Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-ын Владивосток хотноо 2022 оны есдүгээр сарын 6-8-ны өдрүүдэд зохион байгуулагдаж буй Дорнын эдийн засгийн VII чуулга уулзалтад оролцож байна. Энэхүү уулзалт нь Ази, Номхон далайн бүсийн нутагт худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг эрчимжүүлэх зорилго бүхий олон улсын хэмжээний тогтмол зохион байгуулагддаг арга хэмжээ юм. “Олон туйлт ертөнцөд чиглэсэн зам” урианы дор зохион байгуулагдаж байгаа энэ удаагийн форумд дэлхийн 60 гаруй улс орны төр засгийн тэргүүн, өндөр дээд албан тушаалтнууд болон төлөөлөгчид оролцож байгаа бөгөөд Монгол Улс 2016 оноос энэхүү чуулганд оролцож эхэлсэн.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ чуулганы нэгдсэн хуралдааны үеэр Шинэ сэргэлтийн бодлогын боомт, эрчим хүч, аж үйлдвэрийн хөгжлийн төслүүдийн талаар танилцуулж, Монгол Шинэ Улс бүс нутгийн хэмжээнд идэвхтэй түншлэн ажиллахад бэлэн гэдгээ илэрхийллээ.
Түүний энэ удаагийн айлчлалын хүрээнд “Оросын төмөр замууд” НХН-ийн Ерөнхий захирал, ТУЗ-ийн дарга О.В.Белозёров түүнд бараалхаж талууд Монгол Улсын төмөр замын салбарын шинэчлэл, бүтээн байгуулалт, өргөтгөлийг шийдвэрлэх асуудалд санал нэгдсэн байна. Үүний хүрээнд Ерөнхий сайд зүүн босоо чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын төслийг эрчимжүүлэн ажиллаж байгааг хөндөж, тус төсөл нь гурван улсын болон бүс нутгийн худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд шинэ суурь нөхцөл болно хэмээн онцоллоо.
Мөн Улаанбаатар хотын авто замын түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах, аюултай ачааг хот дундуур тээвэрлэхгүй байх нөхцөлийг бүрдүүлэх зорилго бүхий “Богдхан” төмөр замын төсөлд тус компанитай хамтарч ажиллахаар тохиролцсон байна.
Уг эдийн засгийн форум нь ОХУ-ын зүүн бүс нутгийн хөгжилд гадаадын хөрөнгө оруулагчдыг татах, мөн дэлхийн улс төр, тулгамдаж буй эдийн засгийн талаар хэлэлцэж, санал солилцохын хажуугаар бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааг дэмжих гол зорилготой. Үүний хүрээнд өнөөгийн байдлаар Оросын Алс дорнодын 11 бүс нутгийн эдийн засаг, хөрөнгө оруулалт, аялал жуулчлалын чиглэлээр 2700 гаруй төсөл хөтөлбөр хэрэгжиж байгаа аж.
Үүнээс гадна Монгол Улсын валютын нөөцийг ихээр багасгаж буй дизель түлш болон автобензинийг хөнгөлөлттэй үнээр худалдан авах асуудал дээр “Роснефть” компанитай нэгдсэн шийдэлд хүрсэн байна. Өмнө нь 1285 ам.долларт хүрээд байсан АИ-92 автобензиний хилийн үнийг 830 ам.доллар болгон бууруулж, энэ оныг дуустал үнийг тогтвортой хадгалахаар тохироод байсан билээ. Харин тус чуулганы үеэр албаны хүмүүстэй дахин яриа хэлэлцээ хийж АИ-92 автобензинийг 2027 он хүртэл тогтвортой үнээр, дизель түлшийг 10 хувийн хөнгөлөлттэй үнээр худалдан авахаар тохиролцсон байна.
Мөн айлчлалын үеэр “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн дарга А.Б.Миллер Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд бараалхах үеэрээ Монголын нутаг дэвсгэрээр дамжуулж ОХУ-аас БНХАУ-д нийлүүлэх, 962 км урттай хий дамжуулах хоолойн төслийн талаар харилцан мэдээлэл солилцов. Уулзалтын үеэр Монгол, Оросын хамтарсан ажлын хэсэг хуваарийн дагуу ажлаа цаг тухайд нь хийж гүйцэтгэх бүх талын боломжийг ханган ажиллаж буйд талархаж буйгаа “Газпром” компанийн зүгээс илэрхийлсэн бөгөөд энэхүү бүс нутаг дамнан хэрэгжих хамтарсан төсөл харилцан ашигтай байна гэдэгт итгэж буйгаа илэрхийллээ. “Газпром” компани бол байгалийн хий, түлшний олборлолт, нийлүүлэлтээр дэлхийн гол тоглогч бөгөөд уг хоолойг 2029 онд ашиглалтанд оруулахаар төлөвлөж байгаагаа Ерөнхий сайдад мэдэгдсэн юм.
Монгол Улсын хувьд эрчим хүчний дотоодын нийт хэрэгцээг бүрэн хангаж чаддаггүй. Үүнтэй холбогдуулан Эрдэнэбүрэн болон Эгийн голын усан цахилгаан станц барихаар нэлээдгүй хугацаанд төлөвлөн ярилцаж байгаа. Тэгвэл Ерөнхий сайд ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд бараалхах үеэрээ Монгол Улс нэг хүнд ногдох газар нутгийн хэмжээгээр дэлхийд нэгт эрэмбэлэгддэг. Үүгээрээ “Эрчим хүчний” бүс нутгийн хэмжээний том төслүүдийг хэрэгжүүлэх боломж бүрэн байгааг онцолж Эгийн голын усан цахилгаан станц болон бусад эрчим хүчний цахилгаан станцуудын өргөтгөл шинэчлэлийн талаар яриа хэлэлцээ хийгдэж буйг танилцуулсан байна. Тус яриа хэлэлцээний үр дүнд Эгийн голын усан цахилгаан станц төслийн асуудлыг НҮБ-тай хамтран шийдвэрлэж, мэргэжлийн шинжээч, судлаачдын баг гарган ажиллуулж Сэлэнгэ мөрөн, Байгаль нуурын усны нөөцөд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэж, эцэслэхээр тогтлоо. Мөн ОХУ-ын зүгээс Эгийн голын усан цахилгаан станцын төсөл болон “ДЦС-З”-ын хүчин чадлыг нэмэгдүүлж өргөтгөхөд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн. Хэрэв энэхүү асуудал бүрэн шийдвэрлэгдэж чадвал бид цахилгааны хэрэглээгээ дотоодоос бүрэн хангаж, улмаар урд хөршид экспортлох бүрэн боломжтой болох юм.
Дорнын эдийн засгийн VII чуулга уулзалтын хуралдааны индрээс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа – 2050”, түүнийг хэрэгжүүлэх эхний үе шат буюу “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд тусгагдсан бүс нутгийн ач холбогдолтой томоохон төсөл, хөтөлбөрүүдийг оролцогчдод танилцуулсан. Энэхүү бодлогын үр дүнд Монгол Улсын ДНБ багадаа гурав дахин тэлж, эрчим хүчний чадал 2.5 дахин, боомтын хүчин чадал 3 дахин, экспортын хэмжээ 2 дахин өсч 280 гаруй мянган ажлын байр нэмэгдэнэ. Шинэ сэргэлтийн бодлогыг боловсруулахдаа ОХУ, БНХАУ-ын хөгжлийн бодлого төлөвлөлт болон бүс нутгийн улс орнуудын зорилготой нарийвчлан уялдуулан боловсруулсан. Мөн хөтөлбөрт хөрөнгө оруулагчид идэвхтэй оролцохыг уриалж бүс нутгийн улс орнуудын хамтын ажиллагаанд тулгуурлан харилцан ашигтай түншлэлийн цогц хөтөлбөр хэмээн тооцож буйгаа тодотгосон юм.