Дэлхийн технологийн тэргүүлэгчдийн нэг болох БНСУ-ын “Самсунг” компанид хиймэл оюуны чиглэлээр ажилладаг Т.Наранхүүтэй ярилцлаа. Тэрээр тус компанид ажиллаад таван жил болж байгаа бөгөөд дэлхийн хэмжээний мэдлэг боловсролыг эзэмшиж яваа монгол залуусын төлөөлөл юм.
-Урилга хүлээн авч ирсэнд баярлалаа. Таны хувьд, анх дэлхийн топ компани болох “Самсунг”-тай ажил амьдралаа хэрхэн холбож байв?
-Баярлалаа. Би Хан-Уул дүүргийн 52-р сургуулийг төгсөөд, ШУТИС-ийн харьяа компьютер техник менежментийн сургуульд суралцан, программ хангамжийн инженер гэсэн мэргэжлийг 2011 онд эзэмшсэн. “Голомт” банкинд нэг жил орчим ажиллаад, Солонгос улсад магистрын зэрэг хамгаалахаар болов. Тэгээд Инчион хотын Инха их сургуульд суралцаад эх орондоо ирэх бодолтой байлаа. Гэхдээ “Солонгостоо үргэлжлүүлэн ажиллаад, эндхийн хүмүүсийн ажил хийж байгаа ноу-хау, ур ухаан, арга барилыг нь эзэмшээд буцъя” гэж шийдсэн юм. Эхлээд би Старт-Ап компанид нэг жил ажилласан. Дараа нь дэлхийн том компанид ажиллахыг зорьж, Самсунг компанид apply /хүсэлт/ илгээсэн. 2017 оны долоодугаар сарын 11-ны өдөр улсын баяр наадмын өдөр тус компанийн ажлын байранд тэнцсэн гэсэн хариуг авч, ажилдаа орж билээ. Түүнээс хойш таван жил өнгөрсөн байна.
-Тухайлбал, ямар шалгуурт тэнцэж, энэ компанид орсон бэ?
-”Самсунг” компани нэг жилд хоёр удаа нээлттэй ажлын байр зарлаж, 2000-3000 оюутанг шалгаруулж авдаг. Эхлээд сурлагын дүн, хэлний мэдлэг, судалгааны ажил зэргийг нь харгалзан үзнэ. Дараа нь software инженерийн хувьд алгоритмын тест өгнө. Жишээлбэл, “Тэнгис кино театраас сансар хүрэхдээ замдаа таван цэгээр орж хүргэлт хийнэ. Аль маршрутаар явбал хамгийн хурдан очих вэ” гэдэг ч юм уу, үүнтэй төстэй бодлогыг богино хугацаанд оновчтой бодох хэрэгтэй. Энэ шатыг давбал, гурван өөр түвшний хүмүүстэй ярилцлагад орно. Эхнийх нь захирал, дарга нар, хоёр дахь менежер, гурав дахь нь бүтээлч сэтгэлгээ шалгах хүмүүстэй уулздаг. Энэхүү ярилцлагуудаа амжилттай өгвөл, эрүүл мэндийн шинжилгээнд хамрагдаад ажилдаа орж болно
–Таны ажилладаг компани/хэлтэс/ газрын соёл нь ямар вэ. “Самсунг”-д ажилласнаар та юу сурч авсан бэ?
-Нэгдүгээрт, Солонгос улсад өрсөлдөөн ихтэй учраас компанид ажилд орно гэдэг хэцүү. Нэг орчихвол амьдрал нь баталгаатай, насан туршдаа ажиллах боломжтой. 10 хүнтэй баг байлаа гэхэд нийтээр нь биш хүн тус бүрийг үнэлнэ. Тиймээс бүгд сайн ажиллаж, хоорондоо өрсөлдөж, ажлыг маш сайн хийдэг. Ажилдаа зарцуулах цаг нь ч их. Менежер эсвэл захирал ирээд, “Чи ийм ажлыг ингэж хий” гэж зааддаггүй. Харин ч эсрэгээр ажилчин, инженер, судлаач хүмүүс менежертээ хандан, “Миний судалгаагаар ийм зүйлс хийх хэрэгтэй байна. Тийм учраас та надад үүнийг гаргаж өгч болох уу” гэсэн зарчмаар ажилладаг. Монголд одоохондоо ийм соёл руу хараахан ороогүй байна. Дээрээс доошоо буюу даргаас ажилтан руу тушаал буулгадаг тогтолцоотой.
Хоёрдугаарт, манайд ажлаасаа хоцорвол “Би хоцорчихлоо” гэдэг. Солонгост “Тухайн алдагдсан цаг хугацааг яаж төлөх вэ” гэдгээ бодоод шийдэлтэйгээ орж ирдэг. Жишээ нь, “Уучлаарай би хоцорчихлоо. Би нэг цаг илүү нөхөөд ажилчихъя” гэдэг ч юм уу.
Солонгос улсад өрсөлдөөн ихтэй учраас компанид ажилд орно гэдэг хэцүү. Нэг орчихвол амьдрал нь баталгаатай, насан туршдаа ажиллах боломжтой. 10 хүнтэй баг байлаа гэхэд нийтээр нь биш хүн тус бүрийг үнэлнэ.
-Дэлхийн нэр хүндтэй компанид ажиллана гэдэг чамгүй нэр хүнд байх. Та өдөр тутам хийдэг ажлаа танилцуулвал. Хэдэн цагт ажлаа эхлүүлдэг вэ?
-”Самсунг”-д ирэх, тарах цаг нь чөлөөтэй байдаг. Тиймээс хүн бүр ажилдаа ирэх цаг нь өөр. Би дунджаар 09.00-10.30 хооронд ажилдаа очдог. Ажил дээрээ өглөөний цайгаа уугаад, мэйлээ шалгана. Өглөө бүр менежертэйгээ “Өчигдөр ямар асуудал тулгарсан бэ, өнөөдөр түүнийг яаж шийдэх вэ” гэдгээ 5-10 минут ярилцана. Тэгээд ажлаа эхлүүлнэ. Өдөр цайндаа орчхоод фитнесс дасгал хийгээд, буцаад ажлаа хийнэ. Үдээс хойш 4-5 цагийн хооронд ажлаа дуусгадаг.
-Таны өдөр тутмын ажил ирээдүйд ямар технологийн дэвшлийг дэлхий нийтэд авчрахад туслах вэ?
-Ирээдүйд хүний хийдэг үйлдлүүдийг автоматжуулаад хэдэн мянга хүний хийх юмыг ганц компьютер секундын дотор хийнэ гэдэг ч юм уу амьдрах орчныг өөрчлөх зорилготой. Эхний ээлжид google translate гэх мэтийн үйлчилгээ өргөн хэрэглээнд нэвтэрсэн байна. Хиймэл оюун улс орны стратегийн хувьд маш чухал салбар болохоор орон бүр өөрийн гэсэн судлаачдыг бэлдэж буй. “Самсунг” компани өөрийн гэсэн супер компюьтер хийж байгаа. Үүний хөгжүүлэлт дээр хоёр дахь жилдээ ажиллаж байна. Эхний туршилтууд үр дүнд хүрсэн.
-Хиймэл оюун ухаан одоогоор ямар түвшин хүртлээ хөгжсөн байгаа вэ. Монголд ямар түвшинд байгаа вэ?
-Жишээ нь, замаар явж буй машинуудын дугаарыг хүн заавал хараад, цээжлэх хэрэггүй болсон. Камерт бичигдсэний дараа хиймэл оюун ухааны тусламжтай машиныг таньчихна. Зарим нэг үйлдлийн хувьд хиймэл оюун ухаан хүний чадвараас аль хэдийн давсан. Манайхан одоо л тулгарч буй асуудлаа хиймэл оюун ухаанаар шийдэж байна. Жишээлбэл, манай улс газар нутаг том, хүн ам цөөн. Тиймээс газар тариалангийн салбарт хиймэл оюун ухааныг ашиглаж болно. Тэр их газраар явж, ургац тариад, чийгшлийг хянах боломжгүй. Тиймээс хиймэл дагуулаас тухайн газрын зургийг авч, түүнийг нь компюьтерт таниулж ухаалгаар асуудлыг шийдэж болно.
-Хиймэл оюун гэхээр хамгийн түрүүнд робот нь л санаанд буудаг шүү дээ. Зарим нь “төгс хиймэл оюуныг зохион бүтээх аваас хүн төрөлхтөн өөрсдийнхөө бүтээсэн зүйлд устаж үгүй болох магадлалтай” гэж үздэг. Хиймэл оюун ухаан хөгжих нь эерэгээс гадна ямар сөрөг үр дагавартай вэ?
-Зарим тохиолдолд мэргэжилтнүүд технологи хөгжүүлж судлах явцдаа “Хиймэл ухаан яагаад энийг хийчих вэ, яаж вэ” гээд ойлгохгүй гайхдаг. Энэ нь үнэхээр хурдацтай хөгжиж буйн илрэл. Тиймээс “бидний хяналтаас гарчихвал яах вэ” гэсэн айдас бий. Буруу ашиглавал үнэхээр аюултай. Гэхдээ хийхгүй байвал бусдаас хоцорно. “Хиймэл оюун ухаанаа яаж удирддаг байх вэ” гэдгийг анхаарах хэрэгтэй. Яг одоо AI хамгийн монополь улс гэж байхгүй. Бүгд ижил өрсөлдөж байна.
Зарим тохиолдолд мэргэжилтнүүд технологи хөгжүүлж судлах явцдаа “Хиймэл ухаан яагаад энийг хийчих вэ, яаж вэ” гээд ойлгохгүй гайхдаг.
-Таны амьдралын алсын хараа, карьерын төлөвлөгөө, мөрөөдөл юу вэ?
-Анх Монголоос гарахдаа “Гадаадад сурья” гэж л бодсон. Сурч байхдаа “Би юугаараа дутахав, илүү гарна” гэж хичээгээд, тэндээ энгийн компанид ажилласан, дараа нь “Дэлхийн компанид ажиллана” гэсэн зорилгодоо ч мөн хүрлээ. Хүний мөрөөдөл хязгааргүй юм. Байнгын өсөн дэвшихийг хүсэж, мөрөөддөг. Мөн өөрийнхөө мэддэг чаддаг хэмжээндээ бусдад хэрэгтэй, тус болохоор зүйл хийхийг зорьж байна.
-Монголд ажиллах, хөгжингүй оронд ажиллахын хооронд бүтээмж, хөдөлмөрийн үнэлгээ их бий. Бид яаж бүтээмжээ нэмэгдүүлж болох вэ?
-”Хангалттай цалинтай бол хүн өндөр бүтээмжтэй ажиллана” гэж би анх боддог байв. Гэтэл тийм биш байсан. Тухайн хүний хиймээр байгаа зүйлийг нь л хийлгэх хэрэгтэй юм билээ. Жишээ нь, хүн нэг бүртэй сайн ярилцсаны үндсэн дээр яг тохирсон ажлыг нь оноож өгдөг тогтолцоо “Самсунг”-д бий. Манайд ийм систем хараахан бий болоогүй л байна.
-Монголд таны ажилладаг салбарын хүрээнд тулгамдаж буй ямар асуудлыг олж харсан бэ?
-Компани байгуулах гээд яамуудын холбогдох хүмүүстэй уулзаж байхад, манайд цахимжаагүй зүйл их байсан. Түүнээс болоод авилга, татвараас зугтах байдал, далд эдийн засаг хөгжиж байна. Жишээ нь, хотоос гарч, ороход товчоонууд дээр татвар авч байна. Үүнийг цахимжуулаагүй болохоор тухайн хүн хувьдаа авах боломжтой. Цахимжуулах бол хэцүү зүйл биш. Бид хийж чадна. Хийх боломжтой. Гэхдээ үүнийг хийлгэдэггүй бизнесүүд бий.
-Таныг энэ хэмжээнд хүрэхэд мэргэжлийн ур чадвараас гадна хувь хүний ямар зан чанар тань нөлөөлөв?
-Манай монголчууд их “шартай” шүү дээ. Энэ чанар нь ч надад байдаг. Гаднын хүмүүс хүүхдээ багаас нь бэлддэг учраас хүүхдүүд нь шинжлэх ухааны суурьтай. Харин манайхан болохоор янз бүрийн юм хийсээр байгаад хоцордог. Тийм ч учраас чадахгүй зүйл олон гарна. Тэр бүрт нь “Би яагаад чаддаггүй юм бэ” гээд зүтгэдэг зан чанар маань л тус болсон болов уу?
-Дэлхийн компанид ажиллана гэсэн Монгол залуустаа хандаад хамгийн чухал анхаарах ёстой гэсэн зүйлийг хэлвэл?
-Манайхан хэлний мэдлэг, техник технологийн тал дээр сайн. Харин өөрийгөө илэрхийлж ярьж сураагүй. Өөрөөр хэлбэл, мэддэгээ мэддэг гэж хэлдэггүй. Юм асуухаар нэг өгүүлбэр хэлээд төгсгөдөг. Бусад газарт яриа үргэлжлээд, өрнөөд л байдаг. Энэ нь хэрэггүй юм шиг хэрнээ харилцааны тал дээр дэвшилттэй зүйл. Тэгэхээр үүнд л анхаарах хэрэгтэй.
-Ярилцсанд баярлалаа.
Сайхан ярилцлага болжээ.
Их мундаг зхлуу байна.
Одоогийн залуучуудаас суралцах зүйлс их болсон байна.
Цаашдын карьерд нь амжилт хүсье.
Business.mn-ны хамт олон үнэхээр чадварлаг залуучууд байдаг.
Үргэлж хэрэгтэй мэдээ мэдээлэл хүрэгдэгт баярлалаа
Маш сайхан уншууртай ярилцлага болсон байна. Би Наранхүүгээ яаж гүрэлзэж хичээж явж Самсунг-д ажилд орсныг нь бас амжилттай явааг нь мэддэг. Энэхүү амжилтынхаа ололтынхоо талаар дүү нартаа сайн зааж сургаж байгаарай. Бас цаашдын ажилд нь өндөр амжилт хүсье^^
Маш сайхан ярилцлага болсон байна.
Амжилт хүсье!