Хөрөнгө оруулалт гэдэг мөнгө гэхээс илүү хамтрагчдын итгэлцэл, харилцаа байдаг. Монголд гарааны бизнест хөрөнгө оруулах соёл, экосистем хэдхэн жилийн өмнөхийг бодвол бэхэжсэн гэж болно. Харин цаашид тэлэлт хийх гэж буй бизнест хөрөнгө оруулах тогтолцоо манайд төлөвшөөгүй. Тиймээс SMS-Startup Marketing Space хэмээх бизнес портфель хөгжүүлэгч мэргэшсэн байгууллага хөрөнгө оруулалтын харилцааг хөгжүүлэх, аливаа бизнесийн үнэлгээг өсгөх, гадаад зах зээлд чиглэсэн бизнес загваруудыг хөгжүүлэхээр “SMS Investment” төслийг хэрэгжүүлж эхлээд байгаа аж. “Стартап Маркетинг Спэйс” ХХК-ийн үүсгэн байгуулагч, ТУЗ-ын дарга, “Dreamers” нэгдлийн үүсгэн байгуулагч Ж.Золзаяатай ярилцлаа.
SMS анх ямар зорилгоор байгуулагдаж байсан талаар ярилцлагаа эхэлье.
Анх 2017 онд SMS-Startup Marketing Space хамтын оффисын чиглэлээр үйл ажиллагаагаа эхэлж байлаа. Тухайн үед залуус бизнесээ эхлүүлэхэд хүний нөөц, менежмент гээд олон зүйл дээр хувийн болон мэргэжлийн ур чадвар дутагддаг байсан. Тэд мэргэжлийн зөвлөгөө, туслалцаа авахад хүндрэлтэй, мөн хаанаас авахаа ч сайн мэдэхгүй байдаг байлаа. Иймээс “Хамтын оффис”-оор дамжуулан төрөл бүрийн мэргэжлийн хүмүүсийг нэг дор цуглуулж бие биедээ мэргэжлийн туслалцаа үзүүлэх “бизнесийн нэг цэгийн үйлчилгээ” бий болгохоор зорин эхэлж байсан. Харин одоо гарааны бизнесийн эко системийг хөгжүүлэх, бизнес эрхлэгч ба хөрөнгө оруулагчдын харилцаа болон хууль эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр ажилладаг салбарын гол тоглогчдын нэг болж чадсан байна. Таван жилийн хугацаанд бид 150 мянга гаруй хүнд үйлчилгээ үзүүлж, 8.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зуучлал хийсэн бол одоо бизнес эрхлэгчдийг дараагийн шатанд гаргах “SMS Investment” төслийг эхлүүлээд байна. Энэ нь өсөлтийн шатандаа яваа гарааны бизнес, экспортын төсөл хэрэгжүүлж байгаа жижиг дунд бизнесүүдээс өгөөж хүртэх боломжийг хөрөнгө оруулагчдад олгох багц юм.
Таван жилийн өмнө бизнесээ эхлүүлж байсан үеийг өнөөдрийн нөхцөл байдалтай харьцуулахад хөрөнгө оруулалтын эко систем, гарааны бизнест хөрөнгө оруулах харилцаанд ямар өөрчлөлт гарсан байна?
Монголд анх гарааны бизнесийг дэмжих системийг 2012 онд Стартап Монгол ТББ хөгжүүлж эхэлсэн. Сүүлд 2021 онд JICA олон улсын байгууллагын гаргасан судалгаагаар Монголын гарааны бизнесийн экосистем хөгжиж байгаа гэсэн ангилалд орж байсан. Хэдийгээр хөрөнгө оруулалтын соёл нэмэгдэж байгаа ч бизнес хөрөнгө оруулагч талуудын харилцааны хувьд асуудал бэрхшээлүүд байсаар байна.
Тэгвэл энэ эко системийн хөгжилд танай байгууллага ямар үүрэгтэй оролцож байна вэ?
Монголд нэг үеэ бодвол гарааны бизнесүүдэд хөрөнгө оруулах хөтөлбөр, уралдаан тэмцээн нэлээдгүй болдог боллоо. Гэхдээ дийлэнх нь гарааны бизнесийн эхлэл үед хөрөнгө оруулж байна. Бидний хувьд зах зээлд тодорхой бүтээгдэхүүн, үйлчилгээ гаргачихсан, өөрийн гэсэн хэрэглэгчтэй, хөгжлийнхөө дараагийн шатанд гарч тэлэлт хийх гэж буй бизнесүүд рүү чиглэж ажиллана. Учир нь тэдэнд зориулсан үйлчилгээ ховор байдаг.
SMS Investment нь зах зээлд тодорхой бүтээгдэхүүн, үйлчилгээ гаргачихсан, өөрийн гэсэн хэрэглэгчтэй, хөгжлийнхөө дараагийн шатанд гарч тэлэлт хийх гэж буй бизнесүүд рүү чиглэж ажиллана.
Өнгөрсөн хугацаанд бид төр, хувийн хэвшил, олон улсын байгууллага зэрэг олон талт харилцааг холбоог бий болгож чадсан. Үүнийхээ үр дүнд гарааны бизнест хөрөнгө оруулалт олохоос илүүтэй хөрөнгө оруулалтын дараах харилцаа хэвийн явагдах эсэх нь гол асуудал болдгийг анзаарсан.
Тиймээс үүнийг гурван чиглэлээр шийдвэрлэх шаардлагатай гэж дүгнэсэн.
- Нэгдүгээрт, хөрөнгө оруулалтын багц хөгжүүлэхээс илүү хөрөнгө оруулалтын харилцааг хөгжүүлэх шаардлагатай.
- Хоёрдугаарт, манай бизнес эрхлэгчдийн зарим нь барууны, хагас нь Азийн системээр хөгжиж байна. Зарим нь үнэлгээнд суурилсан хөгжүүлэлт хийж байхад томоохон бизнес эрхлэгчид баланст суурилдаг. Харин бид үнэлгээнд суурилсан системийг хөгжүүлэх шаардлагатай гэж дүгнэсэн. Өөрөөр хэлбэл, бидний үзүүлж буй зөвлөх үйлчилгээнүүдийн үр дүнд тухайн бизнесийн чадамж, үнэлгээ нь өсдөг байх ёстой.
- Гуравдугаарт, гадаад зах зээл буюу экспортод чиглэсэн бизнес загваруудыг хөгжүүлэхээр зорьж байна. Манай улсын эдийн засаг экспортгүйгээр, тэр дундаа төрөлжсөн экспортгүйгээр хөгжихгүй.
Үнэлгээний талаар илүү дэлгэрэнгүй тайлбарлаж өгвөл?
Түүхий эдийн ханшийн өөрчлөлтөөс бид гадаад зах зээлээс мөнгө олдог байсан бол сүүлийн жилүүдэд эдийн засгийн тогтворгүй байдал нь мөнгө олох өөр сувгийг бий болгох шаардлагатай гэдгийг харуулж байна. Иймд бид инновац, оюуны өмч, ур чадвараа борлуулдаг, тэндээсээ роялти эсвэл ногдол ашиг хэлбэрээр орлого олдог хөгжлийн загварыг бий болгох хэрэгтэй байна. Түүхий эдийн ханшийн өөрчлөлтөөс үл хамааран хөрөнгө оруулагч болон бизнес эрхлэгчид гадаад зах зээлээс орлого олдог шинэ эх үүсвэрийг бий болгох нь зүйтэй. Бидний хувьд зөвхөн зөвлөгөө өгөх, мөнгөний төлөө л ажиллах нь зохисгүй. Харин оюуны өмч, инновац, мэдээллийн технологийн шийдлийг экспортолж, түүнээсээ ашиг олдог чиглэл руу хөгжүүлж байж бид шинэ соёлыг бий болгож чадна.
Бидний шинэчлэл өөрөө хөрөнгө оруулалт, үнэлгээг өсгөх, тухайн бизнесийг гадаад зах зээлд гаргахад чиглэсэн.
Ер нь бидний шинэчлэл өөрөө хөрөнгө оруулалт, үнэлгээг өсгөх, тухайн бизнесийг гадаад зах зээлд гаргахад чиглэсэн. Энэхүү гурван үндсэн чиглэлээр бид ажлаа төлөвлөн хэрэгжүүлж байгаа. Дашрамд хэлэхэд сүүлийн таван жилд бид товчхондоо үүсгэн байгуулагч, бизнес эрхлэгчдийг сурган хүмүүжүүлэх ажлыг давхар хийсээр ирсэн гэж ойлгож болох юм.
Зөвлөгөө өгөх, чиглэл заахыг ойлгож байна л даа. Харин яагаад сурган хүмүүжүүлэгч болоод хувирчхав?
Нэг талаас бизнес эрхлэгчид хөрөнгө оруулалт татах шаардлагатай ч хэрхэн хөрөнгө оруулалт татах, хөрөнгө оруулагчтай хэрхэн харилцах талаар мэдэхгүй, ёс зүйн доголдол гаргах зэрэг асуудлууд гардаг байсан. Иймд хөрөнгө оруулагчид болон бизнес эрхлэгчид аль аль талдаа хариуцлагатай байх, гэрээний дагуу амлалтдаа хүрдэг, тууштай байх зэрэг соёлыг бий болгох шаардлага үүсэж байна.
Нөгөө талаас хөрөнгө оруулах сонирхолтой хүмүүс цөөнгүй болсон. Гэхдээ яаж зөв бизнест хөрөнгө оруулах, тэрхүү харилцааг хэрхэн авч явах талаар сайн ойлголтгүй байна.
Харин манай байгууллага эдгээрийн дунд харилцааны гүүр болж ажиллах зорилготой. Бид үйл ажиллагаагаа нийгэм, эдийн засгийн том ач холбогдолтой гэж харж байгаа.
Тэгвэл нэг талаас экспорт хийхийг эсвэл тэлэлт хийхийг зорьж буй бизнес эрхлэгчид, нөгөө талаас үр дүнтэй бизнест хөрөнгө оруулах сонирхолтой үндсэн хоёр оролцогч байна. Бизнес эрхлэгч талаас нь асуухад ямар нөхцөлд байгаа бизнес эрхлэгч танайд хандаж болох вэ? Тодорхой шаардлагууд байна уу?
Бид 150 мянга гаруй хүнтэй хамтарч ажилласан тухай дээр хэлсэн. Энэ нь нийслэлд үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжээс хоёр дахин их тоо. Бизнес эрхлэгчидтэй уулзаад ярилцаж үзэхэд анх гаргасан санаачилгууд нь өөрчлөгдөх тохиолдол их байдаг. Энэ өөрчлөлтөд тухайн баг, компани хэрхэн ажиллах вэ гэдэг нь анхаарал татдаг.
Мэдээж тавигдах шаардлагууд байгаа. Хамгийн түрүүнд бид бизнес эрхлэгчдээс та бүхэн үүнийг хийж чадах уу гэж асуудаг. Маш гоё санаа олон байдаг ч түүнийгээ хэрэгжүүлж чадах нь чухал. Бид өнгөрсөн хугацаанд зогсолт хийсэн эсвэл тодорхой өсөлт үзүүлсэн бизнесүүдийг харьцуулсан судалгаа хийж Монголд ямар компани өсдөг талаар судалсан. Энэ судалгаан дээр үндэслэн тухайн компанийн алсын хараа, түүх буюу туршлага, чадавх гэсэн гурван үндсэн чиглэлд 10 шалгуур үзүүлэлт боловсруулсан. Тэдгээр шалгуурт нийцэж байвал ямар хөгжүүлэлт хийх вэ гэдгийг тодорхойлж, зөвлөх үйлчилгээ үзүүлдэг.
Хөрөнгө оруулагч талаасаа та бүхэн тэдний хөрөнгөд менежмент хийх гэж байна. Тэд та бүхний юунд итгэж хөрөнгө оруулалт хийх ёстой вэ?
Бидэнд олон компанийн мэдээллийн сан байдаг. Энэ бол бидний хамтын ажиллагааны үр дүн юм. Бидний хамтын ажиллагаа бодит итгэлцэл дээр суурилдаг. Одоогоор бидэнд санаагаа шууд танилцуулаад, ямар асуудлыг шийдвэрлэх шаардлагатай болохоо хэлж хамтран ажиллахад бэлэн 5,000 гаруй бизнесийн дата байна. Энэ бол хөрөнгө оруулагч нарт маш том боломжийг бий болгож байгаа юм. Бидэн шиг энэ олон жил гарааны болон жижиг, дунд бизнесийг харьцуулан судалж, өргөн хүрээнд харилцаа үүсгэсэн байгууллага маш цөөн.
Өнөөгийн хөрөнгө оруулагчид ямар чиглэлийн компанид хөрөнгө оруулалт хийх сонирхолтой байна вэ?
Хөрөнгө оруулагчид ихэнхдээ СЗХ-ноос зөвшөөрөл авсан, хувьцаа гаргасан компанийг сонгодог. Харин бидний хувьд тэдний хүрч ажиллаж чадаагүй гарааны болон жижиг, дунд бизнес эрхлэгчдэд чиглэсэн гэдгээрээ илүү давуу тал болж байгаа юм. Ер нь гарааны бизнест хөрөнгө оруулалт хийх нь өндөр ашигтай, мөн өндөр эрсдэлтэй. Харин бидний хувьд өгөөж хүртэх боломж, эрсдэл зэргээс гадна харилцааны асуудлыг нь шийдвэрлэсэн зэрэг арван үндэслэлээр хөрөнгө оруулалт хийх эсэхээ шийдвэрлэдэг. Хөрөнгө оруулагчдын бидэнтэй хамтарч ажиллах гол шалтгаан бол энэ. Ер нь ухаалаг хөрөнгө оруулалт гэдэг бол үндсэн хөрөнгө оруулалтаа алдахгүй байхыг хэлнэ.
Таны ярианд харилцаа гэдэг зүйл нэлээн дурдагдаж байна. Хөрөнгө оруулагчаас гадна харилцаа гэдэг зүйл хоёр талыг ихээхэн холбож өгдөг гэж ойлгогдохоор байна?
Байгууллага, хүн бүр ямар нэг ойлголтыг өөр өөр өнцгөөр хүлээж авах нь түгээмэл. Тиймээс ойлголтын зөрүү үүсэх тохиолдол их. Иймд оролцогч талуудын ойлголтыг нэгтгэх нь бидний үүрэг. Үүнд туршлага чухал. Өдөр бүр бид 5-10 бизнес, шинэ санаачилгатай танилцдаг.
Мөн хөрөнгө оруулагчийн тавьж буй шаардлагыг нөгөө тал хүлээн авахгүй, ойлгохгүй тохиолдол байдаг. Иймд гэрээний заалтыг талууд биелүүлдэггүй зэрэг асуудлуудад бид мөн зохицуулагч хийж өгдөг.
Бид харилцаа холбоондоо түшиглэн салбарын эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр ажиллаж байна. Мөн групп компаниуд, олон улсын байгууллагуудтай хамтын ажиллагааг бий болгож, олон нийтэд танилцуулах, хөрөнгө оруулалтын асуудлыг ч шийдвэрлэсээр ирсэн. Бидний хувьд одоо хөрөнгө оруулалтын болон түүний дараагийн шатны асуудлыг шийдвэрлэх шаардлагатай тулгарч байна.
Бизнесийн үнэлгээг нэмэгдүүлэх арга олон байдаг. Харин та бүхний боловсруулсан үнэлгээг өсгөх, тухайн бизнест яаж хандаж буйгаа аргачлал талаасаа тодруулаач.
Нэрлэсэн болон бодит гэсэн хоёр үнэлгээ байдаг. Бизнесээ хөрөнгө оруулагчдад хэрхэн танилцуулах нь бизнес дараагийн шатанд гарах гол шалгуур байдаг бөгөөд үнэлгээг өсгөхөөс өөр аргагүй. Бидний хувьд өгөөжийг 6-12 сарын хугацаанд 3-16 дахин өсгөсөн кейс байдаг. Хөрөнгө оруулагч нар бодитой хэмээн үзэж хөрөнгө оруулалт хийсэн. Тиймээс бидэнд шийдэл байгаа.
Дотоодын үйлдвэрлэл эрхлэгчдийг гаднын хөрөнгө оруулагчтай холбосон харилцаа үүсгэх боломж та бүхэнд хэр байна?
Сүүлийн дөрвөн жилд бид Щвейцарьт төвтэй “Seedstars” олон улсын байгууллагын Монгол дахь төлөөлөгчөөр ажиллаж байна. Энэ хугацаанд аль хэдийнээ гурван технологийн салбарын компанийг олон улсын тэмцээнд оролцуулсан. Энэ байгууллага нь 95 улсад салбартай, 3000 гаруй хөрөнгө оруулагчдын сүлжээтэй, 250,000 гаруй энтрепренерүүдийг нэгтгэсэн байгууллага бөгөөд бизнес эрхлэгчдийг холбох асуудалд ихээхэн дэмжлэг үзүүлдэг.
Мөн бид Энэтхэг Улсын зах зээлийг судалж, тэнд салбар төлөөлөгчөө суулган технологийн салбарт Монголын ноу-хау болсон бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлэх төслийг боловсруулж эхний туршилтуудаа хийж байгаа.
Та бүхэн яагаад Энэтхэг улсыг сонгох болов? Засгийн газар эх орондоо үйлдвэрлэлийг дэмжих бодлого барьдаг шүү дээ.
Хариулт нь энгийн. Нэгдүгээрт, манай улс үйлдвэрлэлийн өрсөлдөх чадвараараа дэлхийд 104 дүгээрт, логистикийн өрсөлдөх чадвараараа 130 дугаарт жагсдаг. Монголд үйлдвэрлэл хөгжүүлэхэд өртөг өндөр, бараанаасаа илүү өндөр тээврийн зардалтай учир манай бүтээгдэхүүнүүд гаднын зах зээлд гарч чадахгүй байгаа.
Тиймээс бүтээгдэхүүнээ Энэтхэг Улсад үйлдвэрлээд тэндээсээ гаднын зах зээл рүү гаргах нь илүү ашигтай. Энэ бол дэлхий дахинд түгээмэл экспортын загвар. Бидний хувьд 15 улсыг дөрвөн бүлэгт хуваан судалгаа хийснээр Энэтхэг Улсыг сонгосон. Яагаад Хятад биш юм бэ гэж асууж магадгүй. Энэтхэг улс тогтолцооны хувьд Хятадаас давуу талууд их. Зах зээлийн багтаамж том, тээвэр логистикийн асуудалгүй, эрсдэлд орох магадлал бага, хөдөлмөрийн зардал бага, олон улсын харилцаа сайн, дотоодын хяналт шалгалт харьцангуй зөөлөн байдаг.
Брэндийн үнэ цэн, хэрэглэгчдэд өгч буй үнэ цэн л чухал болохоос биш хаана ч үйлдвэрлэж болно. Тэгэхээр зөвхөн Монголд үйлдвэрлэнэ гэх хандлагаа өөрчлөх шаардлагатай болж байна.
Ер нь экспортын гарц үүнээс өөр байхгүй болчхоод байна уу даа гэж харж байна?
Том жижиг гэлтгүй байгууллага бүр тийм өндөр зардалтай үйлдвэрлэгч болж байсны оронд ухаалаг менежментээр ажиллах цаг нь нэгэнт болчихсон. Манай улс л дотооддоо үйлдвэрлэнэ гээд байгаа боловч үндэстэн дамнасан том корпорацууд үйлдвэрээ Хятадад байлгаж байна. Брэндийн үнэ цэн, хэрэглэгчдэд өгч буй үнэ цэн л чухал болохоос биш хаана ч үйлдвэрлэж болно. Тэгэхээр зөвхөн Монголд үйлдвэрлэнэ гэх хандлагаа өөрчлөх шаардлагатай болж байна. Ер нь хөрөнгө оруулалт гэдгийг зөвхөн Монголд үйл ажиллагаа явуулдаг компани гэж ойлгох хэрэггүй.
Энэхүү давуу тал тань танай компанийг илүү хурдацтайгаар өсөж хөгжих боломж олгож байна гэж ойлгож болох уу?
Томоохон компаниуд бүгд өөрсдийн хөрөнгө оруулалтын компани байгуулж улмаар менежментийн 30 орчим компани үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бол одоо хоёр гуравхан компани үлдээд байна. Ингэж буурахад мэдээж ковидын нөлөө байсан. Эдгээрээс яг манай моделиор үйлчилгээ үзүүлдэг компани өөр байхгүй. Сүүлийн жил гаруйн хугацаанд бид судалгаа хийсэн. Харин одоо хөрөнгө оруулалтын үйлчилгээтэй холбоотойгоор бид шат дараалсан арга хэмжээнүүдийг зохион байгуулахаар төлөвлөж бэлтгэл ажилдаа ороод байна. Бид 2026 он гэхэд Монгол оюуныг дэлхийд үнэлүүлсэн Unicorn компани (Үнэлгээ нь нэг тэрбум ам.доллар хүрсэн компани)-ийг хөгжүүлэх чадамжтай платформ болохыг зорьж байна. Бас энэ зорилгод нэгдэх, нийгэм эдийн засагтаа хувь нэмэр оруулах хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчид та бүхнийг урьж байна. Дэлхийд танигдсан үнэ цэнийг хамтдаа бүтээцгээе гэж уриалъя.
Энэ зорилтдоо хэрхэн хүрэх төлөвлөгөө, стратегийг манай байгууллагын вэбсайт болон сошиал сувгуудаас авах боломжтой.
Дэлгэрэнгүй мэдээлэл авах: https://www.smsinvestment.mn