“МОЗО ФИНАНС” компани нь 2021 оны арванхоёрдугаар сарын 27-ны өдрөөс эхлэн найман сарын хугацаанд Монгол Улсын хуулийн хүрээнд Монголын анхны автомашин үйлдвэрлэх, угсрах зөвшөөрлийг 2020 оны зургаадугаар сарын 20-нд Уул, уурхай хүнд үйлдвэрийн яамнаас авсан. “MOZO” брэндийг эзэмшигч “Барс Моторс” ХХК-ийн үйлдвэрлэлийн үйл ажиллагааг тэлэх, худалдан авагч нарын санхүүжилтийг лизингийн үйлчилгээ үзүүлэх зорилгоор “MOZO COIN” нэртэй виртуал хөрөнгийг олон нийтэд танилцуулж, зах зээлээс 1.5 тэрбум төгрөгийг босгож, үйлдвэрлэлийн үйл ажиллагаагаа өргөтгөн, Монголд анхны 100 хувь цахилгаан машины хөгжүүлэлтийг хийж “GERO” (Great Electric Renewable Orbit) нэртэй автомашиныг танилцуулсан. Түүнчлэн манай компани хэрэглэгчдийн хүсэлтээр туулах чадвар сайтай, түлш бага иддэг MOZO X нэртэй (механик болон автомат) шинэ автомашинуудыг Монгол орны хүйтэн, эрс тэрс уур амьсгал, хөдөө орон нутгийн бартаат замд зориулан үйлдвэрлэж, амжилттай туршиж, танилцуулаад байна.
Өнгөрсөн 30 жилийн хугацаанд хүнд үйлдвэрийн салбарын хөгжил, дэд бүтэц үндсэндээ үгүй болсон гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Энэ хугацаанд үндэсний жижиг, дунд үйлдвэрүүд хаалгаа барин, ажилгүйдэл, ядуурал газар авч, хүн амын өнөө маргаашийн хэрэгцээг дөнгөн данган хангадаг, үндэсний мөнгөн тэмдэгтийн ханш унагасан импортын бизнесийг л бид хөхиүлэн дэмжиж хөгжүүлсэн он жилүүдийг үдэж байна. Үүний үр дүнг “Ковид-19” цар тахал үргэлжилсэн хоёр жилийн хугацаанд Монголын ард түмэн маш сайн ойлгосон биз ээ. Энэ ч утгаараа үндэсний үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор виртуал хөрөнгөд итгэж хөрөнгө оруулсан 500 гаруй хөрөнгө оруулагчдадаа баярлаж, талархаж буйгаа “Барс Моторс” болон “MOЗО ФИНАНС” компанийн удирдлагын баг, хамт олны өмнөөс хүргэж буйг хүлээн авна уу!
Анх MOЗО брэндийг 2020 оны хоёрдугаар сарын 2-ны өдөр олон нийтэд танилцуулснаас эхлэн автомашины импортын компаниуд болон эдгээр компаниудтай гэрээтээр ажилладаг олны танил эрхмүүд сошиал сувгуудаар маш их гүтгэсэн. Энэ бүхэнд урам хугаралгүй тууштай өнөөдрийг хүртэл энэхүү үндэсний брэндийг бий болгохын төлөө шантралгүй хамтран зүтгэж байгаа хамт олон болон хамгийн чухал хүмүүс болох MOЗО брэндийн автомашиныг итгэж худалдан авч, захиалсан хэрэглэгчдэдээ дахин, дахин талархлаа илэрхийлж байна.
Монгол залуусыг залхуу хойрго, ажилгүй, архичнаар нь дууддаг. Гэтэл Монгол залуус хаана ч юу г ч бүтээж чаддаг гэдгийг манай төслөөс харж болно. Залуусын сэтгэлийн галыг бадрааж, нэгэн зүгт зүтгэх зүтгэлийг бий болгон, хийсэн бүтээсэн зүйлийнхээ үр шимээ хүртэнэ гэсэн өөдрөг үзлийг автомашин угсрах, хөгжүүлэх, үйлдвэрлэх төсөл төлөвшүүлж нэгтгэж байна. Монгол машины үйлдвэрлэлийг явуулахад саад бэрхшээл багагүй тулгарч байгааг энэхүү мэдэгдлээрээ дамжуулан хүргэе.
Машин хөгжүүлэлт, үйлдвэрлэх явцад өрсөлдөгч импортын компаниудаас төдийгүй хамтран ажиллахаар тохиролцсон аж, ахуйн нэгж, байгууллагууд байгуулсан тохиролцооноосоо буцах, хууль бус гэрээ байгуулахыг шаардах, үйлдвэрийн ажилчдыг айлган сүрдүүлэх, заналхийлэх, оффисын ажилтнуудыг очиж дарамтлах нь сүүлийн 3 сар эрчимтэй ширүүсэж, тэвчиж болох хэм хэмжээнээс хэтэрлээ. Өрсөлдөгчид маань биднийг чанаргүй машин үйлдвэрлэсэн бол аль хэдийнээ гутаан доромжлох хар пиарыг хийх байсан биз ээ. Тэд МOЗО болон MOZO X мөн GERO автомашинуудын чанар дээр асуудал ярьж чадахгүй тул эцэст нь MOZO COIN руу дайрч давшилж байгаад гүнээ харамсаж байна. Энэхүү дайралт хийж буй хүмүүсийн ард эдийн засгийн болон улс төрийн зорилготой явуулгатай тодорхой бүлэг хүмүүс нэгдэж болзошгүй гэсэн хардлага төрөхөөр байгаа юм.
Хөрөнгө оруулагчдадаа бид үйлдвэрлэлийн ахиц дэвшил гарах, логистикийн асуудлаа шийдвэрлэх, шинэ бүтээгдэхүүн танилцуулах бүртээ тодорхой тайлбарыг өгч байгаа бөгөөд энэ ондоо багтаан нийт хөрөнгө оруулагчдадаа 20 орчим хувийн өгөөжийг үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгөөр хүргэх болно. Энэ ондоо багтаан хамгийн багадаа 100 орчим MOZO X автомашиныг борлуулах боломжтой бөгөөд үндэсний үйлдвэрлэлээ дэмжих хүсэлтийг томоохон 100 аж ахуйн нэгж, хууль тогтоох дээд байгууллагын гишүүн бүрд хүргүүлээд байгаа билээ. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж худалдан авалтыг ганцхан аж ахуйн нэгж хийсэн бөгөөд тэр нь “Дархан Нэхий” ХК билээ. Тус компанийн удирдлагын багийн хамт олонд үндэснийхээ брэндийг дэмжсэн явдалд дахин баярласнаа илэрхийлье!
Хэдийгээр бид үндэсний үйлдвэрлэгч боловч татварын хөнгөлөлт эдлээгүй бөгөөд Жижиг, дунд үйлдвэрийн зээл, Хөгжлийн банкны зээлд хамрагдаж чадаагүй үндэсний үйлдвэрийн нэгэн төлөөлөгч байна. Үндэсний үйлдвэрлэгчид газраа худалдаж аваад, дэд бүтцээ татаад, үйлдвэрээ бариад, тоног төхөөрөмжөө суурилуулаад, сэлбэгээ татаад, ажилчдаа сургаад, татвараа төлөөд дээр нь худалдан авагчдын төлбөрийн нөхцөлд тохируулж хувь лизингийн үйлчилгээ эхэлнэ гэдэг бол аль ч улсад бараг бүтэшгүй төлөвлөгөө биз ээ. Автомашин оруулж ирээд зарах шиг амархан бизнес байхгүй боловч энэ нь алсдаа ажилгүйдэл, ядуурал, бэлэнчлэх сэтгэлгээг дэмжих, төгрөгийн ханшийн уналтыг өдөөх хөшүүрэг юм. Улмаар бага болон дунд орлоготой иргэдийн хүнсний үнийг хөөргөдөж, худалдан авах чадварт сөргөөр нөлөөлөх нөлөөллийг бий болгон, эцэстээ сургуульд суралцдаг олон мянган сурагчдыг дүрэмт хувцсаа удалдаж авч чадахгүйд хүргэхээс эхлээд алслагдсан бүс нутаг болон улсын салбарын эрүүл мэнд, боловсролын салбарт ажиллаж буй багш, эмч нарын цалинг “цаас” болгоход тодорхой нөлөө үзүүлж байна.
Төрийн байгууллагуудаас зарласан тендерт нэг ч удаа манай компани ялж үзээгүй бөгөөд улмаар татвар төлөгчдийн мөнгөөр машин худалдан авах үйл ажиллагаанд оролцохгүйгээ үүгээр мэдэгдэхийн сацуу авилгаас ангид аж ахуйн нэгж байхаа Хөрөнгө оруулагчид, Хэрэглэгчид, хамтран ажилладаг Байгууллага, Хувь хүмүүс Та бүхэнд мэдэгдэж байна.
Дэлхий даяар цар тахлын голомт арилаагүй, улс гүрнүүдийн хоорондох эдийн засгийн дайн сунжирч, хөнөөлт дайны хэмжээнд хүрч үргэлжилж байгаа энэ цаг үед бид хоорондоо эвтэй найртай байхыг эрхэмлэх нь чухал тул Үндэсний үйлдвэрлэгч бидэнд урам өгдөггүй юмаа гэхэд ууцыг нь хугалахгүй байхыг Та бүхнээс уриалж байна.
Бидний үйлдвэрлэлийг нэг ч улстөрч, нэг ч томоохон компани хөрөнгө оруулж дэмжээгүй ээ. Харин хөдөө суманд дэлгүүр ажиллуулдаг гэр бүл, эмч, бидний нэрлэж заншсанаар 100 айл болон Нарантуулд наймаа хийдэг хувь хүн, залуу насаа гадаадад ажиллаж өнгөрөөсөн Монгол залуучууд л бидэнд хөрөнгө оруулсан. Тиймээс эдгээр хүмүүс бол манай MOZO FAMILY гэр бүлийн гишүүн бөгөөд гэр бүлийн гишүүдийн хөрөнгө оруулалтыг хамгаалах, өсгөх, хугацаанд нь өгөхийн төлөө бид хичээж ажиллаж ирсэн бөгөөд цаашид ч бүх хүчээ дайчлан ажиллах болно.
Харин энэхүү үндэсний үйлдвэрлэлийн үйл ажиллагааг таслан зогсоох, санаатайгаар бизнесийн нэр хүндийг унагах, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр зохиомлоор төөрөгдөл үүсгэх, бусад хөрөнгө оруулагчдын хөрөнгө оруулалтын үнэ цэнийг унагаах оролдлогыг бид цаашид хүлээн зөвшөөрөхгүй. Тиймээс үгсэн компанийн нэр хүндэд халдаж буй нөхдийг холбогдох хууль хяналтын байгууллагад өгөхөөр шийдвэрлэснээ мэдэгдэж байна. Мөн цөөн тооны хөрөнгө оруулагч нэр бүхий хүмүүсийн хөрөнгө оруулалтын орлогын эх үүсвэрийг шалгуулах, хууль бусаар тавьж буй шаардлагыг нь биелүүлэх боломжгүйг хууль хяналтын байгууллагаар шалгуулах мөн бусад хөрөнгө оруулагчдын хөрөнгө оруулалтын үнэ цэнийг унагаах гэж оролдож буй үйлдэлд нь санхүүгийн хохирол тооцуулах зорилгоор хуулийн болон санхүүгийн зөвлөх үйлчилгээний нэр хүндтэй мэргэжилтэн болон фирмүүдийг хөлсөлж байна. Шаардлагатай тохиолдолд дотоодын болон гадаадын хэвлэл мэдээллийн байгууллагуудад ч хандаж, бизнесийн нэр хүндээ хамгаалах зайлшгүй шаардлага үүсэж байна.
“Барс Моторс” ХХК компани тээвэр логистикийн асуудлаа 2022 онд БНХАУ-аас үл хамаарах байдлаар шийдвэрлэсэн боловч цаашид хэрэглэгчдийн төлбөрийн нөхцөлд таарсан хямд үнэтэй машины угсрах, үйлдвэрлэхэд БНХАУ-ын эдийн засаг, тэр дундаа автын салбарын зах зээл ихээхэн үүрэг гүйцэтгэнэ. Өнөөдрийн байдлаар бидний шалтгаангүй муулаад, зорилгогүй шүүмжлээд байдаг БНХАУ шиг автомашин угсрах, үйлдвэрлэх өндөр технологийг Монгол Улсад шилжүүлж өгч байгаа нэг ч Европын болон Азийн улс өнгөрсөн 30 жил гараагүй гэдгийг дахин дурдах нь зүйтэй болов уу. Өнөөдрийн байдлаар бид баруун болон зүүн Европын орнуудаас эд ангиа шуурхай татаж байгаа учир үнийн хувьд хямд биш байгаа нь үнэн. Гэвч хэрэглэгчдийн гар дээр захиалсан автомашиныг 2 долоо хоногийн дотор хүргэж байгаа нь автомашины салбартаа хамгийн шуурхай нь болж байна. Цаашид бид үйлдвэрлэлийн зардлыг огцом бууруулж, ашигт ажиллагааг нэмэгдүүлэх зорилготой ажиллаж байгаа бөгөөд үндэсний үйлдвэрлэгч “Барс Моторс” ХХК нь нэг ч төгрөгийн өр, зээлгүй ажиллаж байгааг дуулгахад таатай байна. Мөн дотоодын зах зээлд танилцуулсан MOZO X загварын машин хэрэглэгчдэд таалагдаж байгаад бид баяртай байхын сацуу ойрын хугацаанд “GERO” цахилгаан машин болон “MOZO EVision” машинаа гадаадад экспортлох цаг удахгүй ирнэ гэдэгт итгэж байна.
“MOЗО ФИНАНС” бие даасан санхүүгийн институт болж хөгжихийн тулд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, дэлхийн томоохон санхүүгийн төвүүдэд ажилладаг санхүүгийн байгууллагууд болон мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж эхэлж байна.
“MOЗО ФИНАНС” компани нь зөвхөн виртуал хөрөнгөөр зогсохгүй бид Монголын банк, санхүүгийн салбарын мэргэжилтнүүдийг дэлхийн түвшинд хүргэх мэдлэг, ур чадвар олгох хөтөлбөрүүд, нэр хүндтэй санхүүгийн байгууллагуудад богино хугацаанд ажиллаж, туршлага судлах олгохын зэрэгцээ МOЗО виртуал хөрөнгө эзэмшигчид, гэр бүлийн гишүүдэд зориулсан дэлхийн жишигт хүрсэн санхүүгийн боловсролын стандартыг дэлхийн тэргүүлэх мэргэжилтнүүдтэй хамтран боловсруулж дуусаад байна.
Монгол гэр бүлийн амьдралын чанарыг сайжруулах эрхэм бөгөөд эцсийн зорилготой “Барс Моторс” болон “MОЗО ФИНАНС” компанитай холбоотой мэдээллийг илүү дэлгэрэнгүй байдлаар хэрэглэгчид, хөрөнгө оруулагчид болон холбогдох төрийн болон хуулийн байгууллагууд мөн хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан олон нийтэд тогтмол хүргэж байх болно.
Үндэсний үйлдвэрлэл мандан бадарч,
Үндэсний хөрөнгө оруулагчид үргэлж өсөн дэвжих болтугай!