“Соно” мэндэлсэн нь
Соно бол гэрэл гэгээнд тэмүүлэгч юм. Нарны гэрэлд үзэсгэлэнтэйгээр солонгорон харагддаг энэ амьтан өрөөсөн далавчаа алдсан ч нисэж чаддаг. Тиймдээ ч соныг амжилт, хүч чадал, гүн ухааны бэлгэдэл хэмээдэг. Нөгөөтээгүүр уян хатан, нягт нямбай байдлыг илтгэдэг тул эмэгтэйчүүдийн гоёл чимэглэл сонын хэлбэр дүрстэй байх нь элбэг.
Жижигхэн боловч хүч чадалтай энэ амьтны мөн чанар, бэлгэдэл Л.Мөнхцэцэгийн сонирхлыг татсан учраас тэр бээр өөрийн брэндээ “Соно” гэж нэрлэхээ хэдийнээ шийдчихсэн байв. Түүний мөрөөдөл биеллээ олсон үе бол 2016 он. Тухайн үед Л.Мөнхцэцэг нөхрийн хамт “Модны-2”-т хоёр өрөө байр түрээслэн шөнө орой ялгалгүй даавуу эсгэж, үйл урлаж байлаа.
Анх тэдний хувцас үйлдвэрлэл гурван оёдлын машинтайгаар эхэлжээ. Мөн бараа материал захиалж татахаас эхлүүлээд, оёдол эсгүүрээ хийх, индүүдэх, тээвэрлэх, худалдан борлуулах гээд бүхий л үйл явцад хоёулаа л зүтгэдэг байв. “Дэлгүүртээ өдөржин суучхаад орой нь гэр лүүгээ бус үйлдвэр лүүгээ явна. Заримдаа оёдол, эсгүүрээ хийгээд нойргүй шахам өнжих үе ч байсан” гэж Л.Мөнхцэцэг ярилаа.
Харин одоо “Соно” брэнд хэдийнээ өөрийн гэсэн үнэнч хэрэглэгчидтэй болжээ. Тус брэнд богино хугацаанд ийн амжилт олсон нь бүх зүйлд чин сэтгэлээсээ хандаж ирсэнтэй нь холбоотой гэж Л.Мөнхцэцэг онцолж байлаа. Тэр бээр нэг ширхэг утас сөрдийсөн байхыг ч зөвшөөрдөггүй. Далий оёдол, тааруухан индүүдлэг бол бүр ч байж боломгүй зүйлс. “Чамин ганган, нягт нямбайн бэлгэдэл болсон амьтнаар брэндээ нэрлэснээ хэзээ ч мартаж болохгүй. Энэ бол хамгийн эхний зарчим” гэж тэр ярьж байв.
Зургаан жилийн өмнө үүсгэн байгуулагдсан “Соно” брэнд дотоодын бэлэн хувцасны зах зээлд тэргүүлэгч болохоор зорьж байна.
Л.Мөнхцэцэг оёдол, эсгүүрт дээд зэргийн нямбай хандахыг 2000-аад оны эхээр БНСУ-д суралцаж байх үедээ ойлгосон гэдэг. Тухайн үед суралцахын хажуугаар оёдлын үйлдвэрт ажиллаж байсан нь түүнд маш том туршлага болсон байна. Тэр Солонгост оёдлын үйлдвэрт ажиллаж байхдаа зөвхөн сөрдгөр утаснуудыг л түүж цэвэрлэдэг байжээ. Харин нэгэн өдөр түүнд онцгой бөгөөд санамсаргүй боломж тохиосон нь үйлдвэрийн хувцасны загварт өөрийнхөө санааг нэмэрлэсэн явдал юм. Түүний санаа удирдлагуудынх нь анхаарлыг ихэд татаж, загвараа өөрийнхөө бодож байгаагаар зурж үзүүлэхийг хүсжээ. Ингээд яг түүний зурсан загвараар хувцас үйлдвэрлэтэл борлуулалт нь маш сайн байсан учраас удирдлагууд нь түүнийг утас түүгчийн туслах ажлаас чөлөөлж, оёдол хийлгэх болсон байна. Энэ нь түүнд маш их урам зориг өгчээ.
Оёдол хийх болсноор Л.Мөнхцэцэг материалтай хэрхэн харьцах талаар маш их зүйлийг ойлгож мэдсэн байна. Улмаар 2005 онд эх орондоо эргэн ирж, нөхрийн хамт бэлэн хувцас импортлох болов. Хувцасны тал дээр Л.Мөнхцэцэг тун мэдрэмжтэй нэгэн. Тийм ч учраас Япон, Солонгос, Хятадаас хүмүүсийн хүсэл сонирхолд нийцсэн хувцсыг авчирч борлуулах болсон нь түүнд бас нэгэн шинэ туршлагыг бэлэглэжээ. Тэр бээр хүмүүс юуг хэрхэн өмсвөл зохимжтойг маш сайн мэддэг. Ийнхүү 10 орчим жил хувцас импортолсон Л.Мөнхцэцэг хувцас урлах хүсэлдээ хөтлөгдөж явсаар 2016 онтой золгож, тэр жилдээ “Соно” брэндээ үүсгэн байгуулжээ.
“Би оёдолчин биш. Гэхдээ оёж чадна гэдэгтээ маш итгэлтэй байсан” гэж тэр хэлж байлаа. Уг нь тэр нүүр хувиргагч мэргэжилтэй. Гэхдээ багаасаа оёдол, эсгүүр дунд өссөн байна. Өнөр өтгөн гэр бүлд өссөн Л.Мөнхцэцэг дөрвөн эгчтэй. Эгч нар нь бүгд үйлд уран. 1980-1990 оны тарчиг үед эгч нар нь хүссэн хувцсаа оёод өмсчихдөг байсан нь брэндийн уран шаглаачныг бэлтгэх том сургууль байсныг хожим ухаарсан гэдэг. Мөн өвөө нь лам нарын хувцас хийдэг тун уран хүн байсныг тэр дурсаж байсан юм.
Мөн эзэмшсэн ажил мэргэжил нь ч түүнд маш том давуу тал болдог байна. Тэр бээр үйлчлүүлэгчдээ маш сайн зөвлөдөг. Хувцасны зохилдлогоо төдийгүй хувцсандаа тохируулж хэрхэн нүүрээ будахыг нь ч эелдгээр зөвлөнө. Энэ байдал үйлчлүүлэгчдэд нь тун их таалагддаг байна. Асуухаас нь урьтаж зөвлөхийг, орж ирэхэд нь найрсгаар мэндлэхийг Л.Мөнхцэцэг ажилтнууддаа үргэлж сануулдаг.
Тэр бээр “Брэнд хөгжүүлж буй хүмүүс үйлчлүүлэгчдээ маш сайн судалж, хүндэтгэлтэй, найрсаг харьцах хэрэгтэй. Манай дэлгүүрт орж ирээд зөвлөгөө авсан хүмүүс дунд бидний харилцааг онцгойлон сайшааж, чам шиг ажилтантай болох юм сан гэж хэлсэн хүн ч бий” гэж ярьж байв. “Худалдагч хүн үнээ хэлчхээд таг дуугүй суух нь маш зохимжгүй зүйл. Бараа бүтээгдэхүүнийг нь үзэж байгаад авахгүй гарсан ч найрсгаар үдэж гаргах нь маш том соёл” гэж Л.Мөнхцэцэг хэлж байсан юм.
Үйлчлүүлэгчидтэйгээ харьцах харилцаа хандлага бол үнэнч хэрэглэгчдийг бий болгох хамгийн чухал зүйл гэдгийг “Соно” брэндийн хамт олон маш сайн ойлгодог. Тийм ч учраас дэлгүүрт нь ирсэн хүн дахин ирдэг, ирэхдээ ганцаараа ирдэггүй гэдгийг Л.Мөнхцэцэг онцолж байлаа. Зарим үйлчлүүлэгч нь шинэ загвар гарахыг тэсэн ядан хүлээдэг, бүр “Соно”-ын хувцсаар шүүгээгээ дүүргэж байгаагаа ч хэлдэг байна. Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжтай байдал бол “Соно”-ын “жигүүр” нь юм.
Өнгөлөг бас чамин
Соно бол тун гоёмсог амьтан. Гоёмсог байдлынх нь хамгийн гол шинж тэмдэг нь түүний өнгө юм. Тиймээс “Соно” брэнд өнгийг чухалчилдаг. Маш өнгөлөг бас дахин давагдашгүй байх ёстой. Өөрөөр хэлбэл массын үйлдвэрлэл явуулахаас сонынхон бүрэн татгалздаг. Зарим тохиолдолд цорын ганц хувцас урлах нь ч бий. Тийм ч учраас олны танил эмэгтэйчүүд “Соно”-оор гангарах дуртай. Тус брэндийн үүсгэн байгуулагч Л.Мөнхцэцэгтэй уулзах үеэр дуучин Т.Ариунаа “Соно”-оор үйлчлүүлсэн нь тэд “форм” хийдэггүйг тод гэрчилнэ.
Мөн импортоор бариу загварын хувцаснууд хангалттай орж ирдэг учраас сонынхон “oversize” хувцсыг түлхүү урладаг. Энэ нь ямар ч насныханд тохиромжтой төдийгүй өмсөхөд тухтай мэдрэмж төрүүлдэг байна. Түүнчлэн үйлчлүүлэгчээ өөрт тохирсон өнгөө сонгоход нь сонынхон маш сайн зөвлөгч байж чаддаг. “Монголчуудын хувьд ихэнхдээ хар бараан хувцас өмсөөд дадчихсан байдаг. Тиймээс өнгөөр давуу талаа яаж тодотгохоо төдийлөн мэддэггүй. Харин манай дэлгүүрийн хамт олон үйлчлүүлэгч өөрийнхөө өнгийг олоход маш сайн зөвлөж, сонголцдог” гэж Л.Мөнхцэцэг онцолсон юм.
Өнгөнөөс гадна материалын чанарт тэр бээр маш их анхаардаг. Хувцас урлах материалаа сонгохдоо боодол нэг бүрээр нь шалгах энүүхэнд. Мөн маш их судалсны үндсэн дээр материалаа захиалдаг байна. “Соно” брэндийг бүтээдэг материал нь хөнгөн хэр нээ биетэй харагддаг. Өөрөөр хэлбэл, тухайн хүний биед маш сайн сууж, өө сэвийг нь далдалж чаддаг. Хөнгөн, биед эвтэйхэн, угааж арчлахад хялбар, өнгөлөг бас чамин. Энэ бол “Соно” брэндийг илтгэх хамгийн гол хэв шинжүүд юм. Мөн хөнгөн учраас хуян хөөрөхгүй. Сүүлийн үед маш олон үйлчлүүлэгч нь ээждээ бэлэг сонгохдоо “Соно”-ыг зорих болжээ. Тус брэндийг илэрхийлэх өөр нэг гол зүйл нь хувцас дээрх өнгөлөг стикерүүд юм. Охид, залуус үүнд маш их дуртай. Эдгээр өнгөлөг стикерийг нэг бүрчлэн оёдог байна. Мөн эко нэхийгээр хийсэн хувцаснууд нь залуусын сонирхлыг ихээр татдаг.
“Соно” массын үйлдвэрлэл явуулдаггүй. Нэг загвараас ихдээ 20-30 ширхгийг үйлдвэрлэдэг. Тийм ч учраас Л.Мөнхцэцэг шинийг эрэлхийлэгч охид, залуустай хамтран ажиллахдаа тун нээлттэй ханддаг. Материал сонгохоос эхлүүлээд хувцсаа борлуулах хүртэлх бүхий л шат дамжлага, үйл явцад нөхөртэйгөө хоёулхнаа зүтгэдэг байсан бол зах зээл нь өргөжихийн хэрээр ачааллаа дийлэхгүйд хүрчээ.
Улмаар “Соно” брэнд дөрвөн жилийнхээ ойтой золгохтой зэрэгцэн ажил олгогч болж, сүүлийн хоёр жилийн хугацаанд 10 гаруй ажилтнаар бүл нэмсэн байна. Гэхдээ дахиад ч хүн, хүч нэмэх шаардлагатай. Учир нь “Соно” брэндэд дурлагчдын тоо өдрөөс өдөрт өссөөр байна. Өдгөө тус брэнд хоёр настай балчраас эхлүүлээд 120 кг жинтэй насанд хүрэгчдийн хувцсыг ч урлаж байна. Хэдийгээр энэ жил хүүхдийн хувцасны брэндийнхээ нээлтийг хийхээр төлөвлөж байсан ч цар тахлын улмаас төлөвлөсөн ажил нь бага зэрэг хойшилжээ.
“Соно” брэндийн үүсгэн байгуулагч Л.Мөнхцэцэг “Брэнд хөгжүүлэлтийн эхний жилүүддээ чанар, өнгө, загварт маш их анхаарсан. Цаашид ч анхаарна. Мөн ойрын хугацаанд онлайн захиалгын үйлчилгээгээ сайжруулна” гэсэн юм. Ингэснээр хэрэглэгчдийнх тоо улам л өсөх болно.
Мөн бараа, материалынхаа татан авалтад ч ихээхэн анхаарахаар төлөвлөжээ. Цар тахлын хүнд үед захиалсан материалууд нь тасалдах зэргээр хүндрэл бэрхшээл тулгарч байсан бол одоогоос энэ асуудал цэгцэрч үйлдвэрлэл нь эрчимжинэ гэдэгт итгэлтэй байгаагаа тэр бээр хэлж байсан юм. Тун ойрын хугацаанд Л.Мөнхцэцэг БНСУ-ыг зорьж, даавуу үйлдвэрлэгчидтэй биечлэн уулзахаар ч төлөвлөсөн байна.
Таван жилийн дараа сонынхон илүү олуулаа болж, гаднын брэндүүд шиг улирал тутам шинэ загвар гаргадаг болно.
“Өнөө үед монголчууд үндэсний үйлдвэрлэлдээ их элэгтэй ханддаг болсон байна. Япон, Англи, Нидерланд, Швейцараас хүмүүс холбогдож, ойр дотнынхноороо дамжуулан манай хувцсыг захих нь бий. Тэд мөн хувцсаа экспортлохыг зөвлөдөг. Гэхдээ бэлэн хувцасны хэрэглээний 90 гаруй хувь нь импортоос хамаарч буй энэ үед “Соно” брэнд дотоодын зах зээлд эзлэх байр сууриа бэхжүүлэхэд түлхүү анхаарах болно” гэж Л.Мөнхцэцэг ярьж байлаа.
Мөн тэр бээр брэндийнхээ ирээдүйг тав, арван жилээр нь төлөвлөсөн бөгөөд таван жилийн дараа сонынхон илүү олуулаа болж, гаднын брэндүүд шиг улирал тутам шинэ загвар гаргадаг болно гэсэн зорилготой байна. Түүнчлэн маш орчин үеийн интерьер шийдэл бүхий дэлгүүрүүдээр хүрээгээ тэлж, үйлчлүүлэгчдэдээ улам ойртохыг зорьж байгаа аж.