Ази тивийн ихэнх үндэстэн өөрсдийн хоол хийх болон хооллох ёс заншлаараа гайхамшигт уламжлалтай. Тэрхүү гайхамшигтай уламжлалт хоолны тоонд “халуун тогоо” буюу “Хого” багтах бөгөөд түүнийг Чингис хааны байлдан дагуулагчид үүсгэсэн хэмээн хэсэг судлаач үздэг бол зарим нь Манжийн түрэмгийллийн үеэс эхлэлтэй хэмээн дүгнэдэг. Ийнхүү маргаантай буй халуун тогооны хоол өнөөгийн Монгол Улсад нэвтэрснээс хойш даруй 15 жилийг орхижээ.
Үүссэн цаг хугацаатай нь харьцуулахад богино санагдаж болох хэдий ч энэхүү цаг хугацааны эхлэлийг “Монголын анхны халуун тогооны ресторан” хэмээх тодотголтой “The Bull hotpot restaurant” тавьж өгсөн түүхтэй. Энэхүү түүхийг “шөлтэй хоолонд дурлагч”, “Blue Mon” группийн Ерөнхийлөгч Ц.Санжжав эхлүүлсэн бөгөөд тэрээр халуун тогооны хоол идэхээр хааяа Бээжин хотыг зорьдог байсан аж. Тэрээр нэгэн удаа уг хоолыг идэж байхдаа Монголчууд амттай хоолыг заавал гадаад улс оронд очиж бус эх орондоо идэж болох юм гэсэн бодол төрсөн байна. Ингээд тус аяллаасаа энэ сайхан хоолыг эх орондоо нутагшуулбал Монголчуудын дуртай хоолны нэг болж чадна гэсэн гэгээн сайхан хүсэлтэй аяллаасаа буцан иржээ. Анх байгуулагдаж байх үед “Хого” нь Монголын нийгэмд төдийлөн танигдаж амжаагүйтэй холбогдуулан үйлчлүүлэгч цөөн, шинэ залуу ажилтнууд нь төдийлөн дадлагажиж амжаагүй зэрэг олон хүндрэлтэй тэд нүүр тулж байв.
“Bull” рестораны “Хүүхдүүд”
Байгуулагдаад төдийлөн удаагүй байсан “Bull” ресторан үйл ажиллагаагаа эхлүүлэхэд төдийлөн хүндрэлтэй байгаагүй ч шинэ үйлчилгээг нийгэмд нэвтрүүлэхэд дагалддаг олон бэрхшээл тэднийг тойрсонгүй. Тэрээр байгууллагынхаа үйл ажиллагааг явуулж эхлээд төдийлөн удаагүй, ресторан нь үйлчлүүлэгч цөөн байсантай холбогдуулан нэгэн рекламыг олон нийтэд хүргэсэн байна. Энэхүү реклам олон нийтэд цацагдсаны маргаашаас нь үйлчилгээний талбай хөл тавих зайгүй болсноор зөөгч нар сандарч улмаар тэд ариун цэврийн өрөөнд нуугдаж байсан хошин түүхтэй. Энэ нь олон үйлчлүүлэгчдэд үйлчилэхэд бэлэн бус байсан тэднийг үйлчилгээний хурд, чанараа нэмэгдүүлэхийг сануулсан явдал болсон байна. Ингээд уг өөрчлөлтийг даван гарахын тулд тэрээр “Одоо л ажилтнуудаа богино хугацаанд сургаж хөгжүүлж чадвал өөрсдийн үзүүлж буй үйлчилгээний чанар сайжирч, улмаар хүсэж буй үйлчилгээгээ хэрэглэгчдэд хүргэх, бизнесээ тэлэх бүрэн боломжтой” хэмээн тооцжээ. Уг асуудалд ихээхэн төвлөрч судалсны үр дүнд заалны зарим хэсгийг хаан улмаар залуучуудаа сургаж, дадлагажуулах арга хэмжээг шуурхай авснаар үйлчилгээний чанар, хурдаа сайжруулж чадсан байна.
“The Bull hot pot” рестораны ихэнх ажилтан нь залуучууд учир Гүйцэтгэх захирал П.Ариунаа тэднийг өөрийн хүүхэд мэт хайрлаж “Хүүхдүүдээ” хэмээн ярьдаг. Тиймээс ч өөрийн хамгийн үнэ цэнтэй зүйл болсон хүүхдүүддээ “Дуртай-Чаддаг” ажлаа хийх боломж олгохыг тэрээр үргэлж хичээдэг нь сайшаалтай. Үүний нэг илрэл бол тэднийгээ сонгон авч байрыг нь олох, сургаж хөгжүүлэх, ажлыг үнэлж дүгнэх, цалин урамшууллыг нь хангалттай олгож, сэтгэл санааг нь өөдрөг байлгах идэвхжүүлэлтийн ажилд гол анхаарлаа хандуулж ирсэн юм. Тэрээр энэ хүнийг угтагч болгоё, эсвэл одоо түүнийг тогооч болгоё гэх зэрэг өөрт нь тохирсон ажлын байрыг нь тодорхойлсны дараа тэднийг сурган хөгжүүлдэг. Шинэ ажилтнуудад шат дараалсан сургалт явуулж улмаар дагалдан хийлгэж зааж сургана. Дараа нь чадамжийн, менежментийн гэх мэтчилэн шат дараалсан сургалтуудад ажилтнаа хамруулж бэлдэж авдаг. Үүнийхээ хүчинд тэд ажиллах нөөцөөр огт дутагдаж үзээгүйгээр барахгүй харин ч сэлгээний нөөцтэй болж ажилтандаа хүссэн үед нь чөлөө өгч амраах боломжтой болсон нь байгууллагын нэгэн чухал амжилт юм.
Үйлчлүүлэгч бол бизнесийн амжилтын хамтрагч
Монголчууд бид үйлчилгээний салбараар үйлчлүүлэхдээ “хэрэглэгч бол хаан” хэмээн хэлэх дуртай. Тиймээс ч хэрэглэгчдийн гаргасан шүүмжлэл үйлчилгээний байгууллагад үйл ажиллагаагаа амжилттай явуулахад нь “луужин” болдог. П.Ариунаа захирал байнгын үйлчлүүлэгч хэзээ ч орж ирсэн бүхий л хоолны амт нэг л амтаараа үйлчлүүлэгчдэд хүрэх ёстой. Түүнээс биш амталсан будаа л гэхэд нэг өдөр гоё амттай, маргааш нь өөр амттай байж болохгүй бөгөөд хэрэв энэхүү дутагдлыг гаргавал чөлөөт өрсөлдөөнт зах зээлд хэрэглэгчдээ алдахад хүрнэ гэх зарчмыг мөрддөг.
Мөн өнөөдөр сэтгэл ханамжгүй гарсан үйлчлүүлэгч дараа дахин үйлчлүүлэхээр сонгох магадлал багасах учраас “Яг одоо цаг дээрээ хамгийн сайнаараа ажиллаарай” хэмээн хүүхдүүддээ захина. Үйлчилгээ гэдэг бол яг одоо цаг дээр явагддаг зүйл учир үйлчлүүлэгчтэй харилцаж буй харилцаа, тэдэнд үзүүлж буй үйлчилгээ хамгийн чухал зүйлсийн нэг гэдгийг үргэлж сануулдаг аж.
“Bull” рестораны үйлчлүүлэгчдийн 60-70 хувь нь байнгын үйлчлүүлэгч болсон нь тэдний үйлчилгээг бүрэн хүлээн зөвшөөрсний нэгэн илрэл
Ер нь үйлчлүүлэгчээ “Сайн байна уу” гээд нэг л сэтгэлгүй угтахад тухайн байгууллагад төрөх хүний сэтгэгдэл төдийлөн өндөр үлдэхгүй. Тиймээс зочдыг айлчлан ирэхэд нь чин сэтгэлээсээ инээмсэглэн угтаж, найрсгаар үйлчилснээр тухайн үйлчлүүлэгч биднийг дахин сонгох магадлал өндөр болно гэдгийг тэрээр байнга сануулна. Тиймээс ч тэдний хувьд хэрэглэгчидтэйгээ тогтмол харилцан шүтэлцээтэй ажиллаж ирсэн бөгөөд тэднээс зах зээлийн эрэлт хэрэгцээгээ тодорхойлон бүтээгдэхүүн болон үйлчилгээний чанарын хяналтаа сайжруулж, амжилтынхаа хамтрагч болгон ажилладаг.
Үүнийхээ хүрээнд тэд хэрэглэгчдээ үргэлж хүндэлж, тэдэнтэйгээ бүтэн эргэх холбоо бүхий зарчмын хүрээнд “Эрхэм таны санал-бидний амжилтын хөтөч” гэх QR кодоор өдөр бүр мэдээлэл, шүүмжийг тогтмол авсаар иржээ. Улмаар түүнийгээ үйлчилгээний стандарт болгон хөгжүүлж, түүнийхээ дагуу маш богино хугацаанд шуурхай өөрчлөлт хийж үйлчилгээгээ тогтмол сайжруулдаг нь тэдний нэгэн давуу тал болсон байна. Уг рестораны үйлчлүүлэгчдийн 60-70 хувь нь байнгын үйлчлүүлэгч болсон нь тэдний үйлчилгээг бүрэн хүлээн зөвшөөрсний нэгэн илрэл хэмээн ойлгоход буруудахгүй.
Өрсөлдөгч олонтой үйлчилгээний салбарт байнгын үйлчлүүлэгчтэй болоход ихээхэн хүндрэлтэй. Тиймээс ч үйлчлүүлэгчдийнхээ итгэлийг алдахгүй байхыг хичээж тэднийг Сэтгэл ханамж дүүрэн байлгахын тулд өөрсдийн тав тухтай орчин, амт чанартай бүтээгдэхүүн, найрсаг харилцаа, халамжлах үйлчилгээнд ихээхэн төвлөрөн ажилладаг. Үүнийхээ хүрээнд П.Ариунаа захирал ажилтнууддаа “Үйлчлүүлэгчийг найзыгаа тосож буй мэт найрсгаар угтаж, зочноо баяр ёслолоор дайлах мэт байдаг бүхнээрээ дайлж, чин сэтгэлээсээ найрсаг харилцаж, гэр бүлээ холын замд мордуулах мэт хүндэтгэлтэйгээр талархан үдэж гаргах” ёсыг байнга сануулж, мөрдөн ажиллуулдаг. Тиймээс ч тэд үйлчилгээгээ илүү сайжруулахын тулд “Сайн үйлчилгээний стандарт”-ыг шинээр гарган үйлчилгээндээ нэвтрүүлэн ажиллаж байна. Үүний хүрээнд тухайн байгууллагаас нэг сая төгрөгөөс дээш худалдан авалт хийсэн үйлчлүүлэгчдэд таван хувийн хөнгөлөлтийн карт эзэмших эрхийг олгодог.
Мөн жуулчны байгууллагуудтай олон жил хамтран ажиллаж байгаа бөгөөд энэ жилээс гадаадын жуулчдад зориулсан “Олуулаа ирвэл олон урамшуулалтай” гэдэг хүний тооноос хамаардаг хөнгөлөлтийн хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлжээ. Үүнээс гадна “The Bull hot pot” рестораны шинээр нэвтрүүлсэн онлайн хүргэлтийн үйлчилгээнд хэрэглэгчид ч ихээхэн сэтгэл хангалуун байдгийг дурдах нь зүйтэй.
Хүнээ хөгжүүлбэл компани хөгжинө
П.Ариунаа захирлын хувьд 20 гаруй жил нийтийн хоолны салбарт ажиллаж, салбарынхаа ололт амжилт, алдаа дутагдлыг хэнээр ч хэлүүлэхгүй мэддэг болсны хувьд “Бид шилдэг баг, чанартай бүтээгдэхүүн, онцгой үйлчилгээ, тав тухтай орчин, тохирсон ухаалаг үнийн бодлогоороо бусдаас ялгарч чаддаг” хэмээн онцоллоо. Гэхдээ цаг үеийн байдалтай холбоотой багагүй бэрхшээлүүд түүнд тулгардаг. Захиалсан бараа материал нь товлосон цагтаа ирэлгүй саатах болон цар тахалтай холбогдуулан бүтээгдэхүүний түүхий эд, материалын үнийн хэт огцом өсөлт бий болох зэрэг хүндрэлүүд ээлжлэн гарна. Эдгээр бэрхшээлийг даван туулахын тулд тэрээр цаг үеийн тааварлашгүй нөхцөл байдалтай уялдуулан өөрийн шийдвэрийг түргэн шуурхай гаргах шаардлагатай тулгардаг. Үүнээс гадна олон төрлийн шинэ, соргог бүтээгдэхүүнийг нээн илрүүлж, шинэ нийлүүлэгч, харилцагчтай болж өөрсдийн үйлчилгээндээ нэвтрүүлэх боломжийг үргэлж хайн эрэлхийлнэ.
Хэрэглэгчдийн гаргасан шүүмжлэл нь манай байгууллагын хувьд үйл ажиллагаагаа амжилттай явуулахад “луужин” болдог.
Өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдал төдийлөн сайнаар харагдахгүй байгаа ч тэд өнгөрсөн 15 жилийн хугацаанд системтэй өсөн тэлж, нийт зургаан салбарыг нээн ажиллуулж, өдөр тутамд 2000 гаруй хүнд өөрсдийн үйлчилгээг хүргэдэг болоод зогсохгүй Дархан хотноо өөрсдийн шинэ салбараа нээхээр төлөвлөж, ажлаа эхлүүлсэн байна.
“The Bull hot pot” рестораны хамт олон өөрсдийн алсын харааг “Бид нэг үзэл баримтлалд бат итгэж, нэгдмэл зорилгод төвлөрч, нийт мэдлэг, чадвараараа хоршсон “Хүчирхэг баг” бүтээх юм. Тиймээс бид хамтын ажиллагаа эрхэмлэн, нэгдсэн зохион байгуулалтайгаар ажиллаж чадвал бүтээмжийг байнга нэмэгдүүлж чадна” хэмээн тодорхойлжээ.
Эрс шийдэмгий, зоримог шийдвэрүүдээрээ бусдыгаа түүчээлдэг тэрээр “Хүнээ хөгжүүлбэл компани хөгжинө” гэх чиглэл баримталж, зөвхөн ажилтан гэлтгүй удирдах албан тушаалтан болон өөрийгөө ч хөгжүүлэхэд тогтмол анхаарч ажилладаг аж. Тиймээс П.Ариунаа захирал ярихдаа “Тогтмол хувьсан хөгжиж буй шинэ үеийн бизнесийн нөхцөл байдалд бид өөрсдөө л суралцаж, өөрийгөө хөгжүүлж байж ажилтнуудаа хөгжүүлж, тэднийг аз жаргалтай, баяр баясгалантай байлгаж байж байгууллага амжилтад хүрнэ” хэмээн онцоллоо.
Vnheer ynziin hamt olonshuu iluu ih amjiltiig hvsy