Нислээ. Хөөрлөө. Буулаа. Тэнгэрт биш ч газарт бидний амьдрал ийм тойрог замд үргэлжилнэ. Эрдэм боловсрол, мэдлэг мэргэжлийн араас хөөцөлдөж эхэлсэн цагаасаа бид нисэж, түүгээрээ жигүүрлэн ажил амьдралын гараанд хүрсэн мөчөөсөө улам дээш хөөрч, хүсэл мөрөөдлөө биелүүлсэн цагтаа буудаг. Тэгвэл яг л ийм тойрог замаар нисэн дүүлж, 13 дахь жилдээ агаарын хөлгийн инженерээр ажиллаж буй нэгэн эрхмийн тухай энд бичье. Тэрээр дөрөвдүгээр дамжааны оюутан байхдаа “Аэромонголиа” компанид механикчаар анх ажилд орж, техникч, инженер, ээлжийн ахлах инженер, шугамын техник үйлчилгээний менежер зэрэг албыг дамжиж өдгөө техник үйлчилгээний албаны дарга хүртлээ дэвшин ажилласан гэдгийг цохон дурдъя.
Нислээ-Ажил амьдралын гараа
“Миний үзлэг хийж шалгаад, гарын үсэг зурж баталгаажуулан нисэх зөвшөөрөл олгосон онгоц тэнгэрт хөөрч, бууж,суухыг харах хамгийн сайхан” гэж мэргэжлээрээ бахархан ярих энэ хүмүүнийг Бямбацогтын Б.Баатарсүх гэдэг. Тэрээр 1987 онд Баянхонгор аймагт Бямбацогт, Дулам нарын хоёр дахь хүү болон мэндэлсэн. Тус аймгийн 10-н жилийн гуравдугаар сургуульд 1995 онд элсэн оржээ. Ингээд 2005 онд бүрэн дунд боловсрол эзэмшив. Түүний аав, ээж нь цахилгаан холбооны салбарт ажилладаг байжээ. Эднийх уулын орой дээрх станцуудыг дагаж амьдардаг байв. Баатарсүхийн хүүхэд нас станцуудын моторын дуу чимээ, холбооны шугам кабелийн дунд өрнөсөн. Энэ ч утгаараа тэрбээр техникт сонирхолтой болж, инженер болох мөрөөдлийг өвөртөлжээ. 10-н жилээ төгсдөг жил нь Баянхонгор аймагт ШУТИС-ийн механик инженерийн сургуулийн нисэхийн инженерийн хуваарь ирсэн аж. Ингээд 2005 оноос их сургуулийн оюутан болж, хөдөөгөөс хот руу шилжин суурьшсан байна. 2010 онд ШУТИС-ийг нисэхийн инженер буюу агаарын хөлгийн инженер мэргэжлийг эзэмшжээ. 2015-2017 онд ШУТИС-д мэргэжлээрээ магистрын зэрэг хамгаалсан байна.
Хөөрлөө-Амжилтын эзэн
Агаарын хөлгийн залуухан инженер Баатарсүх сургуулиа төгсөхөөс өмнө буюу дөрөвдүгээр дамжааны оюутан байхдаа “Аэромонголиа” компанитай ажил амьдралын гараагаа холбожээ. 2009 онд тус компанид механикчаар ажилд орж улмаар техникч, инженер, ээлжийн ахлах инженер, шугамын техник үйлчилгээний менежер зэрэг албыг дамжиж, өдгөө техник үйлчилгээний байгууллагын даргаар ажиллаж байна. Хүн өөрийн дурласан салбар сонгосон мэргэжилдээ үнэнч тууштай явбал ямархуу амжилтад хүрч болдгийн тод жишээ нь энэ. 21-н жилийн түүхтэй монголын хамгийн анхны хувийн авиа компани болох “Аэромонголиа” ХХК нь ИНД-145 тусгай зөвшөөрлийн хүрээнд агаарын хөлгийн техник үйлчилгээг хариуцан ажиллаж байгаа. Эл компанид Б.Баатарсүх 13 дахь жилдээ ажиллаж байна. Тэрээр энэ тухайд, “Онгоцны инженер болох нь хувь хүнээс урт хугацаанд тэсвэр тэвчээр, хатуужил шаарддаг. Төгсөөд шууд инженер болдоггүй. Тодорхой шат дарааллаар ажилладаг. Тухайлбал, эхний хоёр жилийн хугацаанд механикчийн ажлыг хийнэ. Дараа нь тухайн авиа компаний агаарын хөлгийн маягийн сургалтад хамрагдана. Тэгээд ИНЕГ-т мэргэжлийн шалгалт өгч агаарын хөлгийн үнэмлэх, гэрчилгээг авсны дараа инженерийн эхний шатны зөвшөөрлийг авах эрх үүснэ. Энэ хугацаанд хүн тасралтгүй суралцаж л байна гэсэн үг. Эрэг шураг болон багажны нэршил цээжлэхээс л инженерийн ажил эхэлдэг дээ. Мэргэжилдээ хайртай дуртай хүн л ачааллыг давж, жинхэнэ инженер болдог” гэж дурдсан удаатай.
Онгоцны инженер болоход урт хугацаанд тэсвэр тэвчээр, хатуужил шаарддаг. Тиймээс мэдлэг боловсролоос гадна хувь хүний хандлага маш чухал.
Нисэхийн инженер гэдэг сайхан мэргэжил ч цаг наргүй байдаг нь бэрхшээлтэй. Баатарсүх одоогоор хангамжийн, шугамын техник үйлчилгээний, төлөвлөлтийн болон инженерийн гэх дөрвөн хэлтсийн үйл ажиллагаанд хяналт тавин ажилладаг. Эдгээр хэлтэст 40 орчим чадварлаг залуус мэргэжил ур чадвараараа ажиллан нисэхийн салбарын хөгжлийг түүчээлж байна. Баатарсүх “Миний амжилтын ард чадварлаг, шижигнэсэн хамт олон бий. Мөн сэтгэл амар тайван ажиллах боломжийг надад эхнэр минь бүрдүүлж өгдөг. Бид дөрвөн хүүхэдтэй. Нэг охин, гурван хүүтэй. Миний хань ажлыг минь ойлгож, ар гэрийн амьдралаа зохицуулж байдаг” хэмээн хэлж байв. Түүний эхнэр Э.Пүрэвсүрэнгээс зарим зүйлийг тодруулав.
Э.Пүрэвсүрэн: Жаахан л зав гарвал гэр бүлдээ яаран ирдэг ханийгаа ойлгохоос өөр сонголт надад байдаггүй
–Бид 2008 оны сонгуулийн үеэр танилцсан юм. Хоёулаа МАХН-ын штабд ажиллаж байв. Манай хүн тухайн үед 73-р үүрийн оюутны холбооны дарга байв. Тухайн үед үг цөөн, гоё мөр цээжтэй, цэвэрхэн хувцасласан хүү харагдаж билээ. Одоо бид ханилан суугаад 13 жил болж, дөрвөн сайхан үртэй болсон. Тэгсэн ч надад 13-н жилийн өмнөх тэр хүү хэвээрээ л харагддаг юм. 2009 онд бид хоёр монгол гэрт тусдаа гарч бүгдийг тэгээс эхэлж байв. Хоёр өөр орчинд өссөн, өөр араншинтай хүмүүс чинь нэг ертөнц болохын тулд багагүй хэмжээний саад бэрхшээлийг туулсан. Нөхөр маань их завгүй ажилтай. 2009 оны зургадугаар сард Аэромонголиад механикчаар ажилд ороод эхний 3-4 жил бараг гэртээ байдаггүй байв. Бараг л нөхөргүй хүн шиг амьдардаг үе зөндөө байсан. Тухайн үед хүүхэд, ар гэр гээд олон ажил давхцаад ганцаараа их шантардаг байлаа. Гэхдээ жаахан л зав гарвал гэр бүлдээ яаран ирдэг ханийгаа ойлгохоос өөр сонголт надад байдаггүй. Өглөө ажилдаа гарахдаа бид тавыг заавал үнсээд гардаг. Үүнийгээ ерөөсөө мартдаггүй, зуршил нь болсон гэх юм уу даа. Үнсэж гараагүй өдөр ажил бүтдэггүй гэж ярьдаг юм. Миний хань ажилдаа их дуртай, хөдөлмөрч, эхлүүлсэн ажлынхаа ард заавал гардаг гээд дурдаад дуусашгүй их сайн зан чанаруудтай. Би үргэлж л түүнээсээ суралцаж байдаг даа. Түшигтэй сайн хүний хажууд байхаар янз бүрийн асуудал тулгарсан ч шийдэхэд хэцүү биш санагддаг. Гэхдээ нисэхийн салбарт ажилладаг хүний гэргий байна гэдэг амаргүй. Өглөө унтаж байхад ажилдаа явж, шөнө унтаж байхад гэртээ ирнэ. Заримдаа хэд хоног ч таарахгүй байх тохиолдол бий. Олон хүний амь нас хариуцаж буй маш хариуцлагатай ажилтай болохоор нь ар гэрийн жижиг асуудалд нөхрөө төдийлөн оролцуулдаггүй, сэтгэл тайван ажлаа хийх нөхцлийг нь бүрдүүлэхийг хичээдэг.
Олон улсад хүлээн зөвшөөрөгдөхүйц Airbus маягийн агаарын хөлгийн хүнд хэлбэрийн техник үйлчилгээний төвийг байгуулах зорилготой.
Буулаа-Цаашдын карьер
Агаарын хөлгийн техник үйлчилгээний байгууллага бол нисэхийн салбарын гол “зүрх”. Онгоц асуудалгүй нисч буйн ард чадварлаг инженер техникийн ажилчид, мөн бусад баг хамт олны хөдөлмөр зүтгэл байдаг. Тухайн багийн ажлын гүйцэтгэл нь агаарт харагддаг учиртай. Энд, тэнд “Онгоцнууд саатаж байна, осол бий болж байна” гэх яриа бий. Хэдийгээр техник хэзээ, хэрхэн саатахыг хэлж мэдэхгүй ч тухайн онгоцны бүрэн бүтэн байдалд өөрсдийн дүрэм журам, зааварчлагаа, зөвлөмжийн дагуу ажилладаг байна. Цаашдын карьерийн хувьд Б.Баатарсүх болон түүний баг хамт олон олон улсад хүлээн зөвшөөрөгдөхүйц Airbus маягийн агаарын хөлгийн хүнд хэлбэрийн техник үйлчилгээний төвийг байгуулах зорилготой аж. Тэрээр “Өмнө нь агаарын хөлгийн хүнд хэлбэрийн техник үйлчилгээ болох C-check үйлчилгээг гадаадын томоохон засвар үйлчилгээний газрууд дээр очиж хийлгэдэг байсан. Харин энэ онд Embraer ERJ-145 маягийн агаарын хөлгийн C-check хүнд хэлбэрийн техник үйлчилгээг гадны мэргэжилтэнтэй хамтран анх удаа өөрсдөө бие даан амжилттай гүйцэтгэж дуусгасан. Ингэснээр дотоодын инженер, техникийн ажилтнуудын ур чадварыг нэмэгдүүлэх болон гадагшаа гарах вальютын урсгалыг эх орондоо авч үлдээх томоохон алхмуудын нэг болж чадсан гэж би хувьдаа үзэж байна. Энэхүү агаарын хөлөг маань долдугаар сарын эхнээс нислэгт гарч үүргээ амжилттай гүйцэтгэж байгаа нь манай байгууллагын хөгжилд нэг том алхам болсон” хэмээн хэлэв.
Монголын анхны хувийн авиа компани болох “Аэромонголиа” ХХК нь Airbus 319 маягийн агаарын хөлгийг 2021 онд үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн бөгөөд Airbus онгоцныхоо хүнд хэлбэрийн техникийн үйлчилгээг улсдаа хийдэг болохоор төлөвлөж буй. МИАТ Бойнг 737 болон 767 гэх онгоцонд үйлчилгээ үзүүлээд олон жил болжээ. Тиймээс хувийн хэвшлийн компаниудаас анхных нь болж байгаагаараа онцлог юм. Мөн үйлчилгээний хүрээгээ тэлэхийн хэрээр цехийн ажлуудыг шинээр нээж онгоцны баттерейны засвар үйлчилгээ хийх эрх авч үйлчилгээгээ үзүүлж эхэлсэн байна. Энэ намартаа багтаан “Wheel shop” буюу дугуйны цехийг нээхээр ажиллаж буй гэлээ.
Сонгосон салбар, дурласан мэргэжилдээ эзэн нь болж, нисэхийн салбарыг хөгжүүлэхийн тулд өөрийн сурсан мэдсэн бүхнээ зориулан, ажиллаж буй Б.Баатарсүхийн амьдрал ийнхүү ололт, амжилтаар дүүрэн үргэлжилж байна.