Ярилцлагыг подкаст хэлбэрээр сонсох бол энд дарна уу
****
Хувь хүний хөгжлийн менежментийн талаар менежментийн зөвлөх Г.Батханд дараах зүйлийг хэллээ.
-Өөрийгөө хөгжүүлэхийн тулд тогтмол ямар зүйлсийг хийх хэрэгтэй вэ?
-Миний хувьд 2008 оноос одоог хүртэл тогтмол хувийн хөгжлийн төлөвлөгөө зохион хэрэгжүүлээд, үр дүнд хүрсээр байна. Хөгжих хэрэгцээ хүн бүрт бий. Харин хэрхэн, яаж хөгжих арга, зарчмаа л хүмүүс тэр бүр мэддэггүй. Хүний хувийн хөгжил гэдэг нь насан туршийн фитнес юм. Байнгын л хүн өөрийгөө хөгжүүлж, олон зүйлийг туршиж үзэж байх хэрэгтэй. Жилдээ хамгийн багадаа нэг чадвар, дадлыг эзэмшсэнээр амьдралынхаа чанарыг сайжруулж байдаг.
-Хөгжлийн төлөвлөгөөг бүх түвшинд ярьж, хэлж байна. Хүн өөрийгөө хөгжүүлэхийн тулд цаад алсын хараа нь юу байх ёстой вэ?
-Алсын хараатай, хүсэл тэмүүлэл зорилгодоо хүрэхийн тулд төлөвлөгөөтэй байх шаардлагатай юм. Хүн хэдэн нас хүртлээ амьдрах вэ, хаагуур аялаж үзэх вэ гэсэн нарийн зүйлсийг бодож, төлөвлөсөн байх нь чухал. Жишээ нь, би 85 хүртлээ амьдрах юм сан гэж зорьдог. Тэгэхийн тулд өвдөхгүй, зөнөхгүй, эрүүл байж байя гэж бодож, эрүүл мэнд, сэтгэл зүй, эдийн засаг гэх мэт бүх зүйлээ төлөвлөсөн.
Амжилттай явж байгаа хүмүүсийн түүхийг сонирхоод үзэхэд үндсэн дөрвөн ур чадвар байна.
- Амьдралаа удирдах ур чадвар. Энэ нь дан ганц дунд сургуулиа төгсөөд их сургууль сураад, гэр бүлтэй болохыг хэлэхгүй. Сэтгэл зүйн хувьд бэрхшээлийг даван туулах чадвартай байж урьдчилан төлөвлөх, тооцоолох, өөрийн давуу талыг үндэслэн ямар боломж байгааг судлах, нөгөө талаасаа сул талаа засахгүй бол ямар эрсдэл байгааг тооцох зэрэг
- Сэтгэл хөдлөлөө удирдах чадвар. Их том зорилго байгаад байдаг, өмнүүр нь сэтгэл хөдлөл орж ирээд замхардаг.
- Ажил амьдралын тэнцвэрээ барих. Хэт их амжилт руу улайраад ажиллаад байх нь зөв үү. Эсвэл аз жаргалыг эдэлж байна гээд амраад байх нь зөв үү.
- Эрхэм зан чанар, гоо зүйн стандартыг өөртөө бүтээх. “Би угаасаа л ийм гээд хаа явсан газраа хувийн зангаа гаргахгүй” байх.
-Өөрийгөө янз бүрээр хөгжүүлье гэсэн нууцхан хүсэл хүн бүрт бий. Гэвч ямар нэг шинэ зүйл туршаад үзэхээр “хэн намайг юу гэх бол” гэж боддог. Өөрийгөө хөгжүүлэхийн тулд зориг гаргах хэрэгтэй болчхоод байгаа хүмүүс хандаж та юу гэж хэлэх вэ?
-Эхлээд өөрийгөө тань. Бусад хүмүүсийг огт сонирхох хэрэггүй. Өөрийн чин хүсэл тэмүүлэл, зорилго юу вэ? Юунд хүрэхээ төлөвлөөд, учирч болох бэрхшээлийг тооцно. Хүн өөрийнхөө хүсэл тэмүүллээ тодорхойлоод, зорилгоо олсон, юунд хүрэх гэж байгаагаа олчихсон тохиолдолд сэтгэл зүйн хувьд, ухамсрын түвшинд өөрийгөө бэлдэх хэрэгтэй болдог. Тиймээс бусдын үзэл бодолд автах нь тийм ч сайн зүйл биш. Би ийм зүйл хийвэл хүмүүс намайг юу гэх бол гэсэн бодол нь гэр бүлийн хүмүүжил, эцэг эхтэй холбоотой л доо.
-Таны хувьд хүүхдээ хэрхэн өсгөж хүмүүжүүлж байгаа вэ?
-Би хүүхдүүдээ өөрийнхөөр нь байлгадаг. Алдааг нь шүүдэггүй, харин ч хүлээн зөвшөөрдөг. “Чиний наад бодол чинь буруу” гэж хэлдэггүй. Нөхцөл боломжийг нь бүрдүүлж өгч, дэмждэг. Мөн их ярилцдаг. Заримдаа өөрсдөд нь мэдэгдэхгүйгээр хянах тохиолдол бий.
-Цахим орчинг өөрийгөө хөгжүүлэх зорилгоор хэрхэн зөв ашиглах вэ?
-Фейсбүүкийг зөв ашиглавал өөрийгөө таниулах, борлуулалт хийх зэргээр маш хэрэгтэй. Гэтэл ихэнх хүмүүс сэтгэгдэл төрүүлэх, хэт их мөнгө олох, зугаацах зэргээр ашиглаж байна.
-Таны хувьд өөрийнхөө хөгжүүлдэг ямар дадалтай вэ?
-Янз бүрийн юм туршиж үзнэ. Хувь хүний хөгжлийг туршилтын лаборатори болгох хэрэгтэй. Тиймээс миний хувьд жилд 1-2 дадлыг бий болгоод төлөвлөгөөндөө оруулдаг. Жишээлбэл, би өглөө таван цагт босдог. Өглөө бүрийн эхний нэг цагийг өөртөө зориулдаг. Тухайн цагт өдөр нь хийдэггүй зүйлээ л хийдэг. Тухайн өдөртөө том, жижиг нийлсэн 10 ажлыг төлөвлөдөг. Нэн чухал ажлуудаа өглөө сэргэг байгаа дээрээ хийдэг.
-Насан туршийн боловсролыг юу гэж тайлбарлах вэ?
-Монголд соён гэгээрүүлэх ажлуудыг өрнүүлэх хэрэгтэй юм шиг санагддаг. Соён гэгээрэл нь насан туршийн боловсрол юм. “Би одоо болчихлоо, хангалттай юм мэдлээ, чадлаа” гэж бодох мөчөөс хүн гацаж эхэлдэг. Өөрийн арга барилыг олоод түүнийхээ дагуу хөгжүүлэх хэрэгтэй. Төлөвлөснөө үйлдэл болгоно гэдэг их чухал. Өдөр бүр нэг хувь байхад болно. Жилийн дараа заавал үр дүн нь гарах болно.
-Хувь хүний хөгжлийн ном олон байдаг. Таны хувьд хамгийн их хэрэг болсон ном гэвэл
-Ном бүр нэг гаргалгааг өгдөг. Энэ жил би 10-12 ном уншина. Ийм номуудыг уншина гээд жагсаалтаа төлөвлөгөөндөө оруулсан байдаг. Та юуг мэдэхийг хүсээд байгаа вэ, юун дээр туршлагажмаар байна, тэр асуудлыг шийдэх мэдлэгийг олгох номыг авч унших хэрэгтэй. Учир нь миний зөвлөж буй ном таны зорилгод нийцэхгүй байж болно.
-Ямар номонд дуртайгаа, юунд дуртайгаа мэдэхийн тулд яах вэ?
-Өөрийгөө их анзаарах хэрэгтэй. Юу хийж,, хаана байхаар баярлаж хөөрдөг вэ, ямар ажил хйихээр дуртай байдаг вэ гэх мэт. Түүний дараагаар маш олон зүйл оролдож үзэж турших хэрэгтэй гэж зөвлөмөөр байна.