Борлуулалтын ухаан энэ зууны хамгийн хэрэгтэй ур чадвар болоод байгаатай уншигч та маргахгүй байх. Ямар ч бизнест “Борлуулалт” амин сүнс нь болж байдаг ба хүн бүр нь борлуулагч болсон цагт л байгууллага өрсөлдөөнт нийгэмд түүчээлж чаддаг гэлтэй. Энэхүү нийтлэлийг бичин суугаа би ч гэсэн борлуулалтыг дан ганц борлуулалтын ажилтны ажил гэж үздэг байснаа нуух юун. Үндсэн мэргэжил маань арын албаных болоод ч тэр үү? Фронтод тулалдах дургүй болоод ч тэр үү? Борлуулалт хийх тун дургүй байсан санагддаг юм. Борлуулалт хийх гээд бараа үйлчилгээгээ сурталчлах гэхээр хүнд юм шахаад байгаа юм шиг тухгүй мэдрэмж төрнө. Зөвхөн би гэлтгүй бусад хүмүүст ч гэсэн ийм мэдрэмж төрдөг байх. Гэтэл азаар гэх үү, эзээр гэх үү, манай компани дээр “Хүн бүр борлуулагч” гэх хөтөлбөр зохиогдож борлуулалт хийхээс өөр аргагүй болов оо би. Тэгээд одоо шаварт унасан шарын эзэн гэгчээр хамгийн түрүүнд борлуулалтын ном олж уншихаар номын дэлгүүр оров.
Номын дэлгүүрүүдэд хэдэн арваараа байрлах барууны орчуулгын ном дотроос борлуулалтын монгол хүний бичсэн хоёрхон ном байсан нь П.Гандолгор зохиогчийн “Шилдэг борлуулагчийн арга билгийн 10 ухаан” гэх сүрхий урт нэртэй ном болон Ө.Ганзориг зохиогчийн “Борлуулалтын менежмент” гэх хөөрхөн нимгэхэн ном байлаа. За тэгээд алийг нь авах уу гэж бодож бодож, баахан эргэлдээд эцэс сүүлд нь хоёуланг нь аваад гарав.
Үүнийг уншсаны дараа бяцхан хэмжээний шүүмж бичье гэж бодсон нь өнөөдөр таны гарт хүрч байгаа энэхүү нийтлэл юм. Юуны түрүүнд эдгээр хоёр номын гол давуу тал яахын аргагүй монгол хүн бичсэн гэдэг нь билээ. Монгол хүний монгол жишээн дээр бичигдсэн учраас уншигч танд илүү ойрхон санагдах нь аргагүй биз. Барууны орнуудын номыг уншихаар хааяа хэт нээлттэй гэмээр үг хэллэг ашиглах, зохимжгүй хошигнол хэлэхийг зөвлөдөг. Гэтэл энэ нь эргээд Монголын нийгэмд хэр зохимжтой билээ дээ? Намайг сонин хошигнол хэлбэл манай үйлчлүүлэгч л лав “Ямар хачин эмэгтэй вэ?” л гэж бодох байх. Гэтэл энэ хоёр зохиогчийн номыг уншихаар нээрээ л ингэдэг шүү, манайхны сэтгэлгээ ийм шүү гэх бодол төрөх нь гайхалтай. Тэгээд бүр жишээ нь хүртэл монгол. Ө.Ганзориг зохиогчийн Голомт банкны жишээ, Гандолгор зохиогчийн өөрийнх нь түүхүүд гүн сэтгэгдэл үлдээж уншигч надтай яриад байгаа юм шиг мэдрэмж төрүүлсэн.
Энэ хоёр борлуулалтын ном хоёулаа монгол хүний өвөрмөц сэтгэлгээ, мөн тайван амгалан, юмыг ерөнхийд нь хардаг сэтгэлгээнд тохирсон амьдралтай бүтээлүүд болжээ.
Хэдийгээр хоёулаа “Борлуулалтын ном” боловч хоёр зохиолч өөр өөрийн гэсэн туршлага үзэл бодолтой учир онцлогууд ихтэй. Жишээ нь хоёр номын зорилтот уншигчид ч гэсэн өөр гэлтэй. Ө.Ганзориг зохиогчийн зорилтот уншигчид нь илүүтэйгээр гүйцэтгэх захирлууд, удирдах түвшний ажилтнууд, байгууллагад стратегийн шийдвэр гаргадаг хүмүүст зориулагдсан юм шиг. Номд дурдагдсан кэйс, зөвлөмжүүд нь илүү далайцтай санагдав. Сүүлийн хуудаснуудад дурдагдсан борлуулалтын сэтгэл зүй болон борлуулагч хүний өдөр тутамд дагах зарчим хэсгээс бусад нь энгийн менежер түвшний ажилтан надад хэт ахисан түвшний санагдсаныг нуух юун. Гэхдээ энэ номоос үйлчлүүлэгчийн сэтгэлзүйн энгийн механизм, тэрийг хэрхэн өөртөө ашигтайгаар эргүүлэх талаар ойлгов. Жишээ нь бүтээгдэхүүн үйлчилгээнд “ Олны таашаалд хүрсэн” гэх үг нэмснээр л борлуулалтыг 30% ихэсгэх боломжтой ажээ. Гэхдээ ер нь энэ ном удирдах түвшний ажилтнуудад илүү тохирох байх гэж бодлоо. Байгууллагын стратегийн түвшинд хийх өөрчлөлтүүдийн талаар ихээхэн дурдсан тул шууд аваад хэрэгжүүлэхэд цаг хугацаа, эрх мэдэл шаардлагатай.
Харин П.Гандолгор зохиогчийн ном нь борлуулалтын ур чадвараа нэмэгдүүлэх зорилготой хүн бүр аваад хэрэглэчих боломжтойгоор бичсэнээрээ онцлогтой. Арга билгийн зохицлыг номоороо дамжуулж энгийн бөгөөд тодорхой тайлбарласан, тэр чигтээ борлуулагч хүний гарын авлага болгожээ. Жишээ нь борлуулагч хүн алсын хараа, эрхэм зорилгоо урт хугацаанд харах хэрэгтэй ба зөвхөн үүгээр зогсохгүй тэрхүү том зорилгоо нарийвчлан төлөвлөгөө болгох ёстой ажээ. Ерөнхийлөн хардаг миний хувьд мөрөөдөөд л байхаас яг төлөвлөгөө гаргах нь дутаад байсныг олж харж нарийн сайхан төлөвлөгөөтэй болоод мөрдөн ажиллаж байгаа. Мөн борлуулагч хүнд дотоод итгэл үнэмшилтэй, мөн гадаад үзэмждээ анхаарвал борлуулалтад маш хүчтэй нөлөөлдөг байх нь. Хэчнээн сайхан ярьсан ч гадаад үзэмждээ анхаараагүй ноорхой хувцастай борлуулагчид хүн итгэхгүй. Гэхдээ нөгөө талаар сайхан хувцасласан ч бараа үйлчилгээндээ итгэх дотоод итгэл үнэмшил байхгүй бол мөн л үйлчлүүлэгч худалдан авалт хийдэггүй байна. Ингээд би дэлгүүр орж сайхан хувцаслахад анхаарч имижээ бүрдүүлж чадсан бас нэгэн амжилт гэж бодож байна.
Тэгээд эцэст нь хэлэхэд энэ хоёр борлуулалтын ном хоёулаа монгол хүний өвөрмөц сэтгэлгээ, мөн тайван амгалан, юмыг ерөнхийд нь хардаг сэтгэлгээнд тохирсон амьдралтай бүтээлүүд болжээ. Аливаа зүйл үр дүнтэй байвал үнэ цэн нь улам нэмэгддэг бөгөөд эдгээр хоёр номын уншсанаар миний борлуулах ур чадвар нэмэгдээд зогсохгүй дээр дурдсан “хүн бүр борлуулагч” хөтөлбөрийн хүрээнд манай байгууллагын орлого 20 хувиар нэмэгдсэн гайхалтай үр дүн гарсан шүү.
Зайлшгүй шаардлагаар борлуулагч болсон ажилтан M.M