Ярилцсан М.Ариунзаяа
-Сайн байна уу? Та өөрийгөө манай сэтгүүлийн уншигчдад танилцуулна уу?
Сайн байна уу. Намайг Ч.Лутсүх гэдэг. “Тримон студи”-ийн үүсгэн байгуулагч ба Креатив директор (creative director). 2007-2009 онд ДУДС-ийн зураасан зургийн ангид сурч байгаад 3-р курсээсээ Малайз улсын Бүтээлч технологийн Лим Кок Вин их сургуульд элсэн орж, 2012 онд тус сургуулиа анимейшны мэргэжлийн бакалаврын зэрэгтэй төгссөн.
-Та бидэнд Тримон студийн талаар товч танилцуулна уу?
Манай студи нь 2013 онд үүсгэн байгуулагдсан ба анх гурван хүний бүрэлдэхүүнтэй эхэлж байлаа. Хүмүүс студийн маань нэрийн талаар их сонирхож асуудаг. Бид “Sony”, “Google” гэдэг шиг цаг хугацааны аясаар өөрөө өөрийнхөө үнэ цэнийг улам мэдрүүлсэн давтагдашгүй зохиомол нэршил байгаасай хэмээн бэлгэдэж студиэ Тримон гэж нэрлэсэн юм. Бид өнөөдөр нийт үндсэн 11, зөвлөх гурван гишүүний бүрэлдэхүүнтэйгээр реклам зар сурталчилгаа, видео, 2D, 3D анимейшн чиглэлээр үйлчилгээ үзүүлж байна.
-Та яагаад гадаадын томоохон студид ажиллахын оронд өөрийн гэсэн студи байгуулахаар шийдсэн бэ? Мөн студийнхээ үйл ажиллагааг эхлүүлэхэд ямар бэрхшээлүүдтэй тулгарч байв?
2012 онд дипломын бүтээл маань олон орны оюутнуудын бүтээл дундаас “Шилдэг Дипломын Ажил”-аар шалгарч, Малайзын анимейшн студи-ээс ажиллах санал авсан юм. Гэвч тухайн үед сурсан мэдсэнээ эх орондоо туршиж үзэх хүсэлдээ хөтлөгдөн ажлын саналаасаа татгалзан Монголдоо эргэж ирсэн түүхтэй.
Анх студи-ээ байгуулж байхад ажлын гүйцэтгэл, чанараас гадна бизнес, борлуулалт, үйлчлүүлэгчийн харилцаа гээд бүх зүйл амар байгаагүй. Гэхдээ бид аливаа саад тотгорыг бэрхшээл гэхээс илүү сорилт гэж хардаг. Тиймээс өдөр бүр шинийг суралцаж ирсэн ба одоо ч суралцсаар л байна.
-Танай баг хамт олон сүүлийн 9 жилд 500 гаруй реклам зар сурталчилгаа, контент дээр ажилласан билээ. Тэр дундаас олны танил болсон уран бүтээлээсээ бидэнтэй хуваалцана уу.
Бусад салбаруудтай харьцуулахад манай салбар маш шударга гэж би боддог. Үнэхээр өндөр чанартай гүйцэтгэсэн реклам, контентыг үзэгчид өөрсдөө шэйрлээд түгээгээд явчихдаг. Тримон студийн хувьд олны танил болсон контент гэхээр Capitron bank – Мөрөөдөл 2 ангит 3Д анимейшн, TDB Britto, KFC, Pizza Hut анимейшн, Mobicom rebranding сурталчилгаанууд, мөн дуучин Наагийгийн Надгүйгээр дууны клип санаанд орж байна.
– Тухайн зар сурталчилгааг бүтээх ажлын үйл явц хэрхэн өрнөдөг вэ?
Хамгийн түрүүнд тухайн байгууллага өөрийн үйлчилгээ ба бүтээгдэхүүний бизнес болон маркетингийн стратегийг боловсруулсан байх шаардлагатай. Дараа нь зар сурталчилгааны зорилт, төсөв, суваг зэрэг ерөнхий төлөвлөгөө гаргана. Ихэнх тохиолдолд байгууллагууд өөрсдөө дээрх стратеги болон төлөвлөгөөгөө гаргадаг.
Үүний дараа зохиол, хийцээс хамаарч үнийн саналаа эцэслэн батална. Тэгээд “Бэлтгэл хэсэг (pre-production)”, “Үйлдвэрлэлийн хэсэг (Production)”, “Үйлдвэрлэл монтажийн эцсийн үе шат (Post-production)” гэсэн гурван үе шат дамжин бүтээл бэлэн болдог.
Зарим студийн хувьд ердөө 2-3 хүний багтай ба нэг хүн бараг бүх зүйлээ хийх нь түгээмэл байдаг. Гэвч бодит байдал дээр үүнээс үүдэн чанар мууддаг. Харин бидний бүтээл продюсер, найруулагч, зургийн дарга, гэрэлтүүлэгч, зураглаач, VFX, өнгө шүүгч, дуу, хөгжим гэх мэт маш олон хүний хөдөлмөрөөр бий болдог. Манай студийн хувьд аль болох бүхий л ажил үүргийг мэргэшсэн хүмүүстэй хамтарч гүйцэтгэдэг гэдгээрээ давуу талтай.
-Хэрэглэгчийн хэрэгцээ, сонирхол, шаардлагад таарсан зар сурталчилгааг хүргэхийн тулд юунд анхаарах шаардлагатай байдаг вэ? Хэрхэн хэрэглэгчийн хэрэгцээ, сонирхол зэргийг тодорхойлдог вэ?
Ер нь бол харилцагч бүтээгдэхүүнийхээ юуг онцолж, хэрэглэгчдэд ямар мессеж өгмөөр байгаа вэ? Тухайн бүтээгдэхүүн хэнд зориулагдсан бэ? Ялгарах онцлог нь юу гэдгээс бүх зүйл эхэлнэ.
Бид нэг рекламанд нэг л санаа гаргахыг зөвлөдөг. “The Wolf of the Wall Street” киноны төгсгөлд Леонардо Ди Каприо-ийн дүр нэг үзэг бариад, “надад зар” гэдэг. Хэрвээ бид “Энэ үзэг гоё өнгөтэй, гоё гардаг, хямдхан, бас бүх дэлгүүрт зарагдаж байгаа” гээд үргэлжлүүлэн яривал тэр үзгийг хэн ч худалдаж авахгүй. Харин эсрэгээрээ “Энэ үзгийг Далай лам Монголд айлчлахдаа хэрэглэсэн” эсвэл “Өвөө маань Халхын голд тулалдаж байхдаа захиа бичиж байсан үзэг” гэвэл өөр хэрэг. Тухайн бүтээгдэхүүний үнэ цэн юунд оршиж байна вэ гэдэг дээр бүх анхаарлаа тавих нь чухал гэсэн үг.
Түүнчлэн бид зорилтот хэрэглэгч, үзэгчийн хэлээр ярихыг чухалчилдаг. Жишээ нь сагс тайлбарлагч “Гурвын гаднаас crossover хийгээд ороод ирлээ!!!” хэмээн тоглолтын алтан агшныг тайлбарлаж байна гэж бодъё. Үүнийг сагс сонирхогчид хэнээр ч тайлбарлуулахгүйгээр ойлгох тул сагсны шууд дамжуулалтын нэвтрүүлэг дээр ямар ч асуудалгүй. Харин сагсны талаар сайн мэддэггүй үзэгч олонтой тойм нэвтрүүлэгт таарахгүй л болов уу. Манайхан олон хүнд хүргэнээ гээд зорилтот хэрэглэгчээ хэт бөөрөнхийлөх гээд байдаг. Үг хэллэгээс гадна зураг авалт, өнгө, дуу хөгжим гээд бүх зүйлийг зорилтот бүлгийнхээ онцлогт тааруулах нь зүйтэй гэж ойлгож болно.
-Танай студи өрсөлдөгчдөөсөө хэрхэн ялгардаг вэ?
Манай студи “чанар”-т хамгийн их ач холбогдол өгч ажилладаг. Гэхдээ энэ нь өрсөлдөөнд ялахын тулд бус өөрсдийгөө дараагийн түвшинд хүргэхийн төлөө хийж буй зүйл юм.
Манай салбар харьцангуй залуу салбар учир бүгдээрээ шинийг эрэлхийлсэн мундаг залуус байдаг. Тиймээс ч бусад агентлагийг өрсөлдөгч гэхээс илүү салбараа хөгжүүлж буй хамтрагчид гэж хардаг.
-Тэгвэл таны бодлоор чанартай бүтээл гаргахын тулд юун дээр анхаарах ёстой вэ?
“Сайн кино хийхэд гурван зүйл хэрэгтэй: нэгдүгээрт зохиол, хоёрдугаарт зохиол, гуравдугаарт зохиол” гэсэн эшлэл байдаг даа. Үүний адилаар сурталчилгаа хийхэд хамгийн гол нь агуулга байдаг. Сурталчилгааны гол зорилго нь хэрэгцээ байгаа хүнд шийдэл санал болгох явдал. Тиймээс хүний сэтгэлийг хөдөлгөтөл нь шийдлийг сонирхолтой арга замаар хүргэх нь чухал.
Манайхан аливаа зар сурталчилгааг хийхдээ түгээмэл алдаа гаргадаг. Тэр нь юу вэ гэхээр хүнд өгөх мессеж агуулгаа бус хэлбэр хийцээ чухалчилдаг явдал. Түүн шиг эсвэл тэр гадаад реклам шиг гэсэн байдлаар ханддаг. Гэхдээ сүүлийн жилүүдэд байгууллагын менежмент, бизнес ёс зүй хөгжихийн хэрээр энэ тал дээр манайхан сайжирч байгаа.
Бид ч уг асуудлыг өөгшүүлэхгүйн тулд зохиол бичилтийг тусдаа үнэлээд удаж байна. Эхлээд хүмүүс их гайхдаг байсан. Та нар үнэгүй зохиол бичээд бидэнд танилцуулах ёстой биз дээ гэх хүн ч байв. Зохиол бичнэ гэдэг нэг онгод тэнгэртэй, авьяастай хүн унтахынхаа өмнө хийдэг зүйл биш. Харин ур чадвар, техник, судалгаа шаардсан асар өргөн ойлголт.
Мөн бид рекламанд тусгах агуулга, тэдгээрийн холбооснуудыг сайн ойлгохын тулд эхлээд харилцагчдаараа “wish list” /хүслийн жагсаалт/ бөглүүлдэг. Түүнээс ажлын гол дүр зураг харагдаад ирдэг. Тэгээд зохиол бичих ажил руу орно эсвэл зохиол нь байвал гүйцэтгэлийн ажил руу ордог.
-Тримон студи менежментийн шинэлэг арга барилаар ажилладаг гэж сонссон. Энэ талаар хуваалцвал?
Бид том алсын хараатайгаар урагш тэмүүлж байгаа учир ур чадвараас гадна бизнес талаасаа өндөр түвшинд хүрэхийг зорьдог. Студи маань одоогоор зөвхөн нарийн мэргэжлийн хүмүүсээс бүрдэж буй тул өөрсдийн хэмжээнд менежментээ сайжруулахаар судалж туршиж байна.
Жишээ нь, дөрвөн жилийн өмнө мэргэжлийн студид таарсан менежментийн аргачлал судалж хайсан боловч бидэнд яг таарах аргачлал олж чадаагүй. Тэгээд гадаадын tech, startup компаниудад хэрэглэдэг OKR гэдэг аргачлалыг сонгосон боловч тухайн үед монгол хэл дээр бараг нэг ч мэдээлэл байхгүй, нэвтрүүлсэн газар олдохгүй байлаа. Бид дотроо хэд хэдэн байдлаар туршиж үзээд, одоо байгууллагын ерөнхий төлөвлөгөөнд хэрэглэж байна.
Энэ жилийн хувьд хүний нөөцийн менежментээ сайжруулахаар мэргэжлийн түвшин, үнэлгээ, цалин зэрэг зүйлийг нарийн судалж туршиж байна. Бидний ажлын онцлог болох чанар болон бүтээлч сэтгэлгээг тоогоор дүгнэх боломжгүй. Гэхдээ ур чадвар, бүтээмжийг шударгаар үнэлэх нь яахын аргагүй чухал асуудал тул онцгойлон анхаарч байгаа.
-Та компанийнхаа Креатив директороор ажилладаг хүний хувьд хэрхэн өөрийнхөө болон хамт олныхоо бүтээлч сэтгэлгээг хөгжүүлдэг вэ?
Манай салбарынхан бүгд бүтээлч сэтгэлгээнд хайртай, түүний үнэ цэнийг эрхэмлэдэг хүмүүс байдаг. Тийм ч учраас зүгээр л чөлөөтэй сэтгэх орон зайг нь өөрсдөд нь үлдээдэг. Хүн бүр өөрийн гэсэн дахин давтагдашгүй санаануудтай байдаг тул тэднийг илүү их сонсдог, мөн чи хийж чадна гэсэн итгэлийг өгөх гэж хичээдэг. Манай студид хүн бүрд төслөө өөрийн хүссэнээр найруулах эрх нь нээлттэй байдаг. Аливаа ажил эхлэхээс өмнө бид санаа оноогоо солилцож brainstorm хийцгээнэ. Харин ажил нэгэнт эхлээд хөдөлсний дараа төслийг ахалж буй хүнд жолоогоо шилжүүлж бусад нь үнэнчээр тусалдаг.
-Та цаашдаа үйл ажиллагааныхаа хүрээг тэлж гадаадын зах зээлд уран бүтээл туурвих зорилготой гэж дурдаж байсан. Удахгүй гадаадын зах зээлд уран бүтээл гаргах төлөвлөгөө бий юу?
Манай салбарыг 100 давхар барилгатай зүйрлэвэл нэг дэх давхарт Монгол, 100 дах давхарт Hollywood, 50 дах давхарт Малайз байгаа юм шиг санагддаг байв. Холын зүйл хүнд хэзээ ч бүтэхгүй мэт санагдах боловч түүнээс арай ойр зүйл бол болчих ч юм шиг санагдана. Гэсэн хэдий ч монгол залуус дэлхийн стандартад нийцэж ажиллаж чадна гэдэг итгэлээр дүүрэн Тримон студийг нээж байлаа.
Манай улс сүүлийн үед зөвхөн уул уурхай биш, эдийн засгийн бусад салбарт, тэр дундаа бүтээлч үйлдвэрлэлийн салбараа хөгжүүлж улмаар тулгуур эдийн засгийн нэг болгоё гэж байгаа нь зөв шийдвэр гэж харж байгаа.
Харин манай студийн хувьд бид 2021 онд Японы “Black rock shooter” (https://blackrockshooter-dawnfall.com/) хэмээх анимэ төсөл дээр Episode 4-ын 70 гаруй хувийн ажлыг хийж гүйцэтгэлээ. Тус анимэ нь дөрөвдүгээр сарын 3-наас эхлэн Disney Plus болон Японы Tokyo MX, KBS зэрэг зургаан сувгаар цацагдсан. Би өөрөө Episode 1-ийг өчигдөр л үзлээ. Тус ажлыг гүйцэтгэх явцад маш их зүйл шинээр сурч авсан. Бид дэлхийн түвшинд гарахын тулд бүтээл хийх процесс, ажлын хариуцлага, бизнесийн ёс зүй, зарчим гэх талаасаа өөрсдийгөө их хөгжүүлмээр санагдсан.
-Бидний ярилцлага өндөрлөхөөс өмнө та Монголын бүтээлч үйлдвэрлэлийн салбарт хөл тавихаар зэхэж буй оюутан залууст хандаж юу гэж хэлэх вэ?
Тухайн цаг үе, хүний амьдралын мөчлөгт нь тохирсон зөвлөгөө чухал юм шиг санагддаг. Оюутан залууст хандаж хэлэхэд бүтээлч үйлдвэрлэлийн салбарт маш олон мэргэжлүүд бий. Гэхдээ өөрийн дуртай зүйлээ олж чадвал мэргэжил, чадвар бүр үнэ цэнтэй. Тиймээс тэрхүү зүйлээ юу вэ гэдгийг олтлоо аль болох төрөл бүрийн ажил хийж туршиж үз, янз бүрийн эксперт хүмүүстэй уулз, тэдгээрээс суралц гэж хэлье. Мөн хэрвээ дуртай зүйлээ олсон бол сууж сур, түүнийгээ өдөр бүр сайжруул гэж хэлье. Үргэлж хөгжиж дэвших шаардлага тулгардаг учраас надад салбар маань заримдаа спорт шиг санагддаг.