“Coal Mongolia” арга хэмжээ хоёр жил завсарласны дараа зохион байгуулагдав. Эхний өдөр яригдсан гол сэдвийг тоймлон хүргэвэл:
Эхлээд хэдэн тоо дурдъя. Уул уурхайн салбар экспортын 93 хувь, ГШХО-ын 76 хувь, аж үйлдвэрлэлийн 67 хувийг эзэлж, ДНБ-ий 24 хувийг бүрдүүлж байна. Уул уурхай нь валют олж, нийт хүн амаараа түүнийг нь хэрэглэж амьдардаг гэхэд болно.
Энэ дотроо нүүрсний салбар дийлэнх хувийг эзэлж, улсын төсвийн гуравны нэгийг дангаараа бүрдүүлдэг. Түүнчлэн манай улсын эрчим хүчний систем нүүрс дээр суурилдаг. Өөрөөр хэлбэл, нүүрс бол эдийн засагт валют шахдаг, амьтай байлгадаг зүрх нь болжээ.
Монгол Улс жилд дунджаар 40 орчим сая тонн нүүрс олборлож, 30 орчим саяыг экспортолдог. Өнгөрсөн жил 2022 оны төсөв батлахад 30 сая тонныг экспортолно гэж тооцсон ч цар тахлын улмаас тодотгол хийж 18 сая тонн болгосон. Одоогоор 13.2 сая тонн экспортлоод байгаа бөгөөд он дуустал төлөвлөгөө даван биелнэ гэж салбарын яам тооцож байна. Нэг тонн тутмыг 100 ам.доллароор борлуулна гэж тооцсон ч нүүрсний үнэ дэлхийн зах зээл дээр өсөж, 160 ам.доллароор борлуулж байна.
Стратегийн хувьд нүүрсний салбарт бид тун ашигтай нөхцөлд байдаг. Дэлхийн хамгийн том хэрэглэгч Хятад улс хаяанд байрладаг, хэдийг бол хэдийг худалдан авахад бэлэн. Харамсалтай нь бид нүүрсээ экспортлоод 20 жил болж байгаа ч зах зээлийн үнэ ханшаар борлуулж чаддаггүй, төмөр замын тээвэргүй явсаар өдийг хүрлээ. Энэ хоорондох алдагдсан боломжийн өртгийг бодоход үнэхээр харуусмаар.
Одоо Хятадад нэг тонн нүүрс 400 ам.долларын үнэтэй байгаа ч “Эрдэнэс таван толгой” 160 ам.доллароор худалдаж байгаа.
Одоо Хятадад нэг тонн нүүрс 400 ам.долларын үнэтэй байгаа ч “Эрдэнэс таван толгой” 160 ам.доллароор худалдаж байгаа. Үүний зөрүү нь мэргэжилтнүүдийн “Хар нүх” гэж нэрлээд байгаа эрх зүй, зохицуулалтын хийдэл дунд алга болдог.
“Эрдэнэс таван толгой”-гоос Цагаан хад хүртэл 220 км замд тогтмол үнээр тээвэр хийж, нэг тонн нүүрсийг дунджаар 12 ам.доллароор тээвэрлэдэг. Харин Цагаан хаднаас Ганц мод хүртэл 25-300 ам.доллароор буюу маш өндөр хэлбэлзэлтэй үнээр тээвэрлэдэг нь дээрх Хар нүхийг үүсгэжээ.
Энэ нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөртэй (АМНАТ) холбоотой. Төрөөс АМНАТ тооцох жишиг үнийг Хятадын зах зээлийн үнийг баримжаалан бодит борлуулалтаас 3-4 дахин өндөр тогтоосноос болж доод ангиллын нүүрсний олборлолт зогсож, байгалийн баялаг үнэгүйдэж байгаа гэж салбарын мэргэжилтнүүд үзэж байна. Энэ нь нүүрс худалдан авах сонирхолтой Хятадын бизнес эрхлэгчдийг үргээж, хоёр улсын хооронд нүүрсний худалдааны эрүүл бус орчныг бүрдүүлж байна.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдалын тайлбарласнаар нүүрсэн дээр 11 төрлийн стандарт байсныг олон улсын жишгээр 29 болгосноор бодит үнэ тогтоох боломжтой болж байна. Өөрөөр хэлбэл, 29 төрлийн үнэ бодогдож, сайн нүүрсээ өндөр үнээр, чанар багатайг нь хямдаар худалдаална.
Таван толгой-Гашуунсухайтын төмөр замыг нээж буй нь жилд 30 сая тонн нүүрс тээвэрлэх хүчин чадалтай болж, нүүрс тээврийн орлого манай улсад үлдэхээс гадна Хар нүх алга болно гэж үзэж байна. Дээр нь Зүүнбаян-Тавантолгойн төмөр зам ашиглалтад орчихвол нүүрсний экспортыг 50-70 сая тоннд хүргэх боломжтой аж.
Монгол нүүрсний өгөөжийг нэмэх арга олон бий. Угааж болно, баяжуулж болно, хий гаргаж болно, эсвэл цахилгаан эрчим хүч хэлбэрээр экспортлох боломжтой. Манай улсын эрчим хүчний нүүрсний ордуудын илчлэг нь дунджаар 3000-4500 ккал байгаа нь Хятадын зах зээлд өрсөлдөх чадвартай. Гэхдээ экспортлоход тээврийн өртөг өндөр учраас цахилгаан эрчим хүч болгон экспортлох нь ашигтай. Түүнээс гадна 2026 онд хуурай, нойтон аргаар нүүрс баяжуулах үйлдвэрүүд барьчихвал хүчин чадал нь жилийн 118 сая тонн болж нэмэгдэнэ.
Саяхан Эрдэнэс Баян богдын ордыг нээж, 34 хувийг Эрдэнэс Монгол, 66 хувийг нь Улаанбаатар хот эзэмшихээр болсон.
Нүүрсний эдийн засгийн өгөөжийг нэмэх өөр нэг зам нь шинэ ордууд. Саяхан Эрдэнэс Баян богдын ордыг нээж, 34 хувийг Эрдэнэс Монгол, 66 хувийг нь Улаанбаатар хот эзэмшихээр болсон. Дөнгөж лицензээ аваад сар болж байгаа энэ орд нь нийслэлийн хөгжилд том үүрэг гүйцэтгэнэ Улаанбаатар хотын удирдлага хүлээж байна.
Гэвч энэ салбарыг тэг зогсоох аюултай, биднээс шалтгаалахгүй хоёр том саад бий. Эхнийх нь дизель түлшний нийлүүлэлт, хоёр дахь нь тэсэлгээний материалын хомсдол.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Алс Дорнодын эдийн засгийн чуулганд оролцохдоо ОХУ-аас 2027 он хүртэл дизель түлшийг 10 хувийн хөнгөлөлттэй үнээр худалдан авахаар тохиролцсон нь энэ асуудалд хэдэн жилдээ санаа зовохгүй байх боломж өгч байна.
ОХУ барууны эдийн засгийн хоригт орсноос болж Турк, Европын холбооны улсуудаас тус төмөр замаар дамжуулж тэсэлгээний материал оруулж ирнэ гэдэг маш хүнд болжээ.
Харин тэсэлгээний материал уурхайчдын толгойн өвчин болоод байна. 2015 оноос Хятад Улс өөрийн нутаг дэвсгэр дээгүүр тэсрэх материал дамжин өнгөрүүлэхэд хатуу хяналт тавьдаг болсноор монгол компаниуд бараг оруулж ирж чадахаа больсон байна.
Мөн Монгол Улс Оросын “Транс-Сибир”-ийн төмөр замаас хараат байдаг нь Орос-Украйны дайны дараагаас хурц мэдрэгдэж эхэлжээ. ОХУ барууны эдийн засгийн хоригт орсноос болж Турк, Европын холбооны улсуудаас тус төмөр замаар дамжуулж тэсэлгээний материал оруулж ирнэ гэдэг маш хүнд болжээ.
Тэсрэх бодисын хамгийн гол үндсэн түүхий эд нь аммонийн нитрат. Дэлхий нийтийн аммонийн нитратын 60 гаруй хувийг ОХУ дангаараа хангадаг. Гэвч оросуудын энэ экспорт эдийн засгийн хоригт орж, 2021.09-2022.01 сар хүртэл аммонийн нитратыг хязгаарласан. Монгол Улс өөрөө үйлдвэрлэдэггүй учраас тэсрэх бодисын дутагдалтай болсон байна.