Бизнесийн удирдлагын чиглэлээр сургалт, судалгаа явуулдаг Монголын тэргүүлэх их дээд сургуулиудын дунд уламжлал болгон зохион байгуулдаг “Хүний нөөцийн менежмент”-ийн улсын XII олимпиадыг МУИС-ийн 80 жилийн ойн хүрээнд Бизнесийн сургуулийн Менежментийн тэнхим, Монголын Хүний Нөөцийн Мэргэшсэн Менежерүүдийн холбоо (MХНММХ)-тай хамтран “Ковидын дараах амьдралын шинэ хэв маяг ба Хүний нөөцийн менежмент” уриатайгаар 2022 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр зохион байгуулах гэж байна.
Энэхүү олимпиадын зорилго нь чадварлаг хүний нөөцийн менежерүүдийг бэлтгэх, энэ чиглэлийн мэргэжлийг сурталчлах, түүний үнэ цэнийг төр, бизнесийн байгууллага, суралцагчид, олон нийтэд таниулах, мэргэшлийн түвшнийг дээшлүүлэх, залуучуудын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, багш-оюутан-бизнесийн байгууллага хоорондын онол-дадлага-практикийн уялдааг хангаж, улмаар монголын хүний нөөцийн менежментийн хөгжилд тодорхой хувь нэмэр оруулах явдал юм.
Энэ удаагийн олимпиадад МУИС-ийн Бизнесийн сургууль, ШУТИС-ийн Бизнесийн удирдлага, Хүмүүнлэгийн Сургууль, ХААИС-ийн Эдийн засаг, бизнесийн сургууль, Санхүү эдийн засгийн Их сургууль, Хүмүүнлэгийн ухааны их сургууль, Худалдаа Үйлдвэрлэлийн Их сургууль, Олон улсын Улаанбаатарын Их сургууль, Их засаг Их сургуулиудын 15 багийн оюутнууд өөрсдийн бүтээлч сэтгэлгээ, мэргэжлийн мэдлэг, ур чадвараар өрсөлдөхөөр бүртгүүлээд байна.
Олимпиадын ивээн тэтгэгчээр “Mongolia Talent Network” ХХК, дэмжигчээр Макс групп, АПУ ХК, Жүр үр ХХК ажиллаж байна.