Нийслэлийн авто замын түгжрэл бүхий л иргэдийн сэтгэл санааг хамгийн ихээр санаа зовоосон зүйлсийн нэг болоод багагүй хугацааг үджээ. Үүнтэй холбогдуулан авто замын түгжрэлийг бууруулахаар үе үеийн нийслэлийн Засаг дарга нар арга хэмжээ авч хэрэгжүүлсэн. Гэвч төдийлөн амжилтад хүрч түгжрэлийг ахицтай бууруулсан тохиолдол тохиогоогүй. Үүний нэгэн уламжлал болгож Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор 420 тэрбум төгрөгийн төслийг он дамнан гүйцэтгэхээр төлөвлөжээ. Энэхүү төслийн явцын талаар Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төслийн захирал Ч.Батзориг мэдээлэл өглөө.
Өнгөрөгч 2021 оны тавдугаар сарын 19-ний өдрийн Засгийн газрын 146 дугаар тогтоолд авто замын түгжрэлийг бууруулах, хамгаалах зорилтын хүрээнд найман заалт оруулсан. Ингээд 2022-2024 онд нийслэлийн төсөвт анх удаа авто замын түгжрэлийг зохицуулахаар 420 тэрбум төгрөг тусгасан байна. Үүний хүрээнд 12 томоохон багц ажлыг хийхээр төлөвлөсөн. Хөрөнгө оруулалтын эхний хэсэг болох 14.4 тэрбум төгрөгийг энэ жилийн төсөвт НИТХ-аас баталсан.
- Төслийн хүрээнд хэрэгжих хамгийн том гурван ажлын нэгдүгээрт газар чөлөөлөлтийн ажил тавигдаж байна. Зөвхөн энэ онд 75 тэрбум төгрөгийг уг ажилд тусгасан бөгөөд энэ ажлын нөхөн олговорт нийтдээ 390 орчим төгрөгийг зарцуулах юм.
- Хоёрдугаарт, нийтийн тээврийн салбарын парк шинэчлэлтийн ажил. Энэ жилийн хувьд төслийн хүрээнд 600 орчим автобусыг шинэчлэхээр төлөвлөсөн. Одоогоор нийт 106 чиглэлд мянга хүрэхгүй автобус иргэдэд үйлчилж байна. Ойрын үед чиглэлийн тоог 120 болгон өргөтгөхөөс гадна тэднийг богино эргэлтэд оруулах юм. Нийслэлийн нийтийн тээвэрт нийт 1430 автобус шаардлагатайгаас 830-ыг нь он дамжуулан шинэчлэх бөгөөд одоогоор урьдчилгаа төлбөрт 77 орчим тэрбум төгрөг төлжээ. Мөн анхны хоёр давхар болон сургуулийн зуу гаруй автобусыг үйлчилгээнд нэвтрүүлсэн. Харин төлөвлөгөөний үлдэгдэл автобусыг ирэх 11 болон 12 дугаар сард оруулж ирэхээр ажиллаж байгаа юм.
- Гурав дахь томоохон асуудал бол хүүхдийн цэцэрлэгийн хүртээмж. Хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд 170 орчим тэрбум төгрөгийг урьдчилгаа төлбөрөөр олгохоор тусгасан. Энэ жилийн хувьд үүний 100 орчим тэрбумыг нь улсын төсвөөс, үлдсэнийг нь нийслэлийн төсвөөс шийдвэрлэнэ. Өнгөрсөн жилүүдэд Улаанбаатар хотын хэмжээнд 100 гаран мянган хүүхдийг л хүлээн авах чадвартай байсан. Харин хэрэгцээ нь 140 мянган хүүхдийн цэцэрлэг. Үүний хүрээнд зөвхөн энэ жилийн хувьд 32 мянган хүүхдийн цэцэрлэгийн асуудлыг нэмж шийдвэрлэсэн. Тооцооны дүнгээс харахад цэцэрлэг, сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэх нь замын түгжрэлийг 20 орчим хувиар нэмэгдүүлдэг гэсэн дүн гарчээ. Харин бүхий л зүйлийг цахимжуулж бүртгэхэд нийт 150.0 мянган хүүхэд бүртгэгдсэнээс одоогоор 138.000 хүүхдийг хүлээн авах бүрэн хүчин чадалтай болсон. Зөвхөн цэцэрлэгийн гэлтгүй сургуулийн хүүхдийг хүлээн авах хүчин чадлыг нэмэгдүүлэхээр төлөвлөсөн. Эдгээр гурван ажлыг хэрэгжүүлэхэд нийт 270 орчим тэрбум төгрөгийг нь зарцуулах юм.
- Нийслэлийн авто замд хамгийн их түгжрэл үүсгэдэг 13 байршилд зам, замын байгууламжийг сайжруулах ажил хийгдэж байна. Одоогоор зөвхөн Энхтайваны өргөн чөлөөний замын байгууламжийн хувьд зургаан эгнээ замтай ганц зам. Иймээс дахин хэвтээ чиглэлд өргөтгөх ажил хийгдвэл хүндрэл даган багасна. Мөн Яармагаас хойш чиглэлд Энхтайваны өргөн чөлөөтэй адил түгжрэл их байдагтай холбогдуулан үүнийг шийдвэрлэх ажлыг эхлүүлсэн. Үүнээс гадна зүүн чиглэлд буюу Шар хадыг Улиастайтай холбосон том гүүрэн байгууламж болон Зайсангийн гүүрийг шинэчлэх зэрэг 13 байршилд 228 тэрбум төгрөгийн төсөвтэй ажил хийхээс энэ онд 70 орчим тэрбум төгрөгийн санхүүжилт хийгдээд байна.
Манай улс зам тээврийн хөдөлгөөний удирдлагын системд RFS (radio frequency system) буюу ухаалаг системийг шинээр нэвтрүүлж эхэлсэн. Энэ систем орж ирснээрээ 2024 он хүртэл замын түгжрэлийг 50 хүртэлх хувиар бууруулна гэсэн зорилтын 30 хувийг ерөнхийдөө үүнээс бүрдүүлж байна. Бид зам тээврийн удирдлагын ухаалаг системийг гурван үндсэн шинжилгээгээр хийдэг. Радио давтамжийн буюу үндсэндээ автомашины зорчилтын уулзварууд дээр байрлуулдаг систем. Одоогоор 61 уулзвар дээр байрлаж байгаа бөгөөд энэ нь камерын систем биш юм.
Харин хяналтын удирдлага, системийг шинээр төвийн зургаан дүүрэгт 44 байрлалд байршуулахад 22.3 тэрбум төгрөгийг зарцуулжээ. Эдгээр системийг нэвтрүүлснээр өмнө нь хүний хийдэг байсан зохицуулалт буюу тээврийн цагдаа нарын ажлыг энэ системүүд гүйцэтгэх болно. Мөн иргэн хүн өөрөө төлдөг байсан төлбөрүүдийг цахимаар гүйцэтгэх системд шилжүүлэхээр ажиллаж байна. Эдгээр төслүүд нь гадаадын зээл тусламжаар хэрэгжиж байгаагаас дийлэнх нь Дэлхийн банкны замын нэвтрэх чадварыг нэмэгдүүлэх төслийн хүрээнд олгогдож байгаа юм. Мөн анхны их багтаамжийн буюу тав, есөн давхрын зогсоол барих бөгөөд зогсоол цөөнтэй СБД, ЧД зэрэг Их тойрууд 10 байршлыг сонгожээ. Энэ сонголтыг хийхдээ явган хүн 500-800м зайд явган явах ёстой гэсэн үндсэн стандартыг хангахаар ажиллаж байна. Гэвч зарим байршилд газар чөлөөлтөд нэлээн өндөр үнэ бүхий үнийн санал тавьдаг. Тиймээс гурван жил ажил хийгээгүй газруудыг сонгон энэхүү ажлыг гүйцэтгэхээр төлөвлөснөөс улмаар газар чөлөөлөлт тавин хувьтай явагдаж байна. Мөн явган хүн болон унадаг дугуйн замыг 80м.кв-аар нэмэгдүүлж, явган хүний замыг 16.8 км, унадаг дугуйн замыг 14.4 км-ээр тус бүр уртасгахад 11.2 тэрбум төгрөгийг зарцуулжээ.
Үүнээс гадна 188 байршилд 480 гаран гарааш, 375 байршилд зөвшөөрөлгүй хайс хашаа буулгах ажил явагдаж байна. Эдгээр суларсан газруудад ногоон байгууламж, тохижилт, зам замын байгууламж, зогсоол барих зэрэг ажлуудад 31 тэрбум төгрөгийг зарцуулсан.
Нийслэлд одоогоор 74 ил зогсоол байдаг. Нийслэлийн замын хөгжлийн газар замын хөдөлгөөний удирдлагын төв рүү шилжиж байгаатай холбогдуулан зогсоолын шинэчлэлтийг хийж байна. Үндсэндээ 12 багц ажлын дөрвийг гүйцэтгэж байгаа нь нийт төсөвт өртгийн 62%-ийг эзлэх бөгөөд он дамнасан том ажлууд. Харин дөч хүрэхгүй хувь нь 2022 ондоо хийж дуусгах юм. Ирэх 2023 оны төсвийн 70%-ийг энэ оны дамнасан төсөв эзэлж байна. Ирэх онд томоохон ажил гэхээсээ илүү энэ оны ажлыг гүйцээх төсөв болж байгаа юм.
Дээр дурдсан 420 тэрбум төгрөгийн ажлын гүйцэтгэлийг хувилж үзэх юм бол хамгийн сайн хэрэгжиж байгаа нь 22%, хамгийн бага нь 1.8%-ийн гүйцэтгэлтэй явагдаж байна гэсэн дүн гарчээ.