“Дэлхийгээр аялагчид” хэмээх 762 мянган гишүүнтэй фэйсбүүк группт хэдэн жилийн өмнөөс монгол өв уламжлалыг шингээсэн, хатдын голдуу зураг бүхий өнгөлөг, торгомсог алчуураа намируулан авхуулсан зургаа хүмүүс идэвхтэй нэмэх болсон юм. Тэд Итали, Испани, Словак, Америк, Австрали, Япон, Тайланд гээд дэлхийн өнцөг булан бүрт аялж яваа газрынхаа байршлыг бичихийн хамт #yalguun #yalguunaccessories гэсэн хаштагуудыг ашиглаж байв. Энэ давалгаа үндэсний хэмээх тодотголтой Ялгуун (Yalguun) брэнд 2017 оны нэгдүгээр сард анхны коллекцио танилцуулснаас хойш нэг их удалгүй өрнөж эхэлсэн юм.
“Өнгөрсөн таван жилийн хугацаанд “А” загвар гэж бидний ярьдаг, 110×110 хэмжээтэй энэ алчуур маань 200 мянган ширхэг худалдаалагдсан. Хэрэглэхэд ч, зургаа авхуулахад ч гоё бүтээгдэхүүн. Дээр нь бүх хувцастай зохицдог” хэмээн “Ялгуун” брэндийн үүсгэн байгуулагч Н.Өлзиймаа хэлж байна. Аксесуар, тэр дундаа алчуур бол хувцаслалтынхаа өнгө, загварт зохируулан зүүсэн нэгнийг загварлаг, чамин харагдуулж чадах хүчирхэг “зэмсэг” -үүдийн нэг. Энэ ч утгаараа бүсгүйчүүдийн шүүгээнд эртнээс онцгой байр суурь эзэлж ирсэн билээ.
“Монгол компаниудын хувьд экспорт бол ирэх хэдэн зуун жилийн шилжилт болно байх. Гол нь юу экспортлох вэ гэдэг л бидний хийх ёстой ажил”.
Ковид-19 цар тахал дэгдэхээс өмнө хоёр сар тутамд шинэ коллекц танилцуулж ирсэн “Ялгуун” брэнд жилээс жилд урын сангаа баяжуулж, хэрэглэгчдийнхээ тоог нэмж, олонд танигдсан үндэсний брэнд болж чадсан ч үүсгэн байгуулагч нь хэн болохыг хүмүүс тэр бүр мэддэггүй. Урдах ажлаа чимээгүйхэн хийгээд явахыг эрхэмлэдэг тул өнгөрсөн хугацаанд хэвлэл мэдээлэл, медиагаас өөрийн мэдэлгүй дөлж ирсэн Н.Өлзиймаа цасан цагаан өнгийн дотоод засалтай, саруулхан оффисынхоо ажлын өрөөний хананд өлгөсөн хатдын зургуудын нэгийг зааж, “Энэ бол 2017 оны хавар, зуны коллекцид багтсан загварын эх зураг. Бид бүтээгдэхүүн бүрээ хязгаарлагдмал тоогоор үйлдвэрлэдэг учраас энэ загваруудаас одоо яаж ч хичээгээд худалдан авах боломжгүй” гэлээ.
Цаг үргэлж өөрчлөгдөх хэрэглэгчийн хүсэл, мэдрэмж, мөн улирлаа даган хувьсах өнгөний трэнд, дэлхийн загварын чиг хандлагыг байнга анзаарч, коллекцдоо тусгахыг хичээдэг “Ялгуун” брэндийн хамт олны дунд бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн багийнхнаас гадна мэргэжлийн таван зураач ажиллаж, тасралтгүй эрэл хайгуул хийж байдаг. 2016 онд Н.Өлзиймаа “Лувсанвандан” арт галерейн зураач Б.Содномдаржаатай очиж уулзан өөрийн санаагаа ойлгуулж, улмаар 15 зургийн цоморлиг бүхий бүтэн коллекц зуруулж авахад зургаан сарын хугацаа шаардагджээ (Эдгээр бүтээл хожим “Ялгуун” брэндийн анхны коллекц “Цагаан сар”-д тусгалаа олсон). Өмнө нь зураачдын бүтээлийг ийм байдлаар ашиглан бүтээлээс бүтээл төрүүлж, хэрэглээнд шууд нэвтрүүлсэн тохиолдол тухайн үед ховор байв. Харин зорилго, зорилт, зах зээлээ мэдэрч, харилцан сайтар ойлголцож эхэлсний дараа дээрх хугацаа хэд дахин багасчээ.
“Нэг коллекцид 15-20 орчим бүтээл багтдаг. Коллекциуд маань цэнхэр, цайвар, ногоон, шар гээд л өнгөний хувьд хоорондоо хэзээд давтагдашгүй байдаг. Өнгөний судалгаа маань цааш гүнзгийрч долоон гарагийг эрхшээдэг өнгүүдийн талаар олж мэдэх, шинэ загварууддаа энэ санаагаа тусгаж өгөх зэргээр сэдэл болж байна”. Ийн өгүүлэх Н.Өлзиймаа энэ хавар, зуны трэнд өнгүүдийн нэг олив ногоон өнгийн хослолынхоо дотуур хар сорочка өмсөж, “Ялгуун” -ы гоёмсог алчуураар тодотгожээ. Ярилцах зуураа тэрбээр алчуураа тайлан ширээн дээр дэлгээд 2018 оны хавар, зуны коллекцид багтсан улбар шар өнгө давамгайлсан энэ загварт Мандухай сэцэн хатан болон Мандуул хааныг авангард байдлаар дүрсэлсэн талаар тайлбарлаж, хатны гарт судар бариулсан нь өвөг дээдсийн захиасыг өнөө цагт уламжлан өгч буй утга санааг бэлгэдсэн гэдгийг онцоллоо.
“Одоо бид зах зээлээ ч, хэрэглэгчээ ч сайтар таньчихлаа. Тиймээс тоглоомын дүрэм маань тодорхой болж эхэлсэн”.
Харин ширээн дээрх алтлаг зураасан дүрсүүд бүхий кофе дүүргэсэн хар шаазан аягыг дөрвөн хүчтэнг бэлгэдэн бүтээсэн тухайгаа тайлбарлав. Энэ мэтээр цааш лавшруулан судалбал монголчуудын эртнээс бэлгэдэж ирсэн хээ, эдэлж хэрэглэж асан зүүсгэл, чимэглэлийн асар их нөөц байгааг тэр тодотгоод “Ялгуун”-чуудын гол зорилго бол энэ нөөцийг зөв хөрөнгө оруулалт, зөв менежмент, зөв агуулгаар баяжуулж, гадаадын зах зээлд худалдаалах, валютын урсгалыг эх орондоо татахад чиглэж байгааг дуулгалаа. “Ковид-19 дэгдсэнээс хойш брэндээ байгуулсан шалтгаан, цаашдын зорилго, зорилт, алсын хараа гээд бүхний талаар эргэцүүлж, өөрөөсөө их ч асуулаа. Хариулт нь нэг л зүйлд, экспорт руу л чиглээд байгааг анзаарсан. Ер нь Монголын компаниудын хувьд экспорт бол ирэх хэдэн зуун жилийн шилжилт болно байх. Гол нь юу экспортлох вэ гэдэг л бидний хийх ёстой ажил”.
Өдгөө “Ялгуун” брэнд анхны бөгөөд үндсэн бүтээгдэхүүн болох алчуураас гадна төрөл бүрийн аксесуар, гоёл чимэглэл, хувцас, гэр ахуйн болон бичиг хэргийн бүтээгдэхүүн худалдаалж, зах зээлээ тэлээд буй. Эдгээр бүтээгдэхүүн үндэсний хэв шинжийг агуулсны зэрэгцээ өнгө, загвар, сав баглаа боодлын хувьд нэгэн цогц болж чаддаг, баялаг сонголттой учраас хүндтэй нэгэндээ зориулан бэлгэнд сонгож буй хүмүүс цөөнгүй байдаг. Гадаадын хөрөнгө оруулалттай хоёр ч компанийн захирлаар ажилладаг Н.Өлзиймаа ажил хэргийн шугамаар ийш тийш тогтмол зорчиж, “нисэх” бүртээ харилцагч, түншүүддээ зориулан “нүүр улайхааргүй” бэлэг сонгох “хүндхэн даалгавар” -тай тулгардаг байж. Боломжийн үнэтэй, сав баглаа боодол, өнгө үзэмж сайтай, хэт нүсэр бус, өөрийн гэсэн утга агуулгатай гарын бэлэг сонгохын тулд “хөөрхөн ажил” болж, эрэл хайгуул хийх хэрэгтэй болдгийг, энэ зах зээл сул хөгжсөнийг тэр ингэж л анзаарч эхэлсэн байна. Энэ бүхэн “Ялгуун” брэндийн эхлэл болжээ.
“Брэнд маань олонд танигдаад ирэх үед хэрэглэгчийн асуусан сурагласан бүрийг бүтээгдэхүүн болгож гаргах гэж үзээд л, төлөвлөгөөгүй ажил хийх тохиолдол их байсан бол одоо бид зах зээлээ ч, хэрэглэгчээ ч сайтар таньчихлаа. Тиймээс бидний хувьд тоглоомын дүрэм тодорхой болж эхэлсэн” хэмээн Н.Өлзиймаа онцолсон юм. Тэд худалдааны зөвлөхүүдээ үйлчилгээний соёлд байнга сургаж, дэлгүүрийг зорин ирж буй хэрэглэгчдийг сэтгэл хангалуун, таатай мэдрэмжтэй үдэхэд анхаарч, санал сэтгэгдлийг нь тогтмол асуух болжээ. Энэ талаар Н.Өлзиймаа “Дэлгүүрээр үйлчлүүлж буй хэрэглэгчдээсээ судалгаа аваад явах нь хавьгүй илүү бодитой, үр дүнтэй байж чаддаг. Өөрөөр хэлбэл, бид хэрэглэгчдэдээ тулгуурлан зах зээлийн судалгаа хийдэг. Дараагийн бүтээгдэхүүн юу байхыг хэрэглэгчид өөрсдөө хэлж өгдөг гэсэн үг. Олон зуун удаа давтагдаж буй асуулт бол бодит хэрэгцээг харуулж байдаг. Манай брэндийн олон бүтээгдэхүүн яг ингэж л төрсөн. Тийм болохоор бүтээгдэхүүнүүдийн маань борлуулалт тогтвортой, боломжийн түвшинд байдаг” гэлээ.
Оргил үедээ есөн салбар дэлгүүртэйгээр үйл ажиллагаа явуулж байсан “Ялгуун” брэнд цар тахлын дараа Улсын их дэлгүүр, “Улаанбаатар” их дэлгүүр, “Зайсан Стар” зэрэг гол байршилд таван салбар дэлгүүрээ ажиллуулж буй. Цаашид салбарын тоогоо нэмэхгүйгээр онлайн дэлгүүр, хүргэлтийн үйлчилгээндээ илүү анхаарахаар төлөвлөснөө ч хуваалцсан юм. Ер нь Ковид-19 -өөс шалтгаалан бизнесийн байгууллагууд урт хугацааны төлөвлөгөө гаргаж, түүнийгээ мөрдөхөд хүндрэлтэй болж байгаа тул богино хугацааны төлөвлөлтүүдэд шилжиж, хурдтай, уян хатан шийдвэрүүд гаргаж ажиллах шаардлагатай болоод буйгаа ч учирлаж байв. Эдийн засгийн хүнд цаг үед ажлын байраа хадгалах, цалингаа тасралтгүй олгоход анхаарч, томоохон хөрөнгө оруулалт хийлгүй азнахаар шийдсэнээ ч хуваалцлаа.
Н.Өлзиймаа: “Алчуурыг маань хүмүүс шүүгээндээ хадгалах бус өдөр тутам хэрэглээд явж байгаа нь асар том хүндэтгэл”.
“Тээврийн үнэ огцом өссөн нь маш их хугацаа авч байна. Монгол Улс түүхий эд үйлдвэрлэгч орон биш учраас ихэнх материалаа хилийн чанадаас авдаг. Зургаан сарын өмнө захиалгаа хийж байж, өнөөдөр материалаа хүлээн авах жишээтэй. Өмнө нь энэ хугацаа нэг сар орчим л байсан. Үүнээс болж, бэлэн мөнгөний томоохон түгжээс үүсэж, бүтээгдэхүүний маань насжилтыг уртасгаж байна. Тиймээс бид маш сайн тооцоолж, зохион байгуулж, бага багаар урагшлахаас өөр аргагүй болсон” хэмээн “Ялгуун” брэндийн үүсгэн байгуулагч хэлж байна. Түүний хувьд ингэж тооцоолоход багийн ажиллагаа маш чухал. Нэг хүний гаргасан шийдвэрээс олуулаа өөр өөрийн өнцгөөс харж, ярилцаж байж хүрсэн шийдвэр илүү гэж тэр үздэг. “Манай компани харьцангуй жижиг учраас хурдтай өөрчлөлт хийх, манёврлах боломж өндөр байдаг. Гэхдээ маш их ур чадвар шаарддаг”.
Н.Өлзиймаа үйлдвэрийн орчинд, бизнес процесс дунд багаасаа өссөн нь ирээдүйд амжилттай бизнес эрхлэхэд нөлөөлжээ. Хүнсний технологич мэргэжилтэй ээж нь нарийн боовны жижиг цехээ жилээс жилд хэрхэн тэлж, томруулсаар өөрийн гэсэн үйлдвэр байгуулахыг харж өссөн охины хувьд ажил төрөлд нь чадах чинээгээрээ тусалж, дэм болохыг хичээж ирсэн юм. Хожим нь энэхүү үйлдвэрийг охины багаасаа сонирхож ирсэн загварын чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар өөрчлөн шинэчилсэн нь “Ялгуун” брэндийн эхлэл байв. Харин энэ бүхнээс өмнө тэр олон төрлийн бизнес хийж, алдаж онож үзжээ. Бютик ажиллуулахаас эхлээд борцны бизнес эрхэлж, гагнуурын үйлчилгээ үзүүлдэг компани хүртэл байгуулж явсан түүний хувьд “Ялгуун” брэнд цаашид олон жил удирдан хөгжүүлэх үндсэн бизнес нь болж чадсан юм. Ингэж олон зүйл хийж туршиж явсныгаа тэрбээр сониуч зантайгаа холбон тайлбарлах дуртай. “Хийсэн алхмууд маань тал тал руу үсчээд байсан мэт боловч эргээд маш их туршлага болж, хэрэглэгчдийн хандлага, сонирхлыг танин мэдэхэд түлхэц үзүүлж чадсан”.
Багадаа аливааг төсөөлөн бодох дуртай байсан Н.Өлзиймаа хөгжим, ном, киноноос урам зориг авч, гоё сайхан эмэгтэйг ороолт, нарны шил, бээлий зэрэг аксесуартайгаар төсөөлдөг байв. Тэрбээр яриандаа төсөөлөл гэх үгийг цөөнгүй ашиглаж байсан нь “Хүн ирээдүйгээ өөдрөгөөр харж төсөөлж чаддаг байх хэрэгтэй. Гэхдээ маш бодитоор” гэх юм уу “Төсөөллөө өдөр бүр сэрээж, түүгээрээ хөглөгдөн амьдарч чадаж байвал тэр чанар л аливаа брэнд, хувь хүнийг амжилтад хүргэх хамгийн том үндэс. Тэгж харж чадахаа байчихвал өөр юу чамайг амьдралд хөглөх юм бэ?” зэрэг үгсээр илэрнэ.
“Олон зуун удаа давтагдаж буй асуулт бол бодит хэрэгцээг харуулж байдаг. Манай брэндийн олон бүтээгдэхүүн яг ингэж л төрсөн”.
20-иод насандаа англи хэлний бэлтгэлд суухаар Хонконгийг зорьж, гадаад ертөнц, шинэ соёлыг өөртөө нээж, бютикээ ажиллуулах эхлэлийг тавихын зэрэгцээ гадаад хөрөнгө оруулагчдын орчуулагчаар ажиллаж, хоёр талын бизнес эрхлэгчдийг холбох, улмаар Монголд гаднын хөрөнгө оруулалттай компани байгуулах, хуулийн этгээд тойрсон олон тооны эрх зүйн зохицуулалтыг судлах, цэгцлэх зэрэг ажлыг хийсээр яваандаа эндхийн салбар хариуцсан захирлаар ажиллах болжээ. “Монгол хүнийхээ хувьд би хамтрагч, түншүүдийнхээ итгэлийг алдахгүй гэж хичээж ажилласан. Бүх зүйл, тэр дундаа бизнес итгэлцэл дээр тогтдог” хэмээн тэр хэлж байна.
Хагас жил гаруйн өмнө ярьж байсан санаа нь зургаар дамжин цаасан дээр бууж, шат дамжлага бүрээр баяжин, төгөлдөржсөөр торгомсог алчуур болон хэрэглэгчийн гарт хүрч, хүмүүс зүүчихсэн явааг харах Н.Өлзиймаагийн хувьд хамгийн сайхан мөч байдаг. Ингээд зогсохгүй наадам, цагаан сар зэрэг үндэсний баяраар “Ялгуун”-ы алчуурыг гоёлын дээлтэйгээ хослуулан зүүж, тэмдэглэлт мөчүүддээ ч нандигнан хэрэглэж байгааг хараад хийж буй ажлаараа, бас хамт олноороо бахархах сэтгэл төрдгөө хуваалцаж байв.
“Өнгөрсөнд бид хэн байсан бэ? Түүнийг л уран нарийн аргаар илэрхийлж, хойч үедээ өвлүүлж буй хэлбэр бол “Ялгуун” брэндийн бүтээгдэхүүнүүд. Тэр ч утгаараа алчуурыг маань хүмүүс шүүгээндээ хадгалах бус өдөр тутам хэрэглээд явж байгаа нь асар том хүндэтгэл” хэмээн Н.Өлзиймаа ярьж байна. Брэндийнхээ нэрийг олох гэж багагүй эрэл хайгуул болж, тэмдэглэлийн дэвтрээ дүүртэл элдэв нэрс бичсэнийх нь дунд “Үндэстэн”, “Язгуур” гэх үгс ч багтсан байж. Харин “Ялгуун” гэж нэрийг бодож олоход түүнд төсөөлөл нь тусалжээ. Тэр ингэж тайлбарласан юм. “Алчуур салхинд дэрвэх нь маш зөөлөн, тансаг мэдрэмж төрүүлдэг. Цаанаа л энхрий, ялдам, ялгуун. Ялгуун гэж үгийг цааш судлахад нэгэн зүйл цэцгийн нэрнээс гадна ялагдашгүй, баатарлаг гэх утгыг давхар илтгэдэг. Ялгуусан баатар ч гэж монголчууд ярьдаг. Ийм давхар бэлгэдэлтэй учраас брэндээ “Ялгуун” гэж нэрлэсэн”. Харин өдгөө “Ялгуун” -чууд хилийн чанад руу хараа сунгаж, дотоодоос хангах боломжтой түүхий эдийн нөөцөд тулгуурлан бүтээгдэхүүн хөгжүүлж, экспортлох хэтийн зорилготой ажиллаж байна. Цар тахал, хилийн хориг, үнийн хөөрөгдөл гэх мэт олон хүчин зүйл бизнес эрхлэгчдийг дотоод нөөц бололцоо, хүчин чадлаа дайчлах гол хөшүүрэг болж буйн зөвхөн нэг жишээ энэ юм.