах зээлийг нэг их сонирхохгүй байсан. Гэхдээ бид очихоосоо өмнө зах зээлээ нэлээн судалж, түргэн үйлчилдэг, гэхдээ эрүүл хоолны хэрэгцээ байгаа гэдгийг олж харсан гэдгээ ойлгуулж чадсан. Япончууд өөрсдөө ирж зах зээлтэй танилцсаны үр дүнд хамтын ажиллагаа эхэлсэн. Биднээс өмнө Монголоос 50 гаруй албан байгууллага, 30 гаруй хувь хүмүүс “Yoshinoya Holdings”-тай холбогдож байсан гэж сонссон.
“Yoshinoya Mongolia” ресторан нээгдээд гурван сар орчим болж байна. Бид Япон болон Хятад улс руу хоёр сарын хугацаатай ажилчдаа сургаж, “Yoshinoya”-гийн үндсэн хоолны амт, чанарыг гаргахын тулд хоёр жилийн турш туршилт судалгаа, хоол хөгжүүлэлтийг хийсэн. Бид монгол хонины махыг хэрэглэсэн цэсийг “Yoshinoya”-гийн түүхэнд дэлхийд анх удаа гаргасан. Ойрын 3-5 жилд 15 салбартай болох зорилго тавьсан.
Yoshinoya амьдралын ямар хэв маягтай хүмүүст зориулагдсан бэ? Гол нь философи нь юу вэ?
“Yoshinoya ”-гийн үүсэж хөгжсөн түүхээс харахад энэ бол завгүй хүмүүст зориулсан түргэн хоолны сүлжээ газар. Хөгжлийнхөө явцад “Илүү эрүүл хоол” гэсэн нэр хүндтэй болсон.
Орчин үеийн залуучууд маш завгүй, цагийг үнэлэх мэдрэмж нь өндөр хөгжсөн, бас амьдралын эрүүл хэв маягийг эрхэмлэх болсон. Дэлхий дахинд түргэн хоол гэхээр эрүүл бус гэсэн ойлголт түгээмэл байдаг. Харин “Yoshinoya ” бол түргэн мөртөө эрүүл хоолоор, гадуур голдуу хооллодог завгүй хүмүүст шуурхай үйлчлэх шийдлийг хөгжүүлж ирсэн. Түргэн ч гэсэн заавал хоолоо хийж, халуунаар нь өгдөг онцлогтой. Манай баримталж буй гол концепци бол энэ.
Ойрын 3-5 жилд 15 салбартай болох зорилго тавьсан.
Олон улсын “Yoshinoya Holdings” компани нь “Хүмүүсийн төлөө” (For the people) гэдэг уриатай. Бүх үйл ажиллагаагаа хүмүүсийн сайн сайхны төлөө зориулна гэсэн үг. Харин “Yoshinoya ” сүлжээг Монголд оруулж ирсэн “Улаанбаатар групп” компани “Эх хүүхдийн төлөө” уриатай. Нэг үгээр, компаниудын алсын хараа давхацдаг. Бидний гаргасан бүх үйлдэл хүмүүст ямар нөлөөлөл үзүүлж байгаа дээр байнга анхаарч ажилладаг гэсэн үг.
Ажлынхаа юугаар нь илүү бахархдаг вэ?
“Yoshinoya ” бол түргэн хоолны сүлжээний франчайз бизнес. Франчайз бизнесийн нэг чухал онцлог нь олон улсын хэмжээнд олон жил амжилттай яваад ирсэн бизнесийн нөү хау-г шууд эзэмших боломжтой байдаг. Үүний ачаар хэрэглэгчид чанар, стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүн, үйлчилгээг шууд авдаг. Франчайз бизнесээ дагаад тэр бизнесийг явуулах менежментийн арга ухаан нь хамт орж ирдэг. Монголд нэвтрэх орж ирэх болгонд монголчууд бизнесийн шинэ арга барилд суралцаж байдаг.
Дуртай хоолныхоо сүлжээг оруулж ирсэн гэж ярилаа. Гэхдээ “Yoshinoya ”-г Монголд оруулж ирэхдээ дотроо өвөрлөсөн мөрөөдөл, энэ бизнесийн алсын зорилго нь юу вэ?
Монгол махыг олон улсын брэнд болгох мөрөөдөл бий. Энэ бол зөвхөн миний мөрөөдөл биш, энэ бол Монголын мөрөөдөл. Дэлхийн олон үндэстэн өөрийн гэсэн махны брэндтэй байдаг. Япончуудад вагю хэмээх брэнд болсон үхрийн мах бий. Хүмүүс жижигхэн хэсгийг нь шаруулж идэхийн тулд мөнгө хайрладаггүй. Солонгосчууд бас “Хану” нэртэй брэнд үхрийн махтай. Гэтэл бид монгол мах амттай, монгол мах эрүүл гэж ярьдаг болов ч энэ агуулгаа брэнд болгон хөгжүүлж чадаагүй. Монгол махыг вагю, хану шиг зүсээд стейк болгоод үнэтэй зарж яагаад болохгүй гэж?
Мэдээж “Yoshinoya Mongolia” рестораны хувьд Японд байдаг ижил төрлийн амт чанар, стандартаар монгол хэрэглэгчдэдээ үйлчилнэ. Гэхдээ үүнээс гадна тухайн бүс нутгийнхаа хүмүүсийн онцлогт тохирсон хоолыг өгөх нь бас чухал. Тиймээс бид анх удаа Японд байдаггүй “Хонины махтай боул”-ыг япон чанар, стандартын дагуу бэлтгэн үйлчилдэг болсон. “Yoshinoya Holdings”-ын зүгээс монгол хонины махтай хоолыг цэстээ нэвтрүүлэхэд нааштай хүлээж авсан.
Эндээс л бид монгол махыг, ялангуяа хонины махыг гадаадад брэнд болгох нэг гол суваг нь франчайз бизнес гэж харж байгаа юм. Энэ бол хамгийн хурдан хугацаанд гадаадад бүтээгдэхүүнээ гаргах арга. Жишээ нь, Yoshinoya сүлжээ дэлхийн 13 улсад 2200 орчим салбартай. Өөрөөр хэлбэл, бидэнд борлуулалтын 2200 суваг байна гэсэн үг. Монголын франчайз эзэмшигч “Yoshinoya ”-гийн үндсэн цэст монгол махтай хоолыг оруулаад, түүнийг нь олон улсад байгаа салбарууд хүлээн зөвшөөрч байгаа юм чинь, цаашлаад монгол махтай хоолоо тэдний хэрэглэгчдэд хүргэж, араас нь монгол махыг нь тогтмол нийлүүлэх суваг бий болгох байдлаар махаа экспортод гаргах бололцоо бий. Энэ нь далайд гарцгүй, хоёр том гүрний хооронд оршдог, хөгжиж буй манайх шиг орны хувьд экспорт хийх нэг том боломж юм.
“Yoshinoya Mongolia” дотоодын зарим ханган нийлүүлэгчдээс махаа худалдаж авдаг гэж байсан. Тэд танайхтай хамтрах болсноор юунд суралцаж байна вэ?
Ханган нийлүүлэлт бол Монголын хоол үйлдвэрлэлийн салбарт ажиллаж байгаа франчайз бизнес болгоны тулгамдсан асуудал. Монголд ханган нийлүүлэлтийн боломж хязгаарлагдмал байдаг учраас франчайз бизнесүүд зарим бүтээгдэхүүн, түүхий эдээ гадаадаас авахаас өөр аргагүй болдог.
Тэгэхээр бид ханган нийлүүлэгчтэйгээ хамт хөгжиж байж ханган нийлүүлэлтийн тогтмол сүлжээтэй болно. “Yoshinoya Mongolia” гадаадаас гэхээс илүү дотоодоосоо мах авахыг зорьдог. Жишээ нь, Австралиас авдаг GYUDON хэмээх гол хоолныхоо махыг Монголоосоо авдаг болохын тулд дотоодын үйлдвэрлэгчдэд стандартаа танилцуулаад, хамтарч ажиллах тухай санал тавиад явж байна. Японоос төлөөлөгчид ирэхээр зарим газрын ферм дээр нь очиж уулзаж ярилцахаар төлөвлөсөн байгаа.
Мэдээж энэ бол тэр дороо шийдэгдэх ажил биш. Гэхдээ бид дотоодын нийлүүлэгчдэдээ тодорхой боломж олгоод, эхний байдлаар багахан худалдан авалт хийж, цаашдаа ихэсгэх байдлаар хамтарч ажиллана.
Франчайз бизнесүүдийн нэг давуу тал нь үйлчилгээний шинэлэг соёлыг оруулж ирдэг. “Yoshinoya Mongolia”-д ажиллаж байсан хүн үйлчилгээний зах зээлд юугаараа үнэ цэнтэй байж чадах вэ?
Япон үйлчилгээний соёл бол үйлчлэгчээ хайрлахад чиглэдэг бөгөөд маш өндөр түвшинд байдаг. Бид энэ соёлыг нэвтрүүлэхийг зорьж байгаа. Мэдээж энэ амар хялбар биш. Хүмүүсээ сургаад, тогтвортой ажиллуулахад цаг хугацаа шаардана. Одоо бид эхний салбараа нээгээд, эхний хүмүүсээ сургаад, “Yoshinoya”-гийн аль ч салбарт очоод ажиллах түвшинд стандартын дагуу ажиллаж байна.
“Yoshinoya”-гийн соёлын нэг онцлог нь эрч хүчтэй байдаг. Энэ эрч хүч үйлчилж байгаа хүмүүсээс мэдрэгдэх ёстой, харин үйлчлүүлэгч манайхаас эрч хүчийг авч байх ёстой гэсэн зарчимтай. Шинэ ажилтныг бид эхлээд 14 хоног сургаж, дадлагажуулах байдлаар бэлддэг.
Монголд хоол үйлдвэрлэлийн салбарын үйлчилгээний зарим ажлын нэр хүнд тийм сайнгүй байдаг. Ер нь үйлчилгээний ажилтан ажлаасаа кайф авдаг байхын тулд юу хэрэгтэй вэ?
Үйлчилгээний ажилтнуудын маш том давуу тал тэд шууд борлуулалтын тэргүүн шугам дээр ажилладаг. Ямар ч бизнес борлуулалтгүйгээр оршин тогтнохгүй. Үйлчлүүлэгчидтэй шууд харилцдаг хүмүүс бол тэд. Өөрөөр хэлбэл, үйлчилгээний ажилтнууд бол тухайн бизнесийг амьсгалах агаараар, цусны эргэлтээр нь хангаж байдаг хүмүүс.
Түүнчлэн үйлчилгээний ажилтан бол борлуулалт хэмээх хамгийн чухал ухаанд суралцаж байдаг. Тиймээс дэлхийн олон оронд оюутан залуучууд үйлчилгээний ажил буюу борлуулалт хийж сурахын тулд цагийн ажил хийх нь элбэг. Харин борлуулалт хийж чаддаг хүн ямар ч бизнесийн байгууллага дээр очсон хамгийн үнэ цэнтэй хүн байдаг. Борлуулж сурна гэдэг бол тухайн хүний цаашдынхаа карьерт хийж буй маш том дэвшил.
“Yoshinoya”-гийн менежерүүд сард 1-2 удаа салбар дээрээ ажиллан аяга тавгаа угаадаг, цэвэрлэгээ хийдэг, хүмүүст үйлчилдэг.
Тэгэхээр залуучууд үйлчилгээний ажлыг голох бус, эндээс давуу талыг нь олж харах нь чухал гэж боддог. Үйлчилгээний ажил хийснээр хүнтэй зөв харьцаж сурдаг, тэр нь цаашдаа компани удирдахад ч, жирийн үеүдэд ч амьдралын том арга ухаан болдог.
“Yoshinoya”-гийн хувьд манай менежерүүд сард 1-2 удаа салбар дээрээ ажиллан аяга тавгаа угаадаг, цэвэрлэгээ хийдэг, хүмүүст үйлчилдэг. Үүний цаад санаа нь бидний үндсэн бизнес бол энэ зааланд л өрнөдөг юм шүү гэдгийг байнга мэдрүүлэх. Бид хэчнээн том юм ярьж болно, гэхдээ хамгийн гол ойлгох ёстой зүйлс, харилцах ёстой хүмүүс чинь энэ талбарт л байгаа гэдгийг байнга санах хэрэгтэй. Бизнесийн сайн муу тал нь бизнесийн үндсэн нэгж дээр хүмүүст үйлчлэх үеэр л хамгийн тод харагддаг, эндээс л хамгийн сайн дүгнэлтүүд хийж болдог. Наад зах нь ямар хоол их үлдээд байгааг харж болно. Түүнээс биш дарга хүн заавал өрөөндөө суугаад, ажилтан заавал зааланд үйлчилдэг гэж ойлгох нь өрөөсгөл.
Танайх байнгын хэрэглэгчдээ хэрхэн бий болгохыг зорьж байна вэ?
Амласандаа хүрдэг байх ёстой. Жишээ нь, бид хүмүүст эрүүл хоолоор үйлчилнэ, амттай хоолоор үйлчилнэ, бас хурдан үйлчилнэ гэсэн амлалтдаа үнэнч байх л хэрэгтэй. Үүнийг үйлчлүүлэгч мэдэрч чадвал байнгын болон үнэнч хэрэглэгч болно. Ялангуяа, Монгол Улс шиг хүн ам багатай байх нь хоол үйлдвэрлэлийн салбарт хүчтэй нөлөөлдөг.
“Yoshinoya Mongolia” ресторанд удаан ажиллах шалтгаан гэвэл та юу хэлэх вэ?
Харилцааны хувьд бидний дунд дарга цэргийн ялгаа бараг байдаггүй. Бүгдээрээ хамтраад бүтээе, асуудал байвал хариуцлагаа хамт үүрээд явъя гэсэн зарчим үйлчилдэг. Нэг нэгнээ дэмжсэн, нөхөрсөг уур амьсгал давамгайлдаг газар. Хүн бүрийн үүрэг роль чухал, түүнийг нь хүндэтгэн харьцах нь бидний хувьд чухал үнэт зүйл. Тиймдээ ч бидний хэн нь ч шалаа угаах сэтгэлзүйтэй байдаг. Учир нь бид цэвэрлэгээний ажлын үнэ цэнийг бүгд ойлгодог. Манай үйлчилгээний ажилтнууд өөрсдийг нь үнэлж байна гэдгийг сайн мэддэг.
Түргэн, гэхдээ мөртөө халуунаар нь бэлдэж өгдөг эрүүл хоол
Захирал хүний хувьд таны удирдлагын арга барил гэвэл?
Мэдээж төлөвлөгөө-гүйцэтгэл-төлөвлөгөө гэсэн горимоор ажиллана. Ингэхдээ хүмүүстэйгээ илүү нээлттэй харилцдаг. Надтай харилцах шаардлагагүй гэж үздэг ажилтан байхгүй. Тухайн хүн ажлаа хийхэд ямар асуудал байгаа талаар тогтмол ярилцдаг. Одоогоор би компаниа системтэйгээр зөв түвшинд удирдахад идэвхтэй суралцаж байна.
Таны хувьд үйлчилгээний бизнест ажиллахдаа ойлгож авсан чухал зүйл юу вэ?
Бизнесийн алсын хараа, хүмүүсийн дотоод хүлээлт хоёр нэг цэгт уулзаж чадвал тэр бизнес хүчтэй байдаг. Захирал хүн удирдлагад нь ажиллаж буй хүмүүстээ зорилго, чиглэлээ ойлгуулж чадахгүй байвал бүтэлгүйтэх шалтгаан олон гарч ирнэ. Ажилтан нэг бүрийнхээ сэтгэл ханамж, үзэл бодол, хүсэл эрмэлзлийг мэдэрч ажиллах нь чухал гэж боддог. Түүнээс гадна, бизнесмен зөвхөн мөнгө олохын төлөө явж болохгүй гэдгийг сайн ойлгосон.
Гэрийн эзэгтэйн хувьд ажил, амьдралын баланст яаж анхаарч байна?
Гэр бүлтэй болохоос өмнө 24 цаг миний мэдэлд байсан. Харин одоо гурван хүүхэдтэй, нөхөртэй гэхээр энэ цагаа бүр олон хуваах шаардлагатай болсон. Цагаа оновчтой хуваарилахыг хичээж байгаа ч хүүхдүүддээ хангалттай цаг гаргаж чадахгүй байгаадаа өөрийгөө жаахан зэмлэдэг.